Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 00021

 

        Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,                                                                     

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Ч.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/89 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Алтанцэцэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөр 1 дүгээр гудамж 32 б тоот 735 м2  газрыг өмчлөх хүсэлт гаргасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 239 тоот захирамж гарч хүү Б.Гүрбазар, охин Б.Бадамлянхуа нарын хамт өмчлөх болсон. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгчөөр тогтоосон 000046542 тоот гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2012 онд хашааны тал хэсэгт нь Ганхуяг гэгч айл буусан ба өөрсдийгөө уг газрыг эзэмших эрхтэй гэх зүйл хэлж буусан байдаг. Уг газар өмчлөгдсөн тухай хэлж энэ байдлаа таслан зогсоохыг шаардахад танай газрын урьд байрлах газар буюу 32 а гэх газрыг авч байгаа гэсэн байдаг. Ч.Алтанцэцэгийн газарт гэрээ барьсан учир маргалдаж энэ талаар зохих байгууллагуудад гомдол гаргасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 32 а гэх газар байхгүй Ганхуяг нь дээрх газрыг эзэмшээгүй, тийм хаяг байхгүй тухай мэдэгдсэн. Дээрх асуудлаар Баян-Өндөр сумын Засаг даргад хандахад 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 600 тоот захирамж гарч газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч газрыг чөлөөлөөгүй. Дээрхи байдлыг шийдвэрлэх хүсэлтийг дахин Засаг даргад гаргахад 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 486 тоот захирамж гарч албадан буулгаж газар чөлөөлөх болсон. Уг захирамжийг хэрэгжүүлэхгүй байсан учир шүүхэд албадан нүүлгэх нэхэмжлэл гаргатал Ганхуягийн Баярбат гэх нэр дээр Орхон аймгийн Засаг даргын өмчлүүлэх тухай шийдвэр гарч гэрчилгээ авсан гэх тайлбарыг 2016 оны 8 дугаар сарын 16-нд Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэнтэй 2016 оны 8 дугаар сарын 23-нд танилцсан. Уг Ч.Алтанцэцэгийн амьдарч байгаа газрыг одоо Баянбулаг багийн 1 дүгээр гудамжны 31 в гэх хаягтай болгон гэрчилгээ авсан тухай тайлбар бичсэн байсан. Тус газарт 31 а гэх гудамж 31 в гэх гудамж байхгүй бөгөөд 31 б гэх газар байгаа бөгөөд уг газарт Ганхуяг, Ч.Алтанцэцэг гэх хоёр иргэн гэр бүлийн хамт амьдарч байна. Хашааны урд хэсгээ бариагүй байсан хойно гэж хэрэлдээд гэртэйгээ ирээд буусан гэх Ганхуяг, Баярбат гэх хүмүүс нь хаяг худал өөрчлөн гэрчилгээ гаргуулсан байна. Ийм байдал гаргасныг тэдний тайлбарыг танилцуулахад мэдсэн бөгөөд уг асуудлыг хөөцөлдөхөд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/89 тоот захирамж гарсан байх тул дээрх захирамж нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 239 дугаар захирамжаар иргэн Ч.Алтанцэцэг /ФБ63062268 дугаар /гэрчилгээтэй/ регистертэй Орхон аймаг Баян-Өндөр сум 12 дугаар баг  /Баянбулаг баг/ 1 дүгээр гудамж 32б тоотод олгосон 735 м.кв газрыг гэрээнд хавсаргасан зургын дагуу иргэн Д.Алтанцэцэг хүлээн авч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь хүлээлгэн өгч, гэрээ зургийг хүлээлгэн өгөх, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах.

2.Тухайн хүлээн авсан газар нэхэмжлэгч тал тэгшилгээний шороог буулгах хүсэлт гаргасан үед хариуцагч тал индүүдлэг хийх ажлыг зохион байгуулах хийх”  гэсэн нөхцөлтэйгөөр эвлэрэн хэлэлцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон маргаанаа дуусгавар болгосон байна.

Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2016/0024/3/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

     ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ