Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 53

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Х.Энхтуул,

            Хохирогч Ц.С-ын өмгөөлөгч: Б.Болормаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

       Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн М ургийн овогтой Б-ын Г-т холбогдох эрүүгийн 1835000450056 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 08-031 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны ЭХ-ийн тусгай ангийн ангийн 181 дүгээр зүйлийн 2.1дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, РД:ОТ92081056, М ургийн овогтой Б-ын Г.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг “Сондор” дэлгүүрийн гадна хохирогч Ц.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутаг “Сондор” дэлгүүрийн гадна хохирогч Ц.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох хохирогч Ц.С-ын: “Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед  хамаатны хүүхэд болох О-гийн хамт дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. О бид хоёр 6-р багт байрлах “Сондор” дэлгүүр ороод би сүү худалдаж аваад түрүүлээд гарсан ба О нэгж аваад утсандаа хийхээр үлдсэн юм. Би О-г хүлээгээд дэлгүүрийн үүдэн дээр зогсож байтал засмал зам талаас 2 танихгүй залуу дэлгүүр лүү орж яваад цамцтай нэг залуу нь /Г/ надруу харж байгаад намайг “Чи яагаад надруу муухай хараад байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр залууг согтуу байна гэж бодоод юм дуугараагүй. Тэгтэл Г гэх тэр залуу дахин 2-3 удаа над руу хандаж “Чи над руу яагаад муухай хараад байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр залууд хандаж “Би гишгэсэн мөр, байгаль дэлхийгээ харж явж болдоггүй юм уу” гэхэд тэр Г гэх залуу шууд над руу ирээд миний куртикны захаас барьж боогоод дэлгүүрийн арын хороолол руу намайг чирсэн. Би Г-т чирэгдээд хороолол руу ороод миний ухаан балартсан байсан. Тухайн үед Г гэдэг залуугийн хажууд явсан залуу нь намайг салгаж холдуулсан зүйл байхгүй. Нэг мэдэхэд би “Сондор” дэлгүүрийн урд талд тонгойсон, хамарнаас цус гоожоод зогсож байсан. Миний хажууд хамт явсан дүү О зогсож байсан. Тэгээд байж байтал Г гэх залуу найзтайгаа “Сондор” дэлгүүрээс нэг сав пиво авч гарч ирээд надруу дөхөж ирсэн. Тэгэхээр нь би Гт хандаж “Чам руу хүн харж болдоггүй тийм аюултай хүн юм уу” гэхэд Г миний урдаас нэг зүйл хэлсэн. Яг юу хэлснийг нь би санахгүй байна. Тэгээд Г цааш эргэхэд цаанаас нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн ирж байснаа 1 танихгүй эрэгтэй нь надад хандаж “Чамайг алаад гүйцээгээд хаячихъя” гэж хэлээд надруу дайртал Г нөгөө над руу дайрсан залууг аваад цааш явчихсан. Надруу дайрсан залуу нь намайг Г-тай маргаж зодолдсон гэж бодоод дайрсан байх. Намайг зодсон залууг би урьд өмнө нь таньдаггүй байсан бөгөөд намайг зодуулсны дараа манай эгч тэр залууг дэлгүүрээс очиж асуугаад гэрийг нь заалгаж авсан. Тэгээд гэрт нь очиж уулзаад тэр залууг эхнэртэй нь хамт дагуулж ирсэн, тэгэхэд Г гэж нэртэйг нь мэдсэн. Надтай хамт явж байсан О дэлгүүрээс гараад ирэхэд Г намайг хашааны буланд шахчихсан зодож байсан гэж хэлсэн.. Г намайг зодож байхад түүнээс архи үнэртэж байсан. Г бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үед эрүүл байсан. Одоо миний толгой тархи өвдөөд байгаа. Манай эхнэр төрөөд нэг сар өнгөрч байгаа бөгөөд хэрэг гарах үед төрөөд 15 хонож байсан тул би гэрийнхээ бүх ажил хийж, эхнэр хүүхдээ асарч, хувиараа таксинд явж хоол, хүнсний мөнгө олдог байсан. Гт зодуулснаас хойш таксинд явахаа больсон. Одоогоор надад 500.000 гаруй төгрөгийн бодит хохирол гарсан бөгөөд үүнээс Г нь 150.000 төгрөгийг нь төлж барагдуулсан байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул зардлаа гаргуулж авах саналтай байна. Би Г-т гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19,  /,      

                  гэрч Ц.Х-ын “Тэгээд Г, түүний найз бид гурав нөгөө пивыг хувааж уугаад дуусахад Г “Дэлгүүрээс пиво аваад ирье” гээд нөгөө найзтайгаа хамт гарсан. Түүнийг ирэхгүй удаад байхаар нь /ойролцоогоор 10 минут орчим/ би гэрээс гараад хашааны хаалган дээр очиход Г замын цаад талд буюу “Сондор” дэлгүүрийн хажууд байх хорооллын эхэнд нэг танихгүй залуутай барьцалдаад авчихсан байхаар нь би гүйгээд очиж явтал Г нөгөө залуугаас салаад миний урдаас гүйж ирээд намайг барьж аваад тэр залуу руу явуулаагүй. Тэгтэл нөгөө Г-тай барьцалдаж байсан залуу нилээн холхоноос бид нарыг дуудаад “Хүрээд ир, зодолдьё” гээд орилоод байсан ба тэр залуу согтуу байх шиг байсан. Г-тай барьцалддаг залуугийн хажууд арван жилийн бололтой эрэгтэй хүүхэд гартаа 2,5 литрийн савтай пиво барьчихсан дагаад явж байсан. Тэгээд бид нар Г-ын гэрт ороод би Г-аас юу болсон талаар асуухад “Дэлгүүрээс пиво аваад зам гарч явтал нэг танихгүй согтуу залуу таараад надруу муухай хараад байхаар нь тэр залууг “Чи яагаад надруу муухай хараад байгаа юм” гэхэд тэр залуу нь “Би чамайг хараагүй, хангай дэлхийгээ харж байна” гэж хэлсэн гэсэн. Тэр үгнээс болж хоорондоо маргалдаж барьцалдаад “Сондор” дэлгүүрийн хойд талын хороолол руу орж зодолдоод Г тэр залуугийн нүүрлүү 3 удаа гараараа цохисон гэдгээ надад хэлсэн юм. Г тэр залуутай маргалдаж зодолдож байхад хажууд нь Г-ын цэргийн найз, нөгөө залуутай хамт явсан 10 жилийн бололтой хүүхэд тэр дөрөв л байсан гэсэн. Г-тай маргалдаж зодолдсон гэх залууг би танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,                   

                  гэрч Б.С-ын “....Намайг Г-ын гэрт очиход Г, түүний эхнэр О, манай нөхөр Х, Г-ын цэргийн найз гэх 1 танихгүй залуу гэх хүмүүс байсан. Тэд нар намайг ороход 2,5 литрийн 1 сав пиво уугаад дуусаж байсан. Тэгж байтал Г тэр найзтайгаа пиво авахаар дэлгүүр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би 00 орохоор явж байтал хашааны гадна талд Г-ын орилох чимээ гарахаар нь би гэрийн гаднаас О-г дуудаж “Г-ын дуу замын ойролцоо гараад байна” гэж хэлэхэд гэрээс О, манай нөхөр хоёр гарч ирээд бид гурав хашааны хаалгаар гараад харахад замын хойд талд буюу “Сондор” дэлгүүрийн хажууд байх таксины зогсоолын ойролцоо нэг танихгүй залуу газарт суучихсан хажууд нь нэг 10 жилийн бололтой эрэгтэй хүүхэд ногоон савтай пиво барьчихсан зогсож байсан. Харин Г нөгөө залуугаас ойролцоогоор 7-8 алхам зайтай хашааны буланд нөгөө найзтайгаа зогсож байсан. Тэгтэл манай нөхөр зам гараад очих гэтэл урдаас нь Г гүйж ирээд манай нөхрийг барьж аваад нөгөө сууж байсан залуу руу явуулаагүй. Тэгээд бид нар Г-ын гэрлүү орцгоосон. Г гэртээ орж ирээд “Дэлгүүрийн хажууд  нэг танихгүй залуутай маргалдсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

                  гэрч З.Н-ын “...Г, түүний найз бид гурав нөгөө пивоо ууж дуусгаад дахин Г дэлгүүрээс пиво авахаар бид хоёр хамт гараад засмал замын хойд талд байсан нэг дэлгүүр лүү орж явтал дэлгүүрийн хажууд байсан нэг танихгүй залуутай тааралдаад Г түүн рүү  “Муухай хараад байна уу чи” гээд маргалдаад эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу нь “Би чамруу хараагүй, хангай дэлхийгээ харж байна” гээд урдаас нь маргалдаад тэр хоёр дэлгүүрийн хойд талын хорооллын гудамжинд орж байгаад нэг нэгээ замдаад барьцалдаад боогоод ноцолдож эхэлсэн. Тэгэхээр нь би Г, нөгөө танихгүй залуу хоёрыг салгах гэтэл миний хүч хүрээгүй тул зогсож байтал Г нөгөө танихгүй залуугийн нүүрлүү гараараа 2-3 удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. Нөгөө танихгүй залуу ч гэсэн Г-ыг толгойгоороо мөргөөд байх шиг байсан. Тэгж байтал Г-тай барьцалдаж байсан залуугийн хамраас цус гараад гараараа арчсан. Г нөгөө танихгүй залуугаас салаад зогсож байтал Г-ын гэрээс Г-ын эхнэр,  Г-ын найз гэх залуу эхнэртэйгээ гурвуулаа гарч ирсэн. Г-ын найз гэх залуу бид хоёр луу гүйгээд ирж явтал Г урдаас нь тосоод найзыгаа аваад гэрлүүгээ явсан. Тэгээд бид нар Г-ын гэрлүү ороод би тэндээсээ гэрлүүгээ явчихсан юм. Би Г-тай маргалдаж, зодолдсон залууг танихгүй. Тэр залууг би зодож цохисон зүйл байхгүй. Мөн Г-ын найз тэр залууг зодож цохиогүй. Тухайн үед Г согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч ухаан мэдрэлээ алдсан зүйл анзаарагдаагүй. Харин Г-тай маргалдаж зодолдсон залуугаас архи үнэртэж байсан. Г-тай маргалдаж зодолдсон залуу хажуудаа нэг хүүхэд дагуулчихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

                  насанд хүрээгүй гэрч С.О-гийн “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим байх, С ах намайг “Дэлгүүр яваад сүү аваад ирье” гэхээр нь би сүү авангаа утсандаа нэгж авахаар хамт явсан. Тэгээд С ах бид хоёр Улаангом сумын 6-р багт байх “Сондор” нэртэй дэлгүүр орж сүү авчихаад гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байтал засмал замын тэндээс 2 танихгүй ах хүрч ирээд бараан өнгийн куртиктай ах С ахад хандаж “Чи яагаад муухай хараад байгаа юм ” гэж хэлэхэд С ах урдаас нь “Чам уруу хараагүй байна. Орчлон дэлхийг харж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах С ахыг барьж авсан. Тэр үед би дэлгүүр орж нэгж авчхаад гараад ирэхэд нөгөө С ахыг заамдаж байсан ах /Г/ С ахыг “Сондор” дэлгүүрийн ар талын хорооллын хашааны өнцөгт аваачаад заамдаж / энгэрээс /бариад гараараа нүүрлүү нь 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би явж очоод С ахыг зодож байсан ахтай хамт явсан залууд “Энэ хоёрыг салгаач” гэхэд тэр хоёрыг салгахгүй хараад зогсоод байсан тул би С ахыг зодож байсан залууг салгах гэсэн боловч дийлээгүй юм. Тэгж байгаад С ахыг зодож байсан залуу зодохоо болиод салсан. Тухайн үед С ах газарт уначихсан зодуулж байсан учир нөгөө залуу С ахыг зодохоо больсны дараа С ахыг газраас босгоход С ахын хамраас нь цус гарч байсан. Тэгж байтал С ахыг зодсон залуу хажуудаа явсан залуугаа дагуулаад “Сондор” дэлгүүр орчихсон. Тэгэхээр нь би С ахтай хамт “Сондор” дэлгүүрийн үүдэнд зогсож байтал нөгөө 2 ах “Сондор” дэлгүүрээс 2.5 литрийн 1 сав “Боргио” нэртэй пиво барьчихсан гарч ирсэн. Тухайн үед С ах “Сондор” дэлгүүрийн урд талд хамрынхаа цусыг дусаагаад тонгойгоод зогсож байтал С ахыг зоддог ах С ахын хажууд очоод “С би чамайг таньж байна. Эрүүлдээ уулзана” гэж хэлээд цааш эргэхэд засмал замын тэндээс нэг ах С ах уруу гүйгээд ирэхэд С ахыг зодсон залуу өмнөөс нь очоод тэр залууг аваад цаашаа явсан. Тэр залуугийн араас 2 эмэгтэй ирээд тэр 3 залууг аваад зам гараад явчихсан. Би ч гэсэн С ахыг аваад гэрлүү явсан. Сүүлд сонсоход С ахыг зодсон залууг Г гэдэг гэсэн. С ахыг Г гэх хүнээс өөр хүн зодоогүй. Би тэр Г гэдэг хүнийг урьд өмнө нь таньдаггүй байсан. Г гэх хүн С ахыг зүгээр байхад үг өдөж хэрүүл, зодоон үүсгэсэн. С ах Г гэх хүнийг зодоогүй. С ах тухайн үед элүүл байсан. Харин Г гэх хүн болон хамт явсан залуугаас пиво үнэртэж байсан ба халамцуу байсан. С ах Г гэх хүнээр зодуулаад хамрандаа гэмтэл авч, хамрын гэмтлээ засуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,        

                  шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ....бидний ууж байсан пиво дуусчихаар нь Н-тай хамт гараад Улаангом сумын 6-р багт байх “Сондор” дэлгүүр лүү орох гээд очиж явтал миний зүс таних С гэх залуу тааралдсан ба над руу ширтээд байсан. Тэгэхээр нь би С-ын хажууд явж очоод “Чи надруу яагаад ширтээд байгаа юм” гэж асуухад С “Би чамруу хараагүй, байгаль дэлхийгээ харж байна” гэж хэлснээс болж бид хоёр маргалдаад барьцалдаад авсан. Энэ үед бид хоёрын хажууд манай найз Н, С-ын дүү гэх эрэгтэй хүүхэд хоёр байсан. Тэгээд С бид хоёр дэлгүүрийн үүднээс барьцалдаж аваад “Сондор” дэлгүүрийн хойд талын хорооллын өнцөг дээр очоод С намайг хальт шанаа руу цохихоор би нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон. Бид хоёр ноцолдож байгаад би дахиад С-ын хамар луу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Н бид хоёрыг салгаад би Н-тай хамт дэлгүүр лүү орохоор явж байж байтал С “Чи намайг зоддог хэн юм, пизда минь” гээд орилоод миний араас хүрээд ирэхээр нь эргээд гараараа С-ын хамар тус газар нэг удаа цохиход С-ын хамраас цус гарсан. Тэгээд С хамрынхаа цусыг дусаагаад сууж байтал замын цаанаас Х, С, манай эхнэр Отгонзаяа гурав ирээд “Яагаад зодоон хийж байгаа юм” гэж хэлээд намайг аваад явсан. Би Х-ыг “С руу явна” гэхээр нь явуулахгүй хориод цааш аваад явчихсан. Тухайн үед би 2,5 литрийн нэг сав пивыг найз Н-тайгаа хувааж уучихсан байсан. Харин С-ыг харахад согтуу байх шиг санагдсан. С-ыг би урьд өмнө нь зүс таньдаг байсан. С бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Зодоон болсноос хойш 2 хоногийн дараа С-ын эгч, эхнэр 2 нь манай гэрт ирээд “С-ыг бүлэглэж зодлоо” гэхээр нь би С-ын гэрт очиж уулзаад уучлалт гуйсан. С надад “Цагдаа гэхгүй, шударга ярихад 150.000 өгрөг өгчих” гэхээр нь би “Одоо мөнгө байхгүй алтанд явж ирээд таны нэхэмжлээд байгаа 150.000 төгрөгийг тань өгмөөр байна” гээд ярьж тохироод би алтанд явж ирээд  2 хоногийн дараа С-д 150.000 төгрөг өгсөн юм. Би одоогоор ямар нэгэн ажил төрөл эрхлэхгүй байгаа. Манай эхнэр мөн ажилгүй тул манайх ямар нэгэн орлогогүй өрх юм. Би гар аргаар алт олборлож байж л С ахын нэхэмжлээд байгаа мөнгийг нь өгөх болно. Миний буруутай үйлдлээс болж ийм хэрэг гарсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаартай: “Үзүүлэгч Ц.С-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хамар ясны хугарал, таславчны муруйлт, хамар дээр шалбарсан шарх зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ын  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  2. Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.Г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                  

                  Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 08-031 тоотод эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, нэн ядуу өрх болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Улаангом сумын 10-р багийн засаг дарга Ц.Сурвалжлагчийн 2018.03.07-ны өдөр гаргасан 569 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

                  Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-ын биед тархины доргилт, хамар ясны хугарал, таславчны муруйлт, хамар дээр шалбарсан шарх зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ц.С “Одоогоор надад 500.000 гаруй төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд үүнээс Г 150.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Бусад зардлаа гаргуулж авах саналтай байна” гэж мэдүүлсэн, түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч нь 0-3 насны 3 хүүхэдтэй, 79 настай эхийгээ асран хамгаалдаг, өөрөө хувиараа такси үйлчилгээнд явж орлого олдог байсан, энэ хэргийн улмаас хохирогч гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул таксины орлогоо алдаж хохирсон, энэ хугацаанд хохирогчийн эхнэр /дөнгөж төрсөн 15 хоногтой байсан/ ар гэрийн ажлаа хийж эрүүл мэндээрээ хохирсон, мөн энэ хугацаанд  бага насны 2 хүүхэд нь ханиад хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хохирогч хүүхдүүдээ авч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлж өгөх боломж байгаагүй. Иймд хохирогчийн иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх санал гаргасан ба хэрэгт гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол / хор уршиг/ учирсныг нотолсон баримт хангалттай авагдаагүй байх тул хохирлын хэмжээг тооцож гаргах боломжгүй байна. Иймд хохирогч Ц.С энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь  зүйтэй байна.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150.000 төгрөг сайн  дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ял оногдуулах санал  гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 260 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч М ургийн овогтой Б-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Ц.С-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН