Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0454

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  А.Цэнд-Очир

улсын яллагч:  О.Багшбаяр

шүүгдэгч: Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Э Э холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806023230457 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Э Э, 19  оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн   дунд   боловсролтой,  мэргэжилгүй, СЭЗИХ-н 2 дугаар дамжаанд суралцдаг,   ам бүл 5, эцэг,эх,  эгч, дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  хотхоны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЙЕ,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  худалдааны төвийн ойролцоо зам дээр иргэн Б.О зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Э.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны  сарын 12-ны орой 9.00 цагт фитнесээс гарч, гэрлүүгээ явж байсан.  худалдааны төвийн урдуур гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тухай үед нэг машин өнгөрөөж, зам хөндлөн гарч байхад хохирогч машинтай ирж намайг шүргэсэн. Би хүн дайрлаа гэж хэлж, бие биеэ доромжлож маргалдсан. Хохирогч машинаасаа бууж ирж заамдаж авч 1 метр газар хүртэл түрж явж байхад нэг эгч таарч наад хүн чинь согтуу юм уу цагдаа дууд гэж хэлсэн. Намайг малгайтай цамцны малгайгаар боохоор нь нүүрэн  тус газар нь  цохисон. Тухайн үед түр салж, би зөрүүлж заамдаж авч хүзүүг нь боосон. Би утсаараа эцэг, эхрүүгээ залгаж дуудсан. Намайг цохих үед хамраас нь цус гарсан байсан. Манай аав, ээж ирсэн. Ийм хэрэг болсон. Миний хоолой улаалттай, чих хавдсан байсан. Тэгээд 2.3 хонож байгаад зүгээр болсон гэв.

           Шүүгдэгч Э.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 21.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Парк хотелын баруун талаар зам хөндлөн гарч байтал  дугаартай Приус-20 маркийн машин замын хөдөлгөөнд оролцож байгаад миний үүрч явсан цүнх болон бөгсөн хэсгээр машины толиороо шүргэсэн. Уг машин тэр эрчээрээ тэр чигээрээ яваад өгөхөөр нь би ардаас нь хашгирсан   чинь 7-10 орчим метр газар яваад зогсохоор нь би гүйж очоод хүн дайрлаа ш дээ гэхэд нөгөө жолооч чи өөрөө замаа харж яваачээ зүгээр ингээд зайл хүнд битгий гай болоод бай мангар бацаан минь гэхээр нь би юу гэсэн үг юм бэ зам хөндлөн гарч байгаа хүнийг хурдаа хасахгүйгээр ирээд мөргөчихлөө ш дээ гэж хэлсэн. Гэтэл жолооч машинаасаа буугаад ирсэн. Жолооч надад одоо эндээс гай болоогүй дээрээ зайл гэхээр нь би машиных нь дугаарыг хараад  цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгтэл уг жолооч намайг шууд заамдаад авахаар нь би өөдөөс нь заамдаад тавиулах гэж оролдсон. Гэтэл тавиулж чадаагүй ба намайг хойшоо 1 метр гаруй зайнд түлхэж боотол миний ухаан алдах шахсан. Тэр үед би баруун гараараа уг хүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл жолоочийн хамарнаас цус гарсан байсан гэжээ. /хх-ийн 6/            

          Хохирогч  Б.О   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр худалдааны төвийн хажуу талын зам дээр өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Приус 20 маркийн машиныг жолоодоод явж байхад урдуур утас барьсан залуу гүйгээд гараад ирсэн. Би тормос дарахад тэр залуу замын нөгөө тал руу гарсан. Хөдлөөд явахад тэр залуу ардаас хүн дайрчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би өмнөөс нь чи гарцгүй  газраар утас оролдоод гарч ирсэн ш дээ гэж хэлсэн. Гэтэл тэр залуу энд хүн явах зам байхгүй би дуртай газраараа явна гэсэн тэгэхээр нь би машинаасаа буусан. Гэтэл нөгөө залуу манай ах цагдаа  би чамайг явуулахгүй маргааш чамайг хөдөлгөөнд оролцуулахгүй гээд орилоод байсан. Тэгж байгаад бид хоёр харилцан заамдалцаж авсан. Би тэр залууг хувцаснаас нь боогоод хойшоо нь нилээн түлхсэн. Тэгтэл тэр залуу миний малгайтай цамцнаас татаж боогоод гараараа 1 удаа миний нүүрэн тус газар цохисон. Миний хамарнаас цус гараад би доошоо тонгойх гэхэд зуураад тавихгүй байсан. Би аав руугаа залгасан удалгүй аав ирсэн гэжээ. /хх-н 19-21/   

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 09/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3668 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.Э.Э биед хүзүү, цээжний дээд хэсэгт зулгаралт, зүүн чихний ард зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 10/

Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3599 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.Б.О биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 25,28/

           Э.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-18/

     Э.Э  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27/,  зэрэг болно.          

          Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо  худалдааны төвийн ойролцоо зам дээр иргэн Б.О зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б.О биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3599 тоот дүгнэлт /хх-ийн 24/

          Хохирогч  Б.О   мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … тэр залуу ардаас хүн дайрчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би өмнөөс нь чи гарцгүй  газраар утас оролдоод гарч ирсэн ш дээ гэж хэлсэн. Гэтэл тэр залуу энд хүн явах зам байхгүй би дуртай газраараа явна гэсэн тэгэхээр нь би машинаасаа буусан. Гэтэл нөгөө залуу манай ах цагдаа  би чамайг явуулахгүй маргааш чамайг хөдөлгөөнд оролцуулахгүй гээд орилоод байсан. Тэгж байгаад бид хоёр харилцан заамдалцаж авсан. Би тэр залууг хувцаснаас нь боогоод хойшоо нь нилээн түлхсэн. Тэгтэл тэр залуу миний малгайтай цамцнаас татаж боогоод гараараа 1 удаа миний нүүрэн тус газар цохисон. Миний хамарнаас цус гараад би доошоо тонгойх гэхэд зуураад тавихгүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 19-21/   

          Шүүгдэгч Э.Э    мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …  дугаартай Приус-20 маркийн машин замын хөдөлгөөнд оролцож байгаад миний үүрч явсан цүнх болон бөгсөн хэсгээр машины толиороо шүргэсэн. Уг машин тэр эрчээрээ тэр чигээрээ яваад өгөхөөр нь би ардаас нь хашгирсан   чинь 7-10 орчим метр газар яваад зогсохоор нь би гүйж очоод хүн дайрлаа ш дээ гэхэд нөгөө жолооч чи өөрөө замаа харж яваачээ зүгээр ингээд зайл хүнд битгий гай болоод бай мангар бацаан минь гэхээр нь би юу гэсэн үг юм бэ зам хөндлөн гарч байгаа хүнийг хурдаа хасахгүйгээр ирээд мөргөчихлөө ш дээ гэж хэлсэн. Жолооч надад одоо эндээс гай болоогүй дээрээ зайл гэхээр нь би машиных нь дугаарыг хараад  цагдаад өгнө гэж хэлсэн…. Гэтэл тавиулж чадаагүй ба намайг хойшоо 1 метр гаруй зайнд түлхэж боотол миний ухаан алдах шахсан. Тэр үед би баруун гараараа уг хүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл жолоочийн хамарнаас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 6/ зэрэг болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

          Иймд Э.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Э.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

           Хохирогч Б.Оучирсан хохирлын мөнгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Э.Э  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тайж овогт Э Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Э.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь  торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Э хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,  шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Э авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН