| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0356/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0432 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б*******, /РД:ЛЮ850*******/,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Маргааны төрөл: Барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүргэж, хаяг дугаар олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Б*******туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага
1.Г.Б*******ээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж хаяг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэн иргэн Ч.Э*******ад 300 м.кв газрыг 15 жилийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амины сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.
2.2. Улмаар иргэн Ч.Э******* 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хотын төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1/. Миний бие Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Фредрик Шопены гудамжны хойд талд байрлах 178060******* нэгж талбарын дугаартай эзэмших эрх бүхий газарт хувийн амины орон сууц барьж ашиглалтад оруулсан. Уг газрыг миний бие С.Чимид-Осор гэх хүнээс худалдан авсан. Уг газартаа амины орон сууц барих зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авахаар Барилга, хот байгуулалтын яаманд хандахад 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн 3/5868 тоотоор зөвшөөрөл шаардахгүй барилга гэсэн хариу өгсөн. Миний зүгээс барилгыг барьж ашиглалтад оруулсны дараагаар Хот байгуулалт, стандартын газар хаяг авахаар хандахад МЗХ2018/03-33 дугаартай Амины орон сууцны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, технологийн горимд нийцүүлэн 2018 онд олгосон. Хот байгуулалтын зөвшөөрөлгүйгээр МЗХ2018/03-33 дугаартай даалгавраар олгогдсон барилгажих талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн холбогдох даалгаврыг зөрчсөн гэсэн үндэслэлээр дугаар олгохоос татгалзсан.
2018 онд архитектур төлөвлөгөөний даалгаврыг өмнө байсан эзэмшигч нь авсан ба миний бие худалдан авснаас хойш өөр зураг төслийн дагуу барилга барьж Барилга хот байгуулалтын яаманд хандахад барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл шаардахгүй гэсэн хариу авч барилгын ажлыг дуусгасан. Гэтэл ямар үндэслэлээр Хот байгуулалт, стандартын газар хаяг олгохгүй татгалзаж байгаа нь тодорхой бус байна.
Миний бие өөрийн эзэмшлийн газарт өөрийн хөрөнгөөр амины орон сууц барьж ашиглалтад оруулж үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой хаягжилтын дугаар авах хүсэлт гаргаж байхад үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Иймд 2025 оны 03-р сарын 18-ны өдрийн 07.05 дугаартай Хот байгуулалт, Хотын стандартын газрын Барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж хаяг дугаар олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Фредрик Шопены гудамжны хойд талд байрлах 178060******* нэгж талбарын дугаартай эзэмших эрх бүхий газарт барьсан хувийн амины орон сууцыг барилга хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол улсад амины орон сууж болон үл хөдлөх эд хөрөнгөд хаяг олгох, хаягжуулах үйл ажиллагаа нь хууль журмын дагуу заавал биелүүлэх шинж чанартай байдаг. Энэ үүргийг тодорхой субъектэд үүрэг болгож тодорхой эрх зүйн баримт бичгүүд гэж зохицуулагддаг асуудал. Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөх эзэмших ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно гэж заасан. Тэгэхээр заавал олгогдох шинж чанартай харагдаад байна. Өмчлөх эрхтэй газартаа иргэн Ц.Б******* нь тухайн хууль журамд нийцүүлэн барилга байгууламж барьсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн зөрчил гаргасан талаар захиргааны байгууллагаас зөрчлийн акт тавигдаагүй. Үүнтэй холбоотой эзэмших, захиран зарцуулах эрхээ цаашид баталгаажуулахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхэд хаягжуулалтыг заавал авсан байхыг шаарддаг. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газар хандсан байдаг. Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д замаар гудамж талбай үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг хуульд нийцүүлэн Засгийн газар батална. Үүнтэй холбоотой гудамж зам талбай үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам 2019 оны 325 дугаар тогтоол байгаа. Энэхүү журам нь гудамж талбай үл хөдлөх эд хөрөнгөд нэр дугаар олгох бүхий хаягийн мэдээллийн санд бүртгэх болон хаягжуулахтай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Уг журамд зааснаар хаягжуулах ажиллагааг тухайн шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна гэж байгаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2006 оны 269 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын гудамж зам талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох барилга байгууламж хаяг дугаар олгох асуудлыг зохицуулах зорилгоор батлагдаж энэхүү тогтоолоор Хот байгуулалт, хотын стандартын газар нь Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага байгаа. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1120 дугаар захирамжаар Улаанбаатар хотод амины орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгөд хаяг олгох үйл ажиллагаа Хот байгуулалт, хотын стандартын газар дурдсан хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ гээд үүрэг болгочихсон байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Хот байгуулалт, хотын стандартын газар ямар нэгэн үндэслэлгүйгээр татгалзаад байгаа. Захиргааны акт гаргах эрх бүхий субъект мөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан байгууллагад хамаарч байгаа. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны илт хууль бус акт гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаа. Хаягжилт олгохгүй байна гэдэг нь Ц.Б******* гэдэг иргэний эрх ашгийг ноцтой зөрчөөд байгаа. Ц.Б******* Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т төвөгшлийн зэргийг заасан гэж байгаа. Зөвшөөрөл шаардахгүй барилга гэж Барилга хот байгуулалтын яамнаас бичиг хийгдээд өгчихсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгаагаар Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд шаардахгүй ч гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар заавал авна гэдэг зүйл заалт байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа тохиолдолд улсын бүртгэлд холбогдох мэдээллийг бүртгүүлэх, хаягжуулах үүрэгтэй. Энэ нь иргэн Ц.Б*******ийн үүрэг байгаа. Үүргийнхээ хүрээнд эрх бүхий субъектэд хандсан. Эрх бүхий субъект үндэслэлгүйгээр татгалзсан. Тийм учраас захиргааны илт хууль бусаар гаргасан актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“...Иргэн Ц.Б*******ийн хувьд захиргааны акт гэж үзээд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/05 дугаартай албан бичгийг хүчингүй болгох гэж тодорхойлж байгаа. Энэ албан бичигт архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байна гээд алдаатай бичигдчихсэн байна. Гэхдээ даалгавраас хэтрүүлээд барьчихсан зөрчил гаргасан. Нөгөө талаас харахад хаягжуулалтын үйл ажиллагаа өөрөө Хаягжуулалтын тухай хууль мөн Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан Гудамж зам талбай үл хөдлөх хөрөнгийн баяжуулалтын журмыг удирдлага болгон үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү хууль болон журамд иргэн аж ахуйн нэгж нэгж талбартай тохиолдолд хаяг дугаар олгох ёстой. Гэтэл хаяг дугаараа олгоё гэхээр зөрчил нь арилаагүй учраас боломжгүй байгаа. Ийм учраас иргэн Ц.Б*******ийг зөрчлөө арилгаад, зөрчил арилсны дараа манай газраас хаяг дугаар олгоход асуудал байхгүй. Зөрчил арилгахын тулд ямар ямар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үйл ажиллагаа манай газар үзүүлсэн. Одоо шийдвэрлэе гэхээр хуульд нийцсэн норм хангагдахгүй байгаа нь гол асуудал байгаа. Ийм учраас архитектур төлөвлөлтийн даалгавартай гэж үзээд байгаа иргэн Ц.Б*******ийн тухайд даалгавар олгогдоогүй байна. Олгогдсон гэж үзсэн ч талбайн хэмжээнээс томруулаад барьчихсан байгаа учраас норм дүрэм хангахгүй байна.
Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэн иргэн Ч.Э*******ад 300 м.кв газрыг 15 жилийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амины сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.
2. Улмаар иргэн Ч.Э******* 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хотын төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектор төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.
3. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/159 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгж талбарын 178060******* дугаар бүхий 300 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2206001694 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 0000149027 дугаартай гэрчилгээг олгосон байна.
4.Нэхэмжлэгчээс “... миний бие худалдан авснаас хойш өөр зураг төслийн дагуу барилга барьж Барилга хот байгуулалтын яаманд хандахад барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл шаардахгүй гэсэн хариу авч барилгын ажлыг дуусгасан...” гэж, хариуцагчаас “...Хот байгуулалтын тухай хуульд зааснаар барилгажих талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн зөрчлийг арилгасны дараа Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгох боломжтой” гэж тус тус маргажээ.
5. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/05 дугаар албан бичгээр “...Хот байгуулалт асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр, МЗХ2018/03-33 дугаартай даалгавраар олгогдсон барилгажих талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийг холбогдох заалтуудын зөрчсөн байна...” гэх хариуг иргэн Ц.Б*******т өгчээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх;” гэжээ.
6. Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/5858 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “таны амины орон сууц нь зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байна” гэх хариуг хүргүүлжээ.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт” гэж тус тус заажээ.
7. Дээрхээс дүгнэвэл Архитектор төлөвлөлтийн даалгавар нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний нэг хэсэг бөгөөд түүнийг батлуулаагүй, өмнөх эзэмшигчийн батлуулсан Архитектор төлөвлөлтийн даалгавраас өөрөөр барилгыг барьсан гэх үндэслэлээр хаягжилт олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй байна.
Учир нь нэгэнт зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн тухайд Архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулахыг шаардах нь зохимжгүй бөгөөд хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд ч амины орон сууцны тухайд заавал Архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулахыг шаардаагүй байна.
Мөн Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно” гэжээ.
8. Дээрх хуулийн зорилго нь гудамж, талбай, хашаа, үл хөдлөх хөрөнгө бүр байршлын хаягтай байхаар хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл зөрчилтэй эсэхээс үл хамаарч байршлын хаягтай байх бөгөөд хэрэв зөрчилтэй гэж үзвэл эрх бүхий албан тушаалтны албан шаардлага, шийтгэл ногдуулах зэргээр зөрчлийг арилгах боломжтой тул дээрх үндэслэлүүдээр татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/05 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгохыг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ