Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/64

 

      2024             1           9                                            2024/ДШМ/62                                   

 

Д.Б, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч Т.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2306010681484 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч Д.Б, Т.Б нар нь бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн 2 дугаар хэсэг 203 тоотод байрлах “Энэрэл” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б, Т.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахаар завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 25 хоногийн ялыг тус тусад нь эдлүүлж, түүнийг хорих ял эдэлж дууссаны дараа түүний оршин суугаа газраар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 133 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгаас нийт 318.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Тэнгист, 45.000 төгрөгийг “Мастер үнэлгээ” ХХК-д тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулж, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. ... ээж маань ходоодны хорт хавдар болон элэгний хүнд өвчтэй тул хөдөлмөр эрхлэх чадваргүй юм. Залуу хүний хувьд цаашдаа ажил, хөдөлмөр эрхэлж, ижийгээ харж хандан амьдрах итгэл, зүтгэл, сайхан амьдралын төлөө тэмүүлэх сэтгэл тээж байгаа тул ар гэрийн маань нөхцөл байдал зэргийг харгалзан авч үзэж надад оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Баянзүрх дүүрэгт 2105024100622 дугаартай эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргээ нэгтгүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй тул миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.Бын эх нь ходоодны хорт хавдартай, элэгний хүнд өвчтэй. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 2 жилийн хорих ялыг нь 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Д.Б, Т.Б нар нь бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн 2 дугаар хэсэг 203 тоотод байрлах “Энэрэл” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдсан болох нь:

 

хохирогч Э.Тын “... 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дэлгүүрээ хаагаад гэртээ ирээд амарсан юм. Тухайн өдөр амрахдаа гар утасныхаа дууг хаагаад унтсан бөгөөд манай дэлгүүрт хулгай орсон талаар мэдээгүй байсан, миний гар утас руу хүмүүс залгасан байсан. Би сая өөрийн эзэмшлийн дэлгүүр дээрээ очоод онгойлгоод ороход манай дэлгүүрийн том цонхны гадна хаалт далийсан байсан бөгөөд дэлгүүр дотор цонхны харалдаа байсан эд зүйл хөглөрсөн байсан бөгөөд энэ талаа би гар утсаараа зураг дараад ирсэн. Мөн манай дэлгүүрээс кассан дээр үлдээсэн байсан 20.000 төгрөг байхгүй байна. ...” /1хх 10-11/,

 

гэрч А.Оийн “... би 2023 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цаг 35 минутад ажилдаа явах гээд гэрээсээ гараад гудамдаа алхаад явж байхад хойд талд чимээ гарахаар нь эргээд харахад манай гудамжны хажууд байдаг “Энэрэл” нэртэй дэлгүүрийн гаднах цонхны төмөр хамгаалалтыг хоёр хүний нэг нь хажууд зогссон байдалтай нэг нь гараараа татаж онгойлгоод доторх цонхоор нэгнийгээ өргөж өгөөд орж байхаар нь цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчихөөд зогсож байхад манай ажлын өглөө цуг явдаг нэг ээлжийн ах Батцоож залгахаар нь болж буй асуудлын талаар хэлэхэд “одоо очлоо” гээд удалгүй хүрээд ирсэн. Бид хоёр цуг нөгөө дэлгүүр рүү очиход гадаа нь ямар нэг хүн байхгүй болсон байсан. Тэгэхээр нь утасны гэрлээ асаагаад дэлгүүрийг гадна талаар нь тойроод явахад хойд цонхоор нь хүн харагдсан бөгөөд би дэлгүүрийн урд зогсож байсан Батцоож ахад “дотор хүн байна шүү, та наанаа байж байгаарай” гэж хэлээд эргээд харахад хойд жижиг цонхыг дотор талаас нь онгойлгоод цагаан куртиктэй залуу цээжин биеэрээ гараад сууж байхад удалгүй цагдаа нар хүрч ирсэн. ...” /1хх 12-13/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 23-29/, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 3-5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Б, Т.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахаар завдсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Д.Б, Т.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Бгийн гаргасан “... хэрэг нэгтгүүлэх ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар тус шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтаас бусад баримтыг хүлээн авч хэлэлцэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ дурдсан өөр хэрэгт ял шийтгүүлсэн гэх гомдлын хувьд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна үйлдсэн өөр гэмт хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Т.Бын гаргасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ээжийн минь хүнд өвчтэй гэсэн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Т.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахад мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд оногдуулах ялын доод хэмжээг заагаагүй байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б, Т.Б /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ нарын үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Т.Бад 6 сар, Д.Бд 8 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Бын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Д.Бгийн “хэрэг нэгтгүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш Д.Б, Т.Б нарын цагдан хоригдсон 74 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Бад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлсэнтэй холбогдуулан шүүгдэгч Т.Б нь шийтгэх тогтоол гарах үед 133 хоног цагдан хоригдсон байсан бөгөөд нийт цагдан хоригдсон хугацааг тооцоход 207 хоног цагдан хоригдсон байх тул түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1330 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бд 8 сар, Т.Бад 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

 

3 дахь заалтад “Шүүгдэгч Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг, ...“ гэснийг “Шүүгдэгч Д.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Б нарыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тус бүр 74 /далан дөрвөн/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын нийт цагдан хоригдсон 207 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Т.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

 

5. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                      ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

                      ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ