Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 450

 

Х.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Х.Н-д холбогдох 1831002920222 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 155 тоотод оршин суух хаягтай, Сонсголын 60 хувийн алдагдлаар группэд байдаг, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х-н Н-.

Х.Н- нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, би чиний өгсөн мөнгийг өсгөж өгнө гэж хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Г-ээс 13,000,000 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.О-ээс 3,000,000 төгрөг авч бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Н-г мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-гаас 12,000,000 төгрөг гаргуулан М.Г-т 9,000,000 төгрөг, М.О-т 3,000,000 төгрөг тус тус олгуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Н- болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа гаргасан гомдолдоо “ ...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.Г-ээс нэхэмжилсэн 16,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлсөн үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэл бий болж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шүүгдэгчид нийгэмших боломж олгож, тэнсэн хянан харгалзах бүрэн боломжтой атал анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 1 жил хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Х.Н-гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, банкны барьцааг барагдуулж үлдэгдэл төлбөрөөс хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хохирогчийн хохирол барагдуулах боломжийг илэрхийлж байна. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх хэдий ч гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь мөн хуулийн зорилгод нийцнэ гэж үзэж байна. Иймд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж итгэл хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Н- нь өөрийгөө их мөнгөний өв залгамжлагч, мөнгийг нь их хэмжээгээр өсгөж өгнө гэж хуурч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.Г-ээс 13,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.О-ээс 3,000,000 төгрөгийг авч бусдыг залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Х.Н-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяагийн гаргасан “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж байгаа, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж буй нь баримтуудаар нотлогдож байгаа тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Х.Н-гийн өмгөөлөгч А.Ариунзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН