| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0802/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0351 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Б*******,
Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штабын дарга,
Хариуцагч: Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******,
Маргааны төрөл: Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
1.1.“Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн ажиллагааны бэлтгэлээс ротын захирагч Э.М*******тай хэрэлдсэн, гадаа нүцгэн явсан, гүйж чадаагүй гэх шалтгаанаар хассан. Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, цэргийн багт буцаж орох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 0956 дугаар захирамжийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлэхдээ “Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
1.3.Мөн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргагчаас “Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид олгох томилолтын зардлыг хохирогчоор хариуцагчаас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Захиргааны хэргийг нэгтгэх тухай” 1805 дугаар захимжаар “Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилуулах саналд П.Б*******г багтаагүй эс үйлдэхүй хуль бус болохыг тогтоож, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилуулах санал гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн П.Б*******гийн нэхэмжлэлтэй Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад холбогдох 128/2025/******* индекстэй захиргааны хэргийг П.Б*******гаас, Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******, Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн захирагч хурандаа Н.Э*******, Мотобуудлагын нэгдүгээр ротын захирагч хошууч Н.М******* нарт холбогдох 128/2024/******* индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн.
1.5.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2091 дүгээр захирамжаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн.
2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“...сонгон шалгаруулалтад тэнцэж, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хээрийн байрлалд гарч Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн ажиллагааны өмнөх сургалтад хамрагдсан. Түүнийг баталгаажуулан Зэвсэгт хүчний жанжин штабын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Ажиллагааны өмнөх сургаалтанд цэргийн албан хаагчдыг хамруулах тухай" ******* дүгээр тушаалд “Мотобуудлагын батальоны ажиллагааны өмнөх сургалтад нэмэлтээр хамруулах цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалтын 74-т миний нэрийг заасан.
Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "Энхийг дэмжих Цэргийн ажиллагааны хэлтсийн саналаар бэлтгэл сургалтаас хасаж байна” гэсэн. Үндэслэлээ “ротын захирагч Э.М*******тай хэрэлдсэн, гадаа нүцгэн явсан, гүйж чадаагүй гэж ротын захирагчийн гаргасан санал болон хэлтсийн даргын санал гаргасан” гэсэн.
Намайг ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаас хасаж хээрийн байрлалыг орхин явахыг тушаасны дагуу дээд шатны албан тушаалтнуудын шийдвэрийг биелүүлсэн бөгөөд ингэхдээ эрх зөрчсөн шийдвэр болон холбогдох баримтуудыг танилцуулаагүй.
Сүүлд мэдсэнээр хариуцагч хурандаа Д.М******* "Санал хүргүүлэх тухай" албан бичигт цохолт хийж "Б*******г цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлээс VIII/02-ны өдрөөр тасалбар болгон буулгах" гэж гарын үсэг зурснаар шийдвэрийг гаргасан байсан. Миний бие холбогдох хууль, журмыг зөрчөөгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль бус болно.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Монгол Улсын Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7.1.6. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олгосон нөхөн төлбөрөөс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардал, Зэвсэгт хүчний
болон Цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэх хувь хэмжээг тогтоох”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.10.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд томилолтын зардал олгох журмыг батлах”, 14 дүгээр зүйлийн 14.4 “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд цэргийн болон цагдаагийн алба хаагчийн албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин хөлсийг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчийн албан тушаалыг хэвээр хадгалж, цалин хөлсийг олгон, нэмж томилолтын зардлыг олгохоор байна.Гэтэл хариуцагчийн дээрх хууль зөрчсөн шийдвэрийн улмаас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, түүний улмаас ажиллагааны томилолтын зардлыг авах боломжгүй болгон хохироосон...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Б******* ажиллагаандаа тэнцчихсэн байсан. Ажиллагаандаа явж чадалгүй хасагдсан. Хассан шийдвэр байхгүй гээд байгаа. 2 хариуцагч ажиллагааны журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Аль аль нь ийм шийдвэр гаргаагүй гээд байгаа. Тэгсэн хэрнэ нэхэмжлэгчид бодит байдал дээр үр дагавар гараад ажиллагаанаас хасагдчихсан байгаа учраас П.Б*******гийн эрх зөрчигдөөд захиргааны акт гаргасан гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ этгээд нь П.Б*******г хасах эрх бүхий этгээд биш гэж байна. Захиргааны актын үйл ажиллагааг шалгахад эрхтэй юу, үгүй юү гэдэг нь эхний ээлжид шалгах ёстой асуудал. Нөгөө талаараа гаргасан шийдвэрүүд нь хууль бус гэдгийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай зөрчилдөөнтэй тайлбар хэлээд байгаа. Д.М******* гэдэг хүн 08 дугаар сарын 02-ны өдөр ямар нэгэн шийдвэр гаргаад хасчихсан байна. Тэгвэл үндэслэл нь юу гэхээр сахилга, ёс зүйн зөрчил гэж байна. Цэргийн дүрэм болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль гээд салбар хуулиараа шалгана. Шалгаж тайлбар авах, үйл ажиллагаа явуулах процесс байхад үүнтэй холбоотой ямар ч шийдвэр байхгүй. Хэрэв байлаа гэхэд үндэслэлтэй байх боломжгүй. 27 хоног сургалтад хамрагдах ёстой. Тийм учраас Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг хууль эс үйлдэхүй гаргасан гэж үзэх ёсгүй гэж байна. Тэгвэл Д.М******* буруутай болж байна. Энэ 2 хүний аль нэг эсвэл хоёулаа шийдвэр гаргасан байж таарна. 27 хоног сургалтад хамрагдаагүй нь Д.М******* хурандаагийн буруу болж байна. Үүнээс болоод П.Б*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. Ямар эрх зөрчигдсөн гэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдаад, ажиллагаанд яваад, нөхөн төлбөр авах нөхцөл боломж бүрдэх байсан. Хохирол гаргуулъя гэж тодорхойлсон. Хохирол гэдэгт шууд учирсан байгаа хохирлоос гадна тухайн буруутай үйл ажиллагаа болоогүй байсан тохиолдолд олгох ёстой байсан орлогыг хамруулж байгаа учраас хохирлыг нэхэмжилсэн. Дараа нь явахгүй яасан бэ, дараагийн шатны үйл ажиллагаанд ирээгүй гэдэг хэлж байна. Сонгон шалгаруулалтын журмаа хараад үзсэн ч ажиллагаа зарлагдах болгонд сонгон шалгаруулалт явуулаад нөөцөд аваад явж байгаа учраас тусдаа харилцаа үүсэж байгаа учраас энд хамааралгүй гэж үзэж байна. П.Б******* тэнд цэргийн албан хаагч эрх зүйн харилцаатай байдаг. Тэгэхээр ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд гаргачихсан юм шиг үргэлжлэх нь дараагийн эрх ашиг сонирхолд нь нөлөөтэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс намайг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагүй учраас юу ч ойлгохгүй, мэдэхгүй гэж ярьж байна. Тэр бол хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зүйл биш гэж харж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 3 удаа нэхэмжлэл гаргасан буюу эхлээд Д.М******* хурандаад холбогдуулж гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Хамгийн анхны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Гэтэл Д.М******* гэдэг хүн захиргааны акт гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Захиргааны акт гаргах эрх бүхий этгээд нь Энхийг дэмжих ажиллагааны сургалтад хамруулах тушаал гаргасан этгээд буюу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга байгаа. Нэхэмжлэгчийг ажиллагаанаас буулгах эрх бүхий этгээд нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга. Нэхэмжлэгчийн зүгээс сахилгын асуудал гэж яриад байна. Гэтэл сахилгын асуудлаар яриагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Бид захиргааны акт гарсан уу, гараагүй юу гэдэг асуудлыг ярьж байгаа гэж хариуцагчийн зүгээс ойлгосон. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулиа баримталсан учраас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга эс үйлдэхүй гаргаагүй. Д.М******* нь акт гаргасан цохолт мөн үү, биш үү гээд ярьсан. Захиргааны акт гарсан бодит байдал ийм байна гэж байгаа боловч Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын үндсэн шинжүүд агуулагдаагүй байна. Хэрэв амаар гарсан тохиолдолд бичгээр хэрхэн яаж баталгаажуулахтай холбоотой асуудал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ганцаарчилсан уулзалт хийсэн, хийгээгүй талаар ярьдаг. Өөрөө эхлээд хийсэн гэж хэлчхээд дараа нь бүлгийн уулзалт хийсэн гэж намайг тайлбар хэлсний дараа жоохон буруу ойлгоод байна. Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өргөтгөлд хээрийн байрлалд гарсан гэж өөрөө бичсэн. Гэтэл өнөөдөр 25-ны өдөр гарсан гэдэг асуудал яриад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас, судлуулсан баримтуудын хэсгүүдээс аваад үзвэл Д.М******* хурандаа захиргааны акт гаргах эрх бүхий этгээд биш, захиргааны байгууллага биш. Дээрээс нь захиргааны акт гарсан баримт байхгүй. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга зөвхөн ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд хамруулах тушаал гаргасан. Харин Батлан хамгаалахын сайдад уламжлахад ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд бүрэн хамрагдаагүйгээс шалтгаалаад уламжлах уламжлах боломжгүй болсон. Тийм учраас миний төлөөлж буй 2 хариуцагчийн холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд шүүх хуралдаанд “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн ажиллагааны бэлтгэлээс П.Б*******г хассан 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, албан тушаалтнуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо гаргуулах” гэж тодорхойлсон тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. Татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр
ээлжийн үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилох саналд П.Б*******г багтаагаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилуулах санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлахад ойлгож буйгаа илэрхийлсэн тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу түүний “Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилох саналд П.Б*******г багтаагаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилуулах санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үлдэх шаардлагын тухайд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн цохолт /тушаал/-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр “Ажиллагааны өмнөх сургалтад цэргийн алба хаагчдыг хамруулах тухай” тушаалын хавсралт болох Мотобуудлагын батальоны ажиллагааны өмнөх сургалтад нэмэлтээр хамруулах цэргийн эмэгтэй алба хаагчдын нэрсийн 74-т П.Б*******г бүртгэсэн байна.
2.2.Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тухайн сургалтад хамрагдсан бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргадаггүй, харин түүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалаар хамруулсан атлаа нэг хоногийн дараа буюу Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн захирагч хурандаа Н.Э*******ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн саналд “хошууч П.Б*******г цэргийн хээрийн ажиллагааны өмнөх бэлтгэлээс 08 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буулгах” гэх цохолтоор бэлтгэлээс буулгажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж
заасан бөгөөд дээрх цохилт /тушаал/ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, шууд үр дагавар бий болгож тухайн бэлтгэлээс чөлөөлсөн байх тул захиргааны акт гэж үзэхээр байна.
2.3. Харин Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 15.4.5-т “цэргийн удирдлагын дээд байгууллагын албан тушаалтан, нэгтгэл, ангийн захирагчийг төрлийн цэргийн командлагчийн санал болгосноор томилж, чөлөөлөх” гэж заасны дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ыг томилсон бөгөөд түүнд бүрэлдэхүүнийг өөрчлөх, хасах, эрх олгоогүй, шилжүүлээгүй байна.
Мөн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Цэргийн болон цагдаагийн багийн захирагч нь тухайн багт нэгдмэл удирдлага, нэгтгэн захирах ёсыг хэрэгжүүлэгч, нийт бие бүрэлдэхүүний шууд захирах дарга бөгөөд дараах нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд 13.2.2-т “цэргийн болон цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, бие бялдар, ёс зүй, сахилга бат, нас, ажилласан жил, цол, ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн үр дүнг үндэслэн албан тушаалд томилох, чөлөөлөх санал гаргах” гэж заасан бөгөөд албан хаагчийг чөлөөлөх эрх олгоогүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэжээ.
2.4.Дээрхээс дүгнэвэл Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн захирагч хурандаа Н.Э*******ийн саналд хийсэн цохолт /тушаал/-ыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
2.5. Нэхэмжлэгчийг Нэгдүгээр Мотобуудлагын ротын захирагч хошууч Э.М*******ын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас, Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн захирагч хурандаа Н.Э*******ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн санал, Цэргийн цагдаагийн тасгийн дарга, ахлах цэргийн цагдаа хошууч Г.Энхтүвшингийн илтгэх хуудас, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Мотобуудлагын батальоны захирагчийн зөвлөлийн хуралдааны 02 дугаар тэмдэглэл зэрэгт дурдсан “Э.М*******тай хэрэлдсэн, гадаа нүцгэн явсан, гүйж чадах байсан, муу буудсан” гэх мэт зөрчил гаргасан, уг зөрчилтэй холбогдуулж дээрх цохолтыг хийсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй хэдий ч цохолтоор түүнийг бэлтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй.
Учир нь зөрчил гаргасан эсэхээс үл хамаарч гагцхүү түүнийг бэлтгэлд хамруулсан эрх бүхий этгээд тушаал гаргаж чөлөөлөх бөгөөд тухайн эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлээгүй тохиолдолд өөр этгээд эдлэхгүй.
2.6.Хэдийгээр нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэдий ч дээр дурдсанчлан хариуцагч нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах, тусгайлан эрх олгоогүй байхад тушаал гаргасан байх тул тухайн тушаалыг илт хууль бусад тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн захирагч хурандаа Н.Э*******ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн саналд “хошууч П.Б*******г цэргийн хээрийн ажиллагааны өмнөх бэлтгэлээс 08 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон буулгах” гэх цохолт /тушаал/-ыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.
3.Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг бэлтгэлээс чөлөөлсөн тушаал илт хууль бус хэдий ч уг тушаалын улмаас нэхэмжлэгчид шууд хохирол учирсан гэж үзэхгүй.
Учир нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “”энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын доор явагдаж байгаа олон үндэстний нэгдсэн ажиллагааг”, 3.1.2-т “”бие бүрэлдэхүүн" гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж, томилогдсон цэргийн болон цагдаагийн алба хаагчдыг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд бэлтгэлд бүрэн хамрагдсан, эрдэл бүхий газар оронд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олгодог нөхөн төлбөр нэхэмжлэгчийн тухайд хохирол болохгүй.
Өөрөөр хэлбэл дээрх нөхөн төлбөрийг биечлэн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид олгох ёстой бөгөөд хэдийгээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүйд хүрсэн, өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан гэх үндэслэлээр хохиролд тооцож, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн албан тушаалтнуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.2, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Монгол Улсын цэргийн багийн 14 дүгээр ээлжийн үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилох саналд П.Б*******г багтаагаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилуулах санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б*******гийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М******* нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас Энхийг дэмжих, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн цохолт /тушаал/-ыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох албан тушаалтнуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ