2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “ХБ” ХК РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт байрлах, “ЮЖДЦ” ХХК /РД:.../,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Э.Д /РД:.../,

Хариуцагч: ... хаягт байрлах, “СМ” ХХК /РД:.../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 432,396,561.65 төгрөг,  нотариатын үйлчилгээний төлбөр 48,000 төгрөг, нийт 432,444,561.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.... нарын өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагч “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр, өмгөөлөгч Д.Энхцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Зээлдэгч ... нар нь ... банкны Баруун хүрээ тооцооны төвтэй 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/202249475290 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, нийт 370,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БГҮ/202249475290 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “СМ” ХХК-ийн  өмчлөлийн, ... тоот хаягт байршилтай, 700.2  метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 1,834 метр квадрат талбайтай үйлчилгээтэй орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн өдрийн БГХ/202249475290 тоот  хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “ЮЖДЦ” ХХК-ийн өмчлөлийн бараа материал зэргийг тус барьцаалуулж зээл авсан.

            Зээлдэгч нар нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 32,312,518 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,993,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 119,938 төгрөг, нийт 57,425,600 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.

            Иймд банк талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.3., 5.1.5., 5.1.7., 5.1.9., 6.1.1., 6.4., 6.5, 7.1. дэх заалтууд болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3., 451.1., 453.1., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.Д...нараас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 337,687,482.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 90,074,556.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,661,522.92 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал буюу нотариатын үйлчилгээний зардал 48,080 төгрөг, нийт 432,446,561.65 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “СМ” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаартай,  ... тоот хаягт байршилтай, 700.2 метр квадрат талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаартай,  ... тоот хаягт байршилтай нэгж талбарын ... дугаартай 1,834 метр квадрат талбайтай үйлчилгээтэй орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагч “СМ” ХХК-иас ямар нэгэн байдлаар зээлийн төлбөр гаргуулах шаардлага гаргаагүй. Тухайн “СМ” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж,  барьцаалуулсан. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлээ хангуулах аргын нэгийг барьцаа гэсэн байдаг. Уг барьцаа нь Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл тул тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаар тодорхойлж оруулж ирсэн. Гуравдагч этгээдийн хувьд уг хөрөнгийг худалдаж авсан, хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, үүнийг ..  банк шалгаагүй гэдэг тайлбар гаргаж байна. Тухайн хөрөнгө нь “СМ” ХХК-ийн өмчлөлд байгаа боловч тухайн барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулсан тохиолдолд заавал барьцаалагчид мэдэгдэх гэрээний болон хуулийн зохицуулалттай, гэтэл ямар нэгэн байдлаар банкинд мэдэгдээгүй. Уг хөрөнгийг гуравдагч этгээд худалдаж авсан нь тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

2. Хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулагдсантай бол маргахгүй. Хариуцагчийн хувьд хуваарийн дагуу төлөх, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байгаа зөрчил гаргасан нь үнэн.  Нэхэмжлэлийн шаардлагаас аль хэсэг нь “ЮЖДЦ” ХХК-иас, аль хэсэг нь Э.Д...-т холбогдож байгаа нь тодорхойгүй байна.  

Нэг нь хуулийн этгээд, нэг нь хувь хүн байгаа. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үүднээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч ЮЖДЦ” ХХК, Э.Д... нар тайлбараа өгдөг. Зээлийн гэрээ байгуулсантай маргадаггүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргах зүйл байхгүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд зээл авсан бол төлөх нь үнэн. Барьцаа хөрөнгийн талаар ярьж байна, “СМ” ХХК нь зээл аваагүй гэж байна. Энэ талаар шүүхээр нэлээн удаан маргасан. Бодит байдал дээр банкнаас авсан зээлийн талыг н.Б... болон “СМ” ХХК нар авч ашигласан байдаг. “СМ” ХХК-аас .. банкны зээлийн гэрээний мөнгийг гаргуулж өгнө үү, зээлийн талыг авснаар “ЮЖПЦ” ХХК, Э.Д... нарын эрх зүйн болон эдийн засгийн байдал доройтож байна гэж маргасан. Бас өөр хөрөнгийн талаар маргасан. Энэ талаар өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2 талд нэхэмжлэлийн шаардлага шийдэгдэж магадгүй байдал үүссэн тул хэрэг хэрэгсэхгүй болсон.

Өнөөдөр барьцаа хөрөнгийн талаар ярьж байгаа, үүргийн гүйцэтгэлийг биелүүлж чадахгүй байвал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулдаг. Иймд барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж орж ирж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй.

Гуравдагч этгээдийн хувьд компанийн хөрөнгийг худалдаж авахдаа барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн байдлын талаар мэдэж байсан гэж үзэж байна. Эрх ашиг хөндөгдөх боломжгүй, яагаад гэвэл худалдан худалдан авах гэрээнд банкны барьцаанд байгаа, барьцааг төлнө гэдгийг ойлгож байсан гэв.

3.Хариуцагч “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“СМ” ХХК-ийн төлөөлөгчөөр оролцож байна. Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа нь мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа байна. Хамгийн түрүүнд зээлээ шаардах хэрэгтэй, гэтэл “СМ” ХХК-ийн  компанийн үүргийн гүйцэтгэлд байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ зээлийг авсан этгээд нь “СМ” ХХК биш, “ЮЖДЦ” ХХК, Э.Д...нар нь зээл авсан тул зээлийн төлбөрөө төлөх үүрэгтэй. Харин манай талаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгийг бид зээлээгүй тул хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Зээлийн гэрээтэй холбогдолтой хэд хэдэн нөхцөл байдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болж байна. .. банктай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗБ2249475290 дугаартай зээлийн гэрээний дагу 370,000,000 төгрөгийг “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нар зээлж авсан байдаг. Энэ үйл баримтад нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Харин .....банк нь барьцаа хөрөнгийг эрхийн зөрчилтэй эсэхийг тодруулаагүйгээс болж бусдын эрх зөрчигдөж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, компанийн  70 хувийн хувьцаа эзэмшигч Х.Г..-ийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Хариуцагч “ЮЖД” ХХК, Э.Д... нарын өмгөөлөгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна. Тухайн үед зээл авахдаа энэ асуудлын талаар яриагүй байх, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул бусдын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь зохимжгүй байна. “...тухайн барьцаа хөрөнгийн барьцаалж байхад н.Б... л мэдэх байсан” гэх асуудлыг ярьж байна.

Гэтэл шүүгч нотлох баримтыг шинжлэн судлахад 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч 2 болж өөрчлөгдсөн байсан. Зээлийн гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байсан. Манай талаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Барьцаа хөрөнгө нь эрхийн доголдолтой байх тул шат шатанд нь гомдол гаргаж, асуудлаа дэвшүүлээд явна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь худалдах худалдан авах гэрээг үндэслэж, манай эрх зөрчигдөж байна гэх асуудал яригдаж байна. Бусад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөл эзэмшилд тухайн эд хөрөнгө шилжсэн үйл баримт тогтоогдоогүй, худалдах худалдан авах гэрээ хавсаргаж хүсэлт өгснийг шүүх хүлээн авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4-т зааснаар бие даасан гаргаагүй тул хэлэлцэхгүй орхино гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хувь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч нараас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.  

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий зээлийн харилцаанд оролцоогүй ч үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан этгээд, худалдаж авсан гэрээ нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Хэдий манай байгууллагад хамааралгүй ч гэсэн маргааны үйл  баримтын хүрээнд хариуцагч нарт хэнд хэдэн хувь ногдох асуудал нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан, тухайн хувь хүн болон хуулийн этгээдэд тэнцүү ногдох хэмжээгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 70 хувийн хувьцаа эзэмшигч Х.Г... гэх хүн энэ гарын үсгийг би зураагүй гэдгээ илэрхийлсэн баримтыг шүүхэд төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан нэхэмжлэлдээ тусгасан байсан. Нийт хувьцаа эзэмшигчийн нарын 30 хувийг эзэмшдэг этгээд өөрөө бие даан зээл авах шийдвэрийг гаргаж явсан. Ялангуяа ... банк энэ асуудал дээр яагаад хяналт шалгалт хийгээгүй вэ?, 30 хувийн хувьцаа эзэмшигч дур мэдэж, 70 хувийн хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг дуурайлган зурж зээл авсан үйл баримт тогтоогдож байна. Иймд энэ зээлийн үндсэн бодит зээлдэгч болох н.Д... болон зээлийн харилцаанд оролцсон хуулийн этгээд нараас зээлийг гаргуулахаар шийдвэрлэж гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.  

 

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 22/023 тоот хүсэлт, зээлийн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 11 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, “СМ” ХХК-ийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 22/02 тоот хүсэлт, “СМ” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэр, 2022 оны 11 дүгээр сар 29-ний өдрийн зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, бүртгэгдсэн барьцааны мэдэгдлийн дэлгэрэнгүй, №000774842 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийи тодорхойлолт, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, эд хөрөнгө, эрх барьцаалуулах хүсэлт, “ЮЖДЦ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, “СМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, “ЮЖДЦ” ХХК-ийн эзэмшлийн ... банкны дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл, Э.Д...-ийн ... банкинд гаргасан өргөдөл, ... банкны итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХБ” ХК нь хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.Д..., “СМ” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 432,444,562 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.   

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202249475290 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 432,396,561.65 төгрөг, зээлийн хүү 90,047,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,661,523 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг, нийт 432,444,562 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Нэг талаас “ХБ” ХК, нөгөө талаас “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/202249475290 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, 370,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 10-12 дугаар тал/ 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, түүний хүү төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 37-38 дугаар тал/

Хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээлийн үлдэгдэл 337,687,482.45 төгрөг, хүү 90,047,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,661,523 төгрөг, нийт 432,396,562 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд зээлдэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээн дээр маргаагүй тул гэрээнд зааснаар зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 432,396,562 төгрөгийг  хариуцагч “ЮЖДЦ” ХХК болон Э.Д... нараас гаргуулж нэхэмжлэгч “ХААН банк”         ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас аль хэсэг нь “ЮЖДЦ” ХХК-д, аль хэсэг нь Э.Д...-т холбогдож байгаа нь тодорхойгүй байна гэх тайлбарын тухайд, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

Иймд хариуцагч “ЮЖДЦ” ХХК болон Э.Д... нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул нэхэмжлэгч нь хэн алинаас нь үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК болон хариуцагч “СМ” ХХК нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №БГҮ/202249475290 дугаартай, “Барьцааны гэрээ”-гээр ... тоот хаят байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 702 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...хороонд байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 1834 мкв газар зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /х.х-ийн 16-18, 23-29 дүгээр тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан.

Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хувьд, хариуцагч “СМ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “СМ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, гүйцэтгэх удирдлагын бичгээр гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна. /хх-ийн 11, 23-29 дүгээр тал/

Хариуцагч “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зээлийг авсан этгээд нь “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нар тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1. дэх хэсэгт заасныг баримтлан №БГҮ/202249475290 дугаартай барьцааны гэрээгээр ... тоот хаят байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 702 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний зардалд 48,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн нотариатын зардал 48,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нотариатын зардлыг үйлчилгээ авах этгээд төлөхөөр хуулиар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гарсан зардал болох 48,000 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас хохиролд 48,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нараас зээлийн гэрээний үүрэгт 432,396,562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ “ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 158 дугаар зүйлийн 158.1., 169 дүгээр зүйлийн 169.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЮЖДЦ” ХХК, Э.Д... нараас зээлийн гэрээний төлбөрт 432,396,562 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож, зээлдэгч нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... тоот хаят байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, 702 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай үл эд хөдлөх хөрөнгө, ... хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Э-... дугаарт бүртгэгдсэн, эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээтэй, 1834 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 48,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,391,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “ЮЖДЦ” ХХК, Э.Д... нараас тэмдэгтийн хурамжид 2,319,933 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.БАЯРМАА