Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/60

 

      2024             1           9                                            2024/ДШМ/60                       

 

      Х.Тт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

хохирогч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1354 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Тт холбогдох эрүүгийн 2308016521195 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

          Х.Т

 

          Шүүгдэгч Х.Т нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны захад 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж, газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Тт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаас хийлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүү мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Таас 356.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Таас гаргуулж хохирогч Д.Бд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Бгийн хохиролд нэхэмжилсэн 15.370.000 төгрөгөөс баримтаар нэхэмжилсэн 484.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бд тус тус олгож, хохирогчийн нэхэмжилсэн 15.370.000 төгрөгөөс үлдсэн 14.885.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Тийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн тухайд:

Анхан шатны шүүхээс Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хохирогч Д.Б, насанд хүрээгүй гэрч Э.А нарын мэдүүлгийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж үнэлсэн байдаг. Тухайн хэрэг гарах үед хохирогч Д.Б, шүүгдэгч Х.Т нараас гадна гэрч Д.Э, О.М, Н.Б, насанд хүрээгүй гэрч Э.А нар хэргийн газар байдаг. Эдгээр хүмүүс нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгт гэрч Д.Э “... Д.Б явахгүй таксинаасаа бууж ирээд над руу орилж чарлан, нүүр, ам маажаад хувцас урсан. Манай ажлын дарга Т гэх эмэгтэйтэй хардаад “янхан гичий” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь манай ажлын туслах эмэгтэй М захирлыг өмөөрч “чи яахаараа манай захирлыг гичий, янхан гэж дууддаг юм” гээд барьцалдаад авсан. Бие биенийгээ заамдах үед манай захирал Т дундуур нь орж салгасан. Т захирал Бг зодсон зүйл байхгүй, М Б 2 бие биенээ заамдсан байсныг салгасан, зодоон болсон зүйл байхгүй. Хохирогч Д.Б нь уурлахаараа ухаан алдаад уначихдаг ...” гэж мэдүүлэг /хх 18-19 /.

Гэрч О.Мийн мэдүүлэг “... Б гэх эмэгтэйг Э ах болон захирал Т нар цохиж зодсон зүйл байхгүй. Харин ч Э ахын нүүрийг Д.Б маажсан ...” гэж мэдүүлэг /хх 21-22 /.

Гэрч Н.Бын мэдүүлэг “... Б эгч Т эгчийг харчихаад гичий, янхан гэх мэтээр цээртэй үгээр харааж доромжлоод байсан. Энэ үед М “чи миний эгчийг хэл амаар доромжиллоо” гэж хэлээд Б эгчтэй очиж барьцалдсан. Энэ үед Т эгч тэр хоёрыг салгах гээд очиход Б эгч Т эгчийн хувцаснаас нь зуураад салахгүй ноцолдоод байсан. Т эгч Б эгчийн биед халдаж зодсон зүйл огт байхгүй. Харин ч Т эгч М Б хоёрыг салгасан. Э ах бид 2 Т эгчийн хөрөөн дээр ажлаад 1 жил болж байна. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б эгч Т захирал болон Э ах хоёрыг хардаж сэрдээд байдаг. /хх 53/.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Х.Т нь хохирогчийн биед огтоос халдаж өшиглөж цохиогүй, харин ч хохирогч Д.Б нь бусдын ажлын байран дээр ирж хэрүүл маргаан үүсгэн хүмүүсийн биед халдаж, танхайран зүй зохисгүй үйлдэл гаргаж байсан талаар мэдүүлсэн. Тус гэрчүүдийн мэдүүлэгт анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийхгүйгээр насанд хүрээгүй гэрч Э.А нарын мэдүүлгийг үнэн гэж хэтэрхий нэг талыг барьж дүгнэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд өгсөн дуудлага, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл дээр хохирогч нь нөхөр Д.Эөд зодуулсан гэдгээс Х.Тт зодуулсан талаар байдаггүй. Хохирогч Д.Бгийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, түүнчлэн анхан шатны шүүх хурал дээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг нь “хүүхдүүдийнхээ эцгийг өрөвдсөндөө намайг зодоогүй” гэж худал мэдүүлсэн гэдгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Ингэж хэлсэн нь шүүх хуралдааны хурлын тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар тал дээр бичигдсэн байна. Хохирогчийн тогтворгүй мэдүүлгийг анхан шатны шүүхийн зүгээс дүгнэлт хийхдээ хохирогч Д.Б нь эмнэлэгт хүргэгдэн очоод тайвшруулах эм тариа хийлгэсэн байсан тул тухайн үед болсон нөхцөл байдлыг бүрэн дүүрэн санах эсэх нь эргэлзээтэй гэж үзэж гэрчээр өгсөн мэдүүлгийг нь үнэлээгүй. Үнэхээр ийм нөхцөл байдалд орсон эсэхийг нарийн мэргэжлийн шинжээч эмч тогтоохоос анхан шатны шүүхийн шүүгч өөрийн үзэмжээр асуудалд дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Х.Тийн хувьд хохирогчийн биед халдаж зодоогүй, харин ч ажлын байранд ирж бусадтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгасан гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн газарт байсан 4 гэрчийн Д.Э, О.М, Н Б нарын мэдүүлгээр хохирогчийг Д.Т зодоогүй, харин насанд хүрээгүй гэрч Э.А нь зодсон гэж мэдүүлдэг. Гэрч нь хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг сануулж урьдчилан баталгаа авч мэдүүлэг авдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Э.Аын мэдүүлэг хэргийг шийдэхэд ач холбогдолтой бусад гэрчүүдийн мэдүүлэг хамааралгүй мэтээр үзэж болохгүй. Дээрх гэрчүүдийн хэн нь худлаа мэдүүлэг өгсөн эсэхийг тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу шүүгдэгч Х.Тт холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын тухайд:

Хэрэв давж заалдах шатны шүүхээс Х.Тийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзвэл хохирогч Д.Бгийн хохирол, хор уршигт Х.Таас гаргуулахаар тогтоосон шийдвэрийг хэрэгсэхгүй болгож түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж хуульд заасан хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Анхан шатны шүүхээс хохирогч Д.Бгийн эмчилгээнд зарцуулсан 484.700 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөг, нийт 7.634.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Д.Бгийн зүгээс эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгсөн боловч тухайн баримтууд нь эх хувиараа биш нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг гаргаж өгсөн. Түүнчлэн, эмчийн зүгээс дээрх гэмтлийг эдгэхтэй холбоотойгоор бичиж өгсөн эмчийн жор бичиг байхгүй. Хохирогч Д.Бгийн хувьд өөрийн эрүүл мэндийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөхний хорт хавдартай гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн нөхөр болох Д.Э нь хохирогчийг уурлахаараа ухаан алдаад унаад өгдөг талаар мэдүүлсэн. Иймд дээрх эм тариаг тухайн гэмтлийг эдгээх гэж авсан уу, эсвэл өөрийн бусад өвчнөө эдгэрүүлэхээр авсан ч байж болно. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар “... Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө ...” гэж хуульчилсан. Энэ гэмт хэрэг 2023 оны 5 дугаар сард гарсан тул сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр үнэлж хуулийг буцаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч Х.Тийн хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тус гэмт хэрэг гарсан шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болж гарсан. Эрхэлсэн тодорхой ажилтай Сонсголон зах зээр модны худалдааны бизнес эрхэлдэг нь хэрэгт авагдсан хувийн байдлыг тогтоохтой холбоотой баримт болох Сонсголон захын тодорхойлолт болон гэрч нарын мэдүүлэг, өнөөдрийн хуралдаан дээр гаргаж өгсөн дансны хуулга зэргээр тогтоогдоно. /хх 63-71/ Иймд шүүгдэгч Х.Тт торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг зодсон гэдэг. Харин ч би хоёр эмэгтэй хүн зодолдож байхад нь салгах гээд голоор нь ороход Д.Б нь миний хоолойг боогоод тавиагүй. Д.Бтай хамт явж байсан хүүхэд нь “намайг зодуулж байхыг харсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Д.Б хүүхэддээ хандаж “бичлэг хий” гэж хэлсэн бөгөөд хүүхэд нь гар утсаа аваад ирэх хооронд бүх зүйл болоод дууссан байсан. Би Д.Бг зодсон үйлдэл гаргаагүй. Илт намайг гүтгэж байна.” гэв.

 

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Х.Т намайг зодсон. Би 6 хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед Сонсголон захын хажуу талын хувийн эмнэлэгт таксины жолооч намайг хүргэж өгсөн байдаг. Тэр үед цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байдаг. Эмнэлгийн тусламж ирсэн байдаг. Маш их өвдөлттэй байсан тул надад трамадол эм хийсэн. Өвдөлт намдахгүй байхаар нь би дахиад Гэмтлийн эмнэлэг дээр очоод трамадол эм хийлгэсэн. Тэр үед надаас эхний мэдүүлгийг авсан. Шүүхээс эхний мэдүүлэг их тариа хийлгэсэн байхдаа мэдүүлсэн тул нотлох баримтаар үнэлэхгүй, сүүлийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Би хохирсон. Намайг зодсон. Би хөдөлмөрийн чадвараа 1 сар алдсан. Эмнэлгийн акт, баримт байгаа.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлтээр гэмтлийн зэргийг заагалж өгсөн байдаг. Тухайн үед хэргийг харсан гэрчүүд, хохирогчийн мэдүүлгээр бол цээжин бие хэсэгт нь Х.Т цохисон талаар насанд хүрээгүй гэрч А мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр олон тооны шарх гарсан гэдэг. Х.Бгийн биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Х.Бгийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гуяд цус хуралт тогтоогдсон гэдгийг тайлбарласан байдаг. Тархи толгой руу нөхөр нь цохисон гэдэг. Толгойнд нь гэмтэл учраагүй. Мөн Мтэй маргалдахдаа үсдэлцсэн гэдэг. Ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Гэмтлийг ялгаж зааглаад шүүгдэгч Х.Тийн үйлдлээс болж хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

            Прокуророос Х.Тийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны захад 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Д.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж, газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Тийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацаа, хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх шүүгдэгч Х.Тийг хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 40 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...“Д.Б нь хамтран амьдрагчдаа зодуулсан ...” /хх 2/ гэх, хохирогч Д.Бгийн 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өгсөн “... Э чадахгүй гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж унагаад миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартаад болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг сэргээд хартал “Мишээл” гэх сонсголонгийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...” /хх 15-16/ гэх, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “... Э миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход хажуунаас нэг эмэгтэй хүн шууд над руу дайраад миний үснээс зулгаахаар нь би арай гэж тэр хүнээс салаад байж байхад одоо Этэй хамт амьдардаг Т гэх эмэгтэй гарч ирчихсэн хараад зогсож байсан. ... Э надад хандаж “наашаа хүрээд ир, хоёулаа ярилцъя “гээд хөрөөний амбаар шиг ногоон хаалгатай жижиг байшингийн буланд авч ирээд дахиад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар нүүрээ дараад доошоо унасан. ... энэ үед Т гэх эмэгтэй миний хажууд ирээд “яасан их хүүхдээрээ түрий барьдаг гичий вэ” гэж хэлээд миний нуруу хэвлий бөгс хэсэг рүү өшиглөж, гараараа цохиод байсан. ... Т намайг газар унасан байхад өшиглөж гэмтэл учруулсан. Э миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. ... М мөн миний үснээс зулгааж толгой руу цохисон. ...” /хх 7-8/ гэх мэдүүлгүүд болон гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргүүд нь хоорондоо зөрүүтэй, хохирогч Д.Бгийн зодуулсан үйлдэлд өөр хүний үйлдэл, оролцоо бий эсэхийг дахин шалгах шаардлагатай байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх гэрч Д.Эийн “... таксинаас бууж ирээд над руу орилж чарлан, нүүр ам майжаад хувцас урсан бөгөөд манай ажлын дарга Т гэх эмэгтэйтэй хардаад хэл амаар доромжлоод байхаар нь М гэх эмэгтэй захирлыг өмөөрч “чи яахаараа манай захирлыг янхан, гичий гэж дууддаг юм бэ” гээд бие биенийгээ заамдаад барьцалдаад авах үед манай захирал Т дундуур нь орж салгасан. ...Т, М нар Д.Бг цохиж зодсон зүйл байхгүй ...” /хх 18-19/ гэрч О.Мийн “... тэгээд Э ахыг Б гэх эмэгтэй нүүрийг нь майжиж, футболкыг нь урж, хэл амаар доромжлоод мөн захирал Т эгчийг хэл, “янхан, гичий” гэх мэтээр доромжлоод байхаар нь Т эгчийг өмөөрч “чи яахаараа хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм” гэхэд миний үснээс зулгааж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд Б гэх эмэгтэйгийн зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн бөгөөд энэ үед Т эгч ирж салгасан. ... Б гэх эмэгтэйг Э болон захирал Т нар цохиж зодсон зүйл байхгүй. ...” /хх 21-22/, гэрч Н.Бын “Б эгч Т эгчийг харчихаад гичий, янхан гээд цээртэй үгээр харааж, доромжлоод байсан. Энэ үед М чи миний эгчийг хэл амаар доромжиллоо гэж хэлээд Б эгчтэй очиж барьцалдаж аваад ноцолдоод байсан. ...Т эгч Б эгчийн биед халдаж зодож, цохисон зүйл огт байхгүй. Харин ч Б эгч М, Б хоёрыг зууралдсан байхад нь салгасан. ...” /хх 53/ гэсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэсэн мэдүүлгүүдийг хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь шүүгдэгч Х.Тийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, уг үйл баримтын талаарх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгийн талаар хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр дан ганц насанд хүрээгүй гэрч Э.А болон хохирогчийн сүүлд өгсөн мэдүүлэгт үндэслэн Х.Тийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, үргэлжилсэн хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, давтамж, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой билээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” үндэслэлд хамаарч байх тул  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1354 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1354 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ