Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 224/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

2024       02           16                                          2024/ДШМ/06

 

 

Ч.Т, Д.А, С.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч  Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг нарын, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын, шүүгдэгч С.Н-ийн давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох, 2135000910185 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ... аймгийн ... сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо ... аймгийн .... сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт Ч-гийн Т (регистрийн дугаар:............),

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ... аймгийн .. сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Д-гийн А (регистрийн дугаар: .....),

3. Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газарт санхүү албаны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овогт С-ийн Н (регистрийн дугаар: ....).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Давст сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.5 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Э-тай шууд гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхгүйгээр Давст сумын нутагт байрлах Торхилогийн гүүр засварлаж байсан аймгийн Онцгой байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш трактороор хийлгэж, “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн дансанд төсвөөс 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг шилжүүлж, тус компанийн захирал П.Э-аар дамжуулан бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон,

- мөн нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Увс аймгийн Давст сумын Засаг даргад эрх шилжүүлж ирүүлсэн, орон нутгийн хөрөнгөөр хийгдэх Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Д.С-д гэгчтэй амаар ярьж, тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр 2019 оны 09, 10 дугаар сарын үед “Оточ-Эрчим” ХХК-аар хийж гүйцэтгүүлсний дараа 2019 оны эцэст 71.5 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Сангийн яам татаж авахаас өмнө төсвөөс гаргуулан “Оточ-Эрчим” ХХК-д шилжүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамж гаргаж, тухайн ажилд “Оточ-Эрчим” ХХК шалгарч, гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн мэтээр үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар нөхөн бүрдүүлэх үүргийг тухайн үнэлгээний хорооны даргаар томилогдсон гэх тус сумын Засаг даргын орлогч Д.А, нарийн бичгийн даргаар томилогдсон гэх Давст сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга С.Н нарт өгч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.5 сая төгрөгийг Оточ-Эрчим ХХК-ийн Хаан банк дахь 5830171827 тоот данс руу шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 71.500.000 (далан нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын орлогчоор, шүүгдэгч С.Н нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байхдаа тус сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг урьд хийгдсэн ажил гэдгийг мэдэж байсан атлаа тус сумын засаг дарга Ч.Т-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамжаар “Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-д дарга, нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллаж, тус үнэлгээний хороо нь Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу шалгаруулж, уг ажлын гүйцэтгэгчээр “Оточ-Эрчим” ХХК шалгарч, 2019 оны 12 дугаар сард уг ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн мэтээр холбогдох баримт бичгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн бүрдүүлэн өгч, урьдчилан амалж, Ч.Т-ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ч-гийн Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-гийн А, Я овогт С-ийн Н нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Ч овогт Ч-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ш овогт Д-гийн А, Я овогт С-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Т-т нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 20.000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 9.000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон сольж, нийт нэг зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 (нэг зуун таван мянга) төгрөгийг шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан 20000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, түүний нийт эдлэх торгох ялыг 19895 (арван есөн мянга найман зуун ерэн тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.895.000 (арван есөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөгөөр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Д.А, С.Н нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 5 (тав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-аас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

- энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Т нь гэмт хэргийн хор уршигт Увс аймгийн Давст сумын орон нутгийн хөгжлийн санд 6.500.000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т, С.Н, Д.А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Т-ын эзэмшлийн 40-68 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

- шүүгдэгч Ч.Т нь энэ гэмт хэргийн улмаас 7 (долоо) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.А, С.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

- шүүгдэгч Д.А, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Ч.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Т-т  өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ч.Т нь шүүх хуралдаан дээр  үйл баримт болсон гэх хугацаанд Увс аймагт байгаагүй талаараа нотлох баримт болох ээлжийн амралт болон амралтын хугацааг сунгасан аймгийн Засаг даргын захирамжууд, эхнэр нь хүндээр өвдсөний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан байсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Анхан шатны шүүх Ч.Т-ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үнэлэх” журмыг зөрчиж,  түүний гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлсэн нь шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хоёр. ...Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 09-10 дугаар сарын үед Ч.Т амаар тохиролцон хийж гүйцэтгүүлсэн гэх үйл баримтыг нотлох 1 ширхэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд гэрчүүд “тэр үед л хийгдсэн юм шиг байна лээ, сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн байх  бөгөөд яг л зэргэлээн дундаас гэнэт ургаад гараад ирсэн байгууламж мэт, эсвэл ашгийн төлөө хувийн хуулийн этгээд сайн дураараа очоод ард түмнийхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ өөрийн хөрөнгөөр урьдчилаад өндөр өртөг бүхий ажлыг хийчихсэн мэт дүр зураг харагдаад байдаг.

Увс аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж 2019 оны 1 дүгээр сард гарсан боловч санхүүжилт нь оны сүүлчээр сумын дансанд орсон баримт хавтаст хэрэгт авагдсан, өөрөөр хэлбэл эрчим хүчний ажлыг 2019 оны 9-10 сард “Оточ-Эрчим” ХХК-аар урьдчилан эрх бүхий ямар албан тушаалтан хийлгэсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, жинхэнэ гэм буруутай этгээд нь хуулийн хариуцлагаас гадуур үлдсэн гэж дүгнэж байна.

Гэрч Д.С-д ч энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлдэггүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлгийг шүүх хуралдаан дээр гаргадаг, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмаар мэдүүлгийн зөрүүг нягтлан шалгах ажиллагаа хийдэггүй, зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан байхад шүүх мөн тэр баримтуудыг гарцаагүй үнэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүхээс “Давст сумын Засаг дарга Ч.Т нь “Оточ-Эрчим” ХХК-д 71.500.00 төгрөгийн санхүүжилт олгохын тулд үнэлгээний хороо байгуулж, тендерийн материалыг нөхөн бүрдүүлж, “Оточ-Эрчим” ХХК-ийг шалгаруулах тухай хууль бус үүрэг өгсөн нь Д.А, С.Н нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тендерийн бичиг баримтуудаар тус тус нотлогдож байна” гэж дүгнэжээ.

Гэрч Д.А, С.Н нар нь Ч.Т-тай харилцан эсрэг сонирхолтой бөгөөд шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгээс харахад ямар үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаагаа ч ойлгосон эсэх нь тодорхойгүй байгаа нь асуусан асуултад хариулж байгаа байдлаас нь харагдаж байсан. Нөгөөтэйгүүр, Ч.Т үүрэг өгсөн гэж мэдүүлэг өгдөг ч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй, үнэлгээний хороонд ажилласан гэрч Ж.Э, С.Б нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт 2 компани материалаа ирүүлж, харьцуулалтын аргаар хамгийн бага төсөвт өртгөөр гүйцэтгэх тооцоололтой “Оточ- Эрчим" ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хорооны гишүүд дэмжсэн болох нь хурлын тэмдэглэлээс харагддаг.

Анхан шатны шүүх үнэлгээний хорооны дарга Д.А, нарийн бичгийн дарга С.Н нар нь тендерийн бичиг баримтыг нөхөн бүрдүүлсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд харин сумын Засаг дарга Ч.Т нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгосон гэх эсрэг сонирхолтой гэрч Д.А, С.Н нарын мэдүүлгээр Ч.Т-ыг гэм буруутайд тооцсон нь хууль ёсны, шударга ёсны зарчмыг зөрчиж, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

 Шүүх “шүүгдэгч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалжаа хангалттай зааж чадаагүй” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан атал шүүх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна, мэдүүлэг зөрүүтэй байна“ гэж дүгнэж гэм буруутайд тооцох нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн энэ хуульд заасан журмын дагуу явагдана” гэж заасныг зөрчиж шүүгдэгчийг үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардсан мэт, хэргийн байдлыг нотлох үүрэгтэй” мэт дүгнэсэн нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн.

Ер нь анхан шатны шүүх хуралдаан шүүгдэгч Ч.Т-ын хувьд хүнд нөхцөлтэй явагдсан бөгөөд улсын яллагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасных нь төлөө маш их дайралт, зүй зохисгүй үг хэллэгийг хэлж байсан. Мөн шүүгдэгч С.Нийн өмгөөлөгчийн хувьд мөн Ч.Т-ыг яллах талын байр сууринаас дүгнэлт хэлэх, асуулт асуух зэргээр дайралт хийж, шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн тулд хохирол төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан..

Хохирлоо төлөх хүсэлтийг гаргахдаа Ч.Т нь хохирлын мөнгөө бүрдүүлэх зорилгоор завсарлага авч байгаа, гэтэл шүүх тэр боломжийг нь олголгүй цагдан хорих шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Ч.Т нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон, биед нь одоо гуурс суулгасан байгаа, хоолны тусгай дэглэмтэй, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай гэдэг үндэслэлийг хэлсэн боловч шүүх хүлээж аваагүй. Гэм буруу дээрээ маргасных нь төлөө шүүх хүртэл хүний амьд явах эрх чөлөөнд зохисгүйгээр халдсан гэж үзэж байгаа.

Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 2019 оны 9-10 сард “Оточ-Эрчим” ХХК хийж гүйцэтгэчихсэн байсан гэх үйл баримт, тухайн үед Ч.Т нь “Оточ-Эрчим” ХХК-ны захирал С-тэй урьдчилан тохиролцож хийлгэсэн гэх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх атал таамгаар дүгнэлт хийсэн мэтээр гарцаагүй нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн нь нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа эсэх, мөн нотлох баримтыг шүүх үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч зөвхөн хуульд тулгуурлан, хуулийг хэрэглэж дотоод итгэл үнэмшлээрээ дүгнэлт өгөх атал хэрэгт авагдаагүй байхгүй нотлох баримтыг үнэлсэн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 Шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахад захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр зарим гэрчүүдийг дахин асуугаад шүүхэд ирүүлсэн байдаг.

Шүүх нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоогоогүй байгаа тул хийвэл зохих ажиллагаануудыг дурдаж хэргийг буцаасан атлаа шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанууд хийгдээгүй байхад “нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнээд байгаа нь эргэлзээтэй.

Энэ хэргийн ард 2019 оны 9-10 сард Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 2019 оны 9-10 сард “Оточ-Эрчим” ХХК-аар хэн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан хийлгэсэн нь тодорхойгүй үлдлээ.

Нөгөөтэйгүүр Увс аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн төсөв нь 2019 оны 12 дугаар сард Давст сумын тамгын газрын данс руу орж ирэх нөхцөл бүрдсэний дараа тендер сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчөөгүй. Төсвийн асуудал нь шийдэгдээгүй байхад тендер зарлавал бас л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн буруутай үйлдэл болж гэмт хэрэгтэн болно.

Төсөв шийдэгдсэний дараа тендер зарлахгүй бол дараагийн оны эхээр төсвийг буцаагаад татчихна. Давст сумын албан тушаалтнуудад гарцгүй л нөхцөл байдал үүсэн үйл баримт харагддаг.

Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийгдсэнээр төр хохироогүй, нийтийн эрх ашигт тустай, энэ ажпын дундаас шүүгдэгч нар өөртөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгоогүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгддэг, энэ гэмт хэргийн гол шинж нь “их хэмжээний хохирол учруулсан” байхыг шаардаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь улсад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн, шүүх төрд учруулсан хохирол байхгүй гэж дүгнэсэн атлаа гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Ч.Т-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч С.Н давж заалдах гомдолдоо : “С.Н миний бие Ч.Т нарт холбогдох, 2135000910185 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний бие хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн, өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Миний хувийн байдлын хувьд Увс аймгийн Давст суманд эхнэр болон 2-20 насны 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Нэг хүүхэд маань оюутан, бага охин маань одоо 2 настай эхнэр маань бага насны хүүхэдтэй ч амьдарлаа авч явахын тулд ажилдаа орсон ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлууд байгаа.

 Иймд миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэжээ.

6. Шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.Ад хүнд ял оногдуулсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Д.А үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөөр ирсэн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч мэдүүлгээ үнэн зөвөөр өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Төрийн албанд анх удаа томилогдон ажиллаж байсан. Ажлын туршлага дутагдсан, засаг даргын буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэгт холбогдсон гэдгээ  хүлээн зөвшөөрч байгаа.

Д.А одоогийн байдлаар ажил хийдэггүй, 2 хүүхэд нөхрийн хамт амьдардаг, нөхөр нь тээвэр хийж амьдарлаа авч явдаг нэгэн залуу гэр бүл байгаа. Д.Агийн асрамжид 70 настай ээж нь байдаг. Д.Ад анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хасаж, хуульд заасан доод хэмжээ болох 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Цаашид улс төрд ажиллах сонирхолтой залуу эмэгтэй тул нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг мөн багасгаж хуульд заасан доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

7. Шүүгдэгч Ч.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл надад оногдуулсан торгох ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хэмжээг багасгаж өгнө үү. Бага насны 3 хүүхэдтэй, миний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Би цаашид ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч авна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр орсон шүүх хуралдаанаас шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр ч шүүгч “нэмэлт ажиллагаа хий гэхээр юу ч хийхгүй  аваад ирэх юм” гэж прокурорт хэлж байсан. Ч.Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж байна. Хэдийгээр элэг шилжүүлэх хагалгаанд ороод ирсэн боловч уураг солиулах ажилбар сар 1 удаа явагдаж байсан. Ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

Шүүгдэгч С.Н, Д.А нар ямар үйлдэл хийгээд гэм буруутай болсноо одоо ч гэсэн ойлгохгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч та 2 ямар үйлдэл хийчхээд гэм буруутайд гээд зогсож байгаа юм бэ? гэж асууж байсан. Энэ асуудал дээр анхаарч үзээд тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү  гэж хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтууд зөрчигдсөн байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би төрийн албанд 5 дахь жилдээ ажиллаж байна. Би эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Манай том хүүхэд санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж байгаа. Миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оноос төрийн албанд ажиллаж байна. Анх удаа төрийн албан ажиллаж байгаад ийм том алдаа гаргасандаа харамсаж байна. 2021 оноос хойш үндсэндээ байнга шүүх дээр дуудагдаж байна. Өөрийнхөө хийсэн алдаа, дутагдлыг ойлгож гэмшиж байгаа. Манай нөхөр хот хоорондын тээврийн жолооч хийдэг. Би цаашид төрийн албанд ажиллах эрхгүй болсондоо харамсаж байна. Цаашид төрийн албанд орж ажиллах хүсэлттэй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

11. Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Тухайн гэмт хэрэг гарах үед Д.А Сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Засаг даргын захирамжийн дагуу тендерийн хурал хийхгүйгээр материалд гарын үсэг зурсан үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Д.Агийн хувьд ямар гэмт хэрэгт оролцсоноо ойлгохгүй байгаа зүйл байхгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 9.000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.А-д оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт  хэрэгт хамтран оролцогчоор татагдсан учраас оролцоо багатай байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг 2 жил болгож багасгаж, торгох ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү” гэв.

12. Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй . Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч С.Нийн хувьд хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Энэхүү гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч С.Нийн хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан учраас төрийн албанд ажиллах боломжгүй болсон.  Эхнэр нь ганцаараа ажиллаж амьдралаа залгуулдаг. Том хүүхэд нь санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3-р курсын оюутан, оюутны төлбөр, дотуур байрны зардал, бусад хэрэгцээний зардлуудыг зохицуулахад санхүүгийн хувьд хүнд байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү гэх саналтай байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн гэмт хэргийн үндсэн субъект биш хамтран оролцсон гэдэг байдлаар яллаж байгаа учраас торгох ялыг багасгаж өгнө үү.

Ч.Т-ын өмгөөлөгч нарын хувьд давж заалдах гомдол гаргахдаа болон гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа намайг яллах талын байр суурьтай асуулт асуусан гэж байна. Би өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас асуулт асуух эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд шүүгдэгч нараас асуулт асуусан.

Миний үйлчлүүлэгчийн хувьд дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг дагаж,  ийм үйлдэл хийсэндээ гэмшиж, харамсаж байна гэдгээ гэрчээр мэдүүлэг өгөх үеэсээ хэлсэн.

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн учраас шүүгдэгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр зарим зүйлийг нарийн санахгүй байна гэдгээ хэлсэн, гэтэл миний үйлчлүүлэгчийг ямар хэрэгт гэм буруутайгаа ойлгохгүй байсан гэж эрх зүйн байдлыг нь дордуулсан тайлбар хэлж болохгүй.

Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ч.Т-ын өмгөөлөгч нарын хувьд өөр өөр байр суурьтай оролцож байгаа. Шүүгдэгч Ч.Т-ын өмгөөлөгч нарын хувьд хэрэг дутуу шалгагдсан, шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэх хоёр өөр үндэслэлээр гомдол гаргасан байна.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгасан. Энэхүү захирамжид прокурор эсэргүүцэл бичих, оролцогч нарт гомдол гаргах эрхгүй байдаг. Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Нэг хийсэн ажиллагаа дахин хийсэн зүйл байхгүй. Нэмэлт ажиллагаагаар хийгдсэн баримтууд урьд авагдсан баримтуудтай адил төстэй, нэг агуулгатай баримт байхыг үгүйсгэхгүй.

Улсын яллагч болон анхан шатны шүүхийн шүүгч шүүгдэгч Ч.Т-ын амьд явах эрхэд бүдүүлгээр халдсан гэж өмгөөлөгч ярьж байна. Харин ч энэ хэрэг шүүх дээр 2 жил болсон. Шүүгдэгч Ч.Т болон түүний өмгөөлөгч нар хэрэг түдгэлзүүлэх хэмжээний өвчтэй гэдгээ нотолж чадахгүй байхад шүүгч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилж хэргийг түдгэлзүүлж байсан. Үүнийг өмгөөлөгч нар мартаагүй байх гэж бодож байна. Прокурор болон шүүх оролцогчийн эрхийг зөрчөөгүй, харин ч хангасан.

Шүүгдэгч Ч.Т нь эмчилгээ хийлгэж биеийн байдал нь хэвийн болж ажлаа хүлээж авсан боловч шүүхэд мэдэгдэхгүй ажлаа хийж байсан, шүүх дуудахаар өвчтэй мэтээр ярьж байгаа нь шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа нэг хэлбэр гэдгийг өмгөөлөгч нар нь Ч.Т-т тайлбар хэлсэн байх гэж бодож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т-ын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг хангалтай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.

Хавтаст хэрэг авагдсан баримтуудаар Ч.Т нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн нь тогтоогдож байгаа. Энэ бол хүнд мэс засал гэдгийг ердийн ухамсрын түвшинд ойлгож байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн төрлийн ял оногдуулсан. Улсын яллагчийн хувьд хүнд мэс засалд орсон хүн учраас энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд Ч.Т-ын ял хөнгөдсөн үндэслэлээр эсэргүүцэл бичээгүй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна. Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ялын доод хэмжээг оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

 Шүүгдэгч Ч.Т, Д.А С.Н нарыг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэгт нийцсэн байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь :        

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч С.Н нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох, 2135000910185 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

          3. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

  3.1. Шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн Давст сумын засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 онд Давст сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.5 сая төгрөгийн санхүүжилтээр  “Хайрхан цагаан шувуут” ХХК-аар гүйцэтгүүлсэн мэтээр хуурамч гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Э-тай байгуулж, уг ажлыг Давст сумын нутагт байрлах Торхилогийн голын гүүр засварлаж байсан, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш трактороор хийлгэж, “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн дансанд Давст сумын орон нутгийн хөгжлийн сангаас 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг шилжүүлж, тус компанийн захирал П.Э-аар бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2018 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 10.000.000 (арван сая) төгрөгөөс доош төсөвт өртөгтэй ажлыг захиалагч тал шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж болохоор байсан. Танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад тухайн гэрээ байгуулсан компани уг ажлыг хийгээгүй талаарх нөхцөл байдал тогтоогдож байгаа бол дээрх үйлдлийн улмаас тус сумын Засаг дарга өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Шүүхээс  гэм буруутай гэж үзсэн тохиолдолд уг 6.5 сая төгрөгийг Давст сумын Орон нутгийн хөгжлийн санд гаргуулан өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 66 дахь тал),

 - гэрч Ч.Т /Давст сумын Зүүнхөвөө багийн Засаг даргаар ажилладаг/-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Уг ажлыг хийхдээ Давст сумын ЗДТГ-аас тендэр зарласан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын ковш трактор манай суманд ажиллаж байсан бөгөөд уг тракторын жолоочоос гуйж байгаад бензинийг нь хийж өгөөд хогийн цэгийн хогийг даруулах, булуулах ажлыг хийлгэсэн. Тракторын жолоочтой хэн уулзаж гуйж байгаад тухайн ажлыг хийлгэсэн болохыг би сайн мэдэхгүй байна.

 2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “Хайрхан цагаан шувуут” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн ажлыг Увс аймгийн Онцгой байдлын газрын ковш трактороор хийлгэсэн. Уг ажлыг хийж байхад би өөрийн биеэр очиж хяналт тавьж байсан учраас сайн мэдэж байна. Би тухайн үед ажил хүлээн авсан актад гарын үсэг зурсан нь үнэн. Би уг ажлын гүйцэтгэлийг аймгийн Онцгой байдлын газрын ковш тракторын жолоочоос хүлээж авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал),

 - гэрч   Н.Нямсүрэн/Давст сумын ЗДТГ-ын нярав/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“ 2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Уг ажлыг хийлгэхдээ сумын Засаг даргын тамгын газраас тендер зарласан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Торхилог голын гүүрний засвар дээр ажиллаж байсан ковш трактор хогийн цэгийг дарж булсан гэж сонссон. 2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “Хайрхан цагаан шувуут” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн үед хогийн цэгийг дарж булах ажил хийгдсэн байсан учир би ажил хүлээн авсан актад гарын үсэг зурсан, доторх агуулгыг нь харахгүйгээр шууд гарын үсэг зурсан юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал);

- гэрч Б.Г /сумын ЗДТГ-ын байгаль орчны бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Давст суманд 2018 онд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Уг ажлыг хийлгэхдээ сумын Засаг даргын тамгын газраас тендер зарласан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Торхилог голын гүүрний засвар дээр ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын газрын ковш трактор хогийн цэгийг дарж булах ажлыг хийсэн. “Хайрхан цагаан шувуут” ХХК  2018 онд Давст суманд хогийн цэгийг дарж булах ажлыг хийж гүйцэтгээгүй. Тухайн ажлыг Увс аймгийн Онцгой байдлын газрын ковш трактороор хийсэн. Би тухайн ажлыг хүлээн авах комиссын  актад гарын үсэг зурсан нь үнэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал),

- гэрч С.Б / сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд хогийн цэгийг дарж булах нэртэй ажлын хэсгийн гишүүнээр ажиллаагүй. Тухайн үед Торхилог голын гүүрний засвар дээр ажиллаж байсан аймгийн Онцгой байдлын газрын ковш трактороор хогийн цэгийн хогийг булуулах ажлыг хийлгэсэн.  2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “Хайрхан цагаан шувуут” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Харин уг ажлыг хүлээн авсан комиссын тэмдэглэл дээр надаар сүүлд гарын үсэг зуруулж авсан. Би хүлээн авах комиссын актыг уншихгүйгээр гарын үсгээ зурсан ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-80дахь тал),

 - гэрч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд Увс аймгийн Давст суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Би өөрийн биеэр тухайн газар дээр очиж хогийн цэгийг дарж булах ажлыг хүлээн аваагүй. Намайг тухайн ажлыг хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр томилсон захирамж гарсан байсан. Би актын доторх зүйлийг уншихгүйгээр гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал),

- гэрч Д.А /Давст сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Давст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны жил эцсийн хурлаар 2018 онд Хогийн цэгийг дарж булах ажлыг 10.0 сая төгрөгөөр хийлгэхээр төсөвлөж баталсан.

   Гэтэл 2018 оны 07 дугаар сард Увс аймгийн Давст сумын Торхилог голын гүүр нурсан. Гүүрний засварын ажлыг яаралтай богино хугацаанд хийлгэх шаардлага гарсан боловч уг ажлыг гүйцэтгүүлэх төсөв байгаагүй. Уг гүүр нурснаар тухайн голын цаана байх мал, хүн, тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болсон. Тухайн үед сумын Засаг дарга Ч.Т, сумын ИТХ-ын дарга Ц.Ширбазар нар Торхилог багийн иргэдтэй уулзаж, багийн Иргэдийн Нийтийн хурал хийж байсан. Уг хурал болсны дараа сумын Засаг дарга Ч.Т аймгийн төв яваад ирсэн. Тэр аймгаас ирсний дараа “би гүүрний ажлыг хийлгэхээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, Увс-АЗЗА ТӨХК-ийн захирал нартай уулзаад техник шийдүүлэхээр боллоо. Гүүрний ажил дээр та өөрийн биеэр хяналт тавьж ажиллана шүү” гэж хэлсэн. Мөн Ч.Т надад хэлэхдээ “Онцгой байдлын газраас нэг ковш трактор, Увс-АЗЗА ТӨХК-аас нэг унивсраль трактор, сонсомол зэрэг машин ирж ажиллана шүү” гэж хэлээд “та тэр трактор, автомашинуудын явсан мот цаг буюу /ажилласан цаг/, авсан бензин, шатахуун, тос, досол, масло зэргийг сайн тооцож байгаарай. Эргээд дээрх байгууллагуудтай мот цагаар буюу /ажилласан цагаар/ тооцоо хийнэ шүү” гэж хэлсэн. Мөн төсөв мөнгөний хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргатай ярилцаж байгаад төсвийн тодотгол хийж, Хогийн цэгийн хог дарж булах мөнгөнөөс шилжүүлж, гүүрний засварын ажлыг хийлгэнэ” гэж хэлсэн.

 Удалгүй аймгийн Онцгой байдлын газрын трактор ирж Торхилог голын гүүрний засварын ажлыг хийсэн. Гүүрний засварын ажил хийгдэж байх үед Засаг дарга Ч.Т надад “Би гүүрний засвар дээр ажиллаж байгаа Онцгой байдлын газрын трактороор хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийлгэхээр боллоо. Та жолоочтой нь уулзаад уг ажлыг хийлгэчих” гэж хэлсэн. Улмаар би тухайн үед Торхилог голын гүүрний засварын хийж байсан жолооч С.Атэй уулзаад Давст сумын хогийн цэгийн хогийг дарж, булах ажлыг хийлгэсэн. С.А нь гүүрний ажил дууссаны дараа манай сумын хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг 3-4 хоногт хийж гүйцэтгэсэн.

Жолооч С.А тухайн хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийхэд миний бие хяналт тавьж, мот цаг буюу ажилласан цагаар нь хэрэглэсэн бензин тос, шатахуун зэргийг тооцож байсан. Тэр талаарх тооцоог би өөрийн Д.А гэх фэйсбүүк хаягнаас засаг дарга Ч.Тын фэйсбүүк хаяг руу зургийг нь дарж явуулж байсан. Одоо уг чатыг харахад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хогийн цэг дарж булах ажлын талаарх гараар бичсэн тооцоог явуулсан байдаг. Үүнд: С.А 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 450 литр түлш, 4 литр масло авч 14 мот цаг ажиллаж байсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400 литр түлш, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 300 литр түлш, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 250 литр түлш авч, 25 мот цаг ажиллаж ажлыг дуусгаад явж байсан. Тухайн үед надаас гадна хогийн цэгийн ажилд манай тамгын газрын байгаль орчны байцаагч Б.Ганболд, Ч.Туваан нар хяналт тавьж ажиллаж байсан. Би ерөнхийдөө ажилласан цаг, түлшийг нь тооцож өгч байсан. Торхилог багийн модон гүүр болон хогийн цэгийг дарж булах ажилд зарцуулсан шатахуун тос маслыг манай суманд байх Баялаг Увс ХХК-ийн шатахуун түгээх станцаас зээлээр бичүүлж авч байсан.

Гэтэл сумын ИТХ-ын 2018 оны жилийн эцсийн хурал дээр Засаг дарга Ч.Т нь “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг Хайрхан цагаан шувуут ХХК 6.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж танилцуулж байсан. Яагаад тэгж танилцуулсан болохыг би мэдэхгүй байна.

2018 онд манай суманд хогийн цэгийг дарж булах ажлыг “Хайрхан цагаан шувуут” ХХК хийж гүйцэтгээгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 93-97 дахь тал),

 - гэрч Э.Бат-Орших / Давст сумын ЗДТГ-ын дарга ажилтай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед хогийн цэгийг дарж булах ажлыг Увс аймгийн Онцгой байдлын газрын жолооч С.А гэх хүн ганцаараа ковш трактортой ойролцоогоор 2 өдөр ажиллаж, хийж байсан. Би тэр үед Торхилогийн гүүрний засварын ажил дээр очиж байсан. Уг ажлыг С.А гэх жолооч маш сайн хийж гүйцэтгэсэн. Урьд нь манай сум хогийн цэгийг бас түрдэг трактороор түрүүлж байсан ба тэр ажлыг С.А жолооч шиг сайн хийсэн хүн байхгүй. Тухайн үед С.А-тэй хэн тохирч тэр ажлыг хийлгэснийг мэдэхгүй. Мөн ямар байдлаар түүнд шатахуун, ажлын хөлс, урамшуулал өгснийг мэдэхгүй. Сумын ЗДТГ-аас хог булах ажил гүйцэтгүүлэхээр тендэр зарлаагүй. Сумын Засаг дарга Ч.Т нь “Хайрхан цагаан шувуут” ХХК-тай хэзээ гэрээ байгуулсныг мэдэхгүй. Уг компанийн талаар би анх удаа сонсож байна. Миний мэдэхийн тухайн хог булах ажлыг жолооч  С.А хийсэн.  С.А-ээс өмнө ямар нэгэн хүн, компани уг ажлыг хийсэн эсэхийг мэдэхгүй. 2017 оны жил эцсээр хуралдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийхээр төсөвлөгдсөн ажлын дараалалд хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг 10.0 сая төгрөгөөр хийхээр тусгасан байсан. Тухайн ажлыг хийж эхлээгүй байхад Торхилогийн гүүр нурж, тухайн гүүрийг яаралтай засварлахаар болсон. Гүүрэнд ямар нэгэн мөнгө төсөвлөгдөөгүй байсан тул хогийн цэгийг дарж булах 10.0 сая төгрөгнөөс 3.5 сая төгрөгийг гүүрний засварт шилжүүлэхээр төсвийн тодотгол хийгдсэн. Дээрх шалтгааны улмаас хогийн цэгийг булах ажил 6.5 сая төгрөгөөр хийгдэхээр болсон. “Хайрхан цагаан шувуут” ХХК уруу санхүүжилтийг хэн, хэзээ хийсэн талаар би мэдээгүй ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 99-102 дахь тал),

- гэрч П.Э /Хайрхан цагаан шувуут ХХК-ийн захирлаар ажиллаж байсан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хайрхан цагаан шувуут” ХХК нь миний эзэмшлийн компани байсан. Би “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулаад 2019 оны 06 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулаад татан буулгасан.

Би Давст сумын Засаг дарга Ч.Т гэх залууг одоо харвал танихгүй. Тэр залуутай аймгийн Монгол Ардын намын уулзалт дээр танилцаж байсан удаатай. Түүний дараа Ч.Т над уруу утсаар яриад “ та нэг компанитай юм байна. Танай компаниар нэг удаа мөнгө оруулаад гаргаад авмаар байна” гэхээр нь би “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн дансыг өгч байсан. Түүний дараа Ч.Т “би аймагт ирсэн байна, тантай хальт уулзмаар байна” гэж хэлээд Улаангом сумын 7-р багт байсан манай “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн дэлгүүрийн гадна ирээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад тамга даруулж аваад явсан. Тухайн үед Ч.Т манай гэрийн гадна ганцаараа ирж байсан. Би түүний авч ирж гарын үсэг зуруулсан цаасан дээр юу байгаа талаар уншиж үзээгүй. Тэгэхдээ би “миний дүү чи намайг юун дээр гарын үсэг зуруулаад байна” гэж асуухад тэр “танд ямар ч асуудал гарахгүй, нэг компани шаардлагатай болоод байна” гэж хэлж байсан. Ч.Т нь тухайн үед намайг “Хайрхан цагаан шувуут” ХХК-тай талаар хаанаас мэдсэнийг би мэдэхгүй. Би түүнд өөрийгөө ямар нэгэн байдлаар компанитай гэж хэлж байгаагүй.

 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ч.Т-ын ярьснаар манай компанийн дансанд 6.5 сая төгрөг шилжиж орж ирсэн. Түүний дараа дэлгүүрийн орлого гэж 210.000 төгрөг шилжиж орж ирж байсан. Тэр өдөр манай дэлгүүрт бараа нийлүүлдэг харилцагч нийлүүлсэн барааны үнэ авна гэхээр нь би 600.000 төгрөгийг өгч байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр банк хаасан байхад Ч.Т над руу яриад “би аймагт ирсэн байна, танай компанийн дансанд орсон 6.5 сая төгрөгийг гаргуулж авмаар байна” гэхээр нь би өөрийг нь дагуулж яваад Хаан банкны төв АТМ-ээс түүнд 3.3 сая төгрөг, 3.0 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр  дансанд орсон бүх мөнгийг гаргаж өгсөн. Үлдсэн 200.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос бэлнээр өгөөд явуулсан. Би уг 6.5 сая төгрөгнөөс ямар нэгэн байдлаар татвар, шимтгэл авахгүйгээр өгч явуулж байсан.

Би байгуулагдсан гэрээг харлаа. Гэрээн дээрх гарын үсэг минийх мөн байна. Миний дээр ярьснаар Ч.Т энэ гэрээг авч ирж надаар гарын үсэг зуруулаад явж байсан. Тухайн гэрээг би ямар нэгэн байдлаар боловсруулан бэлдсэн удаа байхгүй. Уг гэрээг Ч.Т боловсруулсан байх. Тэр над дээр цаасан хэлбэрээр авч ирж гарын үсэг зуруулж байсан. Би 2-3 зүйл дээр, түүний заасан газарт нь гарын үсэг зураад, компанийн тамга дараад явуулж байсан. Сая үзсэн гэрээ, техникийн тодорхойлолт, гэрээний тусгай нөхцөл гэдэг зүйлүүд дээр би гарын үсэг зурсан юм байна. Тухайн үед Ч.Т-аас чи юун дээр гарын үсэг зуруулаад байна гэхэд энэ ямар ч асуудалгүй, зүгээр компанийн данс л ашиглаж мөнгө оруулаад гаргаж авна” гэж хэлж байсан. “Хайрхан цагаан шувуут” ХХК нь хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш татан буугдах хүртлээ ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт болон ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил хийж байсан удаа байхгүй.

 Ч.Т нэг л удаа нэг цаас авч ирж гарын үсэг зуруулж, компанийн тамга даруулан авч, компанийн данс ашиглан оруулсан 6.5 сая төгрөгийг авч байсан. Би энэ гэрээний талаар танай байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө мэдэж байна.  Би уг гэрээний дагуу Давст суманд очиж “Хогийн цэгийг дарж булах” ажлыг хийсэн, дутуу хийсэн, эсхүл хэн нэгэн хүн, компаниар ажлыг хийлгэхээр туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан хийлгэсэн удаа байхгүй.

...2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд миний 99458246 дугаарт нэг танихгүй дугаар залгаад өөрийгөө Давст сумын Засаг дарга Ч.Т байна. Тантай уулзмаар байна гэж нэг удаа ярьсан, тэгэхээр нь би түүнд чи надад уршиг болж байна. Би компанитай хүн болж чамд мөнгө гаргаж өгсөн биш цагдаа дээр дуудагдаж, очиж байна гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Түүнээс хойш надтай дахиж утсаар ярьсан, ирж уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 113-118 дахь тал),

- гэрч С.А-ийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ч.Т-ыг би 2018 оны 08 дугаар сард таньдаг болсон. Учир нь Давст сумын Торхилог гүүр үерийн улмаас нурсан тул манай газрын дарга Б.Б надад “ гүүр нурсан хэсгийн ойролцоо усны урсгалын чиглэлийг өөрчилж, далан босгож өг” гэж үүрэг өгсний дагуу уг ажлыг хийхээр Давст суманд очиход сумын Засаг дарга Ч.Т ирж уулзаж, танилцаж байсан.

Би Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн талаар мэдэхгүй. Тухайн компани хаана, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй. Мөн уг компанийн захирал Пунцагийн Э гэх хүнийг танихгүй. Тэр хүний талаар анх удаа сонсож байна...Тухайн үед миний ажилладаг Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Б.Б-ын өгсөн  шийдвэрийн дагуу би тухайн хогийн цэгийг дарж булах ажлыг ковш трактороор хийж байсан. Хогийн цэгийг дарж булах ажлыг хийж байхад тус сумын Байгаль орчны байцаагч Б.Ганболд болон багийн дарга Ч.Туваан гэх хүмүүс ирж хараад тэр хэсгийн хогийн тэгж, ингэж янзлах талаар хэлж зааж  байсан.

 Гүүрний засварын ажил дээр усны чиглэлийг өөрчилж байхад Ч.Т ирж байсан. Би тус сумын хогийн цэгийн хогийг дарж булах талаар сумын Засаг дарга Ч.Т-тай ямар нэгэн гэрээ байгуулсан, тус сумаас ажлын хөлс, урамшуулал, цалин авсан зүйл байхгүй. Мөн “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн ямар нэгэн албан тушаалтантай уг ажлыг хийхээр хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулсан удаа байхгүй. Намайг Давст сумын хогийн цэгийн хогийг  дарж булах ажлыг хийхээр очих үед уг хогийн цэгийг урьд нь дарж булсан эсхүл дарж булсан ажил нь дутуу хийгдсэн байдалтай газар байгаагүй. Тухайн хогийн цэгт ямар нэгэн ажил хийгдээгүй бохир газар байсан. Энд тэнд хог асгасан газар байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 119-124 дэх тал),

- гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн талаар мэдэхгүй. Урьд нь энэ компанийн нэрийг сонсож байгаагүй юм байна.

 Мөн уг компанийн захирал П-ийн Э гэх хүнийг танихгүй. Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Н гэх хүн 2018 оны зун /сар, өдрийг санахгүй байна/ надтай уулзаад манай аймгийн Давст сумын Торхилог багт байх Торхилогийн гүүр үерт автаж, нурсан байна. Танай байгууллагын зүгээс уг гүүрийг засварлуулах ажилд албаны ковш машин болон уг трактор /ковш/-ыг барих жолоочийг нь өгч ажиллуулаач гэж хэлсэн. Тухайн үед байгууллагын ковш тракторыг, жолоочоор нь ажилладаг С.А-ийн хамтаар Давст сум руу явуулсан. Манай ажилтан С.А тухайн үед Давст суманд ойролцоогоор 10 гаруй хоногийн хугацаанд ажиллаж байгаад ирсэн.

Торхилогийн голын нурсан гүүрийг засварлах ажилд манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар бензин тос, бусад зардал гарсан зүйл байхгүй. Тухайн гүүрний засварт манай байгууллагын ковш тракторыг ажиллуулахдаа хаанаас бензин тос хийж байсныг мэдэхгүй.

Давст сумын Засаг дарга Ч.Т нь тус сумын хогийн цэгийг дарж, булах ажлыг манай байгууллагаар хийлгэх талаар албан бичиг ирүүлж байгаагүй байх. Миний санаж байгаагаар Торхилог голын гүүрийн ажлыг хийж дуусах үед Давст сумын Засаг дарга Ч.Т сумын хогийн цэгийг дарж булах ажлыг хийлгэмээр байна гэж хэлээд гуйхаар нь жолооч С.А-д хэлээд хийлгэж байсан. Тухайн үед ганц өдрийн ажил байна гэж хэлээд гуйж байсан ба өөрсдөө бензин, тосыг хийгээд хийлгээд авмаар байна гэж хэлж байсан.

Ч.Т надаас уг хогийн цэгийг дарж, булах ажлыг хийлгэх талаар амаар буюу утсаар ярьж байсан ба албан бичгээр хандаж байгаагүй.

 Би Ч.Т болон “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Э нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хогийн цэгийн хог дарж булах" 6.5 сая төгрөгийн төсөвтэй ажлын гэрээ байгуулагдсан байсныг мэдэхгүй. Тэр гэрээг байгуулсан гэж Ч.Т надад хэлж байгаагүй. Мөн тэр компанийн захирал надад энэ ажлыг би хийхээр гэрээ байгуулсан гэж хэлсэн, уулзсан удаа байхгуй. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар гэрээгээр ажил хийх, гэрээнд нь туслан гүйцэтгэгчээр орж ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн “Хайрхан цагаан шувуут” ХХК-тай дээрх ажлыг туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан эсхүл амаар тохирч уг ажлыг хийсэн удаа байхгүй. Торхилог голын гүүрийн засварын ажил болон хогийн цэгийг дарж булах ажилд ковш тракторыг ашиглуулсан гэж Давст сумын Засаг дарга Ч.Т-аас надад мөнгө, эд зүйл өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Би ямар нэгэн байдлаар дээрх саналыг хүлээн авах, эд зүйл авч болохгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 125-127 дахь тал),

 -  гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан...Намайг Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх үед буюу 2018 оны 08 дугаар сард байх /өдрийг санахгүй байна/ Давст сумын Засаг дарга Ч.Т-аас аймгийн Засаг даргад хандаж албан бичгийг ирүүлж байсан. Мөн сумын Засаг дарга Ч.Т надтай ирж уулзаж байсан. Давст сумын Торхилог багт байх модон гүүр нь тухайн оны 07-08 дугаар сард үерийн усанд нурсан байсан. Тухайн гүүрний цаад талд Хилийн 0245 дугаар ангийн 2 застав, нутгийн иргэд малчид гол усанд боогдож сумын төв рүү нэвтэрч чадахгүй нөхцөл байдалтай байсан. Мөн тус сумын малчид, иргэдээс Торхилог гүүрийг яаралтай засварлаж өгөх талаар олон удаа амаар надад хүсэлт гаргаж, аймагт ирж уулзаж байсан удаатай.  Дээрх нөхцөл байдлаас Торхилог гүүрний засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага үүссэн. Миний бие аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Б-тай уулзаж амаар хүсэлт тавьж тус суманд үүссэн гамшгийн байж болохуйц нөхцөл байдлыг танилцуулсан. Тэгээд тус байгууллагын ковш тракторыг уг гүүрний засварын ажилд ажиллуулахаар болсон. Уг тракторыг тус байгууллагын нэг ажилтан жолоодож, Увс аймгийн Давст суманд ажилласан. Аймгийн Онцгой байдлын газраас гүүрний нөхөн сэргээлтийн /үерийн далан сэтэрсэн, гүүрний далан, зам урссан, гүүрний цаад талын нэг хэсэг бүхэлдээ нурсан зэрэг /засварын ажилд хүчин чадал сайтай тракторыг ажиллуулсан. Уг трактор Улаангом сумаас Давст сум явах, Давст сумаас Улаангом суманд ирэх хугацааны бүх шатахуун, тосны зардлыг Давст сумын Засаг даргын тамгын газраас гаргаж байсан. Онцгой байдлын газрын трактор тус сумын гүүрний ажилд 10 орчим хоног ажилласан байх гэж бодож байна.

Харин миний зүгээс тус сумын хогийн цэгийг дарж булах ажлыг хийж өгөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Тэр талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй..Хамгийн гол нь гүүрний засварыг яаралтай хийлгэж гамшигт үзэгдлийг арилгах нь чухал байсан. Давст сумын Засаг дарга Ч.Т-аас надад хандаж, ямар нэгэн байдлаар тус сумын хогийн цэгийг дарж булах ажилд Онцгой байдлын тракторыг ажиллуулаад өг гэж хэлсэн, гуйсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал),

- Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2018-10-01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамж / Хогийн цэгийн хогийг дарж булах ажилд 6.500.000 төгрөг зарцуулах тухай агуулгатай /,

- Увс аймгийн Давст сумын Орон нутгийн хөгжлийн сан / 100150352400/-аас “Хайрхан цагаан шувуут” ХХК/ РД: 4007115/-ийн 5800963238 тоот данснаас Хогийн цэгийн хог дарж булах ажлын хөлс нэрээр 6.500.000 төгрөгийг сумын Засаг даргын  2018-10-01-ний өдрийн А/112 дугаар захирамжийг үндэслэн шилжүүлсэн тухай төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх / 2-р хх-ийн 145, 146-р тал/,

- Давст сумын ЗДТГ, Хайрхан цагаан шувуут ХХК-ийн хооронд 2018-08-13-нд хийгдсэн гэх, Хогийн цэгийн хог дарж булах ажлын гэрээ УВДА -2018/00012 / 2-р хх-ийн 147-153-р тал/,

-  Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2018-12-06-ны өдрийн А/150 дугаар,  Ажлын хэсэг байгуулах тухай /Хогийн цэгийн хог дарж булах ажлын гүйцэтгэлийг хүлээн авах / захирамж, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил хүлээн авсан акт / 2-р хх-ийн 154, 155/, 

- Давст сумын Орон нутгийн хөгжлийн сангаас  “Хайрхан цагаан шувуут” ХХК / РД: 4007115/-ийн 5800963238 тоот данс уруу хогийн цэгийн хог дарж булах ажлын хөлс нэрээр 6.500.000 төгрөгийг 2018-10-01-ний өдөр шилжүүлсэн тухай ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-ийн 167-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 3.2. Шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Увс аймгийн Давст сумын Засаг даргад эрх шилжүүлж ирүүлсэн, орон нутгийн хөрөнгөөр хийгдэх Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Д.С-д гэгчтэй амаар ярьж, тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2019 оны 09, 10 дугаар сарын үед “Оточ-Эрчим” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн, улмаар 2019 оны сүүлчээр ажлын хөлс болох 71.5 сая төгрөгийг Сангийн яам татаж авахаас өмнө төсвөөс гаргуулан “Оточ-Эрчим” ХХК-д шилжүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамж гаргаж, тухайн ажилд “Оточ-Эрчим” ХХК шалгарч, гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн мэтээр үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар нөхөн бүрдүүлэх үүргийг тухайн үнэлгээний хорооны даргаар томилогдсон гэх тус сумын Засаг даргын орлогч Д.А, нарийн бичгийн даргаар томилогдсон гэх Давст сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга С.Н нарт өгч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.5 сая төгрөгийг Оточ-Эрчим ХХК-ийн Хаан банк дахь 5830171827 тоот данс руу шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 71.500.000 (далан нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- шүүгдэгч Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын орлогчоор, шүүгдэгч С.Н нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байхдаа тус сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийгдсэн байсан гэдгийг мэдэж байсан атлаа тус сумын засаг дарга Ч.Т-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамжаар “Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны дарга, нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажилласан мэтээр баримт бүрдүүлж,  тус үнэлгээний хороо нь Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу шалгаруулж, уг ажлын гүйцэтгэгчээр “Оточ-Эрчим” ХХК шалгарч, 2019 оны 12 дугаар сард уг ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн мэтээр холбогдох баримт бичгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн бүрдүүлэн өгч, урьдчилан амалж, Ч.Т-ыг  дээрх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь : хохирогч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлыг эрх шилжүүлэн аливаа нэг сум, байгууллагаар хийлгэх болсон тохиолдолд тухайн ажил шилжиж очсон сум, байгууллага нь худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулдаг. Энэ талаар эрх шилжүүлсэн захирамж дээр бас тусгасан байдаг. Эрх шилжсэнээр тухайн сум нь худалдан авах ажиллагааг зохион явуулсан тохиолдолд сумын Засаг даргын албан бичгийг үндэслэн эрх шилжүүлсэн ажлын шаардагдах төсвийг аймгаас шилжүүлэн өгдөг.

Эрх шилжин очсон ажлыг тухайн ондоо уг эрх шилжиж очсон байгууллага, сум зохион байгуулна. Тухайн ажлыг хойшлуулах нарийн зохицуулалт, журам байхгүй. Тэгэхдээ суманд эрх шилжиж очсны дараа эрх шилжиж очсон ажлыг явуулах эрх нь үүсэж байгаа юм. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын санхүүжилтийг тухайн жилийн 1-12 сард олгохоор Сангийн яамнаас хуваарь батлагдаж ирдэг. Уг хуваарийн дагуу аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тухайн сарын санхүүжилт ирдэг. Уг санхүүжилт сардаа хүрэлцэхгүй бол дараа сард нь өгөхөөр хойшлогдоод явдаг. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 10.000.001 төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй ажилд үнэлгээний хороо байгуулан,  хийгдэх гэж буй ажлын талаар Худалдан авах газрын цахим санд зарлан, тендерийг зохих журмын дагуу явуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж,  захиалагч тал гэрээ байгуулан ажлыг хийх ёстой байдаг.

Гэрээ байгуулсны үндсэн дээр ажил хийгдэх ёстой байдаг. Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажил нь тухайн үед хийгдсэн бол нэхэмжлээд байх хохирол байхгүй гэж үзэж байна. Тэгэхдээ тус сумын Засаг даргын хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр шийдвэрлэгдсэн үед шүүхийн шийдвэрийг харж байгаад хохирол нэхэмжлэх эсэх талаар шийдвэр гарах болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 - гэрч С.Б / Давст сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сард /өдрийг санахгүй байна/ сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.А намайг өрөөндөө дуудаад, намайг Засаг дарга Ч.Т-ын захирамжаар үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон  байгаа гэж хэлээд гарын үсэг зуруулж авч байсан. Тухайн үед Д.А-гийн өрөөнд санхүү албаны дарга С.Н, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Э нар байсан. Миний чих хатуу, сонсгол муутай юм. Тухайн үед Д.А-гийн өрөөнд бид нар ороод их удалгүй гарсан ба Ж.Эгийн бичсэн тэмдэглэлд гарын үсэг зураад гарч байсан. Тухайн үед ямар нэгэн ойлголтгүйгээр гарын үсэг зурж байсан. Би урьд нь үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байсан. Үнэлгээний хороо байгуулагдсаны дараа техникийн тодорхойлолт боловсруулаад, зар тавиад, бичиг баримт бүрдүүлээд байдаг. Гэтэл тэр үнэлгээний хорооны ажил хийгдсэн гэж Д.А дарга хэлж байсан. Тухайн үед би юу болоод байгаа талаар учрыг нь олоогүй. Мөн ямар тендерийн материал байгааг ч мэдээгүй, Д.А, С.Н нараас тэр талаар тодруулж асуусан зүйл байхгүй. Би хурлын тэмдэглэлийг уншихгүйгээр гарын үсэг зурж байсан. Тэр үед ямар учиртай тэмдэглэл дээр гарын үсэг зурсан талаараа мэдэхгүй байна.

Д.А-гийн өрөөнд 10-20 орчим минут суугаад гарсан байх. Уг ажил нь хэзээ, хаана, ямар байдалтай хийгдсэнийг би мэдэхгүй. Би бодохдоо тэр ажлыг хүлээж авах ажлын хэсэгт байгаа юм байна гэж бодсон. Мөн Засаг даргын захирамжаар үнэлгээний хороонд орсон байгаа гэж юуг хэлээд байгаа юм бол гэж бодсон. Уг ажлыг Ч.Т дарга хэзээ хийлгэхээр гэрээ байгуулсныг мэдээгүй. Д.А, С.Н хоёр хэлэхдээ энэ ажил хийгдсэн байгаа гэсэн утгатай зүйл хэлж байсан. Би “Оточ-Эрчим“ ХХК-ийн хийсэн гэх Хандгайт багийн Боршоо боомтыг цахилгаанд холбох ажлыг нүдээр үзсэн зүйл байхгүй. Давст сумын Засаг дарга Ч.Т-аас уг хурал болохын өмнө надад ямар нэгэн байдлаар нөлөөлж, уг тендер сонгон шалгаруулалтад “Оточ-Эрчим” ХХК-ийг сонгон шалгаруул гэж хэлсэн, шаардсан удаа байхгүй. Тэр талаар Ч.Т надтай уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- гэрч Ж.Э /Давст сумын ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 онд Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийгдсэн байсан. 2019 оны 12 дугаар сард тухайн сумын ЗД-ын орлогчоор ажиллаж байсан Д.А, санхүүгийн албаны дарга Н 2 надтай уулзаад “Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын тендерийг аймгаас зарлаад, сонгон шалгаруулалтыг явуулаад шалгарсан компани нь ажлаа хийчихсэн юм байна. Бид нар одоо тэр тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх ёстой юм байна гэж хэлээд надаар нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан.

Би тухайн үнэлгээний хорооны ажлын хэсэгт орж ажилласан зүйл байхгүй. Гэхдээ Засаг дарга захирамж гаргаад миний нэрийг үнэлгээний хорооны гишүүнээр томилсон юм байна лээ.

.....Уг хурлын тэмдэглэлийг миний бие бичиж байсан. Тухайн үед Д.А, С.Н, С.Б бид дөрөв Д.А орлогч даргын өрөөнд хурал хийж байсан. Уг хурал болох гэж байгаа талаар С.Н надад хэлсэн тул хуралд ороход тэр хүмүүс ирсэн. Хурлыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байх. Би хуралд ороод суусан чинь С.Н ах надад би үнэлгээний хороонд ирсэн материалыг танилцуулна, чи хурлын тэмдэглэл хөтөл гэж хэлсэн тул би хурлын тэмдэглэлийг гараар 2 хуудас зүйл бичиж байсан. Тухайн үед хурал болсон газрыг бичиж байсан чинь С.Н ах надад “Оточ-Эрчим” ХХК, “Пи Эс Пи” ХХК-иудаас материал ирүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед миний бие уг хоёр компаниас ирүүлсэн материалыг хараагүй, зүгээр л тэмдэглэл хөтөлсөн. Тэгэхдээ 2 зузаан хавтастай материал ширээн дээр тавьсан байсан. С.Н ах болон Д.А орлогч дарга нар хуралд оролцсон С.Б бид хоёрт Хандгайт багийн Боршоо боомтыг цахилгаанд холбох ажлын тендерийг аймгаас шалгаруулсан байсан юм. Тэгсэн уг ажлыг аймаг биш сум шалгаруулах ёстой байсан юм байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар сумаас тендерийг нь шалгаруулаад аймаг руу явуулах юм байна гэж ойлгосон. С.Н ах “Оточ-Эрчим” ХХК-аас 71.500.000 төгрөг, “Пи Эс Пи” ХХК-иас 73.100.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Энэ ажилд бага үнийн санал ирүүлсэн “Оточ-Эрчим” ХХК-ийг сонгон шалгаруулна гэж хэлсэн. Мөн Д.А орлогч дарга “Оточ-Эрчим” ХХК-ийн баримт бичиг бүрэн, туршлагатай юм байна, дэмжиж байна гэж хэлсэн. С.Б байгаль хамгаалагч үнийн саналаар “Оточ-Эрчим” ХХК-ийг дэмжиж байна гэж хэлж байсан. Би бас тэднийг дагаад Оточ-Эрчим ХХК-ийг дэмжсэн. Мөн ингэж, тэгж хэлсэн хүний үг бүрийг бичиж байгаарай гэж С.Н ах надад хэлж байсан. Би хурлын тэмдэглэлийг бичиж дуусгаад хуралд оролцсон 4 хүний гарын үсэг зуруулсан. С.Ц ах тухайн хуралд байх ёстой боловч мал тооллого гээд явсан байсан. Тухайн өдрийн хурал ойролцоогоор 20-30 минут болоод тарж байсан.. Би худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй тул Давст сумаас байгуулагдсан үнэлгээний хороонд гишүүнээр ороод байдаг юм. Тэгэхдээ анх удаа урьд нь хийгдсэн ажилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралд орж үзсэн. Тухайн үед аймгаас урьд нь шалгаруулсан гэж хэлж байсан тул болдог юм байна гэж бодсон. Би үнэлгээний хороонд гишүүнээр орсон талаараа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн. Түүнээс өмнө уг үнэлгээний хороонд намайг орсон байна гэж хэн нэгэн хүн танилцуулж байгаагүй. Уг ажлыг аймгаас шалгаруулаад хийсэн байгаа. Тендерийг нь сумаас зарлаж хийх ёстой байсан учраас нөхөж бичиг баримт бүрдүүлж байгаа гэж Д.А, С.Н хоёр С.Б бид хоёрт хэлж байсан. Би тухайн үед “Оточ-Эрчим” ХХК-ийн талаар анх удаа сонссон. Урьд нь Давст сумын Засаг дарга Ч.Т-аас уг хурал болохын өмнө надад энэ компанийн талаар ямар нэгэн байдлаар нөлөөлж уг тендер сонгон шалгаруулалтад “Оточ-Эрчим” ХХК-ийг сонгон шалгаруул гэж хэлсэн, шаардсан удаа байхгүй. Тэр талаар Ч.Т надтай уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-46 дахь тал),

- гэрч П.Т /Давст сумын ЗДТГ-ын нягтлан бодогч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд Увс аймгийн Орон нутгийн өмчийн хөрөнгөнөөс Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд “Хандгайт боомтыг цахилгаанд холбох” нэртэй ажлын мөнгө болох 71.5 сая төгрөг шилжиж ирсэн. Уг мөнгө орж ирсний дараа Увс аймгийн Давст сумын Засаг дарга нь захирамж гаргасан бөгөөд би захирамжийн дагуу гүйлгээг хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал),

 - гэрч С.Ц-ийн өгсөн: “...Би ямар нэгэн үнэлгээний хороонд орж ажиллаагүй. Манай Хандгайт багт байх Боршоо боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан удаа байхгүй...Тухайн үед сумын Засаг дарга надад та нэг үнэлгээний хороонд байгаа, ийм утгатай хүсэлт бичээд аваад ир гэж хэлээд бичих үгийг нь надад зааж өгөөд гаргаж байсан. Тэр хэлэхдээ хурал маргааш болж магадгүй, та одоо хөдөө явж байгаа юм байна, маргааш сумын төвд байхгүй тул энэ бичгийг бичүүлж авч байна гэж хэлж байсан. Би тухайн үед Хандгайт багийн нохой устгалын ажилд баг руугаа явж байсан юм. Уг бичгийг бичүүлж авч байхад Засаг дарга Ч.Т өрөөндөө ганцаараа байсан. Би Хандгайт багийн Засаг дарга ажилтай хүн. Боршоо боомт дээр ажил хэргийн шугамаар багийн иргэдийн нөхцөл байдлыг судлаж хааяа нэг очдог юм. Миний мэдэхээр 2019 оны намар одоо сар, өдрийг нь санахгүй байна, тэгэхдээ цас ороогүй, дулаахан байх үед Боршоо боомтыг цахилгаанд холбох ажил хийгдэж байсан. Тухайн үед би очсон боловч ямар компани, хэн гэж хүн хийж байгаа талаар асууж сураглаагүй. Тэр үед 4-5 хүн уг ажлыг хийж байсан. Манай багийн Боршоо боомтод байдаг хүмүүс удахгүй байнгын цахилгаантай болох юм байна гэж хэлж байсан. Тэр ажил 2019 оны 12 дугаар сарын 16-аас 23-ны өдрийн дотор хийгдээгүй, түүнээс өмнө буюу намар хийгдсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал),

- гэрч Э.Б /сумын ЗДТГ-ын дарга ажилтай/-ын өгсөн: “...Би “Хандгайт боомтыг цахилгаанд холбох” нэртэй 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, ажлын хэсэгт ажиллаагүй. Гэхдээ тухайн ажлыг хийлгэсэн талаар баримт бүрдсэн байсан тул төлбөрийн хүсэлт дээр гарын үсэг зурж,  71.5 сая төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан. “Хандгайт боомтыг цахилгаанд холбох” нэртэй ажил нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд хийгдээгүй. Уг ажил  2019 оны намар 10 дугаар сард /өдрийг санахгүй байна/ хийгдэж, 2019 оны 11 дүгээр сард айл өрхүүд цахилгаанд холбогдсон байх. Намайг Хандгайт багт ажлаар явж байхад уг боомтод байх айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаанд холбогдсон байсан. Уг ажлын санхүүжилтийг аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад эрх шилжүүлэн ирүүлсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-72 дахь тал),

- гэрч Д.С-дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Материал дээрх болон тус сумын Засаг даргатай байгуулсан гэрээн дээрх гарын үсэг нь минийх, мөн дарагдсан тамга, тэмдэг нь манай компанийнх мөн. Миний бие Увс аймгийн Давст суманд очиж дээрх гэрээг тус сумын Засаг дарга Ч.Т-тай байгуулсан байдаг.

 Үнэнийг хэлэхэд дээрх ажил 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 7 хоногт хийгдээгүй. Уг ажил нь 2019 оны 09 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр хийгдсэн ажил юм. Манай Увс аймагт цахилгааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж цөөхөн байдаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, Давст сумын Засаг дарга Ч.Т надтай утсаар яриад манай сумын Хандгайт баг Боршоо боомтын цахилгааны хүчдэл уналттай юм. Уг Боршоо боомт Оросын холбооны улсын Хандгайт ройноос цахилгаан авдаг ба тэр цахилгаан нь айл өрхийн хэрэглээний цахилгааныг муу хангадаг юм. Манай сум руу ирдэг цахилгаан холболтоос дундаас нь салгалт авч уг боомт, багийн цахилгааныг сайжруулан дэд станц барих ажил байна. Энэ ажлын төсөв 71.5 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа, танай компани хийх юм уу гэсэн саналыг утсаар ярихдаа амаар тавьсан. Би тэр үед уг ажлыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхийг газар дээр нь очиж үзнэ гэж хэлээд Давст сумын Хандгайт боомт дээр очиж үзсэн. Газар дээр нь очиж үзэхэд тухайн ажлыг хийх боломжтой байсан. Тэгэхээр нь тус сумын Засаг дарга Ч.Т-тай утсаар яриад “Би ажлыг үзлээ, хийх боломжтой юм байна, энэ ажлын тендер зарлагдсан уу, манайх материал бүрдүүлээд оръё” гэж хэлэхэд тэр хуулийн дагуу тендерийг зарлана гэж хэлсэн. Түүний дараа Ч.Т даргатай утсаар яриад тендер зарлагдах юм уу гэж асуухад санхүүжилт аймгаас шийдэгдээгүй байна. Тийм учраас зарлагдах боломжгүй байна. Танай компани дулааны улиралд ажлаа эхлүүлээд хийж байвал хийгээрэй, өөрсдөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт тус сумын Засаг дарга Ч.Т зөвшөөрч байгаа юм чинь энэ ажлыг хийж гүйцэтгэе гэж бодоод уг ажлыг 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ хийж эхэлсэн. Тухайн жил манай компани Эрчим хүчний яамнаас зарласан Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сумдын 0.4 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл нэртэй 390.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан ба тэр ажлаас үлдсэн материал болон бусад материалыг нөхөж татаад Давст сумын Боршоо багийг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээс 10 дугаар сарын 08-ны хооронд 10 гаруй хоногт бүрэн хийж дуусгасан. Тухайн үед сумаас ямар нэгэн байдлаар ажил хийхэд хөрөнгө санхүү, материал гаргаж өгсөн удаа байхгүй. Уг ажлыг хийхдээ манай компани 100 хувь өөрийн санхүүжилтээр хийсэн. Ажил хийж дууссаны дараа дээрх ажлын санхүүжилт болох 71.5 сая төгрөгийг аймгаас шийдэж өгөхгүй байна гэж хэлээд тэр оны 12 дугаар сар хүрсэн. Түүний дараа манай компанийн Хаан банкны 5830171827 тоот дансанд 71.5 сая төгрөг нэг удаагийн шилжүүлгээр 2019 оны 12 дугаар сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ орж ирж байсан. Би Хандгайт /Боршоо/ боомтыг цахилгаанд холбох ажлыг хийхдээ Давст сумын төв рүү явж байгаа агаарын шугамнаас салгац авч, салгацаар 400 орчим метр 10 кв-ын төмөр /цемент/ бетон шугамаар татаж, 250 кв-ын дэд станц барьсан. Мөн хүчдэлийн уналттай Боршоо боомтын зарим айл өрх, аж ахуйн нэгж рүү 380 кв-ын бетонон хөлтэй модон шонгоор 3-4 тал руу 900 орчим метр шугам татагдсан зэрэг ажлыг хийсэн. Би хуурамч материал бүрдүүлсэн гэж бодохгүй байна. Уг ажлыг хийх талаар надад Ч.Т дарга санал тавьсан, мөн ажлыг хийж байж болно, санхүүжилт орохоор мөнгийг нь шийдэж өгнө гэж амаар зөвшөөрсөн тул ажлыг хийж, хүлээлгэж өгсөн. Сүүлд тендерийн материалыг санхүүжилт олгох шаардлагатай гэж хэлсэн тул нөхөж гаргаж өгсөн. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар хуурамч материал бүрдүүлэн, хэн нэгэнтэй үгсэн хуйвалдсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-85 дахь тал),

- гэрч Б.А / Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Хуульд зааснаар бол 71.5 сая төгрөгийн төсөвтэй ажилд харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалтыг ажлын 5 хоногт тендер сонгон шалгаруулалтын цахим хаягт зарлах ёстой. Харьцуулалтын аргаар 80.0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажлыг ажлын 5 хоногоос дээш зарлах ёстой байдаг. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалт явуулан гүйцэтгэгчийг шалгаруулсны дараа захиалагч тал гэрээ байгуулан ажлыг хийлгэх ёстой байдаг.

...Би сая Төрийн худалдан авах ажиллагааны tender.gоv.mn хаягт хандаж, Увс аймгийн Давст сумын “Хандгайт боомтын цахилгаанд холбох” нэртэй 71.5 сая төгрөгийн ажил цахимаар зарлагдсан эсэхийг шалгахад байхгүй байна. Харин 2019 онд тус сумаас Сумын төвийн гэр хорооллын гудамж талбайн лед гэрэлтүүлэг, Ёслол хүндэтгэлийн өргөө, Боршоо боомтоос сүлжээний дахин дамжуулах станц руу эрчим хүч татах нэртэй 06 дугаар сард зарлагдсан 35.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг цахим хаягаар нийтэд зарласан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал),

- Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2019-12-02-ны өдрийн А/170 дугаар “  Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж /Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах / 1-р хх-ийн 109/, хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 125-127/,

- Үнэлгээний хорооны 2019-12-13-ны өдрийн хурлаар Оточ эрчим ХХК-ийг шалгаруулсан тухай Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ч.Т-т хүргүүлсэн албан бичиг буюу зөвлөмж / 1-р хх-ийн 162-р тал/,

- Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газар /100150355408/-аас “Оточ эрчим” ХХК / РД: 4015045/-ийн 5830171827 тоот данс руу Боршоо боомт цахилгаан татах ажлын санхүүжилт нэрээр 71.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 163-р тал/,

- Давст сумын Засаг дарга, Оточ Эрчим ХХК-ийн хооронд 2019-12-16-нд хийгдсэн гэх,  Боршоо боомтыг цахилгаанд холбох ажлын гэрээ УВДС-2019/00013 / 1-р хх-ийн 177-184-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

           4.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллахдаа 2018 оны 08 дугаар сард Давст сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах, 6.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Увс аймгийн Онцгой байдлын газрын эзэмшлийн ковш трактор / жолооч А/-оор  ямар нэгэн үнэ хөлсгүй хийлгэсэн атлаа уг ажлыг “Хайрхан цагаан шувуут” ХХК-аар гэрээний дагуу гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримтыг нөхөн бүрдүүлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамж гаргаж,  Давст сумын орон нутгийн хөгжлийн сангийн данснаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн ХААН банк дахь 5800963238 тоот данс уруу 6.500.000 төгрөг  шилжүүлсэн,

- улмаар Улаангом суманд ирж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Э-тай биечлэн уулзаж, 6.5 сая төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудад гарын үсэг зуруулан авч, Давст сумын орон нутгийн хөгжлийн сангаас “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн ХААН банк дахь 5800963238 дугаарын данс руу Хогийн цэгийн хог дарж булах ажлын хөлс нэрээр шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг өөртөө гаргуулж авахыг хүсэж, бэлнээр гаргуулан авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

4.2. Мөн шүүгдэгч Ч.Т нь Давст сумын Засаг даргаар ажиллахдаа 2019 онд дээд шатны засаг дарга буюу Увс аймгийн Засаг даргаас эрх шилжүүлж ирүүлсэн ажил болох Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр уг ажлыг “Оточ-Эрчим” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тус компанийн  захирал Д.С-тэй амаар ярилцан тохиролцож,  2019 оны 9-10 дугаар сард хийж гүйцэтгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Ч.Т нь хууль бусаар “Оточ Эрчим” ХХК-аар Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлыг 2019 оны 9-10 дугаар сард хийж гүйцэтгүүлсний дараа уг хууль бус ажиллагаагаа холбогдох хууль буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журамд нийцүүлэхийн тулд, мөн уг ажлын өртөг болох 71.500.000 төгрөгийг төсвөөс гаргуулж, “Оточ Эрчим” ХХК-д олгуулахын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж,

тус үнэлгээний хорооны даргаар сумын Засаг даргын орлогч дарга Д.А, нарийн бичгийн даргаар тус тамгын газрын санхүүгийн албаны дарга С.Н, гишүүдээр нь Давст сумын 3 дугаар багийн засаг дарга С.Цэдэндорж, байгаль хамгаалагч С.Б, халамжийн мэргэжилтэн Ж.Э нарыг тус тус томилсон, улмаар Д.А, С.Н нарт Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан мэтээр тендерийн материалыг нөхөн бүрдүүлж, “Оточ Эрчим” ХХК-ийг шалгарсан мэтээр баримт материал нөхөн бүрдүүлэх тухай хууль бус үүргийг өгсөн нь Д.А, С.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Б, Ж.Э нарын мэдүүлэг, нөхөн бүрдүүлсэн гэх тендерийн бичиг баримтууд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

4.3. Шүүгдэгч Д.А нь Давст сумын Засаг даргын орлогч, шүүгдэгч С.Н сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байхдаа сумын засаг дарга Ч.Т-ын өгсөн хууль бус үүргийн дагуу Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг хуульд заасан журмын дагуу тендер зарлаж, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч Оточ эрчим ХХК-ийг сонгож, гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн мэтээр харагдуулахын тулд 2019 оны 12 дугаар сарын 02 гэсэн огноо бүхий тендерийн урилга, үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний хороонд ажиллахыг зөвшөөрсөн болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдүүлсэн мэдүүлгийн баримтууд, тендерт оролцогчдын бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг, тендерийн бүртгэл, “Оточ Эрчим” ХХК болон “Пи эс пи” ХХК-аас ирүүлсэн гэх тендерийн бичиг баримтууд, үнийн санал, танилцуулга, “Оточ Эрчим” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил хүлээн авсан акт” болон бусад холбогдох бичиг баримтуудыг хуурамчаар  нөхөн бүрдүүлсэн,

- 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон гэх Ж.Э, С.Б нарыг оролцуулан үнэлгээний хороог хуралдуулж, Ж.Эгээр хурлын тэмдэглэл хөтлүүлж, үнэлгээний хорооны гишүүдэд  Хандгайт боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт  “Оточ Эрчим” ХХК болон “Пи эс пи” ХХК-аас  тус бүр  материал ирүүлсэн талаар танилцуулж, уг 2 компаниас  хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Оточ Эрчим” ХХК-ийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тэмдэглэлд тусгуулан, тус тендерт “Оточ Эрчим” ХХК-ийг шалгаруулж, зөвлөмж гэх баримтыг үйлдэж, Давст сумын Засаг дарга Ч.Т-т 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн мэтээр нөхөн бүрдүүлж, тендерийн материалд хавсаргасан зэрэг үйл баримтууд тус тус хэрэгт тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын дээрх хууль бус үйлдлийн улмаас Увс аймгийн орон нутгийн төсөвт 71.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт Авлигын гэмт хэргийг,  22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор, уг гэмт хэргийн улмаас  их хэмжээний хохирол учирсан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тус тус хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байна.

          Сумын засаг дарга болон орлогч даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтанд,

 Сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтанд тус тус хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн Давст сумын засаг даргаар, Д.А нь сумын засаг даргын орлогчоор, С.Н нь Давст сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан” гэх субъектэд тус тус хамаарч байна. 

6. Шүүгдэгч Д.А, С.Н нар  нь шүүгдэгч Ч.Т-ын хууль бус үйлдэл буюу Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхдээ хууль зөрчсөн санаатай үйлдэлд нь хамтран оролцсон буюу урьдчилан амалж, түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд  дэмжлэг үзүүлж оролцсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул тэдгээрийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. 

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т-ын Увс аймгийн Давст сумын засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Давст сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр буюу 6.5 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг Увс аймгийн Онцгой байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш трактороор үнэ хөлсгүйгээр хийлгэсэн атлаа “Хайрхан цагаан шувуут” ХХК-аар гүйцэтгүүлсэн мэтээр хуурамч гэрээг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хайрхан цагаан шувуут” ХХК-ийн захирал П.Э-тай байгуулж, тус компанийн дансанд Давст сумын орон нутгийн хөгжлийн сангаас 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг шилжүүлж, тус компанийн данснаас захирал П.Э-аар бэлнээр нь гаргуулан өөртөө авч, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- мөн шүүгдэгч Ч.Т-ын Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дүгээр “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Увс аймгийн Давст сумын Засаг даргад эрх шилжүүлж ирүүлсэн, орон нутгийн хөрөнгөөр хийгдэх Увс аймгийн Давст сумын Хандгайт боомтыг цахилгаанд холбох, 71.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Д.С-д гэгчтэй амаар ярьж тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2019 оны 09, 10 дугаар сарын үед “Оточ-Эрчим” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн, улмаар уг хууль бус ажиллагаагаа холбогдох хууль буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журамд нийцүүлэхийн тулд, мөн уг ажлын өртөг болох 71.500.000 төгрөгийг төсвөөс гаргуулж, “Оточ Эрчим” ХХК-д олгуулахын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж,  тухайн ажлыг гүйцэтгэх тендерт “Оточ-Эрчим” ХХК шалгарч, гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хандгайт боомтыг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн мэтээр үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар нөхөн бүрдүүлэх үүргийг тухайн үнэлгээний хорооны даргаар томилогдсон гэх тус сумын Засаг даргын орлогч Д.А, нарийн бичгийн даргаар томилогдсон гэх Давст сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга С.Н нарт өгч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.5 сая төгрөгийг Оточ-Эрчим ХХК-ийн Хаан банк дахь 5830171827 тоот данс руу шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 71.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Ч.Т-ын Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж, хамтран оролцсон шүүгдэгч Д.А, шүүгдэгч С.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцохдоо  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Мөн шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь зөв болжээ. 

  8. Шүүгдэгч Ч.Т болон түүний өмгөөлөгч нарын “ Ч.Т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах тухай ” гомдол, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч С.Н нарын ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлуудыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

8.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Ч.Т, С.Н, Д.А нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудын үнэн зөв байдал, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

           Шүүгдэгч Ч.Т нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан байх боловч тэрээр нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн  нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, энэ талаар буюу хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

            Шүүгдэгч Ч.Т нь  хогийн цэгийн хогийг дарж, булах ажлыг Увс аймаг дахь Онцгой байдлын газрын жолооч С.А-ээр хийж гүйцэтгүүлсэн асуудалд миний бие оролцоогүй, тухайн цаг хугацаанд би орон нутагтаа байгаагүй, гэрч П.Э гэх хүнтэй холбогдож, уулзаж байгаагүй, 6.500.000 төгрөг аваагүй, Хандгайт боомтыг цахилгаанд холбох төсөвт ажлыг  сумын  орлогч дарга Д.А  хариуцаж хийлгэсэн, би оролцоогүй гэх мэдүүлгийг гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх боловч шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг нь нотлох баримтаар нотлогдоогүй, харин шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрч П.Э,  С.А, Б.Баттулга нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

           Түүнчлэн шүүгдэгч Ч.Т-ын “гэмт хэрэг гарах үед би ээлжийн амралттай байсан, орон нутагтаа байгаагүй тул надад хамааралгүй” гэх мэдүүлгийг үнэлэн түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь энэ гэмт хэргийн хувьд, тухайн гэм буруутай этгээд гэмт хэрэг гарах цаг хугацаанд өөр орон нутагт байсан нь, мөн ээлжийн амралттай байсан зэрэг нөхцөл байдал нь түүнийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй болно. 

          8.2. Анхан шатны шүүхээс  шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөнгөн ялтай хуулийг хэрэглэж,  гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

          Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

          Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т-т ял шийтгэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг,

          - шүүгдэгч Д.А, С.Н нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хөнгөн ял буюу торгох ялыг сонгон оногдуулсан байх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээ нь тэдгээрийн  гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

          Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайлбал, төрийн албан хаагчийн хувьд төрийн хуулийг чанд сахин биелүүлэх үүргээ зөрчиж, төрийн албаны нэр хүнд, нөлөөг ашиглан, хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж буй ёс зүй, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.А, С.Н,  Ч.Т нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял болон торгох ялын хэмжээг багасгах нь  шударга ёсны зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 9. Шүүгдэгч Ч.Т-т  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг гэм буруугүй гэж үзэх, түүнчлэн шүүгдэгч нарт  оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, шүүгдэгч С.Н, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа  нарын давж заалдсан гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

10. Харин анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Т-ын 2018, 2019 онд үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг тус бүрт нь гэмт буруутайд тооцсон нь үндэслэлтэй боловч ял шийтгэхдээ буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар гэж хамтад нь баримталсан нь Эрүүгийн хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн 2 өөр хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчмыг баримталж,  тухайн зүйлийн аль хүнд ялтай хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.   

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн 2023/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар гэснийг 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч  Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг, шүүгдэгч С.Н, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                Н.МӨНХЖАРГАЛ

                                                   Л.АЛТАН