| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0416/э |
| Дугаар | 0467 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундрах-Хэрлэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 0467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: Х.Ундраххэрлэн
шүүгдэгч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б З холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706032700438 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б З, 19 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, дүүгийн охин, өөрийн охин нарын хамт С дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Т,
Холбогдсон хэргийн талаар:
Б.З нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10.37 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Тэнгэр худалдааны төвийн үүдэнд Х.Э хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.10.27-ны өдөр хүүхэд өвдөж, эмнэлэг явахаар болж манай нөхөр ажлаасаа чөлөө авсан. Хохирогч манай нөхөр лүү байн байн залгаж, хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Миний уур хүрч ямар эмэгтэй юм бэ гэж нөхрөөсөө асууж 10 сарын 28 ны өдөр ажлынх нь гадаа уулзахаар очсон юм. Түүнээс болж маргалдсан. Намайг алгадах гэж байхад манай нөхөр, дүү 2 ирж салгасан. Манай нөхөр хохирогчийг нэг алгадсан гэв.
Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Э хамт хүүхдээ эмнэлгээр үзүүлээд явж байхад манай нөхөртэй хамт ажилладаг Э гэх эмэгтэй манай нөхрийн гар утас руу байн байн залгаад элдэв бусаар доромжлоод байсан. Тэгээд би тэр Э утсаар ярьтал намайг нөхрийнхөө доодхийг захираж чадахгүй байж битгий олон юм яриад бай наад нөхөртөө утсаа өг гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би уурласан уурандаа 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э утсаар ярьж байгаад Тэнгэр худалдааны төвийн гадаа Э уулзаад тэр хүүхэнтэй маргалдаад муудалцсан. Тэр үед манай дүү Б.У, нөхөр Э хоёр намайг салгаад аваад явсан. Тэр өдөр Э зодож цохисон зүйл ерөөсөө байхгүй. Харин Э миний гарыг хумсаараа маажсан гэжээ. /хх-ийн 24/
Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Монголиа ХХК-д борлуулагч хийдэг юм. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгэр худалдааны төвд ажлаа хийгээд явж байтал манай ажлын борлуулагч жолооч П.Э эхнэр болон өөр нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа ирсэн. Гэтэл Э эхнэр үгийн зөрүүгүй намайг шууд үсдэж байгаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн нүүр лүү 4-5 удаа гараараа алгадсан. Э миний нүүр лүү 1 удаа гараараа алгадсан. Хамт явж байсан нэг залуу нь мөн намайг нэг удаа нүүр лүү цохисон. Тухайн үед надтай хамт явж байсан жолооч Л машинаасаа бууж ирээд намайг тэд нараас салгаж авсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр П.Э эхнэр надтай гар утсаар яриад чи манай нөхөр лүү яах гэж залгаад байгаа юм манай нөхөртэй унтах гээд байгаа юм уу гэж хэл амаар доромжилсон. Э эхнэр нь намайг нөхөртэйгээ хардаад зодсон. Тэд нар над дээр ирэхдээ архи уугаагүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 28-нд хамт ажилладаг Э эхнэрт зодуулсан тул цагдаад өргөдөл гаргасан юм. Э эхнэр нь намайг үсдэж гар хуруу маажиж зодсон. Мөн Э өөрөө намайг гараараа миний нүүр лүү алгадаж цохисон гэжээ. /хх-н 19-23/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Монголия компанид борлуулагчаар ажилд ороод 1 сар гаран болж байсан. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг эхнэр хүүхдийнхээ хамт эмнэлгээр явж байхад манай ажлын Э над руу хэд хэдэн удаа залгасан. Сүүлдээ залгаад байхаар нь авсан чинь хамт гарах жолооч ирсэнгүй чи хамт гарах уу гэсэн. Би нэг их тодорхой хариу хэлээгүй гэтэл дахиад утасдахад манай эхнэр утас аваад тэр хоёр маргалдаад байсан. Маргааш нь ажилдаа явах гэхэд манай эхнэр хамт явна гэсэн. Эхнэр бид хоёр түүний дүү У машинд сууж явсан. Бид нар Тэнгэр худалдааны төв дээр ирэхэд Э жолооч Л хамт байсан. Э Тэнгэр худалдааны төвөөс гараад ирсэн чинь манай эхнэр түүн рүү очсон. Би учраа олог гэж бодоод байж байтал З, Э хоёр бие биенийгээ үсдээд авсан. Тэгэхээр нь У бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. Э манай эхнэрийг өшиглөх гэхээр нь би чи адилхан эмэгтэй хүн байж гэж хэлээд Э алгадах гэтэл бултсан. Э уйлаад үлдсэн. Бид нар яваад өгсөн. Тэнд тийм ч их айхтар зодоон болоогүй. Би З танилцаад 4 жил болж байна. Бид хоёрын дундаас нэг охин төрсөн одоо 5 сартай. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо тусдаа амьдарч байгаа гэжээ. / хх-н 28-29/
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: З 19 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн төвд төрсөн. Эцэг эхээс 3-уулаа айлын том хүүхэд юм. З гэнэн цайлган сэтгэлтэй хүнд итгэмтгий хар буруу санаагүй хүнд тусархаг догшин ширүүн зангүй, архи дарс хэрэглээд байдаггүй юм. З одоо 5 сартай охинтойгоо хамт амьдарч байгаа. Э тэр хоёр тусда амьдарч байгаа гэсэн гэжээ. / хх-н 30/
Гэрч С.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10-11 цагийн үед борлуулагч Э бид хоёр Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны төвд буцаалт хийхээр очсон. Э дотогшоо ороод би машиндаа сууж байтал манайд ажилладаг Э, эхнэр, бас нэг залуугийн хамт ирсэн. Э над дээр ирээд Э хаана байна гэхээр нь би дотогшоо орсон гэж хэлсэн. Би машиндаа утсаа оролдоод сууж байтал гэнэт эмэгтэй хүний маргалдах чимээ гарсан. Эмэгтэй хүмүүс зодолдоод байгаа бололтой Э, нөгөө хамт ирсэн залуугийхаа хамт салгасан. Э чи нялх хүүхэдтэй хүнийг яаж байгаа юм гээд Э алгадах шиг болсон. Машин таглачихсан байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгэхээр нь би Э очиж аваад машиндаа суулгаад бид хоёр явсан гэжээ. / хх-н 31/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 32/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13628 тоот Дүгнэлтэд:
1.Х.Э биед тархи доргилт, нүүрэнд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 34-35/
Хохирогч Х.Э, шүүгдэгч Б.З нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтүүд /хх-н 48,52/
Б.З эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-45/
Б.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47/
Б.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 36-37/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 39/ зэрэг болно.
Б.З нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10.37 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Тэнгэр худалдааны төвийн үүдэнд Х.Э хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Х.Э биед тархи доргилт, нүүрэнд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 13628 тоот дүгнэлт /хх-ийн 33/
Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Тэнгэр худалдааны төвд ажлаа хийгээд явж байтал манай ажлын борлуулагч жолооч П.Э эхнэр болон өөр нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа ирсэн. Гэтэл Э эхнэр үгийн зөрүүгүй намайг шууд үсдэж байгаад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн нүүр лүү 4-5 удаа гараараа алгадсан гэсэн мэдүүлэг /хх-н 19-23/
Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Э Тэнгэр худалдааны төвөөс гараад ирсэн чинь манай эхнэр түүн рүү очсон. Би учраа олог гэж бодоод байж байтал З, Э хоёр бие биенийгээ үсдээд авсан. Тэгэхээр нь У бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. Э манай эхнэрийг өшиглөх гэхээр нь би чи адилхан эмэгтэй хүн байж гэж хэлээд Э алгадах гэтэл бултсан. Э уйлаад үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/
Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Э гэх эмэгтэй манай нөхрийн гар утас руу байн байн залгаад элдэв бусаар доромжлоод байсан. Тэгээд би тэр Э утсаар ярьтал намайг нөхрийнхөө доодхийг захираж чадахгүй байж битгий олон юм яриад бай наад нөхөртөө утсаа өг гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би уурласан уурандаа 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э утсаар ярьж байгаад Тэнгэр худалдааны төвийн гадаа Энхсаруултай уулзаад тэр хүүхэнтэй маргалдаад муудалцсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.З нь өөрийн хамтран амьдарч байсан н.Э рүү Х.Э олон удаа утсаар залгалаа, мөн өөр лүү нь залгаж хэл амаар доромжиллоо гэсэн зүйлээр шалтаглан очиж уулзах үедээ түүнийг үсдэж цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.З нь хохирогч Х.Э 200.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Золзаяаг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН