Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 49

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогтой Э-гийн Л-д холбогдох эрүүгийн 1835000730059 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 5-р баг 05-05 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОД73121351, Ш ургийн овогтой Э-гийн Л.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Э.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 

                  хохирогч Ц.Б-ын: “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орой 19 цагийн үед нагац ах Л /Ж/ ахын гэрт очиход Л ах ганцаараа гэртээ халамцуу архи уусан байдалтай байсан. Би Л ахтай золгохдоо нэг шил архи авч очсон. Л ах босоод надад цай хийж өгөөд мах чанасан бөгөөд тэдний гэрт хагас шил “Их Монгол” нэртэй архи байснаас надад хийж өгсөн. Тэгээд бид хоёр тэр архийг уух зуурт хоол /мах/ болсон. Л ах махаа гаргаад хар иштэй хутга авч ирээд намайг “Хоол ид” гэж хэлээд бид хоёр мах идээд байж байтал Л ах миний авч очсон архийг задлаад бид хоёр тэр архийг уунгаа нилээн зүйл ярьсан. Тухайн үед цаг нилээн оройтсон байсан тул би Л ахад “Танайд хоноод явна” гэж хэлэхэд “Тэг тэг” гэж хэлэхээр нь би хэвтэх гээд хувцсаа тайлж байтал Л ах “Наашаа суу” гэхээр нь би суугаад юм ярьж байтал мах идсэн тавган дээрээс хар иштэй хутга аваад над руу далайсан. Тэр үед би янз бүрийн юм хэлэхгүй “Л ахаа болиорой” гэхэд Л ах дахиад миний гарын зүүн шуу хэсэгт хутгаар хүрэх шиг болсон. Тэгэхэд миний зүүн гарын шуу хэсгээс цус гарахаар нь Л ах босоод ариун цэврийн цаас авч ирээд цус гарч байсан хэсгийг дарсан. Тэгээд би гарах гэж байгаад Л ахаас айгаад орон дээр нь жаахан суусан. Тэгээд Л /Ж/ ах баруун талын орон дээрээ хэвтэнгүүт би гэрээс нь гараад Цагдаагийн хэсэг рүү очиж цагдаад болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд цагдаа намайг эмнэлэгт хүргэх шиг болсон. Тэрнээс хойшхи зүйлийг сайн санахгүй байна. Надад одоо Л ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл эдгэрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн  17-18/,

                  хохирогч Ц.Б-ын дахин өгсөн: “Л /Ж/ ах хар иштэй хутгаар миний гарын зүүн хэсэг зүссэн. Тухайн өдөр бид хоёр хамтдаа 1 шил архи хувааж уунгаа  эхнэр авах талаар ярилцаж байсан. Тэгтэл Л ах надад хандан “Чамайг тэр хүүхэн тоохгүй, чи бид хоёрын авгай авна гэж юу байдаг юм” гэх зэргээр уурлаж надтай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “Та яахаараа ингэж байдаг юм. Би яагаад эхнэр авахгүй гэж, яагаад намайг тоохгүй гэж байгаа юм” гэж хэлээд сууж байтал гэнэт над руу уурлаад миний зүүн гар хэсэгт зүсэх шиг болсон. Бид хоёр тухайн үед эмэгтэй хүнээс болж маргалдаж ийм асуудалд хүрсэн юм. Би Л ахыг зодсон, цохисон зүйл байхгүй. Тэрнээс хойш бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Тухай бүр хийгдэж байгаа эмчилгээг, эм тарины үнийг Л /Ж/ ах төлж байгаа. Өдөрт нэг боолт хийлгэж, эм ууж байгаа. Өөр эмчилгээ хийгдэхгүй байна. Одоогоор миний биед өвдөх зүйл байхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Бид хоёр хамаатан садан хүмүүс тул энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

                  гэрч Д.М-ын “Би 2018 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих өдөр Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд гэртээ байж байтал манай ээлжийн сувилагч залгаад “Эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирлээ” гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд эмнэлэг дээр очиход ухаангүй, орчиндоо харьцаа сул, хэвтрийн байдалтай, асуусан асуултанд хариулахгүй, зүүн гарын шуу орчмоос нь цус гарсан байдалтай эрэгтэй хүн ирсэн байсан. Тэгээд тайвшруулах, өвчин намдаах, цус тогтоох, хэсэг газрын өвчин намдаах, зүрхний цохилт буулгах эмчилгээ хийж 4 оёдол тавьсан. Эмчилгээ хийгээд 40 минутын дараа ганц нэг үг хэлж эхэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “Зүүнговь сумын 5-р багт оршин суудаг Ж-гийн гэрт золгох гээд ороход намайг хутгалчихлаа” гэж хэлсэн тул би хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

                  гэрч Б.М-ын “Би 2018 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих өдөр Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар жижүүрт гарч албан үүргээ гүйцэтгэж байтал Зүүнговь сумын хэсгийн төлөөлөгч нэг эрэгтэй хүн дагуулаад Эрүүл мэндийн төвд орж ирсэн. Тэгээд “Энэ хүн хутгалуулсан байна” гэж хэлэхээр нь харахад зүүн гарын шуу хэсгээс нь цус нэлээн гарч байхаар нь эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээн аваад анхны тусламж үзүүлээд Эрүүл мэндийн төвийн их эмч Д.М эмчийг дуудсан. Д.М эмч ирээд зүсэгдсэн хэсэгт 4-5 оёдол тавьсан. Тухайн хутгалуулсан хүн эмчилгээ, оёдол хийсний дараа ганц нэг үг хэлж эхэлсэн бөгөөд “Зүүнговь сумын 5-р багт оршин суух Жингээ гэх хүн намайг хутгаллаа” гэж хэлж байсан. Ж нь манай сумын хүн тул би танина. Ж гэдэг хүний  жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

                  Увс аймгийн Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвийн эмч Д.М-ын бичсэн Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 29/,

                  шүүгдэгч Э.Л-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 02 дугаар сарын 25-ны орой би гэртээ байж байтал миний зээ дүү Б  манай гэрт “Тантай золгох гэж ирлээ” гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед би жаахан архи уучихсан байсан бөгөөд миний хөл өвдөөд байхаар нь би ганцаараа “Их Монгол” нэртэй архи задлаад 2 хундага уусан байсан. Б орж ирээд надтай золгоод би босож бэлэн цай байснаас хийж өгсөн. Мөн чанасан мах халаагаад тавганд хийж өгөөд хар иштэй төмөр хутга тавьж өгсөн. Тэгээд миний задлаад ууж байсан “Их Монгол” нэртэй архи дуусаагүй байхад Б-ын авч ирсэн “Их Монгол” нэртэй архийг задалсан. Тэгээд бид хоёр уг архийг ууж байхад Б Зүүнговь сумаас эхнэр авах талаар ярьж, олон хүний нэр хэлээд байсан бөгөөд Зүүнговь суманд амьдардаг Д гэх айлын У гэх эмэгтэйг эхнэр болгож авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэр эмэгтэй чамайг тоохгүй. Чи бид хоёрын авгай авна гэж юу байхав” гэх зэргээр жаахан маргасан. Тухайн үед бид хоёрын аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтолтой байсан учир дээрх асуудлыг ярьж маргасан. Тэгээд би мах идэж байсан хар иштэй хутгаараа Б-ын зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн байсан. Яг юу болоод өнгөрснийг би тодорхой санахгүй байна. Нэг мэдэхэд Б “Та намайг зүсчихлээ” гэж хэлээд хажуунаас босоод явчихаар нь би ариун цэврийн цаас аваад зүсэгдсэн хэсгийг нь боох гэтэл Б “Зүгээр дараад хэвтчихье” гэж хэлэхээр нь би Бд ор засаж өгчихөөд унтсан. Тэгээд нэг сэрээд харахад Б манай гэрээс гараад явчихсан байсан тул би араас нь гарч яваад ах М-ийн гэрт очиж Б-ыг асуухад “Б эмнэлэгт байгаа. Бие нь зүгээр та харьж амар” гэхээр нь би гэртээ ирээд унтаж амарсан. Удалгүй намайг сумын цагдаа дуудаж сэрээгээд цагдаагийн байр луу аваад явсан. Б бид хоёр ямар ч хэрэггүй зүйлээс болж маргалдаж би түүнийг хутгаар зүссэн асуудалдаа маш их гэмшиж байна. Дахин архи уухгүй, дахин хүнтэй муудалцахгүй гэдгээ амлаж байна. Би өөрийн ээжийн хамт амьдардаг. Энэ асуудлаас болж ээжийн маань санаа маш их зовж байгаа. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, миний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө мөнгө, орлого гэх зүйл байхгүй. Намрын улиралд хааяа газар тариалангийн ажил хийж хэдэн төгрөг олдог юм. Бд учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №168 дугаартай: “Үзүүлэгч Ц.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гарын шууны дотор талд 3,5 см хэмжээтэй зүсэгдсэн шарханд оёдол тавьж, боолт хийгдсэн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц их үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Э.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Э.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  2. Шүүгдэгч Э.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Э.Л бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                   

                  Шүүгдэгч Э.Л нь Увс аймгийн Зүүнговь сумын 2-р багт өндөр настай ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр бүлэгт хамаардаг өрх болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Зүүнговь сумын Өгөөмөр багийн засаг дарга С.Тогтохбаярын 2018.03.07-ны өдөр гаргасан 49 тоот тодорхойлолт, Зүүнговь сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтэн  Д.Алтантуяагийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.               

                Шүүгдэгч Э.Л нь хохирогч Ц.Б-аас уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нь төлж барагдуулсан, хохирогч Ц.Б нь шүүгдэгч Э.Л-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Э.Л нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал , улсын яллагч нийтэд тустай ял оногдуулах санал  гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Э.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Л-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                     

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Ш ургийн овогтой Э-гийн Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Шүүгдэгч Э.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Л-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ,

                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН