Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г*******

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч,

Маргааны төрөл: Татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хариу өгөхгүй гэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т*******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******, М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С.Г*******аас Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагчид холбогдуулан “Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч нь нэхэмжлэгчээс гаргасан татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын даргад бөгөөд татварын ерөнхий улсын байцаагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Ө м г м” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захирлаар А.Аыг бүртгэжээ.

2.2.Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нар хяналт шалгалт хийж “Ө м г м” ХХК-нд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-21220******* дугаар акт ногдуулжээ.

2.3.“Ө м г м” ХХК-иас актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22/31 дугаар албан бичгээр гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

2.4.Мөн иргэн С.Г*******аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад иргэний хувиар гомдол гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Н*******н 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариуг тус тус хүргүүлжээ.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Нэхэмжлэгч миний бие “Ө м г м” ХХК-ийг дангаар эзэмшигч ТУЗ-ийн хувьд Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагчид  Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.7 дахь хэсэгт заасны хүрээнд татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаарх гомдлыг гаргасан. Гэтэл Татварын улсын ерөнхий байцаагч хуулийн хүрээнд гаргасан гомдол хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа болно.

Татварын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №НА-21220******* дугаартай Том татвар төлөгчийн газрын маргаан татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С*******, Н.Хандхүү нарын тогтоосон “Нөхөн ногдуулалтын акт”-аар “Ө м г м” ХХК-нд 4,342,211,929,72 төгрөгийн нөхөн татвар, 1,313,331,396,88 төгрөгийн торгууль, 878,046,199,59 төгрөгийн алданги, нийт 6,5663,589,526.19 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт (цаашид “нөхөн ногдуулалтын акт”) тогтоосон.

Энэхүү татварын хяналт шалгалт эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт байсан бөгөөд “Х******* т*******” ХХК тус байгууллагын нэрээр экспортолсон 66 мянган тонн жоншны хүдэр, баяжмалтай холбоотой юм. Хэдийгээр миний дангаар эзэмшдэг байгууллага уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлтэй боловч хэзээ ч олборлолт хийж байгаагүй. Өөрөөр хэлбэл “Ө м г м” ХХК-д ийм их хэмжээгээр экспортлох санхүүгийн болон геологи уулын ажлын боломж байхгүй болно. Гэтэл энэхүү төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт нь орлого олсон этгээдийг татварын хяналт шалгалтын ажиллагаанд холбогдогчоор татан оруулж, татварыг давхардуулалгүйгээр, олсон орлогод нэг удаа татвар төлөх зарчмыг зөрчсөн юм. “Х******* т*******” ХХК нь татвараас зайлсхийх схем хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Х******* т*******” ХХК нь ямар санхүүгийн эх үүсвэрээр, хэнээс их хэмжээний байгалийн баялгийг ямар гэрээний үндсэн дээр худалдан авсан болох, түүндээ хувь хүний орлогын албан татвар, AAHOAT, НӨАТ болон бусад төлбөр хураамж төлсөн эсэхийг шалгалтын явцад байцаагч нар огт тогтоогоогүй нь авлига, албан тушаалын гэмт хэргийн шижтэй байна гэж үзэж байна.

Түүнчлэн 66 мянган тонн жоншны хүдэр, баяжмалын борлуулалтын орлого ямар хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдэж, татварын объект болсон эсэх, эргээд Монгол улсад гадаад валютаар төлбөр хийсэн эсэх нь хүртэл нуугдмал байдалд үлджээ.

Дээрх үйл баримт нь татварын улсын байцаагчдаас хуульт ёсыг уландаа гишгэж, дур зоргоороо аашилсан үйлдэл байх тул Монгол улсын татварын Ерөнхий байцагч уг асуудлыг хянан үзэх хууль зүйн үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд татвар төлөгчөөс татварын хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хуулийн 5 дугаар бүлэгт заасан нийтлэг ажиллагааг огт хийгээгүй, мөн уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.1-т заасан хүрээнд жинхэнэ орлого олсон, татвараас зайлсхийх схем гаргасан “Х******* т*******” ХХК-ийг Татварын хяналт шалгалтын гадуур санаатайгаар үлдээж, эрх зүйн ашигтай байдал бий болгон давуу байдал бий болгосон татварын улсын байцаагч Ц.С*******, Н.Хандхүү нарын хууль бус үйлдэл болон Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд татварын улсын байцаагчийн хууль бус эс үйлдэхүйг шалгуулахаар Татварын Ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч танд ийнхүү гомдол гаргасан.

Гэтэл Татварын Ерөнхий газрын дарга бөгөөд Татварын улсын ерөнхий байцагч иргэн миний өөрт гаргасан гомдолд Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Н******* нэрээр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны ******* тоот албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч ийнхүү Захиргааны шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандав. Өөрөөр хэлбэл, Татварын Ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.7. дэх хэсэгт заасны дагуу дээрх асуудлыг хянан үзээгүй юм.

Иймд Татварын Ерөнхий газрын дарга бөгөөд Татварын улсын ерөнхий байцагч нь нэхэмжлэгчээс гаргасан татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын Ерөнхий газрын дарга бөгөөд Татварын улсын ерөнхий байцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хүнд суртлаас иргэн, хуулийн этгээдийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэж ярьдаг. Татварын улсын ерөнхий байцаагчийг Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д түүний бүрэн эрхийг заагаад өгчихсөн байдаг. Тэр хүрээнд иргэн С.Г******* гомдол гаргасан. Гомдлын агуулга Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.10-д татварын албаны дотоод хяналтыг хэрэгжүүлэх, мөн 77.7.7-д татварын алба, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох, 77.7.2-т татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, 77.7.1-т татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалт болон төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах  гэж байгаа. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу албан тушаал болон авлигын гэмт хэргийн шинж байна гэдгийг ерөнхий байцаагчийн хувьд хяналт тавьж шалгаад өгөөч гэдэг агуулгаар хүсэлт гаргахад бичгээр хариу бид өгөөгүй. Бид нар шаардаж байж бичгээр хариу авсан. Тэгэхээр шүүхээс татварын улсын ерөнхий байцаагчийнх нь хувьд иргэн С.Г*******ын гаргасан гомдолд хариу өгөхийг даалгах шүүхийн шийдвэр гаргахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хангаж өгнө үү.” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

1/.Иргэн С.Г******* нь “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нараас “Ө м г” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-21220******* тоот актаар нийт 6,5663,589,526.19 төгрөгийн төлбөр тогтоосныг эс зөвшөөрч, жинхэнэ орлого олсон, татвараас зайлсхийсэн этгээдийг татан оролцуулаагүй бусдад давуу байдал бий болгосон татварын улсын байцаагчид болон Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хууль бус эс үйлдэхүйг Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.7-д заасны дагуу хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад хаяглан ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэлд дурдсанчлан тухайн гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн болно.

“Ө м г” ХХК-иас татварын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-21220******* тоот актыг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 22/31 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар “татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.” гэж заасан хугацааг хэтрүүлсэн нь акт гардуулсан тэмдэглэлээр тогтоогдсон тул Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.6.3, 4.6.4-д заасныг үндэслэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 72 тоот албан бичгээр гомдлыг татвар төлөгчид буцаасан байдаг. Энэ тухай гомдол гаргагч иргэн С.Г*******ад хүргүүлсэн ******* тоот албан бичигт тодорхой тайлбарыг хавсаргасан байдаг.

Иймд, нэхэмжлэлд дурдсанаар Татварын ерөнхий газрын даргад гаргасан гомдлыг хянан үзээгүй эс үйлдэхүй гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

2/.Татварын ерөнхий газрын дарга нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд 77.7.7-д татварын алба, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох гэж заасан

Энэхүү бүрэн эрх нь Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлд заасан татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх харьяаллын хүрээгээр тодорхойлогдох бөгөөд 81.1.3-т “татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд гаргана гэж заасанд хамаарах гомдлыг Татварын ерөнхий газрын дарга хүлээн авч, хянан үзэж нөхөн ногдуулалтын актыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээг хэрэгжүүлэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын дарга иргэн С.Г*******ын гомдлын дагуу гомдолд дурдсан татварын улсын байцаагчдын нөхөн ногдуулалтын актыг хянаж, өөрчлөх, хүчингүй болгох акт гаргахгүй байгаа эс үйлдэх гаргасныг хууль бусад тооцож, хянан шийдвэрлэхийг даалгах шаардлага нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжгүй юм.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлэх бөгөөд уг этгээд нь компанийн гүйцэтгэх захирал байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д татвар төлөгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх эрхтэй гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч иргэн С.Г******* нь “Ө м г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд хамаарахгүй, тус аж ахуйн нэгжид холбогдох татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүний үр дүнд бичсэн нөхөн ногдуулалтын актад холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд  гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн С.Г*******аас ирүүлсэн гомдлыг хуульд заасан хугацаанд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу цахим шуудангаар хариу хүргүүлсэн. Дараа нь албажуулаад 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Татварын ерөнхий газарт ирүүлсэн гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргаагүй. Гомдлын агуулга “Ө м г м” ХХК-ийн нөхөн ногдуулалтын акттай холбоотой хяналт шалгалт хийсэн байцаагчдын үйл ажиллагаанд холбогдуулан гомдол гаргасан. Байцаагч нар хуулийн дагуу, хуульд үндэслэж бие даасан шийдвэр гаргах зохицуулалттай. Энэ актыг хүчингүй болгох эрх хэмжээ Татварын ерөнхий газрын даргад олгогдоогүй гэдгийг дахин хэлье. Тийм учраас даалгах шаардлага аливаа захиргааны байгууллагаас гаргах ёстой захиргааны актаа гаргаагүй эс үйлдэхүй байхыг шаардана. Энэ эс үйлдэхүйг даалгах нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх шинж чанартай байх тохиолдолд шүүхээс хангаж шийдвэрлэх зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эс үйлдэхүй гаргаагүй учраас даалгах нөхцөл байхгүй. Даалгаж шийдвэрлэлээ гэхэд даалгах шүүхийн шийдвэрийн үр дүнд “Ө м г м” ХХК-д бичигдсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй учраас үр дагаврын хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Ө м г м” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захирлаар А.Аыг бүртгэжээ.

2.Тус хуулийн этгээдийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр С.Г******* нь бүртгэлтэй байх тул түүнийг маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

3.Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нар хяналт шалгалт хийж “Ө м г м” ХХК-нд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-21220******* дугаар акт ногдуулжээ.

4.“Ө м г м” ХХК-иас актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 22/31 дугаар албан бичгээр гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

5.Мөн иргэн С.Г*******аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын даргад иргэний хувиар гомдол гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Н*******н 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариуг тус тус хүргүүлжээ.

6.Нэхэмжлэгчээс “гомдлыг эрх бүхий албан тушаалтан өөрөө шийдвэрлэж хариу өгөөгүй” гэж, хариуцагчаас “гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 77.7.7-д “татварын алба, улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гомдолд Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НА-21220******* дугаар актыг дурдаж, актыг ногдуулахдаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаагүй тул Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.7-д зааснаар асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Татварын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06/1098 тоот албан бичгээр ирүүлсэн бүртгэл хяналтын картад тухайн гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын цохолтоор хуулийн хэрэгжилтийг хангах газарт шилжсэн, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад утсаар танилцуулж, цахимаар хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй.

9.Өөрөөр хэлбэл хариуцагч Татварын ерөнхий газрын дарга тухайн гомдлыг заавал өөрөө шийдвэрлэх үүрэггүй, түүний цохолтоор эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхийг хуулиар хориглоогүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан хугацааны дотор хариуг хүргүүлсэн байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

10.Мөн Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй” гээд 81.1.3-д “татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд” гэж тус тус заасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөр хянагдаагүй татварын актын хууль зүйн үйлчлэлийн талаар хариуцагч шийдвэр гаргах үүрэггүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.7, 81 дүгээр зүйлийн 81.1.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Г*******ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагчид холбогдох “Татварын ерөнхий газрын дарга бөгөөд татварын улсын ерөнхий байцаагч нь нэхэмжлэгчээс гаргасан татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газрын даргад бөгөөд татварын ерөнхий улсын байцаагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ