Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

      2024             1           9                                            2024/ДШМ/61                       

 

      М.Бт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч М.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2308000000895 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М.Б

 

            Шүүгдэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 3-1 тоотод байрлах хохирогч Э.Тын эзэмшлийн машин засварын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч батерей, дрилл 3 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, дижитал цоож 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Тд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эхнэр бие муутай, дунд охин маань хөл, гарын эмгэгтэй тул надаас өөр гэр бүлээ тэжээн тэтгэх хүн байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2012 дугаартай захирамжаар шүүгдэгч М.Быг эрэн сурвалжилж хэргийг түдгэлзүүлсэн байдаг. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч М.Быг олж, 461 дүгээр ангид хорьсон. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, мөн гэм буруу дээрээ маргаагүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үйл баримт тогтоогдсон. Прокуророос 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 743 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш шүүхийн шатнаас шүүгдэгч М.Б нь оргон зайлсан. Түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлуудыг шүүх дүгнээд түүнд 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүхээс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн байсан боловч шүүгдэгч М.Б нь 2008, 2009, 2014, 2020 онуудад ял шийтгүүлж байсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч М.Б нь 2023 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 3-1 тоотод байрлах хохирогч Э.Тын эзэмшлийн машин засварын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан нэвтэрч батерей, дрилл 3 ширхэг, цахилгаан тасдагч 1 ширхэг, дижитал цоож 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Тд 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Э.Тын “... манай гражийг 2023 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө ухсан байсан бөгөөд 20оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагийн орчимд граж дээр хулгай орсон талаар мэдсэн. Улмаар цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзчихээд явсан бөгөөд тэр орой буюу 2023 оны 5 дугаар саырн 3-ны орой 20 цагийн орчимд М.Б согтуу байшингийнхаа урд байхад нь таарч гражаас эд зүйл алдсан талаар асуухад М.Б нь “би авсан” гэж хэлсэн бөгөөд улмаар дүү Нямдавааг дуудаж гэрийг нь онгойлгуулахад миний алдагдсан гэх багажнаас 3 ширхэг батерей дрилл, 1 ширхэг цоож байсан бөгөөд тэр даруйдаа буцаагаад авсан. Харин цахилгаан тасдагч нь байгаагүй бөгөөд зараад архи авч уусан. Улмаар дүү Нямдаваад Б нь картаа өгч 150.000 төгрөг бэлэн гаргаж надад өгсөн. ...2023 оны 5 дугаар сарын 3-ны орой 21 цагийн орчимд М.Баас хуучин 3 ширхэг батерей дрилл, хуучин 1 ширхэг дижитал байшингийн цоож, хуучин цахилгаан тасдагч зэргийг бүрэн бүтэн хүлээж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Миний өөрийн хуучин 1 ширхэг цахилгаан тасдагч дутуу байсан бөгөөд тэрийг өөр хүнд зарчихсан гэж хэлээд надад бэлэн 150.000 төгрөгийг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /14-15, 18-19/,

            М.Бын яллагдагчаар өгсөн “... тэгээд орой 22 цагийн орчимд өөрийн гэрээс гарч хөрш айлын зүүн талын онгорхой хашаагаар ороход эзэнгүй граж байсан ба тухайн гражийн зүүн талын үзүүрийн жижиг хуучин модон цонхыг газраас жижиг труба авч хагалж орсон. Тэгээд граж дотор дундын тавиур дээр цахилгаан баган өрөөстэй байхаар нь нүдэнд харагдсан хуучин 3 ширхэг батерей дрилл, 1 ширхэг цахилгаан дрилл зэргийг авч цонхоор гарсан. ... Би тэгээд гэртээ оруулж өөрийн байшингийн үүдний амбаарт оруулж тавьчихаад тухайн шөнө гэртээ амарсан. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 10 цагийн үед сэрээд үүдний амбаараас том цахилгаан тасдагч аваад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төвийн ойролцоо танихгүй хүнд цахилгаан тасдагчийг 50.000 төгрөгөөр өгсөн. ... Тд цахилгаан тасдагчийн мөнгө 150.000 төгрөгийг өгсөн. Би архины халуундаа хөрш айлын гражаас хулгай хийсэн. ...” /хх 25, 50, 95/ гэх мэдүүлгүүүд,

            “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 3354, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3441 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-38, 40-41/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд хохирогчийн машин засварын үйл ажиллагаа явуулдаг гражийн цонхыг хагалан орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхитэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч М.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ бага, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Бын гаргасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг төлсөн, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.      

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1355 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

     3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

           ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ