Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 51

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн М.Гт холбогдох 1830000670042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны харьяат, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 42-474а тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Немон хийц ХХК-д техникч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЛД89082117 регистрийн дугаартай, Боржигон овгийн М.Г.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч М.Г нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хажуу” гэх газар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Баярсайханыг өөрийн төрсөн эгчтэй нь муудаж, эгч рүү нь дайрч давшлаад байхаар эгчийгээ өмөөрч түүний нүүрэнд цохиж эрүүл мэндэд “ зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт зүүн хөмсөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би аав, ээж, эхнэр, дүү нарын хамт хүргэн ахынх руугаа золголтоор яваад ирэхэд Алтансүх, Баярсайхан нар нь зодолдоод аавын гэрийн унийг унагаж, идээг нураасан байсан. Би тэр үед юм хэлээгүй. Тэгэхэд эгч нөхөр Баярсайханыг загнахад Баярсайхан согтуу машин унаад, 2 сартай хүүхдээ авч явна гээд байсан. Тэгээд би Баярсайханыг 1 цохисон... гэв.

- М.Гйн хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: Би 2018 оны 02-р сарын 18-ны 14 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р багийн нутаг Хажуу гэх газарт оршин суух аав Миеэсүрэнгийнд сар шинээр золгох гээд эхнэр Уянгаа охин Маргад нарын хамт ирсэн. Тэгээд 2018 оны 02-р сарын 19-ний өдөр 16.00 цагийн үед аав Миеэсүрэн ээж Цацралтмөнх, эхнэр Уянгаа, охин Маргад нарын хамт Мөнххаан сумын 1-р багийн нутаг Сэнс гэх газарт байх хүргэн ах Энхбаярынд золголтоор очоод орой 20.40 цагийн үед гэрт ирэхэд манай гэрийн бурхан, унь, тавгийн идээ буулгасан байсан. Тэгэхээр би мэдээгүй юм шиг дуугүй сууж байхад манай хүргэн ах Д.Баярсайхан нь эгч М.Ганчимэг рүү машины түлхүүр аваад ир гээд загнаж, дайрч, давшилаад байхаар би очоод эгчийгээ өмөөрөөд хүргэн ах Д.Баярсайханыг цохисон ” гэх мэдүүлэг /хх-09-10/, 

 

- Хохирогч Д.Баярсайханы хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тухайн өдөр буюу 2018 оны 02-р сарын 19-ний өдөр баз хүргэн Э.Амарсайны төрсөн өдөр болж байсан. Тухайн үед хадам аав Миеэсүрэн хадам ээж Цацралтмөнх хадам дүү М.Г нар айл руу явсан байсан. Тэгээд баз хүргэнүүд болох Э.Амарсайн, Алтансүх, Эрдэнэчулуун бид 4 “Сайн сархад” нэртэй 0.75 литрийн архийг хувааж ууж байтал Алтансүх нь надтай ноцолдож байгаад хадам аав Миеэсүрэнгийн тавгийн идээг нураасан юм. Тэгээд байж байтал гаднаас хадам Ганзориг орж ирээд Алтансүхийг чи одоо орж унт л даа гээд Алтансүхийг аваад гарсан. Тэр үед би эхнэр М.Ганчимэгээс машиныхаа түлхүүрийг өгчих гээд хэлхэд хадам дүү М.Г гаднаас орж ирээд та яаж байгаа юм гэж хэлээд намайг цохисон... гэх мэдүүлэг / хх- 06/, 

- Гэрч М.Ганчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 02-р сарын 18-ны 14 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р багийн нутаг Хажуу гэх газарт оршин суух аав Миеэсүрэнгийнд сар шинээр золгох гээд нөхөр Баярсайхан хүү Мөнх-Од, нарын хамт ирсэн. Тэгээд 2018 оны 02-р сарын 19-ний өдөр 16.00 цагийн үед аав Миеэсүрэн ээж Цацралтмөнх, дүү Ганзориг, бэр эгч Уянгаа, охин Маргад, дүү Ганпүрэв хүргэн Аптансүх хүүхдүүдийн хамт Мөнххаан сумын 1-р багийн нутаг Сэнс гэх газарт байх хүргэн ах Энхбаярынд золголтоор явсан байсан. Тэгээд би нөхөр Баярсайхан хүү Мөнх-Од нарын хамт гэртээ үлдсэн. Тэгээд манай хүргэн Амарсайны төрсөн өдөр гэхээр манай хүргэн Эрдэнэчулуун 1 шил архи гаргаж өгөхөөр нь Баярсайхан, Амарсайн, Эрдэнэчулуун, Алтансүх нар хувааж уусан. Тэгээд уугаад байж байтал манай нөхөр Баярсайхан нь Амарсайн, Эрдэнэчулуун, Алтансүх нарт би танай том байна та нар намайг хүндэл гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манай хүргэн Алтансүх нь манай нөхөр Баярсайхныг 1 удаа цохиод авсан. Тэгээд Алтансүх Баярсайхан нар хоорондоо муудаж байгаад манай аавын гэрийн тавгийн идээ, зурагтын тавиур зэргийг эвдлээд гэр буулгаад байхаар Амарсайн, Эрдэнэчулуун нар салгасан. Тэгээд манай нөхөр Баярсайхан над руу орж ирээд агсам тавиад танай дүү нар намайг хүндлэхгүй байна. Чи намайг нутагтаа авч ирээд дүү нараараа зодууллаа гэсэн. Тэгээд орой манай аав, ээж, дүү нар ирсэн тэр хооронд манай нөхөр Баярсайхан чи машины түлхүүр өг би хүүхдээ аваад явлаа гэхээр манай дүү М.Г нь уурлаж ирээд чи одоо манай аавын тавгийн идээ буулгадаг хэн бэ? гээд 1 удаа цохиод авсан, өөр зүйл болоогүй ... гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

  - Гэрч М.Ганпүрэвийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2018 оны 02-р сарын 18-ны 14 цагийн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р багийн нутаг Хажуу гэх газарт оршин суух аав Миеэсүрэнгийнд сар шинээр золгох гээд нөхөр Алтансүх охин Дөлгөөнзаяа, Энхзол нарын хамт ирсэн. Тэгээд 2018 оны 02-р сарын 19-ний өдөр 16.00 цагийн үед аав Миеэсүрэн ээж Цацралтмөнх, ах Ганзориг бэр эгч Уянгаа, охин Маргад, нарын хамт Мөнххаан сумын 1-р багийн нутаг Сэнс гэх газарт байх хүргэн ах Энхбаярынд золголтоор очоод орой 20.40 цагийн үед гэрт ирхэд манай аавын гэрийн бурхан, унь, тавгийн идээ булгасан гэрт зодоон болсон байсан.Тэгээд манай хүргэн ах Д.Баярсайхан нь эгч М.Ганчимэг рүү машины түлхүүр аваад ир гээд загнаж, дайрч, давшилаад байсан. Тэгээд манай ах М.Г нь эгч М.Ганчимэгийг өмөөрөөд очоод чи болиоч гээд 1 удаа цохисон тэгээд эгч Ганчимэг, бэр Уянгаа нар салгасан өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-12/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.23-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Д.Баярсайханы биед зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт, зүүн хөмсөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/

 

- Эмнэлгийн тодорхойлолт. 2018.02.21 /хх-16/,

 

- М.Гйн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-35/,

 

- М.Гйн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/,

 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018.03.05-ны өдрийн 95 тоот тодорохойлолт /хх-29/,

 

- Мөнххаан сумын М.Дугаржавын нэрэмжит ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2018.03.05-ны өдрийн 26 тоот тодорохойлолт /хх-30/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 27 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-41/, 

 

- Д.Баярсайханы Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-36/,

 

- М.Гйн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-40/ зэрэг болно.

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

  Шүүгдэгч М.Г 2018 оны 02 дугаар сарын 19-ний оройн 20.40 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хажуу” гэх газарт аав Миеэсүрэнгийн гэрт хүргэн ах Д.Баярсайханыг өөрийнх төрсөн эгчтэй нь муудаж, дайрч давшилсан шалтгаанаар нүүрэнд цохиж эрүүл мэндэд “ зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт зүүн хөмсөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 

- шүүгдэгч М.Гйн “  Би аав, ээж, эхнэр, дүү нарын хамт хүргэн ахынх руугаа золголтоор яваад ирэхэд Алтансүх, Баярсайхан нар нь зодолдоод аавын гэрийн унийг унагаж, идээг нураасан байсан. Би тэр үед юм хэлээгүй. Тэгэхэд эгч нөхөр Баярсайханыг загнахад Баярсайхан согтуу машин унаад, 2 сартай хүүхдээ авч явна гээд байсан. Тэгээд би Баярсайханыг 1 цохисон ” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Баярсайханы “ 2018 оны 02-р сарын 19-ний өдөр баз хүргэн Э.Амарсайны төрсөн өдөр болж байсан. Тэгээд баз хүргэнүүд болох Э.Амарсайн, Алтансүх, Эрдэнэчулуун бид 4 “Сайн сархад” нэртэй 0.75 литрийн архийг хувааж ууж байтал Алтансүх нь надтай ноцолдож байгаад хадам аав Миеэсүрэнгийн тавгийн идээг нураасан юм. Тэр үед би эхнэр М.Ганчимэгээс машиныхаа түлхүүрийг өгчих гээд хэлэхэд хадам дүү М.Г гаднаас орж ирээд та яаж байгаа юм гэж хэлээд намайг цохисон ” гэх, 

  - Гэрч Гэрч М.Ганпүрэвийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай хүргэн ах Д.Баярсайхан нь эгч М.Ганчимэг рүү машины түлхүүр аваад ир гээд загнаж, дайрч, давшилаад байсан. Тэгээд манай ах М.Г нь эгч М.Ганчимэгийг өмөөрөөд очоод чи болиоч гээд 1 удаа цохисон “ гэх,

  - гэрч М.Ганчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай хүргэн Амарсайны төрсөн өдөр гээд Баярсайхан, Амарсайн, Эрдэнэчулуун, Алтансүх нар хувааж уусан. Манай нөхөр Баярсайхан нь Амарсайн, Эрдэнэчулуун, Алтансүх нарт би танай том байна та нар намайг хүндэл гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манай хүргэн Алтансүх нь манай нөхөр Баярсайхныг 1 удаа цохиод авсан. Тэгээд Алтансүх Баярсайхан нар хоорондоо муудаж байгаад манай аавын гэрийн тавгийн идээ, зурагтын тавиур зэргийг эвдлээд гэр буулгаад байхаар Амарсайн, Эрдэнэчулуун нар салгасан. Орой манай аав, ээж, дүү нар ирсэн тэр хооронд манай нөхөр Баярсайхан чи машины түлхүүр өг би хүүхдээ аваад явлаа гэхээр манай дүү М.Г нь уурлаж ирээд чи одоо манай аавын тавгийн идээ буулгадаг хэн бэ? гээд 1 удаа цохиод авсан ” гэх мэдүүлгүүд,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.23-ны өдрийн 113 дугаартай “ 1.Д.Баярсайханы биед зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт, зүүн хөмсөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна “шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

М.Гйн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй хийгээд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. 

 

           Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь хохирогч Д.Баярсайханы согтуурсан үедээ эхнэрлүүгээ дайрч, давшилсан зүй бус үйлдэлтэй холбоотойгоор үйлдэгдсэн нь гэрч М.Ганчимэг, М.Ганпүрэв нарын мэдүүлэгүүдээр хэрэгт тогтоогдоно. 

М.Г нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогч Д.Баярсайханы нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

          

          Иймд шүүгдэгч М.Гйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хийгээд тухайн  хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Баярсайхан нь түүнтэй “ эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй “ талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.

          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч М.Гйг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          М.Г нь хохирогчийн согтуурсан, эхнэрлүүгээ дайрч, давшилсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Гйн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх “ Надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэх /хх- 36/ хүсэлтийг хэрэгт гаргасан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тнэцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоолоо.          

         

М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овгийн М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гйг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  4. Ялтан М.Гт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН