| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0027/З |
| Дугаар | 110/ШШ2025/0050 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 110/ШШ2025/0050
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ш.Ж, улсын байцаагч, дотоод аудитор М.Ж нарын хоорондын А.А илүү авсан гэх урамшууллын мөнгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, Т.Байгонах, хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ш.Ж, улсын байцаагч, дотоод аудитор М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-05/01 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актын ...балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4 770 137 төгрөгийг А.Аээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч маргаж буй асуудлаар Монгол Улсын Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж, маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байх ба дээд шатны албан тушаалтнаас 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/1120 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн гомдолд хариу өгснөөр шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
2.1. Манай байгууллага 2024 онд аймгийн төрийн үйлчилгээний байгууллагууд дотроос “Аймгийн аварга байгууллага”-аар шалгарч бусад байгууллагуудыг хошуучлан ажилласан аймгийн тэргүүний байгууллагуудын нэг бөгөөд Соёлын яамны дүгнэлт, үнэлгээгээр ч орон нутгийн музейнүүдээс тэргүүний жишиг музейгээр тооцогдож, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа байгууллага юм.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар багтлагдсан урамшуулал олгох журам, урамшууллын механизмыг улсын байцаагч нарт ойлгуулан тайлбарласан боловч хүлээж авахгүй, үг сонсохгүйгээр миний 2023, 2024 онд авсан урамшууллын шагналт цалин болон балансын цалин, ажил хөдөлмөрөөр аймгийн “Аварга байгууллага”-аар шалгарч, Засаг даргын гаргасан А/210 захирамж, үнэлгээний журмын 11.4-ийг үндэслэн авсан улирлын урамшууллуудад акт бичсэн.
Аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу оны эхний болон сүүлийн хагас жилд байгууллагуудын ажлын гүйцэтгэлийн тайланг хагас, бүтэн жилээр жилд хоёр удаа бичгээр авч дүгнэдэг журамтай.
Миний бие тус журмын 6.5 дахь заалтын дагуу аймгийн Музейн 2023, 2024 онуудын үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр журамд заасан хугацаанд /06 дугаар сарын 10, 12 дугаар сарын 10-ны дотор/ хүргүүлэн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст дүгнүүлэн журмын 6.5.1 буюу Засаг даргаар батлуулсан Музейн 2023, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэн ба “Маш сайн” гэсэн үнэлгээгээр ажлаа дүгнүүлсэн. Аймгийн Засаг даргаас урамшуулал олгох захирамж жилдээ хоёр л удаа гардаг ба нэг удаагийнхаар нь 2 улирлын урамшууллын асуудал шийдвэрлэгддэг. Аймгийн Музейн ажлын дүгнэлтээр 2023, 2024 онуудад 4 удаа ажлаа дүгнүүлэхдээ /жилдээ “Хангалттай үр дүнд хүрсэн” буюу “ Маш сайн” гэсэн үнэлгээг авч 3 удаа/ Засаг дарга, Засаг даргын Тамын газрын дарга, холбогдох хэлтсийн удирдлагуудын гарын үсэг зурж, тамга дарагдсан үнэлгээний хуудсаар баталгаажуулж байсан.
Би 2023, 2024 онуудын эхний болон сүүлийн хагас жилд урамшуулал олгохоор шийдвэрлэгдсэн материалуудыг үндэслэн цалингийн урамшууллуудыг улирал тус бүрээр, захирамжийн хавсралтад заасан хувиар авч байсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.2-т заасны дагуу улирал бүрийг тухайн хэмжээгээр тооцож авахаар ойлгож, оны эхний болон сүүлийн хагас жилд нэг удаад хоёр улирлын урамшууллыг захирамжийн хавсралтад заасан хувиар тооцож авч байсан.
2.1.1 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн балансын урамшуулал 932.617 төгрөгийн тухайд:
2023 оны 06 дугаар сард төсвийн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн тайлагнаж, жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр “өөрчлөлтгүй” дүгнэгдсэн учир Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэн нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 932 617 төгрөгийн балансын мөнгөн урамшуулал авсан. 2023 оны эхний хагас жилд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалттай хэрэгжүүлэн “А” буюу маш сайн“ гэсэн үнэлгээгээр дүгнүүлсэн.
2.1.2. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн үр дүнгийн урамшуулал 692.780 төгрөгийн тухайд:
2023 оны хагас, бүтэн жилд 2 удаа нийт 4 улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлэн 93 оноо буюу А” үнэлгээгээр дүгнүүлж, үр дүнгийн урамшуулал авах болзлыг хангасан тул 2023 оны 12 дугаар сарын цалин олголтоор Засаг даргын тамгын газрын харьяалах хэлтсээс ажил дүгнэсэн хуудсыг баталгаажуулсан бөгөөд оны эцэс болж гүйлгээ хаах үе байсан учир цалинг тооцон олгож байх чиглэл өгсөн. Нэгэнт “Маш сайн” буюу А” үнэлгээгээр үнэлгээ өгч дүгнэлт гарсан үед заримдаа бодит шалтгаанаар урамшууллаа тооцуулж байх аймгийн Засаг даргын зөвшөөрлийг /уулзах болон утсаар/ авч байсан. Журмын дагуу Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс хариуцан урамшууллын захирамжийг хугацаандаа гаргах учиртай тул 2023 оны сүүлийн хагас жилд 3, 4 дүгээр улирлуудын ажлын гүйцэтгэлийг 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлангаа холбогдох хэлтсүүдэд өгч дүгнүүлж, үнэлгээний хуудсаа Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, хэлтсийн даргаар батлуулж, урамшуулал авах болзлыг хангасан учир 3, 4 дүгээр улирлын урамшуулал авсан.
2023 оны 12 дугаар сард гарах ёстой захирамж 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр /А/51 тоот захирамж/ гарсныг би мэдээгүй, сүүлд мэдсэн. Хариуцсан хэлтсээс тухайн үед хугацаанд нь гарсан гэж ойлгож оны эцэс байсан учир цалингийн хамт урамшууллаа журам ёсоор улирал тус бүрийг 40 хувиар авсан.
Гэвч хяналтаар миний нэг улирлын урамшуулал болох /үндсэн цалингийн 40 хувь/ 692 780 төгрөгийг акт болгож бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэг удаад хоёр улирлын ажлын гүйцэтгэлийг тайлагнасан учир хийсэн ажлынхаа дагуу журам ёсоор хоёр улирлын урамшууллыг авах ёстой гэж үзэж байна.
Тус захирамжийг 2023 оны эцсээр гаргах, мөн захирамж төлөвлөлтөд миний 2 улирлын ажлыг “хангалттай" гэж дүгнэчхээд “3, 4 дүгээр улирлуудын” гэж тодорхой бичээгүй нь миний буруу биш учир хариуцсан хүний буруугаас болж би хохирох ёсгүй гэж үзэж байна.
Миний үүрэг бол ажлаа заасан хугацаанд чанартай удирдан зохион байгуулж хийж гүйцэтгэх, хугацаандаа тайлагнаж хангалттай дүгнүүлэх юм.
2.1.3. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шагналт цалин болох 1 621 000 төгрөгийн тухайд:
2024 оны ажлын үзүүлэлтээр аймгийн бусад байгууллагуудыг хошуучлан “Оны аварга байгууллага”-аар шалгарч, энэ талаар аймгийн Засаг даргын 2024 оны А/210 тоот захирамж гарсан. Аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 11.4-т “Шалгарсан байгууллагуудын дарга нарыг сарын үндсэн цалингаар урамшуулна. Уг мөнгийг тухайн байгууллагын төсвөөс гаргана.” гэж тодорхой заасан учир 1 621 000 төгрөгийн нэг сарын шагналт цалинг 2024 оны 05 р сарын 18-ны өдөр авсан. Аймгийн Засаг даргын оны аварга байгууллагаар шалгаруулан гаргасан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/210 тоот захирамжийг авч үзэхгүйгээр надад акт бичсэнд би гомдолтой байна.
2.1.4. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн урамшууллын 810 500 төгрөгийн тухайд:
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын тайланг харьяалагдах хэлтэст бичгээр өгч 95 оноо буюу “Маш сайн” гэсэн үнэлгээгээр ажлаа үнэлүүлж, урамшууллын болзлыг хангасан учир 1, 2 дугаар улирлын 810 500 төгрөгийн урамшууллыг журам ёсоор авсан. Харьяалах хэлтсээс ажлаа “хангалттай буюу үр дүнтэй” дүгнүүлсэн байгууллагуудын урамшууллын захирамжийг хариуцан хугацаанд нь гаргаж байсан тул би захирамж нь гарсан гэж ойлгосон.
Урамшуулал авах тухай аймгийн Засаг даргын захирамжийг би өөрөө бичиж аваагүй, би урамшуулал авах ёстой учир аймгийн төрийн сангийн хэлтсээс зөвшөөрч, зохих мөнгийг бодож манай дансанд шилжүүлснийг акт тавьсан байцаагч аймгийн Засаг даргын захирамжийг би өөрөө бичиж, уг мөнгийг төрийн сангийн хяналтаас гадуур авсан мэт шударга бус хандаж, гэм зэмгүй намайг хохироож ажлаас маань ямар нэгэн алдаа олж халуулах бодлого барьсанд туйлын гомдолтой байна.
2.1.5. 2024 оны 12 дугаар сарын урамшуулал 713 240 төгрөгийн тухайд:
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2024 оны 3,4 дүгээр улирлуудын ажлыг холбогдох хэлтэст журмын дагуу өгч “Үр дүнд хүрсэн буюу хангалттай” үнэлгээгээр үнэлүүлж, урамшуулал авах болзлыг хангасан тул 2 улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг улирал тус бүрийг 40 хувиар тооцож, хоёр улиралд 80 хувийн урамшуулал авсан. Тухайн үед оны эцэс болж, төрийн сангийн гүйлгээ хаах гэж байсан, би холбогдох хэлтсээс урамшуулал авах захирамжийг хурдан гаргаж өгөхийг шаардахад байгууллагуудын ажлыг дүгнэж захирамжуудыг гаргаж байгаа талаар хэлсэн учир хамт олны хамт цалин олголтоор урамшуулал авсан. 2024 оны эцсийн 3, 4 дүгээр улирлын урамшуулал олгох аймгийн Засаг даргын Б/74 тоот захирамж гарсан боловч нэг улирлын урамшуулал болох 713,240 төгрөгийг акт бичсэн.
2.2. Актад аймгийн Засаг даргаар батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу жилд 4 улирлын ажлыг тайлагнан 2 удаа дүгнүүлж байсан учир “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу улирал бүрээр захирамжуудын хавсралт дахь хэмжээгээр урамшуулал авч байсныг дахин дурдаж байна.
2.3. Миний авсан урамшуулалтай холбоотой 2023, 2024 оны захирамжуудын хавсралтад нэр орхигдох, Засаг даргад харьяалалгүй босоо удирдлагатай байгууллагуудын нэрсийг захирамжид давхар оруулах, байгууллагуудын үнэлгээний хуудаст авсан дүгнэлтийн дагуу захирамжийг журамд заасан хугацаанд гаргаагүй, үг үсэг, төлөвлөлт, найруулгын алдаатай, журамд заасны дагуу нэг удаад хоёр улирлын ажлын тайланг өгч дүгнүүлж байгаа тул захирамжид улирлуудыг тодорхой зааж бичиж хянаагүй зэрэг хариуцсан хэлтсийн захирамж төлөвлөлтийн алдаа, дутагдлаас болж миний бие хохирох ёсгүй учир дээр дурдсан захирамжуудыг холбогдох хууль, журмын дагуу нөхөн гаргуулж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Аудитын газраас гарсан дүгнэлтийг үндэслэж, дээр үеэс эхлэн байгууллагын дарга, нягтлан нар балансын урамшууллаар шагнагдаж ирсэн. Нягтлан балансын урамшууллыг авах хүсэлтийг ирүүлсэн тул би тушаал гаргасан, харин өөрөө өөртөө ямар нэгэн тушаал гаргаагүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын сангийн сайдын 2006 оны 292 дугаар журам, аудитын байгууллагын дүгнэлтийн дагуу балансын урамшуулал надад олгогдсон. Засаг даргаас балансын урамшуулалттай холбоотой шийдвэр гараагүй. 2021 онд аймгийн Засаг даргаар А.Г гэдэг хүн ажиллаж байх үед захирамж гарч балансын урамшуулал авч байсан. Тэрнээс хойш аваагүй ба дараа нь 2023 онд энэхүү балансын урамшууллыг авсан.
3.2. Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажилчдад урамшуулал, нэмэгдэл олгох тухай 40 дугаартай тушаалыг гаргасан нь үнэн. Манай байгууллагын цалин Соёлын яамнаас ирдэг, ажилчид бүгдээрээ үр бүтээлтэй ажиллаж, ажлаа сайн дүгнүүлсэн ба нягтлан бодогч төсөвт байгаа урамшууллын зардлыг тооцоолж үзэхэд 17 ажилтанд 80 хувиар олгогдохоор төсөв байна гэдэг тооцооллыг гаргасны үндсэн дээр 16 ажилтан болон надад 80 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.
Тушаалын хавсралт тушаалыг гаргах үеэр гараагүй, дараа нь хавсралтыг гаргаад, гарын үсэг зуруулж, тамга даруулж, хавсаргасан. Би ч гэсэн миний нэр бичигдсэнийг анзаарсангүй. Тухайн үед би нягтлангаас “чи ямар учраас миний нэрийг оруулсан бэ” гэж асуухад “тушаалын ар талд урамшууллыг хэдэн хүнд, хэдэн төгрөг олгосныг ойлгомжтой болгохын тулд таны нэрийг бичиж, оруулсан.” гэсэн.
Би хугацаанд ажлаа дүгнүүлж, үнэлүүлсэн, оны эцэс болж байгаа учраас гүйлгээ хаагдана, бүх төсөв хаагдах учраас нягтлан бид хоёр ярилцаж байгаад миний ажлын үнэлгээг үндэслэж, ажилчдад 80 хувийн урамшууллыг олгохдоо надад мөн адилхан 80 хувийн урамшуулал олгогдсон.
3.3. 2023 оны эцсийн урамшуулалттай холбоотой захирамжийг Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байсан. Би үүнийг тухайн үед мэдсэнгүй, сүүлд мэдсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А/51 дугаартай захирамж гарах үед захирамжийн хавсралтад урамшууллын хэмжээг 47 хувиар тооцож зааж өгсөн. Би тухайн үед нягтланд “Засаг даргын захирамжаар надад 47 хувийн урамшууллыг бичсэн байна. Би 94 хувийн урамшуулал авах ёстой юм байна.” гэж хэлж зөрүү 14 хувийн урамшууллыг авах хүсэлтийг гаргасан. Нягтлан хүсэлтийн дагуу зөрүү 14 хувийн урамшууллыг олгосон нь үнэн. 47 хувийн урамшууллыг улирал тус бүр авах ёстой урамшууллын хэмжээ гэж ойлгож, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэж, авсан. Зөрүү 14 хувийн урамшууллыг он гараад авсан гэв.
3.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/210 дугаар захирамж гарсан. “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу өөртөө олгогдох ёстой урамшууллыг авсан. Журмын 11.4-т Засаг дарга тусдаа шийдвэр гаргана гэсэн заалт байгаагүй учраас уг урамшууллыг авахдаа Засаг даргын А/210 дугаартай захирамжийг үндэслэж авсан гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Байгонахийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.К гаргасан 3 захирамж болон дараа нь Засаг дарга Е.Зангарын гаргасан захирамжуудад сар, өдрийг нь солиод тавьчихсан байна. Хариуцагч тал урамшуулалттай холбоотой тусдаа захирамж гараагүй гэж тайлбарлаж байна. Уг захирамжид жишээлбэл, А.Ад үндсэн цалингийн 47 хувийн урамшууллыг олгоё, энэ мөнгийг тухайн байгууллагаас гаргах тухай заасан. Уг захирамжийн 2 дугаар заалтаар мөнгөний асуудал хаанаас гарч байгааг шийдэж байгаа учраас тусдаа захирамж гаргах шаардлагагүй гэж үзэж байна.
4.2. Хариуцагч нар “улирал бүр” гэдэг үгийг ойлгоогүй байх шиг байна. Уг журамд улирал бүр ажил дүгнэх гэж заасан. Холбогдох байгууллагаас байгуулсан үнэлгээний комисс ажлыг нь дүгнээд, урамшуулал олгох эсэх саналыг бичээд, тэрийг аймгийн Засаг даргад өгөөд, Засаг дарга нь хэлтсийн дарга М.А өгөөд, захирамж гаргах ёстой юм байна. А.Аийн хувьд 4 улирал ажлын үр дүнгийн урамшуулал авах болзлыг хангасан. Анхны гаргасан захирамжийн 2 дахь заалтад тухайн байгууллагын төсвөөс гаргуулах гэж тусгасан учраас урамшууллыг авсан.
4.3. Аймгийн аварга байгууллагаар шагнагдсан тохиолдолд босоо удирдлагаас асуудаг юм байна. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийг аймгийн Засаг дарга өөрөө шийддэг юм байна. Гэхдээ уг захирамжид тухайн шагналыг байгууллагын төсвөөс гаргасан. Үүнд, шагналын мөнгийг олгохыг Музейн ня-бо Ш.С даалгасугай, хяналт тавихыг М.А үүрэг болгосугай гэж дурдаж, мөнгө гаргах, үүрэг, даалгавар өгсөн тул биелүүлэх ёстой. Нэгэнт ажлаа дүгнүүлсэн, болзлыг хангасан, тухайн холбогдох газар нь дээшээ уламжлаад, аймгийн Засаг дарга захирамж гаргасан байхад нэхэмжлэгчийг буруутгаж болохгүй.
4.4. Хариуцагч тал нэхэмжлэгч А.Ад ашиг сонирхол байгаа эсэхийг судалж үзсэн гэж дурджээ. Аливаа хүний захиалгаар А.Аийн оронд өөр хүнийг томилохын тулд хийсэн ажиллагаа гэж үзэж байна. А.Ад нэг хүн “...сайн дураар ажлаа өг” гэж хэлсэн гэсэн. Иймд захиалгаар хийсэн болов уу гэж боддог.
4.5. Төрийн аудитын газар нь манай аймгийн хамгийн том төрийн байгууллага юм. Музейн 2022-2023 оны ажлыг маш сайн дүгнэсэн. Ажлаа сайн гэж дүгнэсэн атлаа байцаагч нар шалгаж, буруутгаж байна. Хэрвээ тухайн байгууллагын ажлын үр дүн 4 улирал 80 хувь хүрсэн тохиолдолд 4 улирлын урамшууллыг авах ёстой. Үүнийг цаашид бодох нь зүйтэй. Аймгийн Засаг дарга А.К ирүүлсэн нэмэлт тайлбартай та бүхэн танилцсан. Үүнд, улирал бүр ажлын үр дүнгээр урамшуулал олгохоор заасан байна гэж дурдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакений шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 932 617 төгрөгийг балансын урамшууллын мөнгө гэж авсан. Энэ мөнгийг авсан үндэслэл нь 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн тайлагнаж, жилийн эцсийн санхүүгийн тайланд “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт гаргаснаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд авсан. Төсөвт байгууллагууд жилийн эцэст аудитын дүгнэлт гаргуулаад, тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч нар бүгдээрээ жил болгон урамшуулал авдаг. Энэ жилээс эхлээд аймгийн Аудитын газраас дүгнэлт гараад, үүнийг таслан зогсоосон байна. Түүнээс өмнө уг урамшууллыг авч байсан. Үүнийг улирлын ажлын үр дүнгийн урамшуулалд хамаатуулаад акт тавьж байгаа нь буруу.
5.2. 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан 1 621 000 төгрөгийн урамшууллын хувьд Музейн байгууллагын 2023 оны ажлын үзүүлэлтийг үндэслэж байгууллагын үйл ажиллагааг дүгнэх журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/210 тоот захирамж гарсан. Энэ захирамжаар Улсын байцаагч нар акт тавихдаа Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан журмын 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн. Тогтоолын үндэслэл нь төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгоход уг журмыг баримтална гэж заасан. Иймд аудитын дүгнэлт, тэргүүний байгууллагаар шалгарсан урамшуулал дээр Засгийн газрын уг тогтоолыг баримтлаад, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй гээд буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх хоёр үндэслэлийг анхаарч үзнэ үү.
5.3. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан журамд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 442 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Уг тогтоолд ажлын үр дүн нь маш сайн ангилалд хамрагдсан төрийн албан хаагчид олгох мөнгөн урамшууллын хэмжээ сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан. 50 хувь гэдгийг 2023 оны сүүлээр тогтоосон зүйл байна. Гэхдээ нэг улиралд олгох урамшууллын дээд хэмжээ нь 50 хувь байна.
Аймгийн Засаг дарга улирлын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнүүлэх журам гаргасан, тэрний дагуу ажлаа дүгнүүлж, “А” үнэлгээг авч урамшуулал авах болзлыг нэхэмжлэгч хангасан. Нэгэнт ажлыг нь дүгнэсэн, тухайн жилийн санхүүгийн тайлан гаргах хугацаа дуусах гээд байсан, эрх бүхий албан тушаалтнаас тухайн хугацаанд урамшуулал олгох захирамжийг нь төлөвлөж өгсөн бол маргаан гарахгүй байх байсан.
Дээрх дурдсан захирамжуудын зарим дээр нь “... 1, 2 дугаар улирал” гэж, зарим дээр нь хэдэн улирлын урамшуулал болох нь тодорхой бус байна. Нэгэнт нэхэмжлэгч ажлаа журмын дагуу үнэлүүлж, болзол нөхцөлийг хангасан, зохих үнэлгээг авсан бол журмын дагуу урамшуулал авах ёстой. Акт тавих болсон гол үндэслэл нь аймгийн Засаг даргын захирамжийн асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
6. Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Нэхэмжлэгч А.А нь 2023 оны 6 дугаар сард нэг сарын цалинтай тэнцэх 932 617 төгрөгийг балансын урамшуулал гэж өөртөө тушаал гаргаж авсан нь хуулийн үндэслэлийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй бөгөөд шууд ашиг сонирхлын шинжтэй, хууль бус шийдвэр байна.
6.2. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн улирлын ажлын үр дүнгийн урамшуулал 692 780 төгрөгийн тухайд: 2023 оны 12 дугаар сарын цалин бодох үеэр А.А нь төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаал шийдвэр гараагүй байхад ажилчдын үр дүнгийн мөнгөн урамшуулалттай хамт өөртөө тушаал гарган үндсэн цалингийн 80 хувь буюу 1 179 200 төгрөг авсан, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргын А/51 дугаартай мөнгөн урамшуулал олгох тухай захирамж гарч, А.Ад нэг сарын үндсэн цалингийн 47 хувь буюу 692 780 төгрөг олгохоор шийдвэр гарсан байна. Гэвч А.А нь уг тушаалын 47 хувь гэснийг 2 дахин үржүүлж, 94 хувь буюу өмнөх авсан 80 хувийн зөрүү гэж 2024 оны 02 дугаар сард 206 360 төгрөгийг урамшуулал болгон 692 780 төгрөгийг илүү үндэслэлгүйгээр авсан
6.3. 2024 оны 5 дугаар сарын 18-ний өдөр авсан шилдэг байгууллагаар шалгарсны урамшуулал гэх 1 621 000 төгрөгийн тухайд: тус байгууллагыг 2023 оны шилдэг байгууллагаар шалгаруулсан ба шилдгээр шалгарсан байгууллагуудыг шагнаж урамшуулахаар 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/210 дугаартай Засаг даргын захирамж гарсан байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дугаартай захирамжаар батлагдсан орон нутгийн онцлогт нийцсэн аргачлал болох “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 11.4-т заасны дагуу байгууллагын дарга нарыг нэг сарын цалингаар шагнана гэснийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 621 000 төгрөгийг шагнал урамшуулал нэрээр тооцож авсан байна. Гэвч уг журмыг үндэслэж, Засаг даргын захирамж гараагүй ба яагаад захирамж гараагүй талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт үнэлгээ хариуцсан ажилтан Х.В тодруулахад, А.Ад нэг сарын цалингаар урамшуулах захирамжийн төслийг төлөвлөж, Засаг даргаар батлуулахаар өгсөн боловч Засаг дарга уг захирамжийг гаргахаас татгалзсан, гаргаж өгөөгүй гэсэн тайлбарыг өгсөн. Иймд уг журмыг үндэслэн шагналын мөнгө, төсвийг захиран зарцуулах Засаг даргын захирамж гараагүй байхад “шагналын мөнгө” гэх үндэслэлээр авсан 1 621 000 төгрөгийг Музейн захирлаар төлүүлэхээр акт тогтоосон болно. Мөн 2023 оны шилдэг байгууллагаар шалгарсан бусад байгууллагуудын дарга, захирлуудаас уг шагналын мөнгийг авсан эсэх талаар тодруулахад бүгд ерөнхий газруудын харьяа босоо удирдлагатай байгууллагууд байсан ба аймгийн Засаг даргаас шилдгээр шалгарсан байгууллагуудын дарга нарын шагналд зарцуулах төсвийг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт явуулсан, шагналын мөнгийг олгох, захиран зарцуулах талаар зөвшөөрөл шийдвэр өгөөгүй тул шагналын мөнгө аваагүй гэсэн хариу өгсөн болно.
6.4. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр улирлын ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөртөө үндсэн цалингийн 50 хувийн урамшуулал авах тушаал гаргаж 810 500 төгрөг гаргаж авсан.
6.5. 2024 оны ажлын үр дүнг дээд шатны байгууллагаас дүгнэж, дүгнэлт гаргаагүй байхад цалингийн 94 хувь буюу 1 523 740 төгрөгийн урамшууллыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бодож авсан ба дээд шатны байгууллагын шийдвэр нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сарын үндсэн цалингийн 50 хувийн урамшуулал олгохоор гарсан байна. Эндээс үзэхэд 44 хувь буюу 713 240 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авсан улирлын ажлын үр дүнгийн урамшуулал нэрээр илүү бодож авсан. Дүгнэхэд захирал А.А нь мөнгөн урамшууллыг дээд шатны албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр тушаал шийдвэр гараагүй байхад авдаг нь нотлогдож байна.
Иймд А.А нь Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно:”, 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;” гэснийг хэрэгжүүлэлгүй төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэргүйгээр дур мэдэн урамшуулал авсан тул санхүүгийн хяналтын улсын байцаагчийн акт тогтоосон болно гэжээ.
7. Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тоотын дагуу хяналт шалгалт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд улсын байцаагчийн акт тогтоосон. Урьд нь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгууллагын дарга, нягтлан бодогч нарт төрийн сангаас балансын урамшууллыг олгож байсан. Одоо ямар нэгэн балансын урамшуулал олгох эрх зүйн акт байхгүй, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэг сарын цалинтай тэнцэх 932 617 төгрөгийн балансын урамшууллыг аудитын байгууллагаас дүгнэлт гарсан учраас авсан гэдэг тайлбар өгсөн. Засаг даргаас А.Аийг урамшуулах ямар нэгэн шийдвэр гараагүй байдаг. Иймээс Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2, 1.2.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн.
Дээрх журамд урамшууллын хэмжээг үндсэн цалингийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан. Журамд заасан хэмжээнээс илүү давхардуулж гүйцэтгэлийн, улирлын ажлын, балансын урамшуулал гэх зэргээр нэг үзүүлэлтээр 3 удаа урамшуулал аваад байна.
7.2. А.А нь 2 улирлын ажлын үр дүнгийн урамшууллын захирамж нэг удаа гардаг гэж тайлбарлаж байна. Харин аймгийн Засаг даргын 2024 оны А/51 дугаартай захирамжид улирал болгон 47 хувийн мөнгөн урамшуулал олгох тухай заалт байхгүй. А.А өөрөө дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн Засаг даргын захирамжид 47 хувь гэснийг 94 хувь болгож урамшуулал авсан учраас акт тогтоогдсон.
7.3. Аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-д зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тухайн байгууллагыг шагнах захирамж гарсан байдаг. Уг мөнгийг байгууллагын дансанд авсан. Гэхдээ тухайн байгууллагын даргыг шагнах Засаг даргын захирамж гараагүй байхад 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр А.А нь нэг сарын цалин болох 1 621 000 төгрөгийг авсан байдаг. Үүнтэй холбоотой оны шилдэг байгууллагаар шалгарч байсан 4-5 байгууллагын дарга нартай холбогдож, асуухад бүгд босоо удирдлагатай байгууллагад байсан, Нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн төв, Татварын хэлтэс гэх мэт, аймгийн Засаг даргаас ерөнхий газруудад тодорхойлсон бичиг хийлгэж аваад, дээшээ явуулсан боловч дээд шатны ерөнхий газраас ямар нэгэн хариу, бичиг ирээгүй учраас шагнал аваагүй гэсэн хариу өгсөн. Журмын 11.4-т тусдаа шийдвэр гаргана гэсэн заалт байгаагүй гэдэг нь урамшуулал авах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
7.4. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр улирлын ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөртөө үндсэн цалингийн 50 хувь буюу 810 500 төгрөгийн урамшуулал олгох тухай тушаал гаргаж авсан. Үүнтэй холбоотой Засаг даргын ямар нэгэн холбогдох шийдвэр байхгүй, уг 50 хувийн урамшууллыг нийт ажилчдын хамт авсан.
7.5 2024 оны ажлын үр дүнг дээд шатны байгууллагаас дүгнэж, дүгнэлт нь гараагүй байхад 94 хувь буюу 1 523 740 төгрөгийн урамшууллыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бодож авсан ба дээд шатны байгууллагын шийдвэр 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу 8 хоногийн дараа үндсэн цалингийн 50 хувийн урамшуулал олгохоор гарсан. Иймд 44 хувь буюу 713 240 төгрөгийг илүү бодож авсан гэж үзсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
2. Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нараас Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.Аийн илүү авсан гэх урамшуулал болох нийт 4 770 137 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч 2023 оны 06 дугаар сард балансын урамшуулалд 932.617 төгрөг, мөн оны 12 дугаар сард улирлын ажлын үр дүнгийн урамшуулалд 692.780 төгрөг, 2024 оны 05 дугаар сард “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг үндэслэн 1. 621.000 төгрөг, мөн оны 6 дугаар сард улирлын ажлын үр дүнгийн урамшуулалд 810.500 төгрөг, 12 сард 713.240 төгрөг тус тус авсныг хууль бус гэж үзжээ.
3. Нэхэмжлэгчийн 2023 оны 06 дугаар сард авсан гэх 932.617 төгрөгийн балансын урамшууллын маргааны тухайд:
3.1. Төрийн албан хаагчид урамшуулал олгох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд дараах байдлаар зохицуулсан. Үүнд, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна: 51.1.1.үнэ бүхий зүйл дурсгах; 51.1.2.Монгол Улсын цол хүртээх, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх; 51.1.3.Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шагналд тодорхойлох; 51.1.4.улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох.”, 51.2-т “Энэ хуулийн ...51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар, 51.1.2-т заасан шагналд нэр дэвшүүлэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална.” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Нэгийн 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.”, 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: 1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;”, Хоёрын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно.” гэж тус тус заасан.
3.2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.А нь 2023 оны 6 сард нэг сарын үндсэн цалинтай тэнцэх 932.617 төгрөгийг балансын урамшуулал гэх үндэслэлээр авсан байх ба энэ талаар нэхэмжлэгчээс “...2022 оны санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр “өөрчлөлтгүй” гэж дүгнэгдсэн учир Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын Сангийн сайдын 2006 оны 292 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах тухай” журмыг үндэслэн балансын мөнгөн урамшуулал авсан. Сүүлд 2021 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар А.Г ажиллаж байх үед Засаг даргын захирамжаар балансын урамшуулал гэж авч байсан, 2023 оны 06 дугаар сард балансын урамшууллыг авах үед Засаг даргаас шийдвэр гараагүй. Нягтлан бодогч балансын урамшуулал авах хүсэлтийг оруулж ирсэн. Нягтлан бодогчид би дээр дурдсан хуулийг үндэслэж тушаал гаргасан, харин өөртөө ямар нэгэн тушаал гаргаагүй.” гэж,
Хариуцагч талаас “…дээд шатны байгууллага, албан тушаалтны ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөртөө шийдвэр гаргаж балансын урамшуулал авсан нь үндэслэлгүй бөгөөд ашиг сонирхлын шинжтэй. Урьд нь балансын урамшууллыг олгож байсан, одоо ямар нэгэн балансын урамшуулал олгох эрх зүйн акт байхгүй. Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-д заасан хэмжээнээс илүү ажлын гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал, балансын урамшуулал гэх зэргээр ажлын нэг үзүүлэлтээр 3 удаа урамшуулал авсан нь хууль бус” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3.3. Энэ талаар гэрч Баян-Өлгий аймгийн Музейн нягтлан бодогч Ш.С шүүхэд “Миний хувьд байгууллагын захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тушаалаар балансын урамшууллыг авсан. Тухайн үед захирал “..хууль журмын дээрх зохицуулалтын дагуу би балансын урамшууллыг адилхан авах ёстой, балансын урамшуулалд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг надад олгож өгөөрэй, шийдвэрийг нь аймгийн Засаг даргаас дараа нь гаргуулж өгнө гэж амаар хэлсэн. Бичгээр өөртөө тушаал шийдвэр гаргаагүй.
Тухайн үед би аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй тохиолдолд балансын урамшууллыг урьдчилан авч болохгүй, дараа нь акт тогтоож, санхүүгийн зөрчил болно гэж тухай бүрд сануулж байсан. Тэгэхэд Засаг даргын шийдвэрийг нөхөн гаргуулж өгнө гэж хэлсэн тул би 932 617 төгрөгийн балансыг урамшууллыг А.Ад олгосон нь үнэн. Гэхдээ сүүлд энэ хэмжээний балансын урамшуулал олгох талаар аймгийн Засаг даргаас шийдвэр гараагүй юм.” гэж мэдүүлсэн.
3.4. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Музейн 2022 оны санхүүгийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитаар “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан тус байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр[1] тогтоогдсон ба Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.” гэж заажээ.
3.5. 2006 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 22 дугаар зүйлийн 22.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.”, 22.3. “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журмыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 292 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ын Хоёрын 2.1-д “…төсөвт байгууллагын ерөнхий менежер нь “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны ажлыг дүгнэсэн шийдвэр гаргаж, байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан улирал бүр шагнаж болно.”,
2.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад олгох шагналын хэмжээг “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-д заасны дагуу тухайн байгууллагын ерөнхий менежер тогтооно.”,
Гурвын 3.1-д “Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтны ажлыг дүгнэхдээ дараах үзүүлэлтүүдийг ашиглаж болно: 3.1.2. Жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу гаргаж, санхүүгийн байгууллагад тушаасан байх, татвар, нийгмийн даатгалын байгууллагатай татвар, шимтгэлийн төлөлтийн талаар ямар нэгэн зөрчилгүй байх;” гэж,
3.6. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ерөнхий менежер тухайн байгууллагын албан хаагчид ажлын үр дүнгээр нь урамшуулал олгох эрхтэй.” 49.2-т “Урамшуулал олгоход дараахь зүйлийг харгалзана: 49.2.1.бүтээгдэхүүн нийлүүлэх, өөрийн буюу удирдаж байгаа ажилтнуудынхаа ажлын үр дүнг сайжруулахад тухайн албан хаагчийн оруулсан хувь нэмэр; 49.2.2. байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүн болон урсгал зардлын хэмнэлтийн хэмжээ. 49.3. Урамшууллын хэмжээ, хэлбэрийг ерөнхий менежер тогтооно.” гэж,
4 дүгээр зүйлийн 4.1.8-д “«төсвийн ерөнхийлөн захирагч» гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтныг;” , 4.1.9-д “«ерөнхий менежер» гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвийн байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий албан тушаалтныг;” гэж тус тус заасан байна.
3.7. Дээрх хууль, журмын холбогдох заалтуудад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу ерөнхий менежер нь нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудыг “…жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу гаргаж, санхүүгийн байгууллагад тушаасан байх, татвар, нийгмийн даатгалын байгууллагатай татвар, шимтгэлийн төлөлтийн талаар ямар нэгэн зөрчилгүй байх;” шалгуурыг үндэслэн урамшуулал олгох эрхтэйгээр зохицуулагдсан, уг зохицуулалтууд нь төсөвт байгууллагын ерөнхий менежер нь дээрх шалгуураар өөрийгөө шагнаж, урамшуулах агуулгагүй байх ба Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар, “Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ыг баталсан Монгол Улсын Сангийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 292 дугаар тушаал Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай “Хэм хэмжээ тогтоосон тушаалуудыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах тухай” тушаалын холбогдох хэсгээр тус тус хүчингүй болсон.
3.8. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.А нь 2023 оны 06 дугаар сард тус байгууллагын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлтийг үндэслэн эрх албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Засаг даргаас балансын урамшуулал олгох шийдвэр гаргаагүй байхад хүчингүй болсон Монгол Улсын Сангийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 292 дугаар тушаалаар баталсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ыг үндэслэн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний 932.617 төгрөгийн балансын урамшуулал авсан нь хууль бус байх ба энэ талаарх хариуцагч талын тайлбар, маргаан нь үндэслэлтэй байна.
3.9. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д зааснаар байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах нь төсвийн шууд захирагчийн үүрэг бөгөөд “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Хоёрын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу балансын урамшуулал авах эрхтэй гэж маргасан боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.” гэж заасан нь нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан тохиолдолд төсвийн шууд захирагч өөрийгөө урамшуулахыг зөвшөөрсөн заалт биш болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч дээрх байдлаар томилох эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр өөртөө балансын урамшуулах авахаар шийдсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” зохицуулалтад нийцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Нэгийн 1.2, 1.2.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан гэх 692.780 төгрөгийн улирлын ажлын үр дүнгийн урамшууллын маргааны тухайд:
4.1. “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Хоёрын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна. “, 2.3-т “Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана.” гэж заажээ.
4.2. Нэхэмжлэгчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/307, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/51 дугаартай захирамжууд болон хэргийн бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Музейн захирал А.А нь 2023 оны хагас, бүтэн жилийн байдлаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хоёр удаа “А” үнэлгээгээр дүгнүүлсэн байх ба эрх бүхий албан тушаалтнаас А/307 дугаар захирамжаар 2023 оны 1, 2 улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар, А/51 дугаартай захирамжаар сүүлийн хагас жилийн ажлын үр дүнд 47 хувийн урамшуулал олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Засаг даргын А/307 дугаар захирамжийн дагуу 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн авсан урамшуулалтай холбоотой талууд маргаагүй болно.
4.3. Маргааны үйл баримтын хувьд:
4.3.1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.Аийн албан тушаалын үндсэн цалингийн хэмжээ 2023 оны 12 дугаар сард 1 474 000 төгрөг байсан ба улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх А/51 дугаартай захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сард үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний 1 179 200 төгрөгийн урамшууллыг тус байгууллагын захирлын хувьд өөрийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай тушаалыг үндэслэн авсан байжээ.
4.3.2. Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай “Ажилчдад урамшууллын нэмэгдэл олгох тухай” тушаал нь тус байгууллагын нийт ажилтанд 2023 оны 3,4 дүгээр улирлын ажлын үр дүнгээр сарын үндсэн цалингийн 80 хувийн урамшуулал олгох агуулгатай байх ба тушаалын хавсралтад заасан нэр бүхий ажилчдын нэрсийн жагсаалтын 1-д “А.А, урамшуулал олгох хувь - 80%” гэж тусгагдсан байна.
4.3.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/51 дугаартай захирамж 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарч, Музейн захирал А.Ад 2023 оны сүүлийн хагас жилийн ажлын үнэлгээг үндэслэн сарын үндсэн цалингийн 47 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
4.3.4. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/51 дугаартай захирамж гарсны дараа захирамжид түүнд олгох урамшууллын хэмжээг сарын үндсэн цалингийн 47 хувь гэснийг 2-оор үржүүлж, 94 хувиар тооцож, 2023 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшуулалд 1 385 560 төгрөг авах эрхтэй гэж үзсэн байх ба энэ үнийн дүнгээс 2023 оны 12 дугаар сард урьдчилж авсан дээрх 1 179 200 төгрөгийг хасаж, зөрүү 206 360 төгрөгийг байгууллагын дараа оны буюу 2024 оны төсвөөс нэмж авсан байна.
4.3.5. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн авах 2023 оны сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллын хэмжээ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/51 дугаартай захирамжид тусгагдсанаар сарын үндсэн цалингийн 47 хувийн буюу 692 780 төгрөг тул 1 385 560 төгрөгийн урамшуулал бодож авсныг буруу гэж үзэж, зөрүү мөнгө болох илүү бодож авсан гэх 692.780 төгрөгийн урамшууллыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эдгээр үйл баримтууд хэргийн холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.
4.4. Нэхэмжлэгч дээрх байдлаар 2023 оны сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн урамшуулалд нэг сарын үндсэн цалингийн 94 хувьтай тэнцэх хэмжээний 1 385 560 төгрөг авсан үндэслэлээ “...2023 оны хагас, бүтэн жилд 2 удаа нийт 4 улирлын ажлыг дүгнүүлдэг. 2023 оны сүүлийн хагас жилд 3, 4 дүгээр улирлуудын ажлын гүйцэтгэлийг 12 дугаар сарын 10-ны дотор тайлангаа холбогдох хэлтсүүдэд өгч дүгнүүлж, урамшуулал авах болзлыг хангасан учир 3, 4 дүгээр улирлын урамшуулал авсан. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2023 оны 12 дугаар сард гаргах ёстой захирамж нь 2024 оны 1 дүгээр сард /А/51 дугаартай захирамж/ гарсныг би мэдээгүй, сүүлд мэдсэн. Хариуцсан хэлтсээс тухайн үед захирамж хугацаанд нь гарсан гэж ойлгож оны эцэс байсан учир цалингийн хамт урамшууллаа журам ёсоор улирал тус бүрийн урамшууллыг 47 хувиар тооцуулж авсан. Учир нь би нэг удаад хоёр улирлын ажлын гүйцэтгэлийг тайлагнасан учир хийсэн ажлынхаа дагуу журам ёсоор хоёр улирлын урамшууллыг авах ёстой гэж үзэж байна. Тус захирамжийг 2023 оны эцсээр гаргах, мөн захирамж төлөвлөлтөд миний 2 улирлын ажлыг “хангалттай" гэж дүгнэчхээд “3, 4 дүгээр улирлуудын” гэж тодорхой бичээгүй нь миний буруу биш учир хариуцсан хүний буруугаас болж би хохирох ёсгүй юм.” гэж тайлбарлан маргасан.
4.5. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.А нь 2023 оны эхний хагас жилийн ажлаа “А” үнэлгээгээр дүгнүүлснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар 1,2 улирлын ажлын үр дүнгээр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэж байжээ.
Харин 2023 оны 3,4 дүгээр улирлыг багтаасан сүүлийн хагас жилийн ажлыг оны эцсээр нэхэмжлэгч мөн “А” үнэлгээгээр дүгнүүлсэн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан А/51 дугаартай захирамжид нэхэмжлэгч Музейн захирал А.Ад олгох урамшууллын хэмжээг 47 хувь гэж тусгасан, уг шийдвэр нь 2023 оны 3,4 дүгээр улирлын ажлын урамшуулалд тус тус 47 хувийн мөнгөн урамшуулал олгох агуулгагүй байна.
4.6. Гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.К нь дээрх шийдвэрийн үндэслэлийн талаар шүүхэд “…Захирамж тус бүрд дээр тайлбарлахад, 2023 оны 06 дугаар 15-ны өдрийн А/307 дугаартай захирамж нь аймгийн Музейн захирал А.Аийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг “А” үнэлгээгээр дүгнүүлсэн байдлыг харгалзан 2023 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд хагас жилийн байдлаар нэг удаа үндсэн цалингийн 40%-р бодож олгох талаар шийдвэр байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр 2023 оны 2 дах хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг үндэслэн Музейн захирал А.Ад үндсэн цалингийн 47%-тай тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр юм. 2023 оны А/307 дугаартай захирамжаар олгохоор шийдвэрлэсэн үндсэн цалингийн 40%-тай тэнцэх хэмжээний урамшуулалд 2023 оны 1, 2 дугаар улирлын, 2024 оны А/51 дүгээр захирамжаар олгохоор шийдвэрлэсэн үндсэн цалингийн 47%-тай тэнцэх хэмжээний урамшуулалд 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал багтаж байгаа ба 2023 оны эхний 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 40 хувьтай, сүүлийн 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 47 хувьтай тэнцэх хэмжээтэй байгаа. Төрийн албаны тухай хууль болон уг хуулийн дагуу батлагдсан холбогдох журамд улирлын ажлын үр дүнгээр улирал тус бүр урамшуулал олгож болохоор заасан. Гэхдээ бид жилд хоёр удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнээд тухайн жилд хагас, бүтэн жилийн байдлаар хоёр удаа урамшуулал олгохоор шийдвэрлэж ирсэн. Дээрх шийдвэрүүд нь улирал тус бүрд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд хагас, бүтэн жилийн байдлаар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгох нь зүйтэй. ” гэж мэдүүлсэн.
4.7. Дээрх байдлаар эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2023 оны ажлыг жилд 2 удаа хагас, бүтэн жилийн байдлаар дүгнэсэн, мөн онд хагас, бүтэн жилийн байдлаар хоёр удаа урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаартай захирамж нь мөн оны 1,2 дугаар улирлын ажлыг багтаасан эхний хагас жилийн ажлын урамшуулалд нэг сарын үндсэн цалингийн 40 хувьтай, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/51 дугаартай захирамж нь 3,4 дүгээр улирлыг багтаасан сүүлийн хагас жилийн ажлын урамшуулалд сарын үндсэн цалингийн 47 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулах олгох агуулгатай байна. Эдгээр шийдвэрүүд нь “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Хоёрын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасантай нийцсэн байна.
4.8. “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Нэгийн 1.3-т “Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.” гэж заасан ба Баян-Өлгий аймгийн Музейн шүүхэд ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар албан бичиг, тус байгууллагын 2023 оны улирлын ажлын үр дүнгийн урамшууллын төсвийн баримт[2], гэрч тус байгууллагын нягтлан бологч Ш.С мэдүүлгээс[3] үзэхэд эрх бүхий байгууллагаас төлөвлөж баталсан 2023 онд нэг ажилтанд олгож болох урамшууллын дээд хэмжээ эхний хагас жилд сарын үндсэн цалингийн 50 хувьтай, сүүлийн хагас жилд 80 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
Нэхэмжлэгч А. А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/51 дугаартай захирамжид заасан урамшууллын хэмжээг 2 дахин ихэсгэж, 94 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн гэж маргасан боловч энэ хэмжээ нь эрх бүхий этгээдээс баталсан тухайн оны сүүлийн хагас жилийн урамшууллын зардлын хэмжээнээс 14 хувиар хэтэрсэн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “…80 хувийн 1 179 200 төгрөгийн урамшууллыг байгууллагын 2023 оны төсвөөс 14 хувийн 206 360 төгрөгийн урамшууллыг 2024 оны төсвөөс авсан.” гэж тайлбарласан.
Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд ч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2024 оны А/51 дугаартай захирамжаар батлагдсан төсвийн хүрээнээс хэтрүүлж нэхэмжлэгч А.Ад 94 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байгаа ба нэхэмжлэгч Засаг даргын А/51 дугаартай захирамжид заасан хэмжээнээс илүү тооцож урамшуулал авсан нь үндэслэлгүй байна.
4.9. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хувьд шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-д заасны дагуу улирлын ажлын үр дүнгээр урамшуулал авах эрхтэй ч урамшуулал олгох талаар эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гараагүй байхад төсөвт батлагдсан хэмжээгээр 2023 оны 12 дугаар сард нэг сарын үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний 1 179 200 төгрөгийн урамшууллыг өөрөө тушаал гаргаж, урьдчилж авсан нь, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/51 дугаартай захирамжид урамшууллын хэмжээг 47 хувь гэж тусгасан байхад үндэслэлгүйгээр 94 хувиар тооцож, байгууллагын 2024 оны төсвөөс урамшууллын мөнгөний зөрүү гэж сарын үндсэн цалингийн 14 хувьтай тэнцэх 206 360 төгрөгийн урамшууллыг нэмж авсан нь Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулах олгох тухай журам-“ын холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс “… хагас жилээр хоёр улирлын ажлыг дүгнүүлдэг, иймд журамд зааснаар улирал болгоны ажлын үр дүнд урамшуулах авах эрхтэй гэж маргасан боловч эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчид 2023 оны 3,4 дүгээр улирлын ажлын үр дүнг тухай бүр тус тусдаа дүгнэж, улирал тус бүрд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
4.10. “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Хоёрын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна.” заасан. Энэхүү зохицуулалтын “50 хувиас хэтрэхгүй” гэснийг “50 хувь хүртэл” гэж ойлгох бөгөөд улирлын ажлын үр дүнгээр урамшуулал олгох тохиолдолд нэг удаа олгох урамшууллын дээд хэмжээг 50 хувь гэж ойлгоно. Хэргийн нотлох баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн 2023 оны 3,4 дүгээр улирлын ажлыг сүүлийн хагас жилийн байдлаар нэгтгэн дүгнэж, нэг удаа сарын үндсэн цалингийн 47 хувьтай тэнцэх хэмжээний 692 780 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогдсон тул хариуцагч талын тайлбар болон нэхэмжлэгчийн илүү тооцож авсан 692 780 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.11. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “…болзлыг хангасан ажилтан нарт урамшуулал олгох тухай Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай тушаал гаргасан. Нягтлан бодогч төсөвт байгаа урамшууллын зардал нэг ажилтанд 80 хувиар олгогдохоор байгааг тооцоолж үзэхэд 17 ажилтанд урамшуулал олгогдохоор төсөв байсан тул 16 ажилтан болон надад 80 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Би хугацаанд ажлаа дүгнүүлж, үнэлүүлсэн, оны эцэс болж байгаа учраас гүйлгээ хаагдана, бүх төсөв хаагдах учраас нягтлан бид хоёр ярилцаж байгаад миний ажлын үнэлгээг үндэслэж, ажилчдад 80 хувийн урамшууллыг олгохдоо надад мөн адилхан 80 хувийн урамшуулал олгогдсон.
Тушаалын хавсралтыг гаргаад, гарын үсэг зуруулж, тамга даруулж, хавсаргасан. Миний нэр бичигдсэнийг анзаарсангүй” гэж тайлбарлан “би өөртөө урамшуулал олгох тушаал гаргаагүй” гэж маргасан нь гэрч тус байгууллагын нягтлан бодогч Ш.С “… 2023 оны 40 дугаартай тушаалаар нийт ажилчдад олгосон урамшууллын хэмжээ адилхан 80 хувь байгаа. Музейн ажилчдад урамшуулал олгох тухай шийдвэрийг захирал гаргана. Харин захиралд урамшуулал олгох талаарх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргах ёстой. Тушаалд захирал А.Аийн нэр орсон шалтгаан нь захирал өөрөө миний урамшууллын хэмжээ бусад ажилчдтай адилхан гарах ёстой, би энэ хэмжээний урамшуулал авах шийдвэрийг аймгийн Засаг даргаар гаргуулж авчирч өгнө, шийдвэрийг авчирч өгөх хүртэл миний авах урамшууллыг ажилчид урамшуулал авах үед хоцроохгүйгээр гаргаж өг гэж хэлсэн.
Дээрх тушаалуудыг захирал өөрөө төлөвлөсөн. Би хавсралтад захирал болон бусад ажилчдын авах ёстой урамшууллын хэмжээний тооцоог гаргаж өгсөн.
Тушаалын хавсралтыг дараа нь захиралд танилцуулсан. Захирал танилцаад тамга дарж баталгаажуулсан. Шүүхэд тайлбарласан тайлбарын агуулгыг Музейн захирлын 2023 оны 40, 2024 оны 16 дугаартай тушаалуудын хавсралтын тооцооллыг би бодсон гэж ойлгож болно. Харин дээрх шийдвэрүүдээр болон хавсралтад заасан албан хаагчдад 80 хувь болон 50 хувийн урамшуулал олгохоор гаргасан шийдвэр нь захирлын гаргасан шийдвэр юм.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа ба нэхэмжлэгчийн өөртөө улирлын ажлын урамшуулал олгох тушаал гаргаагүй гэх маргаан нь үндэслэлгүй байна.
4.12. Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед “….Миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой аймгийн Засаг дарга асан А.К гаргасан тайлбартай танилцсан. Дараа нь аймгийн Засаг дарга асан А.К би “...Урамшуулал олгох шийдвэрээр журмын дагуу урамшуулал авсан тул ямар учраас шүүхэд энэхүү тайлбарыг өгсөн бол?” гэж асуухад урамшуулалтай холбоотой бичгээр тайлбар гаргаж өгсөн” гэж тайлбарлаж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн огноотой “Болзол хангаж урамшуулал олгож байсан талаар тайлбар хүргүүлэх тухай” гэх тэргүүтэй, аймгийн Засаг дарга асан А.К гэж гарын үсэг зурсан тайлбар бүхий баримтыг шинээр гаргаж өгсөн. Уг баримтад энэхүү маргаантай холбоотой гаргасан тайлбар нь “...аймгийн Засаг даргын 2023 оны А/307, 2024 оны А/51 дугаартай хоёр захирамжийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш төлөвлөж надаар гарын үсэг зуруулахад захирамжийн нэгдүгээр хэсэгт 1,2 дугаар улирлын тус бүрт нь” гэж тусгах үгийг тусгаагүйгээс болж захирамжийн хавсралт дахь зарим байгууллагуудын удирдлагууд давхардсан урамшуулал авсан мэтээр буруу ойлголт төрүүлсэн гэж үзэж байна. Танай шүүхэд өмнө нь гэрчээр өгсөн тайлбарт зарим хууль журмыг ойлгоогүйгээс болж ташаа тайлбар гаргасан байна.” гэсэн агуулгатай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан.
2023 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.К бичгээр гаргасан дээрх тайлбарыг хэрэгт авагдсан гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.А “… урамшуулал олгох тухай Засаг даргын захирамжийн төслийг манай хэлтсээс төлөвлөж байгаа боловч захирамжид заагдсан урамшууллын хувь, хэмжээ болон хэрхэн олгох асуудалд манай хэлтэс оролцдоггүй бөгөөд энэ асуудлыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга шийдвэрлэдэг. Дээрх захирамжид тусгагдсан урамшууллын 47% , 50% , 40% гэсэн хэмжээ нь улирал тус бүрд олгогдох урамшууллын хувь хэмжээ юу эсхүл хоёр улиралд буюу хагас, бүтэн жилээр олгож байгаа хувь, хэмжээ юу гэдгийг мэдэхгүй байна. ...Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг манай хэлтэст даалгаж шийдвэрлэж байгаа боловч урамшуулал олгох асуудалтай холбоотой Засаг даргаас гарч байгаа шийдвэрүүдэд манай хэлтсээс хяналт тавьж ажиллаж байгаагүй. Учир нь манай хэлтэст санхүүгийн асуудалд хяналт тавих чиг үүрэг байхгүй.” гэх мэдүүлэг,
Гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.М “…Миний хувьд Музейн даргын тухайн жилийн хагас,бүтэн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг дүгнэж үнэлгээ өгсний дараа урамшуулал олгох талаар саналаа аймгийн Засаг даргад танилцуулдаг. Урамшууллын хэмжээг хэдэн хувиар, улирал тус бүрд эсхүл хагас, бүтэн жилээр тооцож олгох эсэхэд би оролцогддоггүй ба энэ нь Засаг даргын эрх хэмжээний асуудал юм.
Урамшууллыг ямар хэмжээгээр ямар хугацаанд олгох асуудлыг Засаг дарга шийдвэрлэдэг. Дээрх захирамжуудын утга агуулга нь улирал тус бүрд урамшуулал олгохоор, эсхүл хагас, бүтэн жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн эсэхийг би мэдэхгүй. Урамшуулал олгох талаар захирамжийн төслийг би хянадаг. Үүнд удирдлага болгож байгаа хуулийн зүйл заалт зөв эсэх, мөн урамшууллын хувь хэмжээ нь журамд зааснаар 50%-аас хэтрээгүй байх эсэхэд хяналт тавьж ажилласан. Иймээс тухайн шийдвэрийг гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шийдвэрийн утга агуулгыг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Урамшуулал олгох талаар Засаг даргын шийдвэр нь жилд хагас, бүтэн жилийн байдлаар хоёр удаа гардаг байсан.” гэх мэдүүлэг,
Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.К өөрийнх нь гэрчийн хувьд өгсөн “ … Захирамж тус бүрд дээр тайлбарлахад, 2023 оны 06 дугаар 15-ны өдрийн А/307 дугаартай захирамж нь аймгийн Музейн захирал А.Аийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг “А” үнэлгээгээр дүгнүүлсэн байдлыг харгалзан 2023 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулалд хагас жилийн байдлаар нэг удаа үндсэн цалингийн 40%-р бодож олгох талаар шийдвэр байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/51 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр 2023 оны 2 дах хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг үндэслэн Музейн захирал А.Ад үндсэн цалингийн 47%-тай тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр юм. 2023 оны А/307 дугаартай захирамжаар олгохоор шийдвэрлэсэн үндсэн цалингийн 40%-тай тэнцэх хэмжээний урамшуулалд 2023 оны 1, 2 дугаар улирлын, 2024 оны А/51 дүгээр захирамжаар олгохоор шийдвэрлэсэн үндсэн цалингийн 47%-тай тэнцэх хэмжээний урамшуулалд 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал багтаж байгаа ба 2023 оны эхний 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 40 хувьтай, сүүлийн 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 47 хувьтай тэнцэх хэмжээтэй байгаа. Төрийн албаны тухай хууль болон уг хуулийн дагуу батлагдсан холбогдох журамд улирлын ажлын үр дүнгээр улирал тус бүр урамшуулал олгож болохоор заасан. Гэхдээ бид жилд хоёр удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнээд тухайн жилийн хагас, бүтэн жилийн байдлаар хоёр удаа урамшуулал олгохоор шийдвэрлэж ирсэн. Дээрх шийдвэрүүд нь улирал тус бүрд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд хагас, бүтэн жилийн байдлаар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гэж ойлгох нь зүйтэй. ” гэх мэдүүлэг,
Гэрч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.З “..Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 13-нд аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон. Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу аймгийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн бодлогын хэлтсээс Нийтийн номын сан, аймгийн Музей, Хөгжмийн драмын театрын дарга, захирал нарын 2024 оны жилийн эцсийн буюу бүтэн жилийн байдлаар гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж дүгнээд эрх бүхий этгээдийн хувьд надад танилцуулсан.
Аймгийн Музейн захирал А.А нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө “А” үнэлгээгээр дүгнүүлсэн ба үүнийг үндэслэн эрх бүхий этгээд би холбогдох журамд зааснаар үндсэн цалингийн 50%-р урамшуулал олгохоор журамд нийцүүлэн уг шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тухайлбал Музейн дарга А.А нь 2024 оны эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр нэг удаа үндсэн цалингийн 50%-тай тэнцэх хэмжээний урамшуулал авах эрхтэй. Энэ урамшуулалд 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал багтаж байгаа ба 2024 оны сүүлийн 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээтэй юм. Холбогдох журамд улирлын ажлын үр дүнгээр улирал тус бүр урамшуулал олгох зохицуулалттай тул 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшууллыг хамтатгаж, оны эцсээр ийнхүү шийдвэрлэсэн. Улирал болгон урамшуулал олгох шийдвэр гардаггүй, жилд 2 удаа хагас, бүтэн жилийн байдлаар урамшуулал олгох шийдвэр нь гардаг гэж надад холбогдох хэлтсээс танилцуулсан. Уг захирамжаар урамшуулал авах эрхтэй гурван байгууллагын дарга, эрхлэгч нар нь 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулалд нийт үндсэн цалингийн 50%-тай тэнцэх хэмжээний урамшуулал авах эрхтэй. Шийдвэрийн агуулгыг ингэж ойлгох нь зүйтэй.” гэх мэдүүлэг,
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны А/307, 2024 оны А/51 дугаартай захирамжууд болон хэрэгт авагдсан уг маргаантай холбоотой Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2023 оны 40 дугаартай тушаал, тус байгууллагын нягтлан бодогч Ш.С мэдүүлэг, эрх бүхий этгээдээс баталсан тухайн оны урамшууллын зардал болон бусад нотлох баримтуудтай харьцуулан үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бодит нөхцөл байдлаас өөрөөр тайлбарласан дээрх баримтыг үнэн зөв гэж үнэлээгүй болно.
5. Нэхэмжлэгчийн “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг үндэслэн 2024 оны 05 дугаар сард авсан гэх 1 621 000 төгрөгийн урамшууллын маргааны тухайд:
5.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.6. хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар: а/хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;”, 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаартай тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баталж, энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/751 дугаартай захирамжаар “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баталжээ.
5.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаартай тогтоолоор баталсан журмын Арван нэгийн 11.1-д “Жилийн үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан гурван яам, нутгийн захиргааны таван байгууллага тус бүрд 20.0 сая хүртэл төгрөг, гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга, таван аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг 1 сарын үндсэн цалинтай нь тэнцэх мөнгөн урамшуулал олгоно.” 11.2-т “Энэ журмын 11.1-д заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусган жил бүр батлуулна.” гэж,
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дугаартай захирамжаар баталсан журмын Арван нэгийн 11.1-д “Сум, хэлтэс, агентлаг, байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.”, 11.2-т “Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан таван сум, гурван хэлтэс, агентлаг байгууллагыг мөнгөн урамшууллаар шагнана. Шагналын сан нийтдээ 6.0 сая төгрөг байна.”, 11.3-т “Энэхүү журмын 11.2-т заасан урамшуулалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын давсан орлогоос гарган хэрэгжүүлнэ.”, 11.4-т “Шалгарсан сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нарыг сарын үндсэн цалингаар урамшуулна./Уг мөнгийг тухайн сум, байгууллагын төсвөөс гаргана./ гэж тус тус заажээ.
Журмын 11.2-т “Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан …гурван хэлтэс, агентлаг байгууллагыг мөнгөн урамшууллаар шагнана. Шагналын сан нийтдээ 6.0 сая төгрөг байна.” гэсэн хэсэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/1012 дугаартай захирамжаар өөрчлөлт оруулж, “Жилийн үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан …гурван агентлаг, гурван төсөвт байгууллагыг шалгаруулж, мөнгөн урамшууллаар шагнана. Шагналын сан нийтдээ 10.0 сая төгрөг байна.” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.
5.3. Энэхүү журмын дагуу гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/210 дугаартай “Тэргүүний байгууллага” шалгаруулж, шагнах тухай” захирамжийн холбогдох хэсгээр Баян-Өлгий аймгийн Музей нь “2023 оны тэргүүний байгууллага”-аар шалгарсан байх ба захирамжийн 2 дахь хэсгээр журмын 11.2-т заасныг баримталж, тэргүүний байгууллагаар шалгарсан Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудыг тус тус 400 000 төгрөгөөр шагнахаар шийдвэрлэжээ.
5.4. Дээрх А/210 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2023 онд үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүний байгууллагаар шалгарсан төсвийн байгууллагуудын дарга, захирлыг шагнаж, урамшуулахаар шийдвэрлээгүй байхад уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сард 1 621 000 төгрөгийн нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг авсан байжээ.
5.5. Энэ талаар нэхэмжлэгчээс “...ажлын үзүүлэлтээр аймгийн бусад байгууллагуудыг хошуучлан “Оны аварга байгууллага”-аар шалгарч аймгийн Засаг даргын 2024 оны А/210 тоот захирамж гарсан. Аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хавсралт дахь 11.4-т “Шалгарсан байгууллагуудын дарга нарыг сарын үндсэн цалингаар урамшуулна. Уг мөнгийг тухайн байгууллагын төсвөөс гаргана.” гэж тодорхой заасан учир 1 621 000 төгрөгийн нэг сарын шагналт цалинг 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан. Аймгийн Засаг даргын оны аварга байгууллагаар шалгаруулсан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/210 тоот захирамжийг авч үзэхгүйгээр надад акт бичсэнд гомдолтой байна.” гэж, хариуцагч талаас ...“Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 11.4-т заасны дагуу байгууллагын дарга нарыг нэг сарын цалингаар шагнана гэснийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 621 000 төгрөгийг шагнал урамшуулал нэрээр тооцож авсан байна. Гэвч уг журмыг үндэслэж Засаг даргын захирамж гараагүй талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Х.В тодруулахад, “..А.Ад нэг сарын цалингаар урамшуулах захирамжийн төслийг төлөвлөж, Засаг даргаар батлуулахаар өгсөн боловч Засаг дарга уг захирамжийг гаргахаас татгалзсан, гаргаж өгөөгүй.” гэсэн тайлбарыг өгсөн. Иймд уг журмыг үндэслэн Засаг даргын захирамж гараагүй байхад авсан урамшууллыг Музейн захирлаар төлүүлэхээр акт тогтоосон болно.” гэж тус тус тайлбарласан.
5.6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны А/210 дугаартай захирамжаар 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр тухайн жилдээ тэргүүний байгууллагаар шалгарсан байгууллагуудыг тус тус 400.000 төгрөгөөр шагнасан байх ба уг захирамжаар журмын 11.4-т зааснаар тухайн байгууллагуудын дарга нарыг шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлээгүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Баян-Өлгий аймгийн Музейн нягтлан бодогч Ш.С “...Манай байгууллага тэргүүний байгууллагаар шалгарсантай холбогдуулан байгууллагын захирал А.Ад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 621 000 төгрөгийн урамшуулал олгогдсон. Засаг даргын А/210 дугаартай захирамжид байгууллагын захиралд урамшуулал олгохоор шийдвэрлээгүй ба урамшуулал олгох тухай захирамж аймгийн Засаг даргаас тусдаа гарах ёстой байсан.
“Засаг даргын 2021 оны А/751 дугаартай захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ үнэлгээ хийх журам”-д зааснаар би авах ёстой.”, урамшуулал олгох талаарх Засаг даргын захирамжийг сүүлд гаргуулж өгнө гэж надад хэлсэн. Иймээс би 1 621 000 төгрөгийн урамшууллыг олгохоос өмнө аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.В биечлэн уулзаж, “...Тэргүүний байгууллагаар шалгарсан байгууллагын захиралд урамшуулал олгох ёстой юу, манай захирал авах ёстой гэж байна, захирамж гарах уу?” гэж асуухад тэрээр “...журмын дагуу авах ёстой, захирамж нь гарах байх, одоогоор захирамж гараагүй аймгийн Засаг дарга томилолтоор явсан учраас гаргах боломжгүй байна. Засаг дарга ирсний дараа захирамж гарна, захирамжийн төслийг би боловсруулж байгаа” гэж хэлсэн. Дараа нь захирал А.А “...Засаг даргын захирамж гарах гэж байгаа учраас авч байя, урамшууллын гүйлгээг цалингаас хоцроохгүйгээр олгоорой.” гэсэн. Тэгээд би урамшууллыг нь олгосон боловч аймгийн Засаг даргаас захирамж гараагүй байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.В “… “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журам”-аар сум, байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэж, урамшуулах зохицуулалттай. Журмын 11.4-т ажлын үр дүнгээр шалгарсан сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, хэлтэс, агентлаг байгууллагын дарга нарыг сарын үндсэн цалингаар урамшуулна гэж заасан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар 20-ны өдрийн А/210 дугаартай захирамжаар хэд хэдэн байгууллагыг 2023 оны ажлын үр дүнгээр тэргүүний байгууллагаар шалгаруулж, байгууллага тус бүрийг 400 000 төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн ба уг 400 000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Музейд олгогдсон. Энэ тохиолдолд журмын 11.4-т зааснаар байгууллагын дарга нарыг урамшуулах зохицуулалт байгаа боловч тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Музейн дарга А.Ад нэг сарын цалингийн урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй юм. Учир нь, манай хэлтсээс Музейн даргад урамшуулал олгох захирамжийн төслийг боловсруулж, Засаг даргад танилцуулсан боловч Засаг дарга тухайн үед Музейн дарга А.Ад урамшуулал олгох шийдвэр гаргахаас татгалзсан. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Музейн дарга А.Ад журмын 11.4-т заасны дагуу урамшуулал олгох талаар шийдвэр гаргаагүй юм. Энэ талаар А.Аийн өөрт нь холбогдож, Засаг даргын шийдвэр гараагүй гэдгийг мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараас тус тус үзэхэд журмын 11.4-т зааснаар Баян-Өлгий аймгийн Музейн захирлыг нэг сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнаас гаргаагүй нь тогтоогдсон.
5.7. Нэхэмжлэгчээс “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 11.4-т “Шалгарсан байгууллагуудын дарга нарыг сарын үндсэн цалингаар урамшуулна. Уг мөнгийг тухайн байгууллагын төсвөөс гаргана.” гэж тодорхой заасан, журамд шалгарсан байгууллагын дарга нарыг үндсэн цалингаар урамшуулахад Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шийдвэр гаргахаар зохицуулагдаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/751 дугаартай захирамжаар тус тус баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын Нэгийн 1.1-д Энэ журмаар хөгжлийн бодлогын баримт бичиг (цаашид “бодлогын баримт бичиг” гэх), Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр (цаашид “хууль тогтоомж, тогтоол, шийдвэр” гэх)-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага (цаашид “захиргааны байгууллага” гэх)-ын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.” 1.2-т “Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.” гэж заасан.
Журамд зааснаар бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт шинжилгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх, үйл ажиллагааны үнэлгээгээр байгууллагуудыг шалгаруулах, шалгарсан байгууллага болон тухайн байгууллагын удирдах албан тушаалтныг шагнаж урамшуулах эрх хэмжээ нь журамд заасан энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтанд хамааралтай, тодруулбал журмын 11.2, 11.4-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх нь эрх бүхий албан тушаалтан болох төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргад хамааралтай тул уг зохицуулалтын агуулгыг хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэж шалгарсан байгууллагын дарга, захирал шууд хэрэгжүүлж, өөрийгөө урамшуулж болохоор тайлбарлан маргаж буй нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч 2024 оны оны 6 дугаар сард улирлын ажлын үр дүнгийн урамшуулалд 810.500 төгрөг авсан гэх маргааны тухайд:
6.1. Энэ талаар хариуцагчаас ”... 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр улирлын ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөрөө өөртөө үндсэн цалингийн 50 хувийн урамшуулал авах тушаал гаргаж, 810 500 төгрөгийн урамшуулал авсан нь хууль бус байна.” гэж тайлбарласан.
6.2. Хэргийн нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Музейн захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Ажилчдад урамшууллын нэмэгдэл олгох тухай” тушаалын холбогдох хэсэг, гэрч тус байгууллагын нягтлан бодогч Ш.С “…2024 оны 6 дугаар сард цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалд 810 500 төгрөг авсан . Уг урамшууллыг олгох үед аймгийн Засаг даргаас захирамж гараагүй. Харин уг гүйлгээг би Музейн захирлын 2024 оны 16 дугаар тушаалыг үндэслэн нийт ажилчдад урамшуулал олгох үед захирал А.Ад олгосон байгаа.” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сард үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний 810 500 төгрөгийн улирлын ажлын үр дүнгийн урамшуулал авсан нь тогтоогдож байна.
6.3. Нэхэмжлэгч урамшуулал авсан үндэслэлээ шүүх хуралдааны явцад “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын тайланг харьяалагдах хэлтэст бичгээр өгч, дүгнүүлж, “95” оноо буюу “Маш сайн” гэсэн үнэлгээгээр ажлаа үнэлүүлж, урамшууллын болзлыг хангасан учир 1, 2 дугаар улирлын ажлын үр дүнд 810 500 төгрөгийн урамшууллыг журам ёсоор авсан. Засаг даргаас шийдвэр гарах ёстой байсан, захирамж гаргаагүй юм байна. Би үүнийг сүүлд мэдсэн.” гэж тайлбарласан.
6.4. Дээрх байдлаар нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2024 оны 06 дугаар сард 1,2 улирлын ажлын үр дүнгийн урамшуул гэж 810 500 төгрөгийн урамшуулал авсан нь “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын Нэгийн 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө.”, 1.2-т “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: 1.2.1. төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;” гэж заасныг зөрчсөн байх тул уг мөнгийг төлүүлэх тухай маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хууль ёсны байна.
7. Нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сард авсан гэх 713.240 төгрөгийн урамшууллын маргааны тухайд:
7.1. Маргааны үйл баримтын хувьд: Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Музейн захирал А.Аийн 2024 оны /жилийн эцсийн байдлаар/ ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас бүхий баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын гүйцэтгэлийг 91.6 оноогоор дүгнэсэн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/74 дугаартай захирамж гаргаж, 50 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
7.2. Эрх бүхий албан тушаалтнаас дээрх байдлаар 2024 оны сүүлийн хагас жилийн ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгож шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэг сарын 1 621 000 төгрөгийн үндсэн цалингийн 94 хувьтай тэнцэх хэмжээний 1 523 740 төгрөгийн урамшууллыг урьдчилж авсан байжээ.
7.3. Энэ талаар байгууллагын нягтлан бодогч Ш.С “…2024 оны 12 дугаар сард ажлын үр дүнгийн урамшуулалд үндсэн цалингийн 94 хувьтай тэнцэх хэмжээний 1 523 740 төгрөгийн урамшууллыг авсан. Энэ урамшууллыг олгох үед Засаг даргын захирамж гараагүй байсан. Урамшууллын хэмжээг захирал “...би хувиар тооцож авна.” гэсэн. 94 хувиар тооцож олгосон шалтгаан нь 2023 оны хоёр дахь хагас жилийн урамшуулалд аймгийн Засаг даргаас 2024 оны А/51 дүгээр захирамжаар 47 хувь гэж шийдвэрлэснийг үндэслэн мөн энэ хэмжээгээр 47 хувиар шийдвэрлэх байх гэж тооцоолж, дээрх байдлаар 2024 оны 3, 4 дүгээр улирал тус бүрийн урамшууллын хэмжээг 47 хувь буюу нийт 94 хувь гэж үзэн урамшуулал авсан. Энэ урамшууллыг би олгох үед тэрээр мөн захирамжийг дараа нь гаргаж өгнө гэсэн учраас гүйлгээг нь хийдэг байсан. Урамшуулал олгох тухай аймгийн Засаг даргын захирамж нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Гэхдээ урамшууллын хэмжээг 50 хувь гэж тусгасан байсан. Иймээс 44 хувь буюу 713 240 төгрөгийн урамшууллыг илүү авсан гэж акт тогтоогдсон байгаа.” гэж мэдүүлсэн.
Гэрч Баян-Өлий аймгийн Засаг дарга Т.З 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/74 дугаартай захирамжийн үндэслэлийн талаар “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 13-нд аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон. Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмын дагуу аймгийн Засаг даргын тамгын газар болон Нийгмийн бодлогын хэлтсээс Нийтийн номын сан, аймгийн Музей, Хөгжмийн драмын театрын дарга захирал нарын 2024 оны жилийн эцсийн буюу бүтэн жилийн байдлаар гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж дүгнээд эрх бүхий этгээдийн хувьд надад танилцуулсан. Аймгийн Музейн захирал А.А нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө “А” үнэлгээгээр дүгнүүлсэн ба үүнийг үндэслэн эрх бүхий этгээд би холбогдох журамд зааснаар үндсэн цалингийн 50 хувиар урамшуулал олгохоор журамд нийцүүлэн уг шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тухайлбал Музейн дарга А.А нь 2024 оны эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр нэг удаа үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авах эрхтэй. Энэ урамшуулалд 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал багтаж байгаа ба 2024 оны сүүлийн 2 улирлыг багтаасан урамшууллын нийт хэмжээ нь үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээтэй юм. Холбогдох журамд улирлын ажлын үр дүнгээр улирал тус бүр урамшуулал олгох зохицуулалттай тул 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшууллыг хамтатгаж, оны эцсээр ийнхүү шийдвэрлэсэн. Улирал болгон урамшуулал олгох шийдвэр гардаггүй, жилд 2 удаа хагас, бүтэн жилийн байдлаар урамшуулал олгох шийдвэр нь гардаг гэж надад холбогдох хэлтсээс танилцуулсан. Уг захирамжаар урамшуулал авах эрхтэй гурван байгууллагын дарга, эрхлэгч нар нь 2024 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулалд нийт үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал авах эрхтэй. Шийдвэрийн агуулгыг ингэж ойлгох нь зүйтэй.” гэж мэдүүлсэн.
7.4. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч 2024 оны 3,4 дүгээр улирлыг багтаасан сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн урамшуулалд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1 621 000 төгрөгийн нэг сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх 810 500 төгрөгийн урамшуулал авах эрхтэй байх тул эрх бүхий албан тушаалтны урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын төсвөөс улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүйгээр нэг сарын үндсэн цалингийн 94 хувиар тооцож авсан 1 523 740 төгрөгөөс нэхэмжлэгчийн авах эрхтэй 810 500 төгрөгийг хасаж, үлдсэн 713 240 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Хариуцагч талын эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн ажлыг дүгнэх, үнэлэх, урамшуулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч байгууллагын төсвөөс нэг сарын үндсэн цалингийн 94 хувийн урамшуулал авсан нь хууль бус гэх маргаан нь зөв байх ба нэхэмжлэгч дээрх үйлдлээрээ Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул 2024 оны сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн урамшуулалд нийт нэг сарын цалин болох 1 621 000 төгрөгийн 94 хувьтай тэнцэх 1 523 740 төгрөгийн урамшуулал авах эрхтэй гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.
7.5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 51.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18-05/01 дугаартай “Төлбөрийн акт тогтоох тухай” актын ...балансын урамшуулал, улирлын ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 4 770 137 төгрөгийг А.Аээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА