Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 202

 

 И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Л.Атарцэцэг,

                                                   Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0222 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.С нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0222 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0222 дугаартай магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас И ХХК-тай 2016/09 дугаартай Хамтран ажиллах гэрээг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байгуулсан. Тус гэрээний 1.5-д “Хавсралтад тусгасан ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг харгалзан үзэж, гэрээний хугацааг сунгах асуудлыг талууд шийдвэрлэнэ” гэж заасан. Энэхүү гэрээний үндсэн хугацаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д заасны дагуу дуусгавар болсон байхад талууд гэрээг дүгнэлгүйгээр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хамтран ажиллах гэрээг шинээр байгуулсан нь гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

5. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамж нь НИТХТ-ийн 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байдаг. Энэ тогтоол нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд авто зогсоол төлөвлөх барьж байгуулах журам” нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд үйлчлэл нь гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт юм. гуравдагч этгээдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр /Гурван өндөр/-ны иргэд болон Алтайн бараа СӨХ-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй явдал нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн болно. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 1 дүгээр байрны 44, 2 дугаар байрны 44, 3 дугаар байрны 43 дугаар байрны оршин суугч, нийт 131 айл өрхийн байр, орон сууц нь газар ухах тохиолдолд хөрсний нөлөөллөөс шалтгаалж, шууд нурах эрсдэлтэй учраас эдгээр байрны 400 гаруй оршин суугч гараж барихыг эрс эсэргүүцэж, 2018 оны 8 дугаар сард Нийслэлийн Засаг даргад шаардлагад хүргүүлж, газрын захирамжийг цуцалсан болно.

6. И ХХК нь төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг авахын тулд эдгээр байрны иргэдээс гараж барих зөвшөөрөл өгөөгүй байхад зөвшөөрсөн мэтээр иргэдийн гарын үсгийг хууль бусаар бүрдүүлсэн байна.

7. Иймд И ХХК нь оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн,  БЗД-ийн 1-3 дугаар байрнууд шууд нурах аюултай, эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зэрэг асуудлыг харгалзан тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү.

                                                          ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хяналтын гомдлыг үндэслэлтэй байна гэж үзлээ. 

9. Нэхэмжлэгч И ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, мөн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээдээр оролцож буй Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар, ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэн, Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг “тохижилт бүхий авто зогсоол”-ын зориулалтаар олгосон байх ба нэхэмжлэгч И ХХК нь уг газар дээр төсөл хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2016/09, 1/12 тоот хамтран ажиллах гэрээ байгуулжээ. 

12. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар, ...Газрын тухай хуулийн 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн “тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/484 дүгээр захирамжаар газар эзэмших эрх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт үүсч, улмаар маргаан бүхий А/484 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус Тамгын газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь учир дутагдалтай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасантай нийцээгүй байна.

13. Түүнчлэн нэхэмжлэгч И ХХК-иас “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу, маргаан бүхий газарт “тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд Нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргасан бөгөөд Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар манай төсөл дэмжигдэж, хэрэгжүүлэхээр болсон. ...Гэтэл төсөл хэрэгжүүлэх газрын газар эзэмших эрхийг цуцалсан нь тус компанийн эрхийг ноцтой зөрчлөө” гэж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар, хяналтын гомдолдоо “...газар ухах тохиолдолд Баянзүрх дүүргийн 1, 2, 3 дугаар байр шууд нурах эрсдэлтэй, ...эдгээр байрны оршин суугчид гараж барихыг эсэргүүцэж 2018 оны 8 дугаар сард Нийслэлийн Засаг даргад гомдол, шаардлага хүргүүлсэн учир газрын захирамжийг цуцалсан, ...иргэд гараж барих зөвшөөрөл өгөөгүй байхад И ХХК нь зөвшөөрсөн мэтээр гарын үсгийг хууль бусаар бүрдүүлсэн” гэжээ. Мөн гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас “...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/484 дүгээр захирамжаар 2000 м.кв газар эзэмшүүлсэн. Уг газар дээр И ХХК нь төсөл хэрэгжүүлэхээр манайхтай гэрээ байгуулан ажиллаж байтал газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус. ...хариуцагчаас тодорхойгүй шалтгаанаар ...газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй” гэсэн тайлбарыг гаргасан байна.

14. Иймээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан үүргийн хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлийг тодруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх хууль болон журамд заасны дагуу үүссэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгөх, тодруулбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасан иргэн, хуулийн этгээдийн санаачлагаар авто зогсоол төлөвлөх, төсөл шалгаруулах ажиллагаатай холбоотой зүйл, заалтууд /оршин суугч иргэдээс санал авах, төслийг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болон бусад ажиллагаа/ нь журамд заасны дагуу хэрэгжиж, газар олгогдсон эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхийн гадна хэрэгт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

15. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2019/0222 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА