Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00397

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 309/ШШ2025/00397

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Транскапитал ББСБ” ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэг 13 695 005 төгрөг гаргуулах  тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахим/

Хариуцагч ******* /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *******, ******* нар нь "Транскапитал" 2120201220******* 71 дугаар "Зээлийн гэрээ", "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 8 500 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “Тоёота Королла Румион" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, мөн Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 900 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил бүртгүүлэн, барьцаалж хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу 8 удаагийн зээлийн эргэн төлөлтийг дутуу төлж, дахин төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7 173 074 төгрөг, xүү 5 420 359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 084 072 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17 500 төгрөг, нийт 13 695 005 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *******, ******* нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 1,007 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 8 удаагийн төлөлтийг дутуу хийсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 700 000 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-д " Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг Транскапиталд өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх", 3.2.4-д" Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг Транскапиталын анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх" гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд *******, ******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тээврийн хэрэгсэл олдохгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэх боломж үлдээд байна. Иймд хариуцагч *******, ******* нараас 13 695 005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Пүрэв-Очир овогтой нь “Транскапитал ББСБ” -нд *******УБХ Rumion маркийн авто машинаа барьцаалж зээл 8 500 000 төгрөг авсан бөгөөд тухайн жилдээ 8 сая төгрөг болтол төлөлт хийсэн болно. Тухайн үед төрсөн ах ******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тухайн үеийн асуудал зөвхөн надад хамааралтай тул би 10 сая төгрөгийг төлөлт хийж хаах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 сарын 28-ны өдөр “Транскапитал ББСБ” -аас Toyota Rumion маркийн авто машиныг барьцаалан нь 8 500 000 төгрөгийн зээлийг авсан. миний бие тус зээлийн хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. 2025 оны 01 сарын 15-ны өдөр шүүхээс нэхэмжлэл ирсэн гэж дуудсан. Миний бие тус зээлийг төлөх чадваргүй тул үндсэн зээлдэгч *******гээс зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:

“Транскапитал ББСБ” ******* улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх 3-р тал/, *******д олгосон итгэмжлэл /хх 4-р тал/, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх 5-7-р тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 8-р тал/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 9-10-р тал/, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх 11-13-р тал/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 14-р тал/, *******ийн жолооны үнэмлэхний хуулбар /хх 15-р тал/, “Транскапитал ББСБ” ******* албан бичгийн хуулбар /хх 16-р тал/, “Транскапитал ББСБ” ******* анхааруулах хуудас /хх 17-р тал/, “Транскапитал ББСБ” ******* эрсдэлтэй зээлдэгчийн маягт /хх 18-р тал/, нотариатын зардал /хх 19-р тал/, зээлийн хүүний тооцоо /хх 20-р тал/, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 138/ШЗ2024/03879 дугаартай шүүгчийн захирамж /хх 21-22-р тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” нь хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13 695 005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартай, хамтран хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндсэн зээлдэгч *******г төлөх ёстой  гэж маргадаг.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 13 695 005 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ-аас хариуцагч нар нь 2022 оны 02 сарын 28-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 8 500 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болох нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг олгосон ба зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* нь 10 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, хариуцагч ******* нь энэ зээлд хамтран хариуцагч тул төлөхгүй, ******* төлөх үндэстэй гэж маргадаг.

Шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч шүүх хуралдааны товийг хариуцагч *******д 2025 оны 04 сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна.

Хариуцагч ******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх ба нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг түүний эзгүйд, цугларсан баримтын хүрээнд шийдвэрлүүлэхээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалтай болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох тооцоололтой маргадаггүй боловч хариуцагч ******* нь 10 000 000 төгрөг төлөхийн зөвшөөрсөн, өмнө нь зээлд 8 000 000 төгрөг төлсөн тул зээлийн хэмжээг багасгаж өгөх талаар хариу тайлбартаа дурдсан байна. Гэсэн хэдий боловч зээлийн гэрээгээр талууд хүү тохирсон, хүүгээ төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирсон байх тул хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13 695 005 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Хамтран хариуцагч ******* шүүх хуралдаанд цахимаар оролцсон ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.3Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

Иймд хариуцагч *******ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байх тул хариуцагч нараас 13 695 005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 226 430 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл, зээлийн хүү 13 695 005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” -д олгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 226 430 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ