Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01047

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01047

 

 

Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00840 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б, О.А Б.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.О, Э.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 154 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Ө, Л.О, өмгөөлөгч Х.Н, хариуцагч нарын өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б, О.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О, Э.Э нар нь анх Б.Бөөс 14 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн бөгөөд түүний эгч Б.Бтэй зээл болон барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 25 дугаар байр, ..... тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг бүртгүүлсэн. О.Оийн Хаан банкны 5225140141 тоот дансанд 4 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлж, зээл олгосон. Мөн охин Э.Эт нэмж 16 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба өмнө нь олгосон 14 000 000 төгрөг дээр нэмж 16 000 000 төгрөг өгч, Б.Бийн эхнэр О.Атай 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулж, өмнөх барьцааг  чөлөөлж, дахин 30 000 000 төгрөгт барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарт бүртгүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 000 000 төгрөгийг Б.Б шилжүүлээд О.О, Э.Э нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нар хугацаа сунгах хүсэлт гаргасан бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан бөгөөд хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гэрээний үүргийг 33 хоног зөрчсөн тул зээлдэгч О.О, Э.Э нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 500 000 төгрөг, алданги 5 197 500 төгрөг, нийт 36 697 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 8 сарын 4-ний өдөр авсан 1 540 000 төгрөгийг 1 сарын хүүнээс хасаж тооцож, 35 154 800 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: О.О, Э.Э нар нь 2019 оны 10 дугаар сард Б.Бөөс зээл авч буцаан төлж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард дахин 14 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. О.О, Э.Э нар нь ямар нэг аргаар 14 000 000 төгрөг болгоод өгөөч, маш чухал яаралтай хэрэгтэй байна гэж гуйсан байсан. Тэгээд Б.Б надтай яриад танд мөнгө байвал хоёулаа мөнгөө нийлүүлээд энэ хүмүүст зээлдүүлэх үү гэж асуухад би 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Б.Б бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.О, Э.Э нартай уулзаж зээлийн гэрээ, болон барьцааны гэрээг миний бие байгуулж, Б.Б мөнгийг нь шилжүүлсэн. Зээлдэгч нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, рапид харш, Махатма гандигийн гудамж 25 дугаар байрны 36 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Ингээд О.О, Э.Э нар нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмж 16 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр болж нийт 30 000 000 төгрөгийн зээлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул Б.Б миний бие шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

            Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар Б.Б, О.О нараас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 000 000 төгрөгийг нэмэлт зээл олгосон байдаг. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 14 000 000 төгрөгийн зээл Б.Бөөс авахад Батцэцэг гэх хүнтэй гэрээ хий гээд гэрээ хийж байсан. Б.Б нь зээл олгосны дараа зээлийн шимтгэл гэж 371 000 төгрөг болон нотариат хийлгэсэн гэж 35 000 төгрөг, нийт 406 000 төгрөгийг өөрийн дансанд авсан байдаг. Гэрээнд шимтгэл, зардал авах тухай заалт байхгүй, энэ талаар урьдчилж тохиролцсон зүйл байхгүй. 2019 оны 12 сарын 02-ны өдөр анх зээлсэн мөнгө хүрэхгүй дутахаар нь Б.Б дээр очиход өмнөх зээлээ хаагаад шинээр зээл авчих гэж хэлсний дагуу дахиж зээл авахаар болсон.

Мөн өдөр 2019 оны 12 сарын 01-ний өдөр авсан зээлийн тооцоо нийлж 2019 оны 12-р сарын зээлийн хүү болох 700 000 төгрөг дээр нь алданги 115 500 төгрөг болно үүнийг төлөөд өмнөх зээлээ хаагаарай гэсний дагуу төлөлт хийсэн. Ингээд зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөгөө төлөөд 16 000 000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 000 000 төгрөгийг бэлнээр Б.Бд өгөөд барьцааг чөлөөлөн шинэ гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийг Б.Бөөс зээлж байраа барьцаанд тавьсан эдгээр үйлдлийг бүгдийг нэг өдөр нэг нотариат дээр очиж хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоно.

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 000 000 төгрөгийн зээл Б.Б авахад түүний эхнэр О.А гэх хүнтэй гэрээ хий гэсний дагуу нотариатын зардалд 35 000 төгрөг, дахин зээлийн гэрээний бүртгэлийн шимтгэл 360 000 төгрөгийг эхнэр О.Аын Хаан банкны 5027845045 тоот дансанд шилжүүлж, нийт 395 000 төгрөгийг мөн адил урьдчилж тохиролцолгүйгээр гэрээнд заагдаагүй мөнгийг хариуцагч нараас гаргуулж авсан. Иймд үндсэн зээлээс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 406 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 395 000 төгрөг, нийт 801 000 төгрөгийг хасуулж тооцуулна. Зээлийн гэрээний дагуу нотариатаар баталгаажуулан эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж зээл авсан гэж тус тус нотариатаар гэрчлүүлсэн баримтаас тодорхой харагдана. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Б зээлээ төл төлөхгүй бол байрыг чинь зарлаа гэх зэргээр сүрдүүлэн ирж уулзахыг шаардсан тул бид гэрээний хугацааг сунгах хүсэлт тавихад Б.Б нэг сараар сунгана хүсэлт бичиж өг, зээлийг чинь сунгая гэхдээ эхлээд алданги төл, төлөхгүй бол сунгахгүй байрыг чинь зарна гэдэг. 2020 оны 08 сарын 03-ны өдөр бэлэн мөнгөөр 2 700 000 төгрөгийг авч Б.Бд алданги гэж төлсөн. Энэ байдлыг баталгаажуулж бичлэг хийсэн бөгөөд 2 700 000 төгрөг төлсөн гэдэг нь үзлэгээр тогтоогдоно. 2020 оны 08 сарын 04-ний өдөр гэрээний хугацааг сунгасан.

Гэрээний хугацаа сунгахдаа 2020 оны 07 сарын 03-ны өдөр бичгээр гаргаж өгсөн хугацаа сунгах хүсэлтийг үндэслэн хугацаа сунгахаар харилцан тохиролцсон гээд хугацааг 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл сунгасан. Дээрх хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүүд нийт 32 132 000 төгрөгийг төлсөн. Талуудын байгуулсан гэрээгээр зээлийн хүүг сарын 5 хувь гэж тохироогүй, сар болгон 5 хувиар хүү тооцож авсан нь үндэслэлгүй байна. Иймд 2020 оны 01 сарын 06-ны өдрийн гэрээгээр 16 000 000 төгрөг шилжүүлсэн хирнээ үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж, алданги тооцсон нь үндэслэлгүй. Зээлийн харилцаа Б.Бтэй үүссэн, мөнгийг энэ хүн шилжүүлсэн байхад өөр хүнтэй гэрээ байгуулж байгаа нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн өмнөх 14 000 000 төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад 2020 оны 01 сарын 06-ны өдрийн гэрээгээр шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О, Э.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 33 990 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгож, илүү нэхэмжилсэн 1 164 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О, Э.Э нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох Y-2206025217 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 25 дугаар байр, 36 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий О.О, Э.Э нарын өмч болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 682 696 төгрөгөөс 411 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 271 061 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч О.Ад олгож, хариуцагч О.О, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 411 635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Д.Д нар давж заалдах гомдолдоо: 1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг гаргасан нэхэмжлэлээ 35 154 800 төгрөг болгож багасгасан гэж дүгнэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч тус бүрийн бичгээр өгсөн татгалзал хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлээ багасгасан талаар бичгийн тайлбар, татгалзал байхгүйн зэрэгцээ татгалзалыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эрх зүйн баримт бичиг анхан шатны шүүхээс гараагүй. Энэ асуудал тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүх шийдвэртээ: “Шүүх нэхэмжлэгч О.А нь шаардах эрхтзй гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар нь шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв,” гэжээ. Гурван өөр нэхэмжлэгч этгээд нэхэмжлэл гаргасан. Гэтэл яагаад нэг этгээдийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэв гэдэг нь тодорхойгүй Б.Бт нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг нь хамааралтай болохыг тодруулаагүй. Б.Б өөрийн мөнгө гэж үзээд, өөрөө тухайн нэхэмжлэлээ гаргаж нэхэмжлэгчээр оролцсон байхад түүнийг шаардах эрхээ О.Ад шилжүүлсэн гэж дүгнэсэн зэрэг нь ойлгомжгүй байна.

О.А нь Б.Бийн эрхийг шилжүүлж авсан бол ямар учраас Б.Бийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг гаргасан болох тодорхойгүй. “Бидний дундын хөрөнгө” гэж нэхэмжлэгчид өөрсдөө үзэж байгаа ямар хэмжээгээр нэхэмжлэлд хамааралтай вэ гэдгийг тодруулах байсан. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ"-г улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаа хөрөнгийг чөлөөлөхдөө бөглөж өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шүүх хуралдааны үеэр нотлох баримт шинжлэн судлах үед хавтаст хэргээс гэнэт алга болсон. Бид хуулбарлан авсан хувиа Б.М шүүгчид шүүх хуралдааны явцад аваачиж үзүүлсэн. Шүүгч тухайн баримттай танилцсан, хэрэгт хамааралтай баримт байгааг мэдсэн хэрнээ хариу ямар нэг зүйл хэлэлгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өмгөөлөгч Д.Д энэхүү баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу дахин гаргаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй, шууд шийдвэрзэ гаргасан. Энэ талаар шүүх хуралдааны үед хэлсэн тайлбараа авч танилцах гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл энэхүү гомдлыг гаргах өдрийг хүртэл гараагүй байсан. Шүүх хуралдааны тэмдэглэл нь гомдол гаргах өдрийг хүртэл гараагүй байгаа нь хариуцагч талын зүгээс давж заалдах гомдлоо хуулийн дагуу гаргах эрхийг буюу тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг хязгаарласан үйлдэл болсон.

Нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үеэр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаагаа хэлсэн. Гэтэл хариуцагчдийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байгаа гэж ойлгосон. Удаа дараа тодруулахад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж тодорхой хариулсан.  Нэхэмжлэгч нар гэнэт өөр шаардлага, үндэслэлийн талаар ярьж нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах асуудлыг тавьсан. Нэхэмжлэгч О.А 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн гэрээг байгуулаагүй хэрнээ энэ гэрээний үүргийг яагаад шаардаж байгааг, Б.Б ямар нэгэн гэрээ байгуулаагүй хэрнээ яагаад нэхэмжлэл гаргасныг, мөн Б.Бийн хувьд аль гэрээний үүргийг шаардаж хамтран нэхэмжлэгчээр орж ирж байгааг ойлгоогүй. 2019 оны 12 дугаар сарын 01-ний гэрээний 14 000 000 төгрөгийн 7 000 000 төгрөг нь Б.Бийнх байсан гэдэг, 7 000 000 төгрөг нь Б.Бийнх байсан гэдэг. 2020 оны 01 сарын 06-ны өдрийн зээлийн 16 000 000 төгрөг нь Б.Б, О.А нарын дундын хөрөнгө байсан гэдэг. Эдгээр тайлбарын хувьд нэхэмжпэгч нар нь хоорондоо маргаангүй. Б.Бийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахдаа Б.Бийг ямар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй байгаа бичгээр тайлбар аваагүй. Нэхэмжлэгч бүр ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй болсон. Үүнийг тодруулах арга хэмжээ авагдаагүй.

2. Хууль хэрэглээний болон нотлох баримтыг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй тухайд: Б.Бийг өөрийн шаардах эрхийг О.Ад шилжүүлсэн гэж дүгнэсэн. Б.Б, О.А нар хоорондоо гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 123.2-т заасны дагуу гагцхүү гэрээний үндсэн дээр шилжүүлэхээр заасан. 2020 оны 01 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.4 дэх заалтаар Б.Б нь 2019 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж байгаа гэж үзвэл энэ гэрээн дээр гарын үсэг зураагүй. Энэ гэрээний 3.4 дэх заалтад заасан 14 000 000 төгрөг нь Б.Бийн байгуулсан зээлийн гэрээтэй хамаатай гэдэг нь баримтаар нотлогдоогүй, огт бодитоор олгогдоогүй мөнгөн дүн юм. Мөн гэрээний 3.3 дах заалтад зээлийн хүүгийн талаарх заалтын утга агуулгыг ойлгомжгүй гэж үзээд Иргэний хуулийн 198 зүйлийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу.

Зээлийн гэрээний 3.6-т “эргэн төлөх нөхцөл cap бүрийн 06-нд хүүгээ төлнө. Гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл хүүгийн хамт төлж дуусгана” гэж заасан хэсгийн зөвхөн cap бүр хүү төлнө гэсэн хэсгийг шүүх үнэлсэн нь буруу болсон. Харин 2 дах өгүүлбэрт хугацааны эцэст үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхөөр заасныг анхаараагүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Б.Б болон хариуцагч нарын хооронд 2020 оны 1-р сарын 6-ны өдөр байгуулагдсан “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ шүүх зөвхөн барьцааг дуусгавар болгосон гэж дүгнэсэн. Гэтэл талуудын тухайн гэрээгээр тохирсон гол нөхцөлийг анхаарч үзээгүй байна. Барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол барьцааг чөлөөлөхгүй. Харин зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол барьцааг дуусгавар болгож, барьцааг чөлөөлдөг. Гэрээний “3.1-т заасан зохих ёсоор гүйцэтгэсэн үүрэг” нь яг ямар үүрэг юм бэ? гэдэг асуудлыг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн байгаа учир энэхүү заалтад ингэж тусгасан нь илэрхий байгаа юм. Энэхүү гэрээгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэснийг баталгаажуулсан учир өөр бусад баримтаар нотлох шаардлагагүй гэж үзсэн. Мөн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлгийг хавтаст хэрэгт өгсөн боловч хавтаст хэргээс алга болсон.

О.Аын зээлийн гэрээ нь Б.Бийн зээлийн харилцааг халхавчилсан талаар буруу дүгнэлт хийсэн: Б.Бийг хариуцагч нартай бичгээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй юм. Учир нь гэрээг заавал бичгээр байгуулахыг хуулиар шаардаагүй. Зээлийн гэрээний харилцаа нь өөр бусад баримтаар нотлогдож болно. Б.Б нь хариуцагч нартай давхар зээлийн харилцаа үүсгэж байсан нь хэрэгт авагдсан олон баримтаар нотлогддог.

            Тооцооллын алдаа гаргасан тухайд: 16 477 500 төгрөг дээр хураамжид төлсөн 653 500 төгрөгийг нэмэхэд яаж төгрөг гаргасныг ойлгохгүй байна. 16 477 500 + 653 500 = 17 131 000 төгрөг болж байна. Харин 16 477 500 төгрөгөөс 653 500 төгрөгийг хасвал 15 824 000 төгрөг гарч байна. Шимтгэл, хураамжийн хэмжээг бас буруу гаргасан. 2019.12.01 -ний өдөр 371 000 төгрөгийг төлсөн, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 360 000 төгрөгийг хураамжид төлсөн. Эдгээрийн нийлбэр 731 000 төгрөг болж байна. Энэ мэтээр тооцооллыг буруу хийсэн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги тооцон авч байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги гэж төлүүлсэн төлбөрийг үндсэн зээлд оруулан тооцоогүй байна. Гэрээний нийт хугацаанд хүүг 5 хувь байхаар харилцан тохиролцсон байхад cap бүр 5 хувиар хүү тооцсон зэрэг нөхцөл байдал байгаа болно. Бэлнээр төлсөн 14 000 000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэсэн. 14 000 000 төгрөгийг төлснийг нотолсон баримт хавтаст хэргээс алга болсон. Манай зүгээс нийтдээ 32 132 000 төгрөг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс 33 990 040 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэн. Бидний төлөх дүн бол хамгийн ихдээ 1 858 040 төгрөг байсан. Хуулийн дагуу тооцоолол хийвэл бид авлагатай.

            Хөл хориотой үед алданги тооцсон нөхцөл байдлыг анхаараагүй тухайд: Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоосон бөгөөд нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 33 хоногийн алданги тооцсон нь хөл хорионы өдрүүдтэй давхцаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруу биш юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Б, О.А, Б.Б нар хариуцагч О.О, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 154 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Б, О.О, Э.Э нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Б нь 14 000 000 төгрөгийг  6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч О.О, Э.Э нар зээл, зээлийн хүүг, хэрвээ зээлийн үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног  тутамд төлөгдөөгүй үнийн 0.5 хувиар алданги тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдэгч О.Оийн өмчлөлд бүртгэлтэй Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Гандигийн 25 дугаар байрны 15 тоот орон сууцыг барьцаалах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-30-33/ Энэ гэрээний үнэ болох 14 000 000 төгрөгийг Б.Б нь өөрийн ХААН банк дахь 5014309267 тоот данснаас О.Оийн мөн банк дахь 5225140141 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талуудын гэрээнд зээлдэгч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй байх тул Б.Бөөс О.Оийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд Б.Б, О.О, Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Зээлдүүлэгч Б.Б, зээлдэгч О.О, Э.Э нар харилцан тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ” гэх гэрээ байгуулж, барьцааны хөрөнгийг үүргээс чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан тус гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр О.А, О.О, Э.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч О.А 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч О.О, Э.Э нар сар бүрийн 06-ны өдөр хүү төлж, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр, хугацааг бэлэн бусаар ХААН банкны 5225140141тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 01-нд 14 000 000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 16 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ” гэж харилцан тохиролцжээ. /хх-61-62/ Зээлдэгч нар 16 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн Б.Бийн дансны шилжүүлгээр хүлээн авсан болох нь хэргийн 116 дах талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл гэрээний талууд өөр байхад нь үүрэг солигдохгүй, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болж О.О, Э.Э нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн үүрэг биелүүлэх учиртай. /хх-58/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчөөгүй байхаас гадна талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, шаардах эрхийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч нар 2019 оны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохдоо 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бд бэлнээр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагч нарыг нэхэмжлэгч О.Аын өмнө 30 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн үүрэг үүссэн гэж үзнэ. Иймээс талуудын хооронд байгуулагдсан 2020 оны зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч О.А, хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч тал “зээлийн гэрээний хүүг сарын 5 хувиар тохироогүй” гэж маргажээ. Хэргийн 61 талд буй зээлийн гэрээний 3.3-т “Зээлийн хүү: 5 хүүтэй” гэж бичсэн байх боловч хариуцагч нар нэхэмжлэгч О.Ад гэрээ сунгах тухай хүсэлтдээ “... бид хамт иргэн О.Ааас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 сарын хугацаатай, 30 000 000 төгрөгийн, нэг сарын 5 хувийн хүүтэй ... төлөхөөр гэрээ хийж авсан ...” гэж бичсэн байна. Иймээс талуудыг 30 000 000 төгрөгт сарын 5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж гэрээний агуулгыг тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

 Хариуцагч тал зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр гэсэн агуулгаар маргаагүй, мөн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул талуудын тайлбарыг, хэргийн оролцогчоос гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, хариуцагч нарын зээлийн үүргийн зөрчлийн хэмжээг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөв. Харин шүүх үүргийн хэмжээг  тооцохдоо алдаа гаргасан, мөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулах тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг хэрэглээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан болох нь хариуцагч нараас нэхэмжлэгч О.Ад гаргасан хүсэлт, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх18-19/ Иймд хариуцагч нарыг үндсэн зээл 30 000 000 төгрөг, нийт 11 сарын зээлийн хүүд 16 500 000 төгрөг, нийт 46 500 000 төгрөг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч О.А нь хүү, алданги гэсэн агуулгаар 16 477 500 төгрөг, зээл олгосон хураамж, зардалд 653 500 төгрөг, бэлнээр 2 700 000 төгрөг тус тус хариуцагч нараас авсан болох нь хэрэгт буй ХААН банкны депозит дансны хуулга, шүүхээс сиди бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул хариуцагч нарыг зээлийн үүрэгт 20 970 000 төгрөг төлсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцнэ.  /хх-151-167/ Хариуцагч тал “бэлнээр Б.Бд 14 000 000 төгрөг өгсөн” гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй тул зээлийн үүргийн 32 132 000 төгрөгтэй холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Талуудын гэрээний гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасантай нийцсэн, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй учир зээлийн үлдэх үүрэг болох 25 530 000 төгрөгт гэрээгээр тохирсон хэмжээгээр алданги тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Гэхдээ зохигч О.А, О.О, Э.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн хүүгийн талаарх тохиролцоо, хариуцагч нар зээлийн хүү төлсөн байсан нөхцөл байдал, мөн хүүгийн хэмжээ нь /сарын 5 хувь, жилийн 60  хувь/ бусад зээлийн хүүтэй харьцуулахад өндөр байгаа, түүнчлэн “Ковид 19” цар тахлын нөхцөл байдалтай гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хамааралтай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг 70 хувиар бууруулан тооцож алдангид 1 263 735 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч О.О, Э.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 26 793 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгож, үлдэх 9 903 265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон агуулгатай өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

Нэхэмжлэгч О.А, хариуцагч О.О, Э.Э нартай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 25 дугаар байрны 36 тоотод байрлах 33.09 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх64/ Энэ гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээний тухай анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд уг барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй.  

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримталсан нь зөв байна. Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Б, Б.Б нар яг юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад тодруулахгүй хэргийг шийдвэрлэсэн, мэтгэлцэх зарчмыг зөрсөн гэх агуулгаар давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарыг зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэн тэдгээрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00840 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “33 990 040” гэснийг “26 793 735” гэж, “1 164 760” гэснийг “8 361 065” төгрөг гэж, 3 дах заалтын “411 635” гэснийг “291 918” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 411 635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Ч.ЦЭНД