Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/104

 

      2024             1           18                                          2024/ДШМ/104                     

 

      Б.Бэд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/2786 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Б.Бэд холбогдох эрүүгийн 2208038771936 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

             Яллагдагч Б.Бэ нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 4 дүгээр байрны 13 тоотод Д.Рагчаатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан муудалцаж, улмаар Д.Рагчаагийн нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “баруун хацар яс, ухархайн хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг дараах үндэслэлээр прокурорт буцаасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх”, 1.2-т “... Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”, 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх”-ийг хянахаар заасан байх ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй ирүүлнэ” гэж заасан байна.

Яллагдагч Б.Бэ нь 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 473 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолыг гаргажээ.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг гаргаж, улмаар Б.Бийн өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх” тухай прокурорын саналыг шүүхэд гаргаж, энэхүү саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан байна. /хх 148, 150-151, 152-153/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”-аар заасан байх бөгөөд энэ хэргийн тухайд, Б.Бэ нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлийг хэрэглэхээр байна. Түүнчлэн прокурор нь яллагдагчаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан асуудлын хүрээнд шийдвэрлэвэл зохих атал тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэн түүнд оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр санал гаргаж яллагдагчид танилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй төдийгүй журамлан хэрэглэж буй зүйл нь буруу байна гэж дүгнэлээ. Иймд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасанчлан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг хянах зохицуулалтыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”-ийг прокурор хянана гэж зааснаар прокуророос тухайн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх хуулийн зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Прокуророос шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан хуулийн заалт хангагдсан байна. Шүүх хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэргийг хүлээн авч хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг заасан байхад шүүхээс 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нь хангагдаагүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй, мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг буцаахгүйгээр шүүхийн шатанд ердийн журмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/2786 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос яллагдагч Б.Бийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 4 дүгээр байрны 13 тоотод Д.Рагчаатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан муудалцаж, улмаар Д.Рагчаагийн нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “баруун хацар яс, ухархайн хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл “Прокурорын хяналт-ийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх”, 1.2-т “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”, 1.3-т “...гэмт хэрэг үйлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх”-ийг хянахаар заасан байх ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй ирүүлнэ” гэж заасан байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”-аар заасан байх бөгөөд энэ хэргийн тухайд, Б.Бэ нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлийг хэрэглэхээр байна. Түүнчлэн, прокурор нь яллагдагчаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан асуудлын хүрээнд шийдвэрлэвэл зохих атал тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэн түүнд оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр санал гаргаж яллагдагчид танилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй төдийгүй журамлан хэрэглэж буй зүйл нь буруу байна.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам баримтлан явуулдаг бөгөөд энэ хэргийн хувьд, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэр хэмжээний дотор буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан нь үндэслэлтэй байх хэдий ч тэрээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн ялын тооцоогоор үлдэгдэл 8 сар 15 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байгааг нь прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр гаргасан прокурорын санал нь шүүхийн эрх хэмжээнд халдсан хэмээн үзэх үндэслэлтэй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн шүүх хэрэгжүүлэх эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд тухайн хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж ялыг нэмж нэгтгэх эсхүл тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэх шүүхэд олгосон онцгой эрх хэмжээ юм.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2786 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2786 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ