| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0137/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0415 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д******* т*******” ХХК
Хариуцагч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам,
Маргааны төрөл: Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдэл хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Г.Б, гэрч Ч.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Д******* т*******” ХХК-иас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд холбогдуулан “Цахим, хөгжил инновац, харилцаа холбооны яамны “Д******* т*******” ХХК-д хаягласан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/373 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн дагуу Багц№11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/202401******* төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан “Д******* т*******” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай “гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон тухай” агуулга бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах, Багц№11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбоо дэд бүтэц ЦХХХЯ/202401******* төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгчээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зарласан “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” ЦХХХЯ/202401******* дугаартай багц-11 дүгээр тендер сонгон шалгаруулалтад оролцож, хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дугаартай гэрээ байгуулах эрх олгожээ.
2.2.Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг хүргүүлэхэд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга өөрчлөгдсөн шалтгаанаар засвар оруулахыг шаардаж, дахин 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр /2024 оны 11 дүгээр сарын 14-ний огноотой/ гэрээг, гүйцэтгэлийн баталгааны хамт хүргүүлжээ.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “Д******* т*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ““Д******* т*******” ХХК /РД: 5235537/ нь Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас зарласан “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” ЦХХХЯ/202401******* дугаартай тендерийн БАГЦ 11 /Өвөрхангай/ шалгаруулалтад цахим системээр оролцсон.
2024 оны 10 сарын 28-ны өдөр тус тендерийг нээсэн бөгөөд 2024 оны 11 сарын 05-ны шалгарсан мэдэгдлийг Захиалагч цахим системд оруулсан. /2024 оны 11 сарын 04 өдрийн 03/737 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл/
Бид мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа буюу 2024 оны 11 сарын 13 өдөр гэрээг 4хувь үйлдэн баталгаажуулж, ЦХИХХЯ-нд хүргүүлсэн. Гэвч ЦХИХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б******* нь шинээр томилогдсон тул гэрээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг 2024 оны 11 сарын 15 өдөр ЦХИХХЯ-аас тавьсны дагуу 2024 оны 11 сарын 19-ы өдөр компанийн баталгаажуулсан гэрээг, 23,700,000 /Хорин гурван сая долоон зуун/ төгрөгийн гүйцэтгэлийн баталгааны хамт ЦХИХХЯ-д хүргүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай "гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон тухай" агуулга бүхий захиргааны актыг хүчингүй болгуулснаар шууд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийнхээ дагуу гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож улмаар гэрээ байгуулахыг даалгаснаар тухайн маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтад заасан ажлыг гүйцэтгэх, төлбөр хөлсийг авах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 10 дугаар сарын 28-ны өдөр материалаа өгөөд 11 дүгээр сарын 04-ний өдөр тендерт манай компанийг шалгаруулсан гэдэг нь цахим системд орсон байсан. Цахим системээс гадна эх хувиараа мэдэгдэл ирээгүй. Сая мэдүүлэг өгсөн Ч.О******* гэдэг мэргэжилтэн нь мэйлээр та энэ гэрээг бөглөөд 4 хувь үлдээд надад авч ирээд өгчих тэгэхдээ надаас тендерийнхээ мэдэгдлийн эх хувийг аваарай гэсэн байдаг. Тийм мэйл ирчихсэн учраас би энэ хүнтэй шууд ярилцаад 4 хувь үйлдээд өгсөн. Энэ хүн гэрээний мэдэгдлийн эх хувийг гаргаж өгсөн. Надтай хамт манай нарийн бичиг охин нэг машинаар явж байсан. Зогсоол олдохгүй болохоор тэр охиныг оруулж байсан. Дараа нь утсаар надад танай энэ гэрээ буруу орчихжээ. Яагаад гэхээр манай Бодлого хэрэгжилтийн газрын дарга солигдчихсон. Та дахиж өөрчилж ир гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнийхээ мэдээллийг өгнө үү гэсэн. Тэгэхэд над руу мессежээр мэдээллийг нь өгөөд би хүргэж өгсөн. Тухайн үед 4 дэх өдөр таарч байсан байх. Тэгээд 5 дахь, хагас сайн өдөр таарсан учраас 19-ний өдөр гүйцэтгэлийн баталгааг банканд гаргаад гэрээтэйгээ хамт аваачиж өгч байсан. Тэрнээс хойш би 22-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хүннү голд гэдэг уурхайд ажиллаж байхад над руу Г.Б гээд гэрээ хариуцсан мэргэжилтэн над руу залгасан. Танай гэрээг цуцлах гэж байна гэхээр нь яагаад гэдгийг нь асуухад 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусчихсан байхад түүнээс хойш хийгдчихсэн байна гэсэн. Гэрээ 30 хоногийн хугацаатай гэхээр минийхээр 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах ёстой гэхэд үгүй, манайд аудит орж ирээд шалгаад ажлын 15 хоногтоо багтаагаагүй учраас өмнө нь ийм процесс болж байсан. Та гүйцэтгэлийн баталгааг банканд очоод 15-ны өдрөөс өмнөх он сараар болгоод өгч чадах уу гэсэн. Тэгэхэд нь банк надад тийм эрх өгөхгүй учраас чадахгүй. Хоёрдугаарт бид нар хөдөө явж байгаа учраас боломжгүй гэдэг хариу өгч байсан. Тэрнээс хойш холбогдоогүй. Би маш олон удаа Г.Б рүү залгаад утсаа авдаггүй байсан. Ч.О******* руу мөн олон удаа залгаад утсаа авахгүй болохоор нь мессеж бичиж байсан. Тэгээд манай гэрээ юу болсон бэ гэхэд 12 дугаар сарын 03-ны өдөр манай гэрээг цуцалсан гэсэн мэдэгдэл 12 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар ирсэн. Яагаад гэрээ 30 хоногийн хугацаатай байхад цуцалсан бэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дарга нартай нь уулзах гэж үзсэн боловч тухайн үед уулзаж чадаагүй. Тэгээд бид нар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам энэ чиглэлийн мэдэгдлийг бид нар хүлээж авдаггүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан гомдлыг хүлээж авна гэсэн. Тэгээд шүүхэд хандсан байгаа.” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэдэг хүсэлттэй байна. Шалтгаан нь төрийн байгууллагын хувьд нэг дарга нь үүрэг өгөхөөр ямар ч хамаагүй аргаар гүйцэлдүүлдэг дүр зураг харагдаад байна. Дарга нь солигдохоор гэрээ байгуулахгүй гээд байдаг. Тухайн даргыг чиглүүлж асуугаад байгаа нь учиртай. Дараа нь энэ хүмүүст хариуцлага яригдана. Ганцхан “Д******* т*******” ХХК-ийн эрхийг зөрчөөд байгаа асуудал биш. Энэ нь төрийн ажлыг гацааж Өвөрхангай аймгийн сүлжээтэй байх уу, үгүй юү гэдэг асуудалд сонин заалтаар шийдвэр гаргаад байгаа. Компани нь байгаад хийгээд өгье гэж байхад ийм зүйл хийгээд байгаа. Тэгээд хууль дураараа тайлбарлаа гэдэг бол үнэн. Тийм байсан бол энэ хуулийг шинэчлэх шаардлагагүй хуучин хуулиар нь 30 хоногийн дотор гэрээгээ байгуулна гэдэг хатуу заалттай хэвээр байх байсан. 30 дугаар зүйлийн 30.2 дах шинэ заалт орж ирээд байна. 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт 2 зүйлээс бүрдээд байгаа. 6-аас доошгүй хоног гэдгийг баримтлахгүй байж болно гэж байгаа. Мөн захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гээд захиалагч хугацаа тогтоочихсон бол түүнийг баримтлахгүй байж болно. Яагаад гэхээр нэг оролцогч байна гэсэн агуулгатай заалт байна. Энэ заалтаа мэддэг ч юм уу, мэдэхгүй ч юм уу баримтлахгүй эхлээд өөрөө гэж байгаад сүүлдээ дарга амаар надаа хэлсэн учраас би тэгж шийдсэн гэдэг байдлаар хандаад байгаа. Албан бичиг хүлээж авсан, аваагүй асуудал байна. Гэрээ ирүүлнэ гээд хуульд нь тодорхой заагаад өгчихсөн. Албан бичигт хавсаргаж гэрээ ирүүлнэ гэдэг заалт байхгүй. Юу юу ирүүлэхийг шаардаж байгаа заалт байна. Албан бичигтээ тэгж бичнэ гэдэг заалт байхгүй. Хэрэв байсан бол тийм маягтын дагуу ийм зүйл ирүүлнэ гэж энэ хуульд бичнэ. Тендертэй ирүүлэх, тендертэй харилцах гэдэг нарийн процесс ажиллагаа. Албан бичиг ирүүлэхээр албан бичгийнх нь огноо дугаар зөрсөн гэдэг маргаан үүсгэх гээд байгаа. Та нарын энэ үйл ажиллагаа процессыг нарийн болгох гэж энэ хуулийг баталж байгаа. Сүүлдээ гэрээ, баталгааг авсан хоёулаа хүчинтэй хугацаандаа багтаж байна. Тендерийн хүчинтэй хугацаа гэдгийг маш олон тайлбарлалаа. Хэрэв захиалагчийн зүгээс баталгаажуулаагүй бол 30 дугаар зүйлийн 30.4-д зааснаар гэрээ байгуулсанд тооцож үргэлжлүүлнэ гэдэг заалтыг мөн оруулж байгаа нь үзэмжээрээ ханддаг байдлыг таслан зогсоох гэж шинэчилсэн найруулгад оруулж баталж байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй. Хангагдаад төсөв нь байхгүй гэдэг зүйл яриад байна. Төсвийг нь 800,000,000 гээд баталчихсан байгаа. Энэ жил тендерт оролцогч тендер өөрөө маргаантай байгаа учраас сайдын тушаалаар төсвийг нь хуваарилахыг зогсоочхож байгаа. 1 дүгээр заалтаар 800,000,000 төгрөгийг төсөвт өртгөөр энэ ажлыг гүйцэтгэнэ гэдгээ хасаагүй байгаа. Хассан бол энэ хэсгийг хүчингүй болгосугай гээд сайдын тушаал гарна. Маргаан шийдвэрлэгдэхээр шүүхийн шийдвэр гарах байх. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Захиалагч тэр хүрээндээ 800,000,000 төгрөгөөр энэ жил төсөвтөө тодотгоод оруулах уу, тодотгохгүй оруулах уу гэдэг захиалагчид хуваарилагдсан төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагч шийдвэр гаргаад тухайн 800,000,000 төгрөгөөс энэ жил хэдийг хийх вэ гэдгийг 400,000,000 төгрөг, 400,000,000 төгрөгөөр нь гаргаад явах ёстой байсан. Энэ хариуцлагагүй албан тушаалтнуудаас болоод сайдын ажил нурж байна. Сайд үүнийг мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй. Бид нар хэрэг маргаан ямар байдлаар шийдэгдсэнээс үл хамаарч сайдад бас хандана. Тэгэхээр энэ нэг компанийн эрх ашиг гэхээс илүү бид нар нэхэмжлэл гаргаад байгаа шалтгаан нь “Д******* т*******” ХХК-ийн эрх ашиг түүгээрээ шууд зөрчилдөөд байна. Ингэснээр мөн Өвөрхангай аймгийн тухайн сүлжээ хэрэглэх гээд байгаа ард иргэдийн амьдралыг тодорхой хэмжээгээр гацааж байна. Мөн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулаад батлаад хэрэгжүүлнэ гэхээр нэг аймгийг нь хасаад байгаа нь ямар учиртай вэ. Өвөрхангай аймагтай холбоотой хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэхээр шүүхээс гарах шийдвэр маш ач холбогдолтой дараа нь ийм зүйл тохиолдохгүй байх чиглэлийг гаргаж өгөх байх. Тэгэхээр шүүхээс нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн маргаж буй асуудал нь дээрх багц тендерийн 11 дэх багц ба 800,000,000 (найман зуун сая) төгрөгийн төсөвт өртөг бүхий "Багц 11. Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц /Өвөрхангай/" УТ2406700144013 дугаартай болно.
Үнэлгээний хорооноос тендерийн урилгыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нийтэлж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тендерийн нээлтийг хийж, шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн “Д******* т*******” ХХК-тай 790,000,000 (долоон зуун ерэн сая) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор захиалагчид 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагчаас “Д******* т*******” ХХК- д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “Тендерийн хууль” гэж товчлов./-ийн 4.1.16-д “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг”, 4.1.17-д “”тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг" ойлгохоор, мөн хуулийн 11.1-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардахаар, Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 37.1-д “Хуулийн 42 1-д заасан тохиолдолд гэрээ байгуулах эрх авсан оролцогч тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ.” гэж, мөн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 37.1-т “Шалгарсан оролцогч гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийн баталгаа ирүүлнэ.” гэж, Гэрээний тусгай нөхцөл хэсгийн ГЕН 6.7-д “гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хэмжээгээр гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх”-ээр тус тус заасан.
Мөн Захиалагч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлдээ "”..хуулийн 30.2-т дахь хэсэгт заасны дагуу гэрээг байгуулах боломжтой...шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гарын үсэг зурсан гэрээний хамт ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж мэдэгдсэн.
Тендерийн хуулийн 24.1-т зааснаар Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, уг хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргах ёстой бөгөөд маргаан бүхий тендерийн хувьд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаанд буюу захиалагч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд шийдвэрээ гаргах хуулийн хугацаатай байгаа нь илэрхий мэдээлэл юм.
Нэхэмжлэгч “Д******* т*******” ХХК нь гэрээний төслийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэсэн огноогоор баталгаажуулсныг албан бичгээр ирүүлээгүй, түүнчлэн захиалагчийг төлөөлөн гүйцэтгэгчтэй харилцах этгээдийг томилоогүй байхад тус яамыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдэд өгсөн байдаг, энэхүү гэрээ нь бичиг хэргийн бүртгэлд ороогүй байсан.
Мөн Голомт банкны 325DOCPF241437 дугаартай 23,700,000 (хорин гурван сая) төгрөгийн төлбөрийн үүрэг бүхий гүйцэтгэлийн баталгааг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн огноотой ирүүлсэн /мөн л албан бичгээр ирүүлээгүй/ байгаа нь өөрийн илт буруутай үйлдлийн улмаас захиалагч гэрээ байгуулахаас татгалзах нөхцөлийг үүсгэсэн.
Тендерийн хуулийн 30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” гэж заасан хугацаа нэгэнт өнгөрсөн энэ нөхцөлд гэрээ байгуулсан тохиолдолд 41.1.5-д заасан энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй гэрээ нь илт хууль бус байх нөхцөл үүсэхээр байсан тул захиалагчийн зүгээс гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б: “Би 10 дугаар сарын 23-ны өдөр төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 11 дүгээр сарын 11-ний өдөр дарга нар хоорондоо солигдсон. 11 дүгээр сарын сүүлээр буюу 20-д гаргаад Ч.О******* надад “Д******* т*******” ХХК-тай холбоотой материалууд буюу нэг тал нь баталгаажсан гэрээг, гүйцэтгэлийн баталгаатай хамт хүргүүлсэн. 11 дүгээр сарын 21-ний өдөр гүйцэтгэгчээс нэмэлт тендер ирүүлсэн төсөвтөө захиалагч хяналтын төсвийг тусгаагүй. 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулж баталгаажуулж албан бичгээр ирүүлсэн байдаг. Гэрээ байгуулахтай холбоотой гэрээ байгуулах тушаал гарсны дараа гэрээнд холбогдох хүмүүс нь гарын үсгээ зурах эрх зүйн үндэслэл үүсдэг. Гэрээ байгуулах эрх олгох, тушаал гаргах процесс дунд гүйцэтгэлийн баталгаа гэрээтэйгээ хамт ирээгүй. 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд гүйцэтгэлийн баталгаа нь ирсэн учраас тушаал гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манайх жил болгон аудит ордог. Өмнөх жилийн аудитаар ийм нөхцөл байдал үүсээд холбогдох мэргэжилтнүүд нь арга хэмжээ авхуулж байсан учраас цаг хугацааны хувьд хуульд нийцсэн байдлаар гэрээ байгуулах шаардлага үүссэн.” гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн хугацаа тодорхойлсон ганц заалт байгаа. Энэ заалтыг бид нар барьсан. Үүний дагуу 30 дугаар зүйлийн 30.1-д гэрээг баталгаажуулж эх хувиар эсхүл цахим системээр захиалагчид ирүүлнэ гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа захиалагч гэдэг нь Ч.О******* биш. Ч.О******* бол үнэлгээний хорооны нарийн бичиг байгаа. Гүйцэтгэгч үнэлгээний хорооны гишүүдтэй биечлэн уулзах хориотой байдаг. Энэ агуулгаа зөрччихсөн байна. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 8.2-т нийлүүлэгчтэй гэрээ байгуулахад ерөнхий нөхцөлийн заалтыг заана. Талууд харилцан болбол харилцан бие биедээ мэдэгдлээ өгсөн бол биечлэн хүлээлгэн өгч энэ талаар хүлээн авсан огноо тэмдэглэлийг үндэслэнэ. Гэтэл захиалагчид ямар нэгэн огноо тэмдэглэл байхгүй. Захиалагч гэдэг шууд захирагч буюу төрийн нарийн бичгийн дарга шийдвэрүүдээ гаргасан. Түүнээс Ч.О*******, Г.Б биш. Албан хаагчтай холбоотой зүйл ярьж байгаа нь буруу байх гэж бодож байна. Захиалагч өөрийн тогтоосон хугацаанд шийдвэр гаргаад энэ хугацаагаа баримтлаад гэрээ байгуулах эрх мэдэгдлээ өгсөн. Гэтэл энэ хугацааг нь гүйцэтгэгч мөрдөөгүй. Хуульд өөр захиалагчийг хамгаалсан хугацаа байхгүй. Нэхэмжлэгч тал тендерээ 30-аас дээш хоногийн хугацаанд хүчинтэй гээд хоног нь тодорхойгүй байгаа учраас энэ маргаанаа хэзээ ч хамаагүй гаргаад явах боломжтой байсан гэдэг агуулга гарч байна. Түүнчлэн захиалагч энэ төсөл дээр гэрээ хийхгүй байх үүднээс төсөвт задаргаа хийсэн гэдэг агуулга өмнө нь ярьж байсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан. Бид нар 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гарсныг мэдээгүй байсан. Төсвийн шууд захирагч өөрийн эрх хэмжээний хүрээнд төсөв гаргах эрхээ хэрэгжүүлээд багцуудыг задалсан. Энэ багцыг энэ жил хэрэгжүүлэхгүй. Учир нь Төсвийн тухай хуульд заасны дагуу мөнгө нь татагдсан гэдэг байдлыг хариу тайлбартаа зааж өгсөн байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр хууль ёсны бодит нөхцөлд хэрэгжих боломжтой гарах ёстой гэж бодож байна. Мөн гүйцэтгэгч хугацаагаа өөрсдөдөө давуу байдлаар тайлбарлаад захиалагч хугацаагаа тайлбарлахаар биш гээд байгааг эсэргүүцэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр нэмэлт тайлбар байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зарласан “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” ЦХХХЯ/20241******* дугаартай багц-11 дүгээр тендер сонгон шалгаруултад оролцож, хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дугаартай гэрээ байгуулах эрх олгожээ.
2. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг хүргүүлэхэд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга өөрчлөгдсөн шалтгаанаар засвар оруулахыг шаардаж, дахин 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр /2024 оны 11 дүгээр сарын 14-ний огноотой/ гэрээг, гүйцэтгэлийн баталгааны хамт хүргүүлжээ.
3. Хариуцагчаас дээрх гэрээнүүдийг ирүүлсэн талаар маргадаггүй, харин албан бичгээр ирүүлээгүй, гүйцэтгэлийн баталгааг гэрээний хамт хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй гэж тус тус маргадаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд гаргах шийдвэрийн төрлүүдийг хуульчилж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана” гэж тус тус заажээ.
4. Тухайн тендерийн үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгаруулж, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн, нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг хариуцагчид хүрүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа хүргүүлэх хуулийн хугацаанд багтаж байна.
5. Хэдийгээр тухайн өдрийн гэрээ болон ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийг хариуцагчаас шаардахад гэрээ бүртгэгдээгүй хэдий ч гэрч Ч.О*******ы шүүх хуралдааанд мэдүүлсэн “гэрээг ирүүлж байсан, дарга өөрчлөгдсөн шалтгаанаар засварт буцаасан” гэх мэдүүлэг, мөн маргаан бүхий захиргааны акт болох Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдэлд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ ирүүлж байсан талаар дурьдсан байх тул гэрээг хуульд заасан хугацааны дотор ирүүлсэн гэж үзэхээр байна.
6. Харин тендер шалгаруулалтын зааварчилгааны 37.1-д “хуулийн 42.1-д заасан тохиолдолд гэрээ байгуулах эрх авсан оролцогч тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлнэ” гэж заасан хэдий ч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дүгээр мэдэгдэлд баталгааг ирүүлэх хугацааг заагаагүй, дурдаагүй атлаа гэрээнд гүйцэтгэлийн баталгааг хавсаргаж хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй.
7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид баталгаа ирүүлэх хугацааг заагаагүй, тодорхой мэдэгдээгүй атлаа гэрээг анх ирүүлэхдээ баталгаа ирүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
8. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана” гэж заасан нь гэрээ байгуулж дуусах хугацааг тодорхойлоогүй, харин тендер сонгон шалгаруулалтыг хийж, үнэлгээ өгөх хугацааг тодорхойлсон тул гүйцэтгэлийн баталгааг гэрээний хамт дээрх хугацаанд ирүүлээгүй гэх татгалзал мөн үндэслэлгүй.
9. Даалгах нэхэмжлэлийн тухайд, тухайн тендер хэд хэдэн удаа зарлагдсан, нэхэмжлэгч дангаар оролцсон, сонгон шалгаруулалтын талаар хэргийн оролцогч нар маргадаггүй, гэрээг хуулийн хугацаанд хүргүүлсэн зэргээс дүгнэхэд итгэл хамгаалах зарчим зайлшгүй хамгаалагдах ёстой тул мөн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан “Д******* т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яаманд холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ