| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0424/э |
| Дугаар | 0474 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: Г.Эрдэнэ
шүүгдэгч: Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бөхөл овогт Э Ж холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806022220428 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Ж, 19 оны дугаар сарын -ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 3, эхнэр, охины хамт Төв аймгийн Б сумын , хороололын дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:Н
Холбогдсон хэргийн талаар:
Э.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансар нэртэй бааранд Б.Г мөнгө нэхлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.
Шүүгдэгч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сард шиг санагдаж байна Г гэх залуу миний ажилладаг Нев сансар бааранд хөгжмийн ДЖ-гээр ажилд ороод 2 сар хэртэй ажиллаад ажлаасаа гарсан юм. Гарахдаа ямар нэгэн тооцоогүй гарсан юм. 2017 оны 4 дүгээр сард манай дээр дахин ирээд надтай уулзаад манайд дахин орсон. 2017 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Г ажлын байрандаа архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байсан тул ажлаас нь гаргасан юм. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ажил дээр ирээд дүү нь хүний хөл хугалаад хаячихсан чинь хохирол гээд 200.000 төгрөг нэхээд байна та зээлээч гэхээр нь би мөнгө байхгүй гээд явуулсан. 2018 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04.00 цагийн орчимд манай бааран дээр ирчихээд та надад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн яасан бэ гаргаж өгч чадахгүй бол мөнгийг нь өгчих гээд байсан. Тэгэхээр нь би чамд өргүй биз дээ гэсэн. Гэтэл Г миний аав, ээж миний дансанд байнга мөнгө хийдэг гэж уурлаад мөнгө өг гээд текний араар шууд над дээр ирэхээр нь би уурлаад хавсраад газар унагаагаад 2-3 удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Гэтэл гараад явчихсан чинь цагдаатай хамт ороод ирсэн гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 19-ны шөнө 04.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр С бааранд зохион байгуулагч Ж уулзахаар ороод би урдаас нь хартал юу ч хэлээгүй юм. Тэгээд байж байснаа надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би та надад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн чинь юу болсон бэ гэхэд чи надаар жолооны үнэмлэх гаргуулах гэлээ гээд уурлаад чиний энэ байрнаас идэж уусан юм байхгүй гээд агсраад байхаар нь би таниас юу идсэн юм гээд доромжилж байснаа миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Тэгээд намайг унагааж байгаад зодсон. Би гомдолтой байна. Би 2017 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сансарын тунель дээр байдаг Нев сансар диско бааранд хөгжмийн ДЖ ажил эрхэлж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд цалингийн үлдэгдэл болох 350.000 төгрөгийг захирал Жигжидсүрэнгээс авах гэхэд жолооны үнэмлэх гаргаж өгий одоохондоо мөнгө алга гэхээр нь зөвшөөрч явсан юм. Тэгээд 3 дугаар сарын 18-ны орой мөнгөө авахаар очтол мөнгө алга нилээн орой ирээч гэсэн. Тэгэхээр нь 19-ны шөнийн 04.00 цагийн орчимд очоод дээрх маргаан болж намайг зодсон гэжээ. /хх-н 4-10/
Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогч Г манай бааранд хийж байгаад ажлаасаа гарсан. Удалгүй ажил олдохгүй байна гээд дахин ороод архи уугаад байхаар нь гаргасан. Гэтэл надаас мөнгө нэхэж орж ирэхээр нь би газар унагааж байгаад хэд өшиглөсөн юм. Өөр асуудал болоогүй гэжээ. / хх-н 11-13/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3860 тоот шинжилгээ Дүгнэлтэд:
1.Б.Г биед тархи доргилт, дух, хамар, баруун нүдний зовхи, чихний дэлбээ, хүзүү, зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 15/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 17-18/
Хохирогч Б.Г хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 37/
Э.Ж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-34/
Э.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 35-36
Э.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 26/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/ зэрэг болно.
Э.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансар нэртэй бааранд Б.Г мөнгө нэхлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Б.Г биед тархи доргилт, дух, хамар, баруун нүдний зовхи, чихний дэлбээ, хүзүү, зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3860 тоот дүгнэлт /хх-ийн 15/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би та надад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн чинь юу болсон бэ гэхэд чи надаар жолооны үнэмлэх гаргуулах гэлээ гээд уурлаад чиний энэ байрнаас идэж уусан юм байхгүй гээд агсраад байхаар нь би таниас юу идсэн юм гээд доромжилж байснаа миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Тэгээд намайг унагааж байгаад зодсон. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 4-10/
Шүүгдэгч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. шөнө 04.00 цагийн орчимд манай бааран дээр ирчихээд та надад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн яасан бэ гаргаж өгч чадахгүй бол мөнгийг нь өгчих гээд байсан. Тэгэхээр нь би чамд өргүй биз дээ гэсэн. Гэтэл Г миний аав, ээж миний дансанд байнга мөнгө хийдэг гэж уурлаад мөнгө өг гээд текний араар шууд над дээр ирэхээр нь би уурлаад хавсраад газар унагаагаад 2-3 удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Э.Ж нь Б.Г өөрөөс нь мөнгө нэхлээ гэсэн шалтгаанаар цохиж биед нь тархи доргилт, дух, хамар, баруун нүдний зовхи, чихний дэлбээ, хүзүү, зүүн сарвуунд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Э.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Ж нь хохирогч Б.Г хохирлын мөнгө 470.000 төгрөг төлсөн хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Э.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бөхөл овогт Э Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ж нь торгох ялыг 4 сарын дотор нэг сард 112.500 төгрөг төлөхөөр хэсэгчлэн тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ж нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Жигжидсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН