Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 181/2021/00515/И |
Дугаар | 210/МА2021/01070 |
Огноо | 2021-07-02 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/01070
2021 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2021/01070 |
Б.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М.Яанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 931 535 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие шүүхэд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаар шийдвэрүүд тус тус гарсан.
2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дүгээр шийдвэрээр намайг Э.М.Яны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгасан бөгөөд миний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн.
Харин 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаартай шийдвэрээр 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан болно. Дээрх шийдвэрүүд гарснаас хойш намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 10 320 035 төгрөг, нийт 12 931 535 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар томилохдоо түр ажилд томилсон байна. Нэхэмжлэгчийг энэ хугацаанд ажилдаа ор хэмээн ажиллуулсан ч цалинг олгоогүй ажиллуулсан, түүнчлэн байнгын ажилд томилоогүй харин түр томилсон тул өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө томилогдсон тушаалыг хэргээс анх олж харсан тул тушаалыг эс зөвшөөрч ажлаас гарах хүсэлтээ захиргаанд өгсөн байгаа. Хариуцагч энэ маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байх боловч өмнөх шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаагүй, хүчин төгөлдөр болсон. Цалин хөлс гаргуулах маргаан иргэний шүүхийн маргаан гэжээ.
Хариуцагч Э.М.Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг шүүхээс Э.М.Яны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь 2018 онд болсон үйл баримт бөгөөд тухайн үед 2017 оны Төрийн албаны тухай хууль, 2015 оны Захиргааны ерөнхий хууль, 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байсан. Нэхэмжлэлд дурдсан ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан төрийн захиргааны албан тушаал тул Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан. Тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргээ хэрэгжүүлээгүй явдалд хариуцагч байгууллага буруутай боловч шүүхийн шийдвэр өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Харьяаллын бус маргааныг иргэний шүүх шийдвэрлэх ёсгүй байсан. Үүнээс гадна 2019 оноос эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан маргаан хянан шийдвэрлэх журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлстэй холбоотой бусад маргааныг төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр, түүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд хандахаар тус тус заасан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах энэ маргааныг иргэний шүүх бус захиргааны шүүх шийдвэрлэнэ.
Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Б.Бд жирэмсний болон амаржсаны амралтыг олгосноос хойш Монгол Улсын Засгийн газрын 2018, 2020 оны тогтоолуудаар Э.М.Яны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны чиг үүрэгт хэд хэдэн удаа өөрчлөлт орж батлагдсан. Уг өөрчлөлтөөр 2018 оны шүүхийн шийдвэрт дурдагдсан Э.М.Яны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан албан тушаалын чиг үүрэгт мэргэжилтэн биш ахлах мэргэжилтэн байх шаардлагыг тавьсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай 275 тоот тогтоолын хавсралтад ахлах мэргэжилтэн албан тушаалын ангиллын ТЗ-8-д багтсан ба харин нэхэмжлэгчийн албан тушаал ТЗ-7-д багтана. Тиймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх тайлбар үндэслэлгүй. Хамгийн сүүлд Э.М.Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 тоот тушаалаар тус яаманд бүтцийн өөрчлөлт хийгдсэн тул мөн сарын 25-ны өдрийн А/135 тоот тушаалаар түүнийг Хөрөнгө оруулалтын хэлтэст хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл, их засварын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажилд түр томилсон. Шүүхийн шийдвэрт дурдсан албан тушаал одоо манай байгууллагад байхгүй учир урьд эрхэлж байсан ажилтай нь ойр ажилд томилсон. Нэхэмжлэгч нь мөн өдрөөс хойш өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд тухай бүрт цалин хөлсийг нь олгож байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Э.М.Янаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 521 812 /есөн сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун арван хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 409 723 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 167 299 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дугаар шийдвэр нь хууль зөрчсөн байх бөгөөд хариуцагчийн зүгээс хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан.
Шүүхийн шийдвэрт заагдсан Э.М.Яны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дах хэсэгт заасан төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу ТЗ-7-1-д хамаарах албан тушаал юм. Төрийн албан тушаалтныг ажилд томилохгүй байгаа гомдлыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар харьяалан шийдвэрлэдэг.
Шүүхийн шийдвэрт заагдсан дээрх мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын хавсралт болон Э.М.Яны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар тусгай шалгуур үзүүлэлтийг тавьсан бөгөөд нэхэмжлэгч нь тус шаардлагыг хангадаггүй учир шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.М.Яанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 931 535 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01161 дүгээр шийдвэрээр Б.Быг өмнө нь эрхэлж байсан Э.М.Яны хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 3 сараар тооцон, цалин хөлстэй тэнцэх олговрыг Э.М.Янаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-11-14/
Тус шийдвэрийг ажил олгогч тал биелүүлээгүйн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02012 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил арилаагүй гэж дүгнэн, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. /хх7-10/
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй учир биелүүлэх боломжгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Б.Б Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шийдвэр биелэгдээгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 320 035 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт буй хариуцагч Э.М.Яны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/135 дугаартай тушаалыг үндэслэн уг өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажилгүй байсан гэж дүгнэн 9 521 812 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. Тодруулбал, хариуцагч байгууллагын дээрх А/135 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус байгууллагын Хөрөнгө оруулалтын хэлтэст Хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл, их засварын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон байна. Иймээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 2 629 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх 2018 онд хэргийг шийдвэрлэхдээ мөн оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааг тооцож, үлдэх хэсгийг тооцоогүй дутуу үлдээсэн, 2 шийдвэрийн дунд хугацаа үлдсэн гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэж, энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, нөгөөтэйгүүр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дээрх хугацааны олговрыг шийдвэрлэсэн гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас энэ шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн харьяаллын талаар маргасан байх ба мөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзсэн нь зөв.
Төрийн албан хаагчийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар, хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар тус тус зохицуулагддаг. Харин дээрх хуулиудад нарийвчлан зохицуулагдаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД