| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2023/00634/И |
| Дугаар | 309/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 309/ШШ2025/00328
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 309/ШШ2025/00328 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрсөн дүү ******* эцэг эхийн голомтыг авч яв, гэр оронтой бол гэж сэтгэл санааг нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулмаар байна гэхээр нь ******* аймаг, ******* сумын баг, тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 1248мкв газраа дүүдээ бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн. Учир нь надад нэг удаа дүү маань их ухаалаг юм ярьж, хүн шиг амьдаръя гэхээр нь би баярлаад зовлон үзэж өнчрөөд юм юм үзээд ирэхээрээ өөрийгөө татаж авах нь гэж дэмжие гэж бодсон. Тэгээд надаас газараа өгчих тэнд юм барина, үйлдвэрлэл цех байгуулах юм ярьсан. Тэгээд би газараа өгөхдөө дүүдээ хандаж ... чи зарахгүй, энэ тэнд барьцаанд тавьж алдахгүй шүү, тэгвэл би зөвшөөрч нэрээ шилжүүлж болно... гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярьж байгаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр болж нотариат дээр очсон. Нотариатчид учир байдалаа дүү маань хэлж би шилжүүлэх болсоноо хэлсэн. Тэр үед би ... барьцаалахгүй, зарахгүй, үрэхгүй ш дээ гэдэгээ дүүдээ дахин дахин хэлсэн. Нотариатын хүн бэлэглэлийн гэрээгээр шилжиж байгаа үл хөдлөх хөрөнгийг банк барьцаалдаггүй гэж хэлж байсан. Тэгээд гарын үсэг зурцгаасан. Гэтэл нь газрыг минь зарсан байсан. Энэ асуудлаас болж нотариат дээр очиход өөр хүн сууж байсан. дүүтэйгээ ороход арай өөр царайтай, бор залуухан бомбогор хүүхэн сууж байсан. Тухайн үед нотариатч солигдсон юм байна гэж ойлгосон. Тэгтэл өмгөөлөгч нотариатч өөрчлөгдөөгүй гэсэн. Үүнээс үндэслэн жинхэнэ нотариатчын үйлдэл хийдэг хүн нь хийгээгүй юм байна гэж мэдсэн. Би зургийн харвал шууд танина. Жинхэнэ нотариатч нь батлаагүй, үйлчилгээ үзүүлээгүй учир миний д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна гэж үзэж байна. Иймд нотариатын эрхгүй хүний хийсэн хууль зөрчсөн үйлчилгээ байх тул хууль бус болохыг тогтоож, уг 2019 оны 11 сарын 22-ны өдрийн дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч ******* би 2019.11.22-ны өдөр иргэн , нарын хооронд хийгдсэн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн. Тус гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын баг, тоот хаягт байрлах, 1248мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын дугаартай газраа өөрийн төрсөн дүү ******* хариу төлбөргүйгээр бэлэглэсэн. Би нотариатчийн зүгээс “Үл хөдлөх бэлэглэлийн гэрээ”-г хийж, түүнийгээ нотариатчаар гэрчлүүлэхээр ирсэн талуудын хүсэл зоригийг үндэслэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан зохицуулалтыг энэ төрлийн гэрээнд тодорхой тусгаж, талуудад гэрээтэй холбоотой бүхий л зөвөлгөөг өгч гэрчилдэг. Мөн энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг Б., Ө. нар бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн, бэлэглэгч Б.гийн хувьд тухайн үед бэлэглэлийн зүйлийн ашиглалт, захиран зарцуулалтын хувьд ямар нэгэн болзол, зориулалт заагаагүй учраас гэрээнд тусгаагүй болох нь хүчин төгөлдөр болсон тоот гэрээгээр бүрэн нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гэрээний талууд уг гэрээг уншиж танилцан, хууль зүйн үр дагавараа бүрэн ойлгож “бидний хүсэл зоригт нийцсэн” гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан төдийгүй нэхэмжлэгч Б. нь энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Харин ******* нь “д тавьсан болзол нөхцлийг гэрээн дээр бичилгүй хариуцлага алдсан байна” гэж үндэслэлгүйгээр намайг буруутгаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би хуульд заасан журмын дагуу нотариатчийн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн болно. Иймд би ажлын байрандаа өөрийн биеэр байж, *******, Ө. нарын хооронд байгуулагдсан тоот гэрээг гэрчилж, баталгаажуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа хх 4-р тал, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний хуулбар, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбар /хх 6-р тал/,
4. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: 2019.11.19-нөөс 2019 оны 12 сарын 19-ний өдрийн Гэрээний Бүртгэлийн дэвтэр зэрэг болно.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 3862 дугаартай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх 83-р тал/, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд бүрдсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ******* холбогдуулан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ нотариатын эрхгүй хүн гэрээг гэрчилсэн тул хүчин төгөлдөр бус гэж” тодорхойлж тайлбарладаг. Нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн дүү ******* өөрийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын баг, 1 дүгээр гудамж 151 тоот хаягт байрлах, 1248мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын дугаартай газраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.
Бэлэглэлийн гэрээг хийхдээ хариуцагч, нотариатч *******гаар гэрчлүүлжээ. Энэ үйлдлийг хийхэд хариуцагч нь өөр хүн байсан, энэхүү гэрээг баталж зурсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг биш гэж нэхэмжлэгч мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна, 25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх-гэж тус тус хуульчилан зохицуулсан.
Хариуцагч ******* нь нотариатч болох нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр олгосон Нотариатчийн ажлын байрны зөвшөөрөл / хх 52-р тал/-өөр тогтоогдож байна. Тэрээр маргаан бүхий гэрээг гэрчлэхдээ холбогдох хууль зөрчөөгүй хуульд зааснаар чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал нотариатч *******г маргаан бүхий Бэлэглэлийн гэрээг гэрчлээгүй, гарын үсэг нь биш гэж нэхэмжлэгч маргаж тусгай мэдлэг бүхий шинжээч томилж Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 3862 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 83-р тал/, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарсан. Эдгээр дүгнэлтүүдээр хариуцагчийг маргаан бүхий гэрээг гэрчилсэн буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээн дээр зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсгийн хэвтэй тохирч байна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох маргаан бүхий гэрээг хариуцагч батлаагүй, гарын үсэг нь биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. 2019 оны 11 сарын 22-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч ******* нь өөрийн төрсөн дүү ******* ******* аймгийн ******* сумын баг, Равдаг тоот хаягт байрлах, 1248мкв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын дугаартай газраа бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээг хийж нотариатчаар гэрчлүүлж шилжүүлсэн ба анх бэлэглэхдээ тухайн газрыг бусдад зарж борлуулахгүй гэсэн гол зорилготой байсан, энэ талаар нотариатчид хэлсэн боловч гэрээнд тусгаагүйгээс бэлэглэсэн газар бусдад шилжсэн тул энэ нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, мөн хуулийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж тус тус заасан.
Бэлэглэлийн гэрээ нь бэлэг өгөгчийн сайн дурын үндсэн дээр хийгддэг онцлогтой ба ямар нэгэн болзол заасан бол энэ талаар бичгээр үйлдэж баталгаажуулахаар хуульд тусгайлан зохицуулсан. Гэтэл энэ нөхцлийг маргаан бүхий бэлэглэлийн гэрээнд тусгаагүй байна.
Нэхэмжлэгч нь нотариатчийг гэрээг гэрчлэх үед энэ талаар хэлсэн боловч бичээгүй гэж тайлбарлаж байх ба гэрээ байгуулж буй эрх зүйн чадамжтай иргэн өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох, гарах үр дагаварыг мэдэх бүрэн боломжтой юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь Бэлэгэлэлийн гэрээг байгуулахдаа үүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаварыг мэдэх боломжтой болохыг дурдаж байна.
Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй,280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор хуульчилсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, Нотариатын тухай хуулийн 25.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ