| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0043/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 57
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Хохирогч Б.С,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Мд холбогдох 1830000830053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн харьяат, 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг Грийн таун хотхоны 4-20 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ЛЮ89121579, Боржигон овгийн О.М.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.М нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн Ниссан ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хойноосоо урагш чиглэлтэй 4 дүгээр тойргийн замаар явж байсан Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ниссан ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Сын эрүүл мэндэд нь “ тархи доргилт, баруун 5, 6, 7-р хавирга, зүүн 1-р хавирганы хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан миний мэдүүлэг үнэн зөв байна. Би хотод улирлын чанартай барилгын ажил хийдэг. Торгуулийн арга хэмжээг багасгаж өгнө үү. Би машин зээлээр авсан. Зээлээ төлж дуусаагүй байсан юм. Би хохирогчид эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. гэв.
- Яллагдагч О.Мийн: Би 99-07 УНС улсын дугаартай саарал өнгөтэй, жолооны хүрд нь баруун гар талдаа Ниссан ноте маркийн автомашинтай юм. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр уг авто машинаа жолоодоод урд талын суудалд Сүхбаатар нь хүү Хангайгаа өвөр дээрээ аваад суучихсан, арын суудалд Сүхбаатарын эхнэр болох Энхмөнх нь охин Хулангийн хамт суусан байдалтай Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамжаар баруунаас зүүн чиглэлд сайжруулсан шороон замаар хөндлөн гартал сайжруулсан шороон замаар хойд зүгээс цагаан өнгөтэй ачааны авто машин ирээд миний машины зүүн гар талаас мөргөсөн. Үүний улмаас миний машинд сууж явсан Сүхбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Миний хувьд төв замын автомашинд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс уг осол гарсан гэж үзэж байгаа юм. Надад зам тээврийн ослын дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 105/
- Хохирогч Б.Сын: Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим эхнэр Энхмөнх, хүү Хангай, охин Хулан болон хамаатны дүү Мөнхдэмбэрэл нарын хамт түүний машинтай гэр рүүгээ явж байгаад Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22 дугаар гудамжнаас гарч ирэхэд хойноосоо урагшаа явж байсан Пронтер маркийн машин манай машины зүүн талаас мөргөсөн юм. Тухайн үед би жолоочийн дэргэд хүү Хангайг өвөр дээрээ аваад бүсээ бүслээд сууж явсан. Арын суудал дээр эхнэр охин хоёр жолоочийн арын суудал дээр сууж явсан юм. Миний хажуу талын хаалганаас машин мөргөхөд би хүүгээ тэврээд ухаан алдсан. Нэг сэрэхэд эмнэлгийн машин ирээд машинд суугаад явж байсан. Манай машин 22 дугаар гудамжаар явахдаа 20 орчим км цагийн хурдтай явсан. Миний баруун талын 3 хавирга, зүүн талын 1 хавирга хугарсан. Эхнэрийн тархи доргиж, шанаанд нь хагарсан хаалганы шил зоогдсон байсан. Харин хоёр хүүхдийн биед учирсан гэмтэл шарх байхгүй, одоо ч гэсэн гүйж харайгаад л тоглоод явж байгаа юм. Пронтер маркийн машин гудамжнаас дөнгөж гарахад харагдаагүй байсан мөртлөө зам руу ороод ирэх үед гэнэт гарч ирээд бид нарыг мөргөсөн. Тийм болохоор их хурдтай явсан байх гэж бодож байна. Яг хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
- Гэрч Э.Доржготовын: Би хамаатан Чулуунбаатар ахын эзэмшлийн Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашинтай Чулуунбаатар ахтай хоёулаа Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 26 дугаар гудамж 17 тоот хашаанаас гараад урагшаа шороон замаар явж байтал гэнэт баруун талын гудамжнаас саарал өнгийн суудлын автомашин гарч ирэхээр нь тоормосоо гишгэсэн чинь халтирч очоод уг автомашиныг мөргөчихсөн юм. Тухайн осол болох үед би 30 км цагийн хурдтай явсан. Тухайн зам нь цастай халтиргаа гулгаатай байсан. Цаг агаарын нөхцөл гадаа тогтуун цэлмэг цаг агаартай байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангиллын №434124 дугаартай эрхийн үнэмлэх байгаа. Би дээрх саарал өнгийн суудлын автомашиныг хараад шууд тоормос гишгэсэн боловч гулгаж очоод мөргөлдсөн. Тэгээд л удалгүй эмнэлгээс эмч ирж үзээд тухайн автомашинд сууж яваад гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан. Зам тээврийн ослоос шалтгаалж миний болон ах Чулуунбаатарын биед учирсан гэмтэл байхгүй. Харин суудлын автомашинд явсан эхнэр, нөхөр, 2 хүүхэд эмнэлэг рүү хүргэгдсэн. Жолооч нь гайгүй байх шиг байсан. Осол болохоос өмнө миний жолоодож явсан Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашины урд хэсгээр тухайн суудлын автомашиныг мөргөсөн болохоор урд хэсэг нь бага зэрэг чихэгдсэн. Өөр ямар эвдрэл учирсныг сайн мэдэхгүй байна. Төв замаар намайг явж байхад тухайн суудлын автомашин зам тавьж өгөөгүйгээс энэ осол гарсан гэж үзэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 18/
- Гэрч О.Чулуунбаатарын: Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баруун-Урт сумын 8 дугаар баг Хайлаастын гудамжинд байдаг хамаатан Доржготовын гэрээс Доржготовоор өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодуулаад би дэргэд нь суугаад урагшаа явж байтал баруун талын гудамжнаас саарал суудлын автомашин гэнэт гарч ирэхдээ манай машины урдуур орж мөргүүлээд замын цасан дээр гулгасаар яваад замаас гарсан юм. Тэгээд л удалгүй эмнэлгийн автомашин ирээд тэр машин дотор байсан хүмүүсийг эмнэлэг рүү аваад явсан юм. Тухайн осол болох үед 30 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн зам нь нэлэнхүйдээ халтиргаа гулгаатай байсан. Цаг агаарын нөхцөл гадаа цэлмэг тогтуун цаг агаартай байсан. Зам тээврийн ослоос шалтгаалж миний биед учирсан гэмтэл байхгүй. Би энэ Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашиныг 2016 онд Асгат сумын харьяат Өсөхбаяр гэдэг хүнээс 8 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгээд шилжүүлгээ хийлгээгүй байсан юм. Осол болохоос өмнө Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй хэвийн байсан. Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашины зүүн талын урд салхины шил хагарсан, баруун талын толь хугарсан, зүүн талын толь хагарсан, урд гуперны дээд хэсэг бага зэрэг дотогш муруйж, гуперны хоёр талын захын хэсэг салсан, баруун урд талын их гэрэл мултарч, дохионы гэрэл нь хагарсан байсан. Надад Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашины эвдрэлд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
- Гэрч Э.Энхмөнхийн: Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутын үед хамаатны дүү Мөнхдэмбэрэлийн машинтай манай нөхөр Сүхбаатар, манай хоёр хүүхэд болох 7 настай Хулан, 3 настай Хангай нарын хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22 дугаар гудамжаар баруунаас зүүн тийшээгээ өөрийн гэр рүүгээ явж байсан юм. Тэгтэл гудамжнаас гарч зам руу ороод замын дунд ороод явж байтал хойноос гэнэт цагаан өнгийн ачааны машин манай машиныг мөргөсөн юм. Тэр үед би ухаан алдаад юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Тухайн осол болох үед манай машин зөөлөн удаан явж байсан юм. Тухайн зам нь нэлэнхүйдээ цастай байсан. Цаг агаарын хувьд цэлмэг тогтуун цаг агаартай байсан. Ослоос шалтгаалж миний биед зүүн шанаа, чих, гаранд шилний хагархай орсноос гэмтсэн, тархи доргисон. Өөр гэмтэл байхгүй. Манай хоёр хүүхдийн биед учирсан гэмтэл шарх байхгүй юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ: 1.Б.Сын биед тархи доргилт, баруун 5, 6, 7-р хавирга, зүүн 1-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 23/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ: 1.С.Хангайн биед толгойн чамархайд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 60/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ: 1.Э.Энхмөнхийн биед тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 41/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтдээ: О.Мээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэжээ. /хх-ийн 70/
- Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэд: Ниссан ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Оюунбилэг овогтой Мөнхдэмбэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Энх-Амгалан овогтой Доржготов нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Жолооч О.М нь Н.Ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Баруун-Урт 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хойноосоо урагш чиглэлтэй 4 тойргийн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 88/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 3/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 4/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 5/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /6-8/
- О.Мийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/
- О.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-108/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн Засаг даргын 2018.03.12-ны өдрийн 4/219 дугаартай тодорхойлолт /хх-107/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2-р бүрэн дунд сургуулийн 2018.03.12-ны өдрийн 4/219 дугаартай тодорхойлолт /хх-107/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 31 дугаартай Прокурорын санал /хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар /хх-122/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 5/07 дугаартай хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-121/
- Яллагдагч О.Мийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-43- 45/
- “Ашид билгүүн” ХХК-ний 2018.03.12-ны өдрийн 565 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-97-98/
- “Ашид билгүүн” ХХК-ний 2018.03.12-ны өдрийн 563 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-94-95/
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч О.М нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын гудамжны 22 гудамжаар өөрийн эзэмшлийн Ниссан ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон баруунаас зүүн тийш чиглэлтэй явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчин хойноосоо урагш чиглэлтэй 4 дүгээр тойргийн замаар явж байсан Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Ниссан ноте маркийн 99-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Сын эрүүл мэндэд “ тархи доргилт, баруун 5, 6, 7-р хавирга, зүүн 1-р хавирганы хугарал ” бүхий хүндэвтэр хохирол, иргэн Э.Энхмөнхийн эрүүл мэндэд “ тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал ” бүхий хөнгөн хохирол, С.Хангайн эрүүл мэндэд “ толгойн чамархайнд зулгарсан шарх” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- шүүгдэгч О.Мийн “ Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 99-07 УНС улсын дугаартай Ниссан ноте машинаа жолоодоод урд талын суудалд Сүхбаатар нь хүү Хангайгаа өвөр дээрээ аваад, арын суудалд Сүхбаатарын эхнэр болох Энхмөнх нь охин Хулангийн хамт суусан байдалтай Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамжаар баруунаас зүүн чиглэлд сайжруулсан шороон замаар хөндлөн гартал сайжруулсан шороон замаар хойд зүгээс цагаан өнгөтэй ачааны авто машин ирээд миний машины зүүн гар талаас мөргөсөн. Үүний улмаас миний машинд сууж явсан Сүхбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан. Миний хувьд төв замын автомашинд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс уг осол гарсан гэж үзэж байгаа юм. Надад зам тээврийн ослын дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд, тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,
- хохирогч Б.Сын “ Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим эхнэр Энхмөнх, хүү Хангай, охин Хулан нарын хамт хамаатны дүү Мөнхдэмбэрэлийн машинтай гэр рүүгээ явж байгаад Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22 дугаар гудамжнаас гарч ирэхэд хойноосоо урагшаа явж байсан Пронтер маркийн машин манай машины зүүн талаас мөргөхөд би хүүгээ тэврээд ухаан алдсан.Миний баруун талын 3 хавирга, зүүн талын 1 хавирга хугарсан ” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Энхмөнхийн ” Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутын үед хамаатны дүү Мөнхдэмбэрэлийн машинтай манай нөхөр Сүхбаатар, манай хоёр хүүхэд болох 7 настай Хулан, 3 настай Хангай нарын хамт Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 22 дугаар гудамжаар баруунаас зүүн тийшээгээ гудамжнаас гарч зам руу ороод замын дунд ороод явж байтал хойноос гэнэт цагаан өнгийн ачааны машин манай машиныг мөргөсөн. Тэр үед би ухаан алдаад юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Ослоос шалтгаалж миний биед зүүн шанаа, чих, гаранд шилний хагархай орсноос гэмтсэн, тархи доргисон. Манай хоёр хүүхдийн биед учирсан гэмтэл шарх байхгүй юм “гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Доржготовын ” Би хамаатан Чулуунбаатар ахын эзэмшлийн Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашинтай Чулуунбаатар ахтай хоёулаа Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 26 дугаар гудамж 17 тоот хашаанаас гараад урагшаа шороон замаар явж байтал гэнэт баруун талын гудамжнаас саарал өнгийн суудлын автомашин гарч ирэхээр нь тоормосоо гишгэсэн чинь халтирч очоод уг автомашиныг мөргөчихсөн. Зам тээврийн ослоос шалтгаалж миний болон ах Чулуунбаатарын биед учирсан гэмтэл байхгүй. Харин суудлын автомашинд явсан эхнэр, нөхөр, 2 хүүхэд эмнэлэг рүү хүргэгдсэн. Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашины урд хэсгээр тухайн суудлын автомашиныг мөргөсөн болохоор урд хэсэг нь бага зэрэг чихэгдсэн. Төв замаар намайг явж байхад тухайн суудлын автомашин зам тавьж өгөөгүйгээс энэ осол гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Чулуунбаатарын: Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баруун-Урт сумын 8 дугаар баг Хайлаастын гудамжинд байдаг хамаатан Доржготовоор өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодуулаад урагшаа явж байтал баруун талын гудамжнаас саарал суудлын автомашин гэнэт гарч ирэхдээ манай машины урдуур орж мөргүүлээд замын цасан дээр гулгасаар яваад замаас гарсан. Зам тээврийн ослоос шалтгаалж миний биед учирсан гэмтэл байхгүй. Миний Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай автомашины зүүн талын урд салхины шил хагарсан, баруун талын толь хугарсан, зүүн талын толь хагарсан, урд гуперны дээд хэсэг бага зэрэг дотогш муруйж, гуперны хоёр талын захын хэсэг салсан, баруун урд талын их гэрэл мултарч, дохионы гэрэл нь хагарсан байсан. Надад Пронтер машины эвдрэлд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 3/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 4/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл.2018.03.05. /хх- 5/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /6-8/,
- “Ашид билгүүн” ХХК-ний 2018.03.12-ны өдрийн 565 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-97-98/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь О.Мийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, анхаарал болгоомжгүй явсантай холбоотой буюу тэрээр гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
О.М нь “ Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө ” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд гудамжнаас замд нийлэхдээ замаар яваа тээврийн хэрэгслийг ажиглалгүй, анхаарал болгоомжгүй явснаас уг осол гарч, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учирчээ.
Шүүгдэгч О.Мийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Э.Энхмөнх, С.Хангай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, тодорхойлоогүй болно.
Харин О.Мийн хохирогч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч О.Мд холбогдох дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч О.Мийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.С нь түүнтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн ба тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна.
О.М гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ст учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 700.000 төгрөг, Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай машинд учирсан хохиролд 620.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд хохирогч Б.С, О.Чулуунбаатар нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд тус тус мэдүүлжээ.
Пронтер маркийн 31-76 СҮА улсын дугаартай машинд учирсан хохирлыг хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий байгууллага болох Ашид билгүүн ХХК 2018.03.12-ны өдрийн 565 дугаартай тайлангаар 620.000 төгрөгөөр тогтоосон байна/ хх- 97/.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч О.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
О.Мийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардал, мөн Пронтер маркийн машинд учирсан хохирлыг тус тус нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Мийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний үйлдлээс хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн эрүүгийн хариуцлагын талаар прокуророос гаргасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахаар заагаагүй тул О.Мийн 979071 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Мд буцаан олгох нь зүйтэй байна.
О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Мийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.С, О.Чулуунбаатар нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн О.Мийн 979071 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
5. Ялтан О.Мд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН