Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 110/ШШ2025/0052

 

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Н.С,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.М,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Х нарын  хоорондын  төрийн албаны  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагчийн өмгөөлөгч  Б.Мөнхзаяа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч Н.С нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2024 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар  “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд  сахилгын шийтгэл ногдуулах тухай”  захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргаж байна.

           2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Н.Сд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар аймгийн Засаг даргын  сахилгын шийтгэл  ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.С нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд  нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “ Н.С би Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар түр томилогдож, үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон.Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан боловч аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан явдалд гомдолтой байна.

2024 оны орон нутгийн сонгуулийн дараагаар шинээр томилогдсон Засаг дарга Е.З нь намайг 2 удаа албан бусаар өөрийн ажлын байранд дуудаж, ажлаа өг, ажлаа өгөхгүй бол хууль, хяналтын байгууллагуудаар шалгуулж, ял эдлүүлнэ, гэмт хэрэгтэн болгоно гэх зэргээр дарамталсан. Тухайн үед “би энэ салбарыг өөдөн татахаас өөр зүйл хийгээгүй. Ямар нэгэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй. Би тэр тал дээр баталгаа өгнө. Би улс төрийн зорилго, шахалтаар ажлаас гарахгүй" гэж хэлээд явсан.

Дараа нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Сонсох ажиллагаа явуулах тухай" 1-01/1553 дугаар албан тоот явуулсан. Тухайн албан тоотод “аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог баталсан. Тус бүтэц орон тоонд хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/, барилгын чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/ батлагдсан бөгөөд төрийн жинхэнэ алба буюу захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Х.Н, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар С.Б томилсон томилгоог хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй ажиллуулсан байна..." хэмээн бичсэн байна.

Гэвч намайг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдохоос өмнө тус газрын бүтэц, орон тоог Эрүүл мэндийн яамнаас 39 албан хаагч байхаар баталсан боловч тухайн үед 43 албан хаагч, 4 жижүүр/манаач гэрээтээр, нийт 47 ажилтан ажиллуулж байсан. Би газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойш бүтэц, орон тоо батлуулахаар удаа дараа хүсэлт тавьсны эцэст 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/927 дугаар захирамжаар эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны үлгэрчилсэн загварын дагуу мэргэжлийн хяналтын албанаас шилжин ирсэн 5 албан хаагч, нийт 44 албан хаагч байхаар батлуулж, Эрүүл мэндийн яамнаас ирсэн цалингийн фондод тааруулсан.

Үүний дараа 2023 оны А/927 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд , албан хаагчдын үйл ажиллагааны чиг үүрэгт өөрчлөлт орсон бөгөөд хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь шинэ орон тоо юм.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/927 дугаар захирамж батлагдахаас өмнө аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн бүтэц, орон тоонд дурдсанаас гадна хэд хэдэн илүү орон тоо байсан учраас үлгэрчилсэн бүтэц, орон тоонд байгаа хуулийн зөвлөхийг гэрээтээр ажиллуулж ирсэн байна. Эрүүл мэндийн салбар хөгжихийн хэрээр сум, өрхийн эмнэлгүүд олон тооны тоног төхөөрөмжтэй болж, ашиглалтын хугацаа дуусахаас өмнө хүний буруутай ажиллагаа болон хадгалалт хамгаалалтаас үүдэн тоног төхөөрөмж эвдрэх асуудал ихэссэн. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдөө гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тус тусдаа 1 орон тоогоор инженер ажиллуулах боломжгүй учраас эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлох байгууллагын хувьд эдгээр тулгарч буй асуудлыг харгалзан үзэж урьд нь Улаанбаатар хотод мэргэжлээрээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний компанид ажиллаж байсан, туршлагатай, мэргэжлийн инженерийг ажлын шаардлагаар авч ажиллуулсан.

Тийм учраас бүх албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт батлуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хүсэлт тавих тухай" 69 дүгээр албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд уламжилж, батлуулахаар хүргүүлсэн. Гэвч энэхүү хүсэлт нь “Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн бүтэц, орон тоонд хэлтсийн дарга гэсэн орон тоо байхгүй, мөн аймгуудын Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог шинээр батлуулах талаар Эрүүл мэндийн яаманд хандсан” гэх үндэслэлээр бидний хүргүүлсэн ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй болно. Энэ бүтэц, орон тооны асуудал нь зөвхөн манай аймагт биш, бусад аймагт мөн адил байдаг түгээмэл асуудал учраас нэгдсэн журмаар Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэл хийгдэх тул баталж өгөхгүй байгаа юм.

Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Захиалга буцаах тухай" 25 дугаар албан тоот, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 02/636 дугаар албан тоот, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн албан тоотуудаар тус тус манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өнөөдрийг хүртэл батлагдаагүй. Ингэснээр тухайн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн манай байгууллагад зайлшгүй шаардлагатай байсан, С.Б, Х.Н нар нь Эрүүл мэндийн газарт орохыг хүссэн тухай өргөдөл гаргасан байх тул тухайн албан хаагчдыг ажлын байрны тодорхойлолт батлагдах хүртэл гэрээгээр ажиллуулж байсан. Дараагаар нь Эрүүл мэндийн газарт урьд нь ТҮ ангиллаар ажиллаж байсан, ТЗ ангилал руу шилжих үед эрх, ашиг нь хөндөгдөж буй албан хаагчдын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 8 албан хаагчийн ангиллыг ТҮ болгон өөрчилж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Засаг даргад хүсэлт гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/971 дугаар захирамжаар батлуулсан. Тус захирамжид хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан ажилтан, барилгын чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан буюу ТҮ ангилал бүхий албан тушаал байхаар батлуулсан.

Өөрөөр хэлбэл Засаг дарга Е.З 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Сонсох ажиллагаа явуулах тухай" 1-01/1553 тоот албан тоотод дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-т заасныг тус тус заасныг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т "... захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүний эрх зүйн зөрчлийг арилгасан, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан...." буюу эрх, ашиг нь зөрчигдөж буй албан хаагчдын албан тушаалын ангиллыг ТҮ болгон өөрчилсөн.

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/971 тоот захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоонд хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан ажилтан, барилгын чанар аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан, ТҮ-7 ангилал байхаар батлуулж захиргааны актын зөрчлийг арилгаж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.Б, Х.Н нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан.

Гэтэл Засаг дарга Е.З нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/65 захирамжаар намайг ажлаас халсан. Ийнхүү ажлаас халахдаа төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар Х.Н болон С.Б нарыг томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй хууль бусаар ажиллуулсан хэмээн бичсэн байна. Энэ нь дээр дурдсанчлан шинээр бий болсон албан тушаалын ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах захиалгыг буцаах тухай албан тоот удаа дараа ирүүлсэн, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ажлын зайлшгүй шаардлага байгаа зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.2, 7.1.6-д  тус тус заасны хувьд С.Б, Х.Н нарыг Эрүүл мэндийн газарт ажилд орохыг хүссэн өргөдөл, эзэмшсэн мэргэжил, туршлага, өөр тухайн албан тушаалд мэргэжил нь таарах өргөдөл гаргасан  хүн байхгүй зэргийг нь харгалзан үзэж ажилд авсан болно.

 

Мөн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоол нь Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар захирамжийн адил нэг өдөр гарсан бөгөөд мөн тус өдөр тухайн тогтоолын биелэлтийг хангаагүй гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэдэг нь үндэслэлгүй ба Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолтой холбоотой Төрийн албаны зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд албан тоот хүргүүлсэн. Иймд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолын талаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн албан тоотын хариу ирээгүй байхад тогтоолын биелэлтийг мөн тус өдөр биелүүлээгүй хэмээн захирамж гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд бүх албан хаагчдыг ТЗ ангиллаар батлуулсан. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн газарт урьд нь ТҮ ангиллаас ТЗ ангилалд шилжсэн эрүүл мэндийн эдийн засаг, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, салбарын болон байгууллагын санхүүгийн бүртгэл, нягтлан бодох, мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, хууль эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, дархлаажуулалтын мэдээ, мэдээлэл, хүйтэн хэлхээ хариуцсан мэргэжилтэн, халдварт өвчин, эмнэлгийн дотоод халдвар хариуцсан мэргэжилтэн зэрэг албан хаагчид ТЗ орон тоонд ажлын байрны тодорхойлолт нь батлагдаагүй, ТҮ ангиллаар цалин авч байхад үүнээс зөвхөн 2 албан хаагчийн тусгайлан авч намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд сахилгын шийтгэл ногдуулах захирамжийг хүчингүй болгож, Н.С намайг урьд эрхэлж байсан ажил болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Е.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын хууль эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдсан байхад захиргааны албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар ажиллуулсан хэмээн үзэж байна. Энэ нь дээрх дурдсан үндэслэлээр няцаагдаж байна.

Хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалууд нь эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай гэдэг нь С.Б, Х.Н нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбар, С.Б, Х.Н нарын  2023-2024 онуудын хагас, бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Засаг даргын хариу тайлбар дээр нэхэмжлэгч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3,  7.1.6 дахь хэсгийг зөрчсөн тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дах хэсэгт заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн. Гэвч энэхүү тайлбар нь үндэслэлгүй, Авлигатай тэмцэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03/6231 дугаартай албан тоотоор Н.С нь С.Б болон Х.Н нарт ямар нэгэн давуу байдал бий болгоогүй буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсгийг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн. Авлигын эсрэг хуулийн  33 дугаар зүйлийн 33.1.3 дахь хэсэгт   хуулийг удаа дараа зөрчсөн албан тушаалтанд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Гэвч нэхэмжлэгчийн Авлигын эсрэг хуулийн удаа дараа зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй.

Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 02 дугаар сард гаргасан Х.Д улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай албан тоот, өнөөдрийн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөлийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн татгалзал нь хууль ёсны байсан гэдгийг нотолж байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журам”-ыг баталсан байдаг. Хэрвээ нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар Төрийн албаны тухай хууль болон бусад  тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол аймгийн Засаг даргаас дээрх журмын дагуу ажлын хэсэг гаргаж, зөрчлийг шалгаж, тогтоох зэрэг ажиллагаануудыг хийх ёстой байсан. Уг журмын 1.6 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэсний дагуу ажиллагаа хийгдэх ёстой байтал хариуцагчаас дээрх байдлаар ажиллагаа хийгээгүй буюу нэхэмжлэгчийн ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын зөрчлийг нь заавал төрийн албаны холбогдох байгууллагаас буюу Төрийн албаны зөвлөлөөс эсхүл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шалгаж тогтоосон байх ёстой. Гэхдээ энэ талаар шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засаг даргын  Н.Сд төрийн албанаас халах шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, захирамжийн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Засаг дарга 3 үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

1.2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан  мэргэжилтнээр С.Б, 2023  оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх мэргэжилтнээр Х.Нтус тус томилсон.  Хариуцагчийн зүгээс дээрх 2 албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байсан тул Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэдэг байдлаар маргадаг. Цаг хугацааны хувьд өөр, өөр нөхцөл байдал байна.

Хавтаст хэрэгт Засаг даргын 3 удаагийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн бүтэц, орон тоог баталсан шийдвэр байна. Эхний удаа 2019 онд 43 орон тоотой бүтэц, орон тоо баталсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 44 орон тоог баталсан. Үүний дараа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 45 орон тоог баталсан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар  төрийн захиргааны албан тушаалтан эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэг ангиллаар батлагдаагүй.  Тэгэхээр ингэж батлагдаагүй тохиолдолд 2 хүнийг эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан  мэргэжилтэн, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх мэргэжилтнээр томилуулж ажиллуулж болох уу, энэхүү эрх хэмжээ Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад байсан уу.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм, бүтэц үйл ажиллагааны чиглэл батлах тухай тушаал байна. Уг тушаалын 4.1 дэх хэсэгт  аймгийн Эрүүл мэндийн газрын бүрэн эрх, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд аймгийн Эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг хуульчилж өгсөн.  Энэхүү чиглэлийн дагуу Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн Эрүүл мэндийн сайдын 415 дугаар тушаалаар батлагдсан загварын дагуу тухайн хоёр хүнийг ТҮ -7 ангилалтайгаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.

Үүнээс хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Үүнд, 44 бүтэц орон тоогоор,маргаан бүхий 2 орон тоог /ТЗ-9/ гэсэн ангилалтайгаар оруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.С тухайн хоёр хүнийг үлгэрчилсэн загварын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаад явж  байх хугацаанд  Засаг дарга тухайн албан тушаалын ангиллыг  /ТЗ-9/ болгож өөрчилж, оруулсан. Тэгээд Эрүүл мэндийн газрын даргаас Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд дээрх хоёр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлуулах, сонгон шалгаруулалт зарлах тухай  албан бичиг явуулсан. Эдгээр бүх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Төрийн албаны салбар зөвлөлөөс татгалзсан, төрийн захиргааны албан хаагч байх ёсгүй гээд татгалзаж явсаар байгаад 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга дахиад  тус аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Ингэхдээ өмнө нь ТЗ-9 ангилалтай байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан  мэргэжилтэн, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх мэргэжилтэн гэсэн 2 албан тушаалыг ТҮ-7 болгож шинэчилсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан  мэргэжилтэн, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх мэргэжилтэн гэсэн 2 албан тушаалд ТҮ-7  ангиллаар дахиад томилсон.  Энэ байдлаар томилсон Эрүүл мэндийн газрын даргын тушаал дээр хариуцагч тал ямар нэгэн байдлаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч Н.С хууль тогтоомжийг зөрчөөгүй, өөрт нь олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц, орон тоонд С.Б, Х.Н нарын томилон ажиллуулсан.

Н.Сд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаа байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дүгээр зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан. Тэгэхээр хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад төрийн албан хаагчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа захиргааны акт хуульд нийцээгүй.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д  “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх” тухай заасан. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг чөлөөлөхдөө хариуцагч Засаг дарга хуульд заасан чиг үүргийг биелүүлээгүй, Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөн  ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Засаг даргын Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн асуудал байна.

2. Х.Д  холбоотой асуудал байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн Х.Д Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн албан тушаалд томилоогүй гээд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болгосон. Гэтэл түүнд улсын байцаагчийн эрх олгоогүй, мөн холбогдох хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд удирдах албан тушаалтан Н.Сы хувьд татгалзсан. Эрүүл мэндийн газрын даргын татгалзал нь хуульд заасан үндэслэл бүхий гэдэгтэй холбоотой Төрийн албаны зөвлөлөөс албан бичиг ирүүлсэн.

3. Н.С авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэг үүсэж, яллагдагчаар татагдсан талаар баримтуудыг  хариуцагчийн хүсэлтээр болон шүүхийн журмаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан. Н.Сы хувьд 2021  оноос 2024 оны хооронд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Энэхүү хугацаанд Эрүүл мэндийн газрын даргын  чиг үүрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Өнөөдөр гэм буруутайд тооцож, ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр  байхгүй учраас Н.С төрийн албанд ажиллах ёсгүй гэдэг байдлаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

С.Б, Х.Н нарыг ажилд томилсон асуудал нь өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болж байна. Иймд Засаг даргын захирамжийн үндэслэл болж байгаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах ёстой гэдэг нь хамааралгүй болж байна.

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн газрын даргын гаргасан  тушаалтай холбоотой хариуцлага хүлээлгэсэн. Тэгэхээр энэ тушаал гараад, зөрчил гэж үзвэл 12 сарыг тоолж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Б 12  сарын асуудал дуусдаг. Х.Н  хувьд 2024 оны  12 дугаар сарын сарын 07-ны өдөр  12  сарын хугацаа өнгөрч байна.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт  сахилгын зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахыг хуулиараа хориглодог.  Энэ хугацаа нь өнгөрчихжээ.  Тэгэхээр хоёр хүний асуудалтай холбоотой сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдож байна.  Эдгээр үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар даргын ажилд эргүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт  зааснаар 21 хоногийн дотор сул орон тооны захиалга өгөөгүй томилох эрх бүхий албан тушаалтныг буруутгах нөхцөл байдал тухайн үед бий болсон уу гэдгийг анхаарах ёстой.

Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт байхгүйгээр тухайн сонгон шалгаруулалт зарлах, сул орон тооны захиалга өгөх боломжгүй байсан.  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар  тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэсэн. Түүнд албан тушаалын тодорхойлолт,  албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр гэсэн  2 баримт бичгийг заавал хавсаргасан байх ёстой. Энэ дээр бүтэц, орон тоог Засаг дарга баталж өгсөн,  сул орон тоо гарсан шийдвэр мөн.  Гэхдээ албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байсан болохоор уг журмын 4.3 дахь  хэсэгт заасан сул орон тооны захиалгыг 21 хоногийн дотор хүргүүлэх боломжгүй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ““албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг” гэж заасан.  Мөн Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмуудад албан тушаалын тодорхойлолтыг хэрхэн батлах журмыг зааж өгсөн.  Тэгвэл энэ батлах журмын дагуу томилох эрх бүхий албан тушаалтны хувьд сул орон тоо гэж үзээд, албан тушаалын тодорхойлолтыг батлуулах арга хэмжээ авсан юм уу, сул орон тооны захиалгыг өгөхөөс субьектив санаа зорилгоор татгалзсан юм уу, хуулийг зөрчсөн юм уу  гэж судалж үзсэн.  Н.Сы хувьд давуу байдал бий болгож ажиллуулъя гэсэн хувийн субьектив санаа зорилго байгаагүй.  Харин Н.С албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж өгөөч гэж Төрийн албаны зөвлөлд хандсан, дээд шатны байгууллагад хандсан, аймгийн салбар зөвлөлд бас хандаж байсан.  Тэгэхээр Н.Сы хувьд Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг  зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар үүнийг Төрийн албаны төв байгууллага  хянан шийдвэрлэж, үүнтэй холбоотой тогтоол дүгнэлт гаргасан байх шаардлагатай. Төрийн албаны төв байгууллагаас Н.Сыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн хяналт шалгалт хийгээд, дүгнэлт гаргасан зүйл хэрэгт авагдаагүй.  Тиймээс нэхэмжлэгч Н.Сыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчиж, захиалга өгөөгүй, тухайн орон тоонд 2 иргэнийг хууль бусаар ажиллуулсан гэж үзэх боломж байхгүй байна.

Хоёр иргэнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сонгон авч, тодорхой хугацаагаар түр ажиллуулсан нөхцөл байдал хууль зөрчөөгүй гэж  үзэж байгаа. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад, харьяа нэгж байгууллагуудад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажилтан зайлшгүй шаардлагатай байсан.  С.Б хувьд удаа дараа сумуудад очиж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн.  Хоёр дахь ажилтны хувьд Эрүүл мэндийн газартай холбоотой шүүхэд, бусад байгууллагуудад гэрээ цуцалсантай холбоотой,  ажилтантай холбоотой хэд хэдэн маргаан явж байсан, тэгээд хууль эрх зүйн ажилтан зайлшгүй шаардлагатай байсан.  Нэгэнт сул орон тооны захиалга өгөх боломжгүй байсан учраас  Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан түр орлон гүйцэтгүүлэх журмыг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт  заасан “албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх” боломжгүй нөхцөл байдал үүссэн болохоор төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ хийгээд, ажиллуулж байсан. Үүнийг буруу гэж үзсэн дээд шатны буюу Төрийн албаны зөвлөлөөс, салбар зөвлөлөөс, хууль хяналтын байгууллагаас хууль бусаар хоёр хүнийг ажиллуулсан гэснийг тогтоосон зүйл байхгүй. Тэгэхээр хоёр хүнийг хууль бусаар ажиллуулж байгаа,  хуульд заасан хугацаанд захиалга өгөөгүй зэрэг асуудал тогтоогдоогүй.

Хоёрдугаарт, хариуцагч талын зүгээс Х.Д  улсын байцаагчийн ажил, албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй байсан, үүнийг биелүүлээгүй нь  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасныг  зөрчсөн учраас ажлаас чөлөөлөх үндэслэл мөн гэсэн байна.

Улсын байцаагчид хамгийн гол  тавигдах  шаардлага нь мэргэжлийн шаардлага байдаг.  Мэргэжлийн индекс нь таарахгүй байсан учраас тухайн төрийн албаны зөвлөл нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж, томилуулахаар шийдвэр гаргасан хэдий ч тухайн хүн тухайн ажлын байранд ажиллах боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, хяналтын улсын байцаагчийн эрх олгогдохгүй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. 

Тэгвэл холбогдох журам болон хуульд заасны дагуу нэг удаа хуульд заасан үндэслэлээр татгалзаж байгаа  асуудал хууль зөрчсөн эсэх талаар шүүх тодорхой ажиллагаа хийгээд,  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамнаас холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт авсан. Мэргэжлийн индекс нь таарахгүй байсан учраас улсын байцаагчаар эрх олгож ажиллуулах боломжгүй гэдэг нь тогтоогдож байна.

Гуравдугаарт, Н.С Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас нь халах сахилгын шийтгэл оногдуулсан. Гэм буруугийн асуудал шүүхээр тогтоогдоогүй. Төрийн жинхэнэ албан тушаалтан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудал зөрчил юм уу,энэ бол зөрчил биш, хэнийг ч шалгаж болно.Гэхдээ шалгахтай холбоотой түүний албан тушаалыг нь түдгэлзүүлээгүй.Н.С нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдохоос өмнө гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шалгагдаж байна.  Шалгагдаж байсан хугацаандаа Н.С Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон.  Тухайн албан тушаалд томилогдоход хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг зохих журмын дагуу Авлигатай тэмцэх газар хянаж, томилогдон ажиллахад харшлах нөхцөл байдал тогтоогдоогүй, зөрчилгүй гэдэг албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлснээр шалгалт өгөөд  Н.С уг албан тушаалд томилогдсон.  

 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг зөрчлөө гэж үзсэн ч гэсэн тэр зөрчил нь Н.Сыг үүрэгт ажлаас нь халах хэмжээний зөрчил мөн юм уу,  биш юм уу гэдэгт нь дүгнэлт хийгээгүй.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

            5. Хариуцагч  Баян-Өлгий аймгийн  Засаг дарга  хариу тайлбартаа:

“1. Нэхэмжлэгч Н.С нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдлийн талаар:

Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 батлагдсан байхад төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар Х.Н, С.Б нарыг томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй хууль бусаар ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалтад заасан журмын дагуу уг орон тоог нөхөх”,  27.2-Т заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх тухай” заалтын  биелэлтийг хэрэгжүүлээгүй үйлдлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т  заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-д “төрийн албанаас халах “ гэж тус тус зохицуулсан.

2. Нэхэмжлэгч Н.С албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон үйлдлийн талаар:

Нэхэмжлэгч Н.С нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны захиалгыг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна тухайн сул орон тоог албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэхгүйгээр шаардлага хангахгүй нэр бүхий иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, тэдэнд давуу байдал олгосон үйлдлээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасан хориглосон заалтыг зөрчсөн болно.

Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээлгэхээр, мөн хуулийн 33.1.3-д уг хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халахаар тус тус хуульчилсан байна.

Мөн нэхэмжлэгч Н.С нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.2.1, 22.4.4-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдон эрүүгийн 1813003640097 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээ болон удирдах албан тушаалтны хариуцлагын зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд төрийн албаны шударга, ил тод байдлыг алдагдуулж, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх тул нэхэмжлэгч тухайн албан тушаалыг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн болно.

3.Нэхэмжлэгч Н.Сий Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдлийн талаар:

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 75 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор тэнцсэн Х.Д аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэрийг дэвшүүлсэн боловч нэхэмжлэгч Н.С нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд хүрээнд тогтоол гаргана, Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.3-д заасан төрийн албан хаагч хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг  хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр  түүнийг албан тушаалд томилохоос татгалзаж /Эрүүл  мэндийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 914 тоот албан бичиг/, тухайн үед нэр дэвшигчид энэ талаар амаар мэдэгдсэн байх бөгөөд энэ талаар нэр дэвшигч Х.Д нь аймгийн Засаг даргад гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.С нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-д заасныг зөрчин, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, мөн хууль бусаар бусдад давуу байдал олгосон зөрчил үйлдсэн тул Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтуудыг үндэслэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон.

Иймд нэхэмжлэгч Н.Сий нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Н.Сы нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсан гэдэг үндэслэлээр тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтан авч ажиллуулахыг зөвхөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийг үндэслэж сул орон тоонд хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажилтан ажиллуулахаар зохицуулсан. Одоо  уг хууль хүчингүй болсон.  Одоо  төрийн захиргааны албан тушаалын  орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлж, хянуулсны үндсэн дээр Төрийн албаны төв зөвлөлд хүрүүлж,  түүнээс зөвшөөрөл ирж, батлагдсаны дараа тухайн орон тоонд сонгон шалгаруулалтын захиалга өгөөд, сонгон шалгаруулалт  зарлагдсаны үндсэн дээр тухайн иргэнийг тогтоолын дагуу томилох зохицуулалттай байдаг. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, хүн авч ажиллуулсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын хувьд тухайн үед Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Н.Сд сахилгын шийтгэлийг 3 үндэслэлээр оногдуулсан байдаг. Уг захирамжийн эхний үндэслэл нь бүтэц, орон тоо хэтрүүлсэн эсэх асуудлын талаар байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/297 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц,орон тоонд хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 гэсэн орон тоог баталсан байхад төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаад, хууль бусаар Х.Н, С.Б нарыг томилоод  Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүйгээр хууль бусаар ажиллуулсан, Төрийн албаны тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг хэрэглэхгүйгээр С.Б, Х.Н нарыг ТЗ-9 гэсэн зэрэглэлд томилсон нөхцөл байдал, үйл баримт тогтоогддог.

 Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн, 37.1.1 дэх хэсэгт  зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно,  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан. Энэхүү Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу аймгийн Засаг дарга тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сыг ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байдаг.

Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Х.А ирүүлсэн албан бичиг, хавсралт баримтууд байна.  Үүнд, Н.С бусдад давуу байдал олгосон, энэхүү нөхцөл байдлаа нуун дарагдуулсан шинжтэй нөхцөл байдлууд байна. С.Бекеттэй 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 01 дугаартай гэрээ байгуулсан мэтээр хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулаад, байгууллагын тамгыг нөхөж дарсан.  Энэ нь С.Бекетийг  анх ажилд томилох үед гаргасан 2023 оны Б/12 дугаартай тушаалд дарагдсан тэмдэг болон С.Б байгуулсан 01 дугаартай хөдөлмөрийн гэрээнд тодорхой харагдаж байна. Х.Н хувьд холбогдох хуулийг зөрчөөд, 2023 оны Б/52 дугаартай тушаалаар,2024 оны Б/04 дугаартай тушаалаар тус тус хоёр удаа ажилд томилчихсон.  Энэ хоёр тушаалд мөн адилхан байгууллагын тамга, тэмдгийг дарсан байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 06 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулаад, мөн байгууллагын тамгыг нөхөж дарсан байдаг. Байгууллагын тамгыг нөхөж дарсан гэдэг нь ямар үйл баримтаар тогтоогдоод байна гэхээр аймгийн Эрүүл мэндийн газар нь 2024 оны 04 дүгээр сар хүртэл бүх үйл ажиллагаа болон томилгоо зэрэгт байгууллагын тэмдгийг ашиглаж байсан.  Гэтэл 2024 оны 4 дүгээр  сараас эхлээд байгууллагын үйл ажиллагаа болон томилгоонд тамгыг захиалгаар хийлгэж, ашиглаж эхэлсэн байдаг, байгууллагын санхүүгийн төлбөрөөс шилжүүлж тамга захиалсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр баримтуудаас харахад хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулж, тушаалыг нөхөж гаргасан, тамгыг нөхөж дарсан гэдэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/22 дугаартай Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагчийн албан шаардлага гээд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Х.Д гэсэн албан бичиг байгаа.  Үүнд, аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг аймгийн Засаг дарга 2024  онд 45 байхаар баталсан байхад Эрүүл мэндийн газрын дарга нь орон тоог 47 болгож батлаад, хоёр орон тоог илүү ажиллуулаад, 19,387,500 төгрөгийн цалин хөлс олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйл, аймгийн Засаг даргын 10 дугаар сарын 25-ны өдрийн А/971 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт заасан “аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсугай”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэдгийг илрүүлсэн.

Н.Сы хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон нөхцөл байдлын хувьд  Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны захиалгыг мэдүүлэх үүргээ гүйцэтгээгүй, холбогдох захиалгаа 21 хоногийн өмнө өгөөгүй нь бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал харагдаж байна.     Тухайн орон тоонд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороод, сонгон шалгаруулалтын дагуу шаардлага хангасан хүн томилогдох ёстой байтал шаардлага хангаагүй хүнийг томилоод, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дэх хэсэгт заасныг үндэслэж Засаг дарга тушаал гаргасан байдаг. Аймгийн Засаг даргын хувьд  Авлигын эсрэг хуульд заасан бусдад давуу байдал олгосон, өөрийнхөө хэрэгжүүлэх чиг үүргээ албан ёсоор биелүүлээгүй гэдэг нөхцөл байдлыг тогтоосон. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс энэхүү нөхцөл байдал нь тогтоогдсон байх ёстой гэдэг зүйлийг тайлбарлаад байх шиг байна.  Өнөөдөр шүүхэд ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол байгаа. Энэхүү тогтоол дээр бүтэц, орон тоо хэтрүүлсэн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөгчийн тогтоолыг хавсралтаар хүргүүлэв гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн.           Мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байна гэдэг нь Н.Сий үйлдэл нь Авлигын эсрэг хуульд заасан тодорхой холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэдэг нь тогтоогдож байна. Гэмт хэргийн шинжтэй байгаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь дараагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа юм.

Мөн Н.Сыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.4.4 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулаад эрүүгийн хэрэг үүсгээд, яллагдагчаар татсан прокурорын тогтоолууд хавтаст хэрэгт авагдсан. Энэхүү яллагдагчийн тогтоолд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон гэдэг гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоод, прокуророос яллах дүгнэлт үйлдээд, хавсралттай хамт илгээсэн.  Тэгэхээр эдгээр хоёр нөхцөл байдлаас харахад Авлигын эсрэг хуульд заасан холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэдэг нь харагдаж байна.Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээх эсэх асуудал нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдэх асуудал юм. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хэргийн шүүх Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн  зөрчил байна гэж үзээд хариуцлага оногдуулах үндэслэл нь энэ байдлаар тогтоогдож байгаа юм.

 Тушаалын 3 дахь үндэслэл нь Н.Сыг төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж,  хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноогоор тэнцсэн Х.Д аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана гээд заачихсан.  Тухайн гаргасан тогтоолыг нь холбогдох этгээд биелүүлэх ёстой. Төрийн албаны зөвлөлөөс хууль, дүрмийнхээ дагуу шалгалт аваад, Х.Д хамгийн өндөр оноо авсан тул энэ хүнийг томилох тухай тогтоолыг ирүүлэхэд Н.С  нь зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр, Төрийн албаны зөвлөлд  Х.Д мэргэжлийн хувьд индекс нь таарахгүй байна гэдэг утга агуулга бүхий албан бичгийг ирүүлдэг.  Х.Д төрийн захиргааны албан хаагчид тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шийдвэрлэдэг эрх бүхий этгээд нь Н.С биш, тэрийг шийдвэрлэдэг үндсэн чиг үүрэг бүхий субъект нь Төрийн албаны салбар зөвлөл юм. Татгалзсан тогтоолыг эс зөвшөөрч Х.Д нь тухайн үед аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг.

Нэхэмжлэгч Н.С  нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2 ,39.1.3 дахь хэсгийг зөрчиж,  албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, мөн хууль бусаар бусдад давуу байдал олгож зөрчил үйлдсэн тул Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтуудыг үндэслээд төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. 

 Н.С нь хувь хүний хувьд ямар ёс зүйгүй алдаа, дутагдал гаргаж байгаа нь прокурорын хэд хэдэн яллах  дүгнэлтүүдээр болон Авлигатай тэмцэх газрын хэд хэдэн албан бичгүүдээр тогтоогдож байна.  Н.Сы хууль бус үйлдлийг нь таслан зогсоогоод, аймгийн Засаг дарга шийдвэр гаргаснаараа өнөөдөр хариуцагч болж байгаа нь нэг талаараа хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгч Н.Сы “Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2024 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар  “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд  сахилгын шийтгэл ногдуулах тухай”  захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дах заалтыг тус тус үндэслэн Н.Сийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг захирамжид тусгаснаар  3 үндэслэлээр төрийн албанаас халах  сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.  Нэхэмжлэгч Н.Сд сахилгын шийтгэл ногдуулах болсон нэг дэх үндэслэл буюу “Аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар  аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд  хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан  мэргэжилтэн /ТЗ-9/,  барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн /ТЗ-9/  батлагдсан байхад  төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааны албан  тушаалд  хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар  Х.Н болон С.Б нарыг томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан  хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно,27 дугаар зүйлийн 27.1-т заасан   төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд  томилох эрх бүхий этгээд 27 дугаар зүйлийн 27.1.1,27.1.2,27.1.3 дах заалтад  заасан журмын дагуу  уг орон тоог нөхөх, 27.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх тухай заалтын биелэлтийг хэрэгжүүлээгүй байх ба энэ үйлдэл  нь  Төрийн албаны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дах заалтад заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 дах заалтад заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглох,31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтад заасан Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах заалтад заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох гэсэн заалтыг зөрчсөн” гэх  зөрчлийн хувьд:

3.1.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.7-д “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6. хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж тус тус  заасан.

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох,зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулахаар мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдийг чөлөөлүүлэх  зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар тусгайлан зохицуулсан байна.

3.2. Хэргийн  оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд батлагдсан төрийн захиргааны албан  тушаалд  хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар  Х.Н болон С.Б нарыг томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй ажиллуулсан” гэх асуудлаар Төрийн албаны зөвлөл болон тус аймаг дахь Салбар зөвлөлд хэн нэгнээс гомдол, мэдээлэл гаргаагүй, хяналт шалгалт хийгдээгүй болох нь тогтоогдсон  ба хариуцагч  талаас “аймгийн Засаг даргад иргэдээс Эрүүл мэндийн газрын  хүний нөөцийн томилгоотой холбоотой мэдээлэл ирүүлсний дагуу нотлох баримтуудыг цуглуулж, үүний үндсэн дээр ажлаас халсан”  гэж  тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг  дурдах нь зүйтэй.

Зүй нь аймгийн Засаг даргад тухайн асуудлаар хэн нэгнээс гомдол, мэдээлэл гаргасан  тохиолдолд, уг гомдол, мэдээллийг  Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд болох Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, зөвлөлөөс  хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулан зөрчлийг тогтоон, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй тохиолдолд энэ нь тухайн  томилох эрх бүхий этгээдэд хариуцлага тооцох үндэслэл болохоор Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

3.3. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх  нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд  аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь “төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар  Х.Н болон С.Б нарыг томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй ажиллуулсан” гэх асуудалд Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах,  үүрэг, даалгаврыг биелүүлээгүй этгээдэд хариуцлага тооцуулах зэрэг  үйл ажиллагаа  явагдаагүй байхад хариуцагч аймгийн Засаг даргаас тухайн зөрчил нь  тогтоогдсон гэж үзэж  нэхэмжлэгч Н.Сд  төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь  Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,30.2,30.3, 32 дугаар зүйлийн 32.1,32.7, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасантай тус тус нийцээгүй байна гэж дүгнэлээ.

3.4. Нэхэмжлэгч Н.Сд  сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын  шийдвэр нь  дээрх байдлаар  хуульд нийцээгүйгээс гадна “аймгийн Засаг даргын 2023 оны А/927 дугаар захирамжаар баталсан төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль бусаар  Х.Н болон С.Б нарыг  томилж, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авалгүй ажиллуулсанзөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар  үндэслэлгүй байна.

3.4.1. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаар  тушаалын  гуравдугаар хавсралтаар  баталсан аймгийн эрүүл мэндийн газрын  үйл ажиллагааны үлгэрчилсэн чиглэлд аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэст “хуулийн, эрх зүйн  зөвлөгөө” гэсэн чиглэлийг  тусгаж, уг үйл ажиллагааны чиглэлийн дагуу аймгийн Засаг даргатай зөвшилцөн эрүүл мэндийн газрын бүтцээ батлуулж ажиллахыг үүрэг болгосон байх ба  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/751 дүгээр захирамжаар баталсан Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд  дээрх  чиг үүргийг хэрэгжүүлэх  орон тоо батлагдаагүй  / 1 дэх хавтаст хэргийн 23-24,25-34 дэх тал /байна.

Мөн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/37 дугаар  тушаалын 2 дугаар хавсралтаар   “Аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны үлгэрчилсэн чиг үүрэг”-ийг шинэчлэн баталж, аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэст “хууль, эрх зүй, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл,эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” болон  “эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа”  гэсэн чиг үүргийг тусгаж өгсөн байх ба аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтнаар  С.Б, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/52  дугаар  тушаалаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ажилтнаар Х.Н тус тус томилж, ТҮ-7 ангиллаар  цалинжуулан /1 дэх хавтаст хэргийн 151,152,3 дах хавтаст хэргийн 128-129 дэх тал/ ажиллуулжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар  захирамжаар хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан  мэргэжилтэн болон барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний  орон тоог төрийн захиргааны /ТЗ-9/ ангилалд хамааруулан аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог   шинэчлэн  баталснаар уг 2 орон тоонд  дээрх тушаалуудаар томилогдон ажиллаж байсан С.Б, Х.Н нарыг үргэлжлүүлэн  ажиллуулсан /1дэх хавтаст хэргийн 66-69,74-76,100 дах тал/ байна.

Мөн аймгийн Засаг даргын дээрх захирамжаар тухайн 2 орон тооноос гадна эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт, салбарын санхүүгийн бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан, байгууллагын нягтлан бодох бүртгэл хариуцсан ажилтан, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан ажилтан, дархлаажуулалтын их эмч зэрэг төрийн үйлчилгээний ангиллын орон тоонуудыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулжээ /1 дэх хавтаст хэргийн 23-24, 66-69, 202-208 дах тал/.

Улмаар аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/971 дүгээр  захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  шинэчлэн батлахдаа тухайн 2 орон тоог хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,өргөдөл, гомдол  хариуцсан  ажилтан болон барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан гэж төрийн үйлчилгээний ангиллын /ТҮ-7/ орон тоо  болгож өөрчилжээ /1 дэх хавтаст хэргийн 70-73 дах тал/.

Уг А/971 дүгээр захирамж гарсны дараа аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас Х.Н хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал  хариуцсан  ажилтнаар, С.Б барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтнаар тус тус томилж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/42,Б/43 дугаар тушаалуудыг гаргасан /1 дэх хавтаст хэргийн 82,101 дэх тал/ байна.

Мөн хариуцагч аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.Сийг төрийн албанаас халах шийдвэр гаргасны дараа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  батлахдаа  барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан болон хууль, эрх зүй, өргөдөл, гомдол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан  ажилтны албан тушаалын ангиллыг өөрчлөхгүйгээр төрийн үйлчилгээний /ТҮ-7/ ангиллаар хэвээр нь баталсан байх ба С.Б, Х.Н нар одоог хүртэл энэхүү төрийн үйлчилгээний ангиллын албан тушаалд ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 216-219, 220-223 дах тал/ тус тус тогтоогдож байна.

3.4.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар  захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар тус газрын дарга Н.С нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгууллагын төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс боловсруулсан хууль, эрх зүй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан  мэргэжилтэн, барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний  албан тушаалын болон бусад  төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянаад, 2024 оны  01 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дүгээр  албан бичгээр хянуулах,  Төрийн албаны зөвлөлөөс батлах зөвшөөрлийг олгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд хүргүүлжээ.

Уг  асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд “аймгийн Эрүүл  мэндийн газрын бүтэц, орон тоог  баталсан тухай аймгийн Засаг даргын захирамжийг хянаж үзээд  тус газрын өмнөх бүтэц  буюу 2019 онд баталсан бүтэц, орон тооноос өөрчилж, хэлтсийн дарга нар буюу  нэгжийн дарга нарын орон тоог байхгүй болгосон, зарим төрийн үйлчилгээний албан  тушаалыг төрийн захиргааны албан тушаал болгож өөрчилсөн нь  тухайн салбарын хуульд өөрчлөлт ороогүй, зарим төрийн албан хаагч нарын  хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байгаа тул  уг шийдвэрийг эргэн харж, хүчингүй болгуулах саналыг  аймгийн Засаг даргад уламжлах”  гэсэн үндэслэлээр  улсын байцаагчаас  бусад албан хаагч нарын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлд уламжлах  боломжгүй гэж шийдвэрлэсэн  болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1дэх хавтаст хэргийн 195, 200-209 дэх тал, 2 дах хавтаст хэргийн 70-71, 72-83, 84-88, 89-94 дах тал/  тогтоогдож байна.

3.4.3. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”,  25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж,  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.3-т “Энэ журмын 4.2-т заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:4.3.1.албан тушаалын тодорхойлолт;4.3.2.тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр” гэж тус  тус зохицуулсан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Aлбан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.1-т “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянаж зөвшөөрөл олгох, батлах гэсэн гурван үе шатаар боловсруулна”, 3.2-т “Албан тушаалын тодорхойлолтын төслийг томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч, эсхүл ажлын хэсэг хариуцан бэлтгэнэ”, 4.1-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянаж, зөвшөөрсөн тухай тогтоол гаргаж, батлах зөвшөөрлийг олгоно. Албан тушаалын тодорхойлолтыг хянахтай холбоотой зарим ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр гүйцэтгүүлж болно. Салбар зөвлөл холбогдох ажиллагааг гүйцэтгэж, тэр тухай танилцуулга, саналаа Төрийн албаны зөвлөлд тогтоосон хугацаанд хүргүүлнэ”, 5.1-т “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” гэж тус тус заажээ.

 

3.4.4. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар батлагдсан Эрүүл мэндийн газрын барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан  мэргэжилтний  төрийн захиргааны албан тушаалд  Эрүүл мэндийн сайдаас баталсан аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны үлгэрчилсэн чиг үүрэгт  тусгагдсаны дагуу томилон  ажиллуулж байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан ажилтан С.Б, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ажилтан Х.Н тус  тус үргэлжлүүлэн ажиллуулсан, түүнчлэн уг А/927 дугаар захирамжаар төрийн албан тушаалын ангилал нь төрийн захиргаа болж өөрчлөгдсөн тус байгууллагын бусад   төрийн үйлчилгээний ангиллын албан тушаалд ажиллаж байсан албан хаагчдыг мөн адил үргэлжлүүлэн ажиллуулсан үйл баримтууд  тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч Н.С нь аймгийн Засаг даргын  2023 оны А/927 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын  бүтэц, орон тоог шинээр шинэчлэн баталсантай холбоотойгоор төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг  боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс боловсруулсан албан тушаалын тодорхойлолтыг хянуулах, батлах зөвшөөрөл авахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, тухайн байгууллагаас  уг албан тушаалын тодорхойлолтыг  “аймгийн Засаг даргын баталсан бүтэц, орон тоо нь маргаантай” гэдэг үндэслэлээр буцаасан.

Үүний дараа эрх бүхий этгээд болох  аймгийн  Засаг даргаас Эрүүл мэндийн газрын  бүтэц, орон тооны  асуудлын талаар  ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд улмаар 2024 оны 10 дугаар  сарын 25-ны өдрийн захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  шинэчлэн батлахдаа дээрх 2 албан тушаалыг  төрийн үйлчилгээний ангиллын орон тоо болгож баталсан, мөн хариуцагч аймгийн Засаг  даргаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  А/137 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  батлахдаа тухайн 2 албан тушаалын ангиллыг нь өөрчлөхгүйгээр хэвээр баталсан байх ба С.Б, Х.Н нар нь одоог хүртэл тухайн төрийн үйлчилгээний ангиллын орон тоонд ажиллаж байгаа зэрэг бодит  нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 3.4.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг     хуулийн зохицуулалтуудтай  холбогдуулан дүгнэхэд, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог /тухайн тохиолдолд шинээр батлагдсан орон тоо/ хуульд заасан журмын дагуу  нөхөхийн тулд тухайн шинээр батлагдсан орон тооны албан тушаалын тодорхойлолт зайлшгүй батлагдах шаардлагатай ба Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь  аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан төрийн захиргааны ангиллын  тухайн 2  албан тушаалын сул орон тоог  нөхөх   буюу нийтэд мэдээлэх, захиалга өгөхийн тулд албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, улмаар батлуулахаар  эрх бүхий этгээдэд хүргүүлсэн.

Гэвч түүнээс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тодорхойлолт нь батлагдаагүйн улмаас сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн  байх тул нэхэмжлэгч Н.С  нь Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, улмаар мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно”, 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг хүлээнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.4.6.  Хариуцагчаас “Нэхэмжлэгч Н.С нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны захиалгыг мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна тухайн сул орон тоог албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэхгүйгээр шаардлага хангахгүй нэр бүхий иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, тэдэнд давуу байдал олгосон үйлдлээр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасан хориглосон заалтыг зөрчсөн” гэж маргасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь С.Б, Х.Н нарыг  төрийн үйлчилгээний ангиллын орон тоонд анх томилж ажиллуулсан  талаар маргаагүй буюу  энэ асуудал нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, харин  аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/927 дугаар захирамжаар баталсан төрийн захиргааны ангиллын албан тушаалд С.Б, Х.Н нарыг  үргэлжлүүлэн ажиллуулсан талаар маргаж байна.

Дээрх үйл баримтууд, тухайн 2 албан тушаалд ажиллаж байгаа С.Б, Х.Н нарын албан хаагчдын  2023, 2024 оны ажлын тайлан, ажлын гүйцэтгэл , үр дүн, мэргэшлийн түвшинг  үнэлэх үнэлгээний хуудас болон 2024 онд Эрүүл мэндийн газрын бүтэц,орон тоог баталсан аймгийн Засаг даргын захирамж, хариуцагч аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасны дараа Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  баталсан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/137 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудаас /2 дах хавтаст хэргийн 220-252 дах тал, 3 дах хавтаст хэргийн 1-31 дэх тал/ үзэхэд Эрүүл мэндийн сайдаас баталсан аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны үлгэрчилсэн чиг үүрэгт  тусгагдсан тухайн 2 ажлын байр нь тус байгууллагад зайлшгүй шаардлагатай  байсан, мөн төрийн үйлчилгээний ангилалд хамаарах албан тушаал болох нь тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Мөн Эрүүл мэндийн газрын хууль, эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал хариуцсан  мэргэжилтэн болон барилгын чанар, аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаа,  эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтний  орон тоо нь аймгийн Засаг даргын 2023 оны  А/927 дугаар захирамжаар шинээр  батлагдсан  төрийн захиргааны  албан тушаал тул  Төрийн албаны тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д  зааснаар түр орлон гүйцэтгүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд хамаарахгүй байна.

Хэдийгээр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь төрийн захиргааны ангиллын албан тушаалд С.Б, Х.Н нарыг үргэлжлүүлэн ажиллуулсан нь  Төрийн албаны тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.1 дэх заалттай нийцэхгүй байгаа боловч тус байгууллагад зайлшгүй шаардлагатай  байсан төрийн үйлчилгээний ангиллын 2 орон тоонд С.Б, Х.Н нарыг томилж ажиллуулж байсан ба аймгийн Засаг даргын 2023 оны А/927 дугаар захирамжаар төрийн захиргааны албан тушаалд хамааруулснаар тухайн 2 албан тушаалын сул орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх зорилгоор үйл ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар тухайн 2 орон тооны албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй.

Түүнчлэн  тухайн 2 албан тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд хамаарахгүй тул аймгийн Засаг даргын 2023 оны А/927 дугаар захирамж батлагдсанаар албан тушаал нь төрийн захиргааны ангилалд хамаарах болсон, өмнө  нь үйлчилгээний ангиллын албан тушаалд ажиллаж байсан  тус байгууллагын бусад албан хаагч нарын хамт С.Б, Х.Н нарыг   үргэлжлүүлэн ажиллуулсан, 2024, 2025 онд  Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог  шинэчлэн баталсан  аймгийн Засаг даргын захирамжуудаар С.Б, Х.Н нарын ажиллаж байгаа албан тушаал нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарах албан тушаал гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдсоноос гадна Н.С нь С.Б, Х.Н нартай  нэгдмэл сонирхолтой,  хамаарал бүхий  гэж үзэх үндэслэл байхгүй /2 дах хавтаст хэргийн 168 дах тал/  тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ерөнхий хянан шалгагчийн  албан шаардлагаар зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн тайлбар гаргасан боловч  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ерөнхий хянан шалгагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/23, ахлах хянан шалгагчийн  2025 оны 03 дугаар сарын 25-ны  өдрийн 02/22 дугаартай  албан шаардлагуудын “Эрүүл мэндийн газрын  удирдлагын үйл ажиллагаа, нэгжийн ажилтнуудын томилгооны талаар” гэсэн хэсэгт тусгасан зөрчил нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй, аймгийн Эрүүл мэндийн газрын  бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2024 онд  баталсан шийдвэртэй  холбоотой байгааг дурдах нь зүйтэй.

4.  Сахилгын шийтгэл ногдуулсан 2 дах үндэслэл болох “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.1.1 дэх хэсэгт заасан  албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан бусдад шан харамж өгөх,өгөхөөр амлах, зуучлах, 7.1.6-д заасан  албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэсэн заалтыг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд:

4.1. Баян-Өлгий  аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  магадлагч эмч бөгөөд  тэтгэмжийн хяналтын улсын байцаагч Н.Сыг  төрийн албаны тусгай шалгалт зарлах хүртэл хугацаагаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлийн 2022 оны 6  дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг үндэслэн  Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд  томилсон байна.

Н.Сыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  болон  даргын албан тушаалд томилох үед аймгийн Засаг даргаас хүргүүлсэн нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах , ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар хянаад “ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй”  гэж хариу мэдэгдсэн байх ба энэхүү хариу албан бичигт “нэр дэвшигч Н.С нь эрүүгийн 1813003640097 дугаартай  хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.4.4,22.1.1 дэх хэсэгт зааснаар.... яллагдагчаар  татагдсан” талаар тусгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1дэх хавтаст хэргийн 17-18,3 дах  хавтаст хэргийн 88-90 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

Мөн эрүүгийн 1813003640097 дугаартай  хэрэгт Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчээр ажиллаж байгаа Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4  дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан  болох нь  2020 оны 4 дүгээр сарын 13, 4 дүгээр сарын 23,5 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 17, 11 дүгээр сарын 27, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолуудаар  / 3 дах хавтаст хэргийн 48-73 дах тал/ тогтоогдсон болно.

4.2.  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 33 дугаар зүйлийн  33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ: 33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заажээ.

Дээрх байдлаар  нэхэмжлэгч Н.С нь  эрүүгийн хэрэгт холбогдон  шалгагдаж байгаа нь тогтоогдож байгаа боловч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гараагүй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7.1.2-т заасан “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан  ба нэхэмжлэгч  Н.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, энэ талаар шүүхийн шийтгэх тогтоол  гараагүй байх тул  “Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.1.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа”  гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь   хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

5. Сахилгын шийтгэл ногдуулсан 3 дах үндэслэл болох “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг  хэрэгжүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.3, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг зөрчсөн” гэх зөрчлийн хувьд:

5.1. Аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн  албан тушаалд Х.Д томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд даалгасан  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг  салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр  хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 56,58 дах тал/ тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг  2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр хүргүүлсэн  нь тогтоогдож байгаа, гэтэл салбар зөвлөлөөс уг  тогтоолыг хүргүүлэхээс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч аймгийн Засаг даргаас салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь  үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл,  маргаан бүхий захирамжид 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж заасан хэдий ч  уг захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх тул зөрчил гараагүй,  гарсан нь тогтоогдоогүй байхад шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах  тусгай зарчмуудтай нийцээгүй  байна.

5.2. Мөн Төрийн албаны тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон ....бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”,  76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж  тус тус зааснаас үзэхэд томилох эрх бүхий этгээд  нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилохтой холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй байна.

5.3. Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь “Х.Д нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн боловч  тухайн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн хувьд тохирохгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр  томилохоос татгалзаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 914 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд хариу хүргүүлсэн, мөн салбар зөвлөлийн уг 75 дугаар тогтоолыг хянуулахаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 928 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 57,185-187 дах тал/ тус тус тогтоогдож байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан  Х.А нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Х.Д  эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон  байгаа боловч Х.Д улсын байцаагчийн эрх олгож өгөхийг хүссэн тус газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 114 дүгээр албан бичигт Эрүүл мэндийн яамнаас “...Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан  “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам” -ын 2.1.2-д тусгасан  “тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага”-ыг хангахгүй байгаа тул  улсын байцаагчийн эрх олгох боломжгүй” гэж хариу өгсөн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1дэх хавтаст хэргийн 165, 2 дах хавтаст хэргийн 100-101 дэх тал/ тогтоогдсон болно.

5.4. Дээрх  нөхцөл байдлаас  үзэхэд нэхэмжлэгч Н.Сы салбар зөвлөлийн тогтоолыг хянуулахаар гаргасан гомдлыг маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад  Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”  гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

Мөн  “эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон Х.Д мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа тул улсын байцаагчийн эрх олгох боломжгүй” гэсэн  улсын байцаагчийн эрх олгох эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан бичгээс үзэхэд  нэхэмжлэгчийн  тухайн үндэслэлээр томилохоос татгалзсаныг буруутгах боломжгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

5.5. Хариуцагчаас “эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилохоос татгалзсан талаар нэр дэвшигч Х.Д аймгийн Засаг даргад гомдол гаргасан” гэсэн тайлбар гаргасан боловч  Төрийн албаны тухай хуулийн 75, 76  дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлсэн этгээдийг  томилохтой холбоотой маргааныг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр зохицуулсан.

Тодруулбал, гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох,зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага  тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар Төрийн албаны тухай хуульд  тусгайлан зохицуулсан.

Гэтэл “Х.Д  эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилоогүй” гэх асуудалд Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох,зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах,  хариуцлага  тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх  зэрэг үйл ажиллагаа явагдаагүй буюу зөрчил нь тогтоогдоогүй байхад   хариуцагч аймгийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэж  сахилгын шийтгэл ногдуулсан нь  хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй, хууль бус байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 62 дугаар зүйлийн  62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1. энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж, мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална: 1.4.5. хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар  маргаан бүхий захиргааны актад заасан эхний  зөрчлийн хувьд эрх бүхий этгээд болох Төрийн албаны зөвлөлөөс  шалгаж тогтоох үйл ажиллагаа явагдаагүй байхад хариуцагч аймгийн Засаг даргаас зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч Н.Сд  төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1,32.7, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасантай тус тус нийцээгүй  байгаагаас гадна  нэхэмжлэгч Н.С нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэх, улмаар мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3,  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах заалтыг  тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Маргаан бүхий захиргааны актад заасан  “Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.1.1 дэх хэсэгт заасан  албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар тогтоолыг  хэрэгжүүлээгүй” гэх зөрчлүүдийн хувьд  зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, холбогдох эрх бүхий этгээдээс зөрчлийг шалгаж тогтоогоогүй байх тул  Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3,  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.6 дах хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, иймээс хариуцагчийн эдгээр 3  үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан  шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д  заасантай  тус тус нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

7. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг эрүүл  мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу хариуцагч аймгийн Засаг дарга нь эрүүл  мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөхгүйгээр /2 дах хавтаст хэргийн 213 дах тал/ Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сыг  төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь мөн хууль бус байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны  акт хууль бус  бөгөөд үндэслэлгүй болох нь тогтоогдсон, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн албан тушаал эрхлэх эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан “…хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, хуульд заасан бусад ажиллагаа хийлгэх,  шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар, дүгнэлт гаргах, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагаар хойшлуулах” тухай хүсэлтийг хангаж, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШЗ2025/0203 дугаар шүүгчийн захирамжаар 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг  хойшлуулж, уг хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагт хэлэлцүүлэхээр тогтоосон.

Энэхүү шүүх хуралдааны товыг тухайн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч Н.Оюунчимэгт утсаар мэдэгдсэн ба тэрээр 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

             

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1.3, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2024 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар  “Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сд  сахилгын шийтгэл ногдуулах тухай”  захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Сыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ