Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00481

 

2025            04             29                                           309/ШШ2025/00481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* “Хөдөө аж ахуйн корпораци” нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөг  гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 9-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д нөөцөлсөн 600тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тооцож нийт 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөгийн зээлийг Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын газар нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 420 000 000 төгрөг байна. Үүнд: 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ТБ-А/2024-7 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөгийн тэжээлийн буудайг хүүгүй, 2024 оны 05 дугаар сарын 31 нд /гэрээний 3.1/ төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,05 хувиар алданги тооцохоор тохирсон өнөөдрийн байдлаар 101 хоног хугацаа хэтэрсэн алданги 21 210 000 /хорин нэгэн сая хоёр зуун арван мянга/ төгрөг болж байгаа ба ТБ-А/2024-7 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөг, анз 21 210 000 /хорин нэгэн сая хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 441 210 000 /дөрвөн зуун дөчин нэгэн сая хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах. Иймд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын үндсэн төлбөр 420 000 000 төгрөг, алданги 21 210 000 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 441 210 000 /дөрвөн зуун дөчин нэгэн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү.

2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын тэжээлийн буудайн үнийг төлүүлэх нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад тэжээлийн будаа олгох ажил нь 2024 оны 2 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлсэн. Тэжээлийн будааг зудын нөхцөл байдлын үнэлгээгээр "цагаан зудтай" ангилалд байгаа сумдад хуваарилсан сайдын тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яамнаас ирүүлсэн. Малчдын хувьд ч өвс, хивэгийг хөнгөлөлтэй үнээр авах хүсэлтэй, улаан буудайг тэжээлийн зорилгоор хэрэглэж сураагүй тул үнээр худалдан авах сонирхолгүй байсан. Тухайн үед аймгийн батлагдсан төсөв дэх зудын гамшигт зарцуулж болох мөнгөн хөрөнгийн эх үүсвэр дуусаж, тэжээлийн будаа худалдан авахад хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул үнэтэй нөхцөлд авах боломжгүй, үнэгүй олгогдсон нөхцөлд авах талаар саналаа илэрхийлсэн. Хөдөө аж ахуйн корпорациас гэрээний төслийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахимаар илгээж, гэрээг яаралтай байгуулж, улаан буудайг татан авах тухай мэдэгдсэн. Аймгийн удирдлагаас тухайн үеийн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбогдож саналаа танилцуулахад "үнийг орон нутаг төлөхгүй байх шийдвэр гарахаар яригдаж байгаа тул цаг алдахгүй байх зорилгоор эхний ээлжинд гэрээгээ байгуулан авч байх нь зүйтэй" гэсэн хариуг өгсний дагуу гэрээг 02 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн газрын "Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 76 дугаар тогтоол гарч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэжээлийн буудайн үнэд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байсан. Уг тогтоолд аймгуудад олгосон тэжээлийн будааны үнийг яамны төсвөөс нэгдсэн журмаар шийдвэрлэх талаар тусгагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: "Хөдөө аж ахуйн корпораци” нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын хариуцагчтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу оролцож байгаа билээ. Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/807 дугаартай албан бичгээр гаргасан нэхэмжлэлд техник алдаа гарч, алдангийн үнийн дүнг 21 210 000 /хорин нэгэн сая хоёр зуун арван мянга/ гэж тооцсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар ихэсгэж байгаа болно. Үүнд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-А/2024-7 дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу олгогдсон тэжээлийн буудайн үндсэн төлбөр болох 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөг дээр тус гэрээний 5.2 дахь заалтад заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувийн алданги тооцож нэхэмжлэл анх гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 101 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцож үзэхэд 212 100 000 /хоёр зуун арван хоёр сая/ төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 210 000 000 /хоёр зуун арван сая/ төгрөгөөр тооцож байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын тамгын үндсэн төлбөр болох 420 000 000 /дөрвөн зуун хорин сая/ төгрөг дээр нэмж алдангийн 210 000 000 /хоёр зуун арван сая/ төгрөг, нийт 630 000 000 /зургаан зуун гучин сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

4.Хариуцагч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: "Хөдөө аж ахуйн корпораци” тэжээлийн буудайн үнийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд алдангийг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тус компани алдангийн дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцохоор гэрээнд тусгасан талаар дурдсан байна. Нэхэмжлэлд алданги тооцож байгаа 420 000 000 төгрөгийн төлбөрөөс 0.05 хувиар тооцоход 1 хоногийн алданги нь 210 000 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн хугацаа хэтэрсэн гэж үзэж буй 101 хоногт ногдох нийт алданги 21 210 000 төгрөг болхооор байхад 210 000 000 төгрөг болгон нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нь ч үндэслэлгүй юм. Иймд нэмэгдүүлж нэхэмжилж байгаа тэжээлийн буудайн үндсэн төлбөр болон алдангийн 630 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч "Хөдөө аж ахуйн корпораци" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн -д олгосон итгэмжлэл / хм 3-р тал/, байгууллагын гэрчилгээний хуулбар /хм 4-р тал/, 2024 оны 03 сарын 04-ний өдөр ТБ-А/2024-7 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хм 5-8-р тал/, төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл /хм 9-10-р тал/ гүйцэтгэх захирлыг томилсон тушаал /хм 11-12-р тал/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал /хм 13-р тал/, тэжээлийн буудай олгох зөвшөөрлийн бичиг /хм 14-16-р тал/, санхүүгийн тооцооны акт /хм 17-р тал/ зэрэг болно.

6. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:  Монгол улсын засгийн газрын 2024 оны 02 сарын 28/-ны өдрийн 76 дугаартай “өвөлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар /хм 36-р тал/ болон шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөг  гаргуулах тухай” шаардлагыг гаргасан.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Дорнод аймгийн Засаг даргатай 2024 оны 02 сарын 29-ний өдөр №ТБ-Н/2024-7 гэсэн дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Гэрээг худалдагч талыг төлөөлж хөрөнгө удирдлагын хэлтсийн дарга , Санхүүгийн хэлтсийн дарга нар, худалдан авагч талаас Дорнод аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******, Дорнод аймгийн ХХААГазрын дарга Д.Мөнхбаяр нар байгуулж нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал , Дорнод аймгийн Засаг дарга нар баталсан байна.

Энэхүү гэрээгээр 600 тн тэжээлийн буудайг нэгж үнэ 700 000 төгрөг, нийт 420 000 000 төгрөгөөр тооцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.

Хариуцагч тал эс зөвшөөрч маргахдаа энэ гэрээний төлбөрийг төлөх үндэсэлгүй. Учир нь 2024 оны 02 сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдсан боловч, 2024 оны 2 сарын 28-ны өдрийн 76 дугаартай Засгийн газрын тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах ёстой. Мөн энэ гэрээг Дорнод аймгийн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, үүнийг Засаг дарга байгуулсан тул ЗДТГ хариуцахгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхдээ гэрээг Засаг дарга байгуулсантай маргахгүй, Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын тамгын газар хариуцагч байж болно тайлбарлаж, хариуцагч мөн гэж мэтгэлцдэг.

Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь гэрээг нэхэмжлэгчтэй Дорнод аймгийн Засаг дарга байгуулсан байхад ЗДТГазраас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч байх тул Засаг даргын тагын газар хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол улсын засаг үахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1-д Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрх, 60.1.5-д Төсвийн ерөнхийлөн захирагч байна,  мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна гэж тус тус заасан.

Үүнээс дүгнэхэд аймгийн Засаг дарга тухайн аймагтаа төсвийн ерөнхийлөн захирагч буюу бие даасан төсөвтэй байхаар байна.

Дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж эрх, чиг үүргийг мөн хуульчилсан. Үүнээс дүгнэхэд Засаг даргын тамгын газар нь тухайн тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан төсөвтэй байх ба Засаг даргын гадагш чиглэсэн гэрээтэй холбоотой буюу гэрээний үүргийг хариуцах этгээд биш байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хариуцах үүрэггүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжэлэгч нь шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч  байгууллага нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйн корпораци”  хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ