Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2025/0053

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.С, Х.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын Засаг дарга нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б. С , Х. М, хариуцагч  Сагсай сумын Засаг дарга Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1.Нэхэмжлэгч нар  “Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай” захирамжийн Б.С, Х.М  нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актаар Б.С, Х.М нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон байна.

3. Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэнээ нотолж чадаагүй  бөгөөд нэхэмжлэгч нар нь  уг захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

 4. Нэхэмжлэгч Б.С, Х.М нар  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Б.С би тус аймгийн Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Өлгийгөөс Шар нуур явах хар замын баруун талаас 8316001337 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг, Х.М би мөн байршилд 8316001340 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа юм. Тухайн захирамжийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус сумын газрын даамал Ү.А нь газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Харин 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сагсай сумын газрын даамал Ү.А нь Б.С надтай №08328-2020/00015 дугаартай, мөн Х.М надтай №08328- 2020/00016 дугаар бүхий газар эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл бид хоёрын эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа дээрх газруудыг тус аймгийн Сагсай сумын Засаг даргын  "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байсныг би 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн ба урьд өмнө энэ талаар бидэнд огт хэлж мэдэгдээгүй болно. Дээрх захиргааны шийдвэр нь бидний газар эзэмших эрхийг зөрчиж, хохироож байгаа тул тус шүүхэд хуулийн дагуу хандаж байна.

Иймд Сагсай сумын Засаг даргын  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай захирамжийн Б.С, Х.М бид нарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож, бидний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.С, Х.М нар   шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Тухайн маргаан бүхий газрыг иргэн С.Бахытаас авсан. Тухайн газрыг бид үнэгүй аваагүй, худалдаж авсан. Бид өөрийн унаж байсан машиныг тухайн газартай шууд сольж авсан.  Анх бид газрыг авахдаа 5-10 жилийн дараа мал аж ахуйн үйлчилгээ явуулах зорилгоор тухайн газрыг сонгож авсан.  2025 оны 02 дугаар сард уг газар хүчингүй болсныг мэдсэн. Тэгээд би тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естайд хандахад та нар шүүхэд өгөөрэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагч   Сагсай сумын Засаг дарга хариу тайлбартаа:

Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба үүний хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №02-15-04/050/34 албан бичгээр тухайн үеийн Засаг дарга К.Б ирүүлж, албан бичгийн хариуг хугацаандаа

 өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан байна.Уг албан бичгийн хавсралтаар Сагсай сумын Засаг даргын Газрын тухай хууль зөрчсөн захирамжуудыг хүргүүлсэн.

Б. С болон Х.М нарт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/119 тоот захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд тухайн захирамжийн хавсралтад тус хоёр иргэний нэр нь ороогүй, мөн Газрын тухай хуулийн 33.4 дэх хэсгийг /аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ зөрчсөн болохыг тогтоосон” гэжээ.

Хариуцагч   Сагсай сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Сумын нутаг дэвсгэрээс газар олгоход тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар  тухайн жилийн төлөвлөгөөнд оруулж байж, сумын Засаг дарга газар олгодог. Нэгдүгээрт, энэ хүмүүст олгосон газар  нь 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч нар хүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авсан гээд байна.  Сагсай сумын төвөөс бусад газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох хуулийн заалт байхгүй. Өлгий сумтай хил залгаа, Сагсай сумын  7 дугаар багийн буюу Шар нуур руу явах замын дагуу газар нь хөдөө аж ахуйн зориулалттай газар юм. Тухайн газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох боломжгүй юм.

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга ,хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  хийсэн хяналт, шалгалтын явцад зөрчил тогтоогдоод, уг захирамжийг Засаг дарга өөрөө хүчингүй болгосон. Сагсай сумын Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд захирамжийг гаргасан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нарын “Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай” захирамжийн  Б.С, Х.М нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Газрын тухай  хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн   хавсралтад заасан нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ,  тухайн иргэдтэй холбоотой  сумын  Засаг  даргын захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байх ба хавсралтын  дэс дугаарын 22, 25-д  Б.С, Х.М гэж  тусгасан байна.

3.Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/34 дугаартай “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 3,14 дэх заалт/  “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохоор зааснаас бусад байршлаас газар олгосон захирамжуудыг хүчингүй болгох,...сумын Засаг дарга өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,газар эзэмшигч ,ашиглагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн  хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох”-ыг тус тус  шаардсан байх ба уг  албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 17-д Б.С, Х.М нарын эзэмшлийн газрын нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зөрчигдсөн хууль тогтоомжийг зааснаас гадна  “Тайлбар: Тухайн 2020 оны 119 дүгээр захирамжид нэр нь ороогүй 5 иргэнд газар эзэмших гэрчилгээ олгосон“ гэж тусгаж, Б.С, Х.М нарын 5 хүний нэрийг тодруулжээ.

4. Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр,Өлгийгөөс Шар нуур явах хар замын  баруун талаас  шинээр газар эзэмшихийг хүссэн хавсралтад заасан нэр бүхий 15 иргэнд /1 иргэнд 700 м.кв/ 10500 м.кв газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  3 дах заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ  байгуулан  улсын бүртгэлд бүртгэж авахыг газрын даамал Ү.Ат үүрэг болгосон байна.

Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын архивд  хадгалагдаж байгаа тус сумын Засаг даргын 2020 оны захирамжийн  үлдэх хувь бүхий хавтаст баримтад   Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамж болон хавсралтын эх хувь /Засаг даргын тамга дарагдсан/  үдэгдсэн байх ба  энэхүү хавсралтаар  Д.А, С.А, А.С, Е.Х, Б.Б, Б.А, М.А, С.Б, А.Х, М.Б, Ө.Ж, А.Е, А.О, Ш.М, Ш.О нарын 15 иргэнд Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус бүр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 50 жилийн хугацаагаар, шинээр эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч  Б.С, Х.М нарын  нэр хавсралтад байхгүй болох нь тухайн архивын баримтад шүүхээс хийсэн үзлэгээр /Хавтаст хэргийн 120-131,145-147 дах тал/ тогтоогдсон.

Харин Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт  газрын даамлаар ажиллаж байсан  Ү.Аээс тус шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө гаргаж өгсөн Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн хавсралтад /Засаг даргын тамга дарагдаагүй/ Д.А, С.А, Б.С, Х.М, Б.Б, Х.Т, М.А, С.Б, А.Х, Т.Д, Ө.Ж, А.Е, А.О, Ш.М, Ш.О нарын 15 иргэний нэр тусгагдсан /Хавтаст хэргийн 73-78 дах тал/, тодруулбал, дээрх хавсралтад нэр нь байсан А.С Е.Х, Б.А, М.Б нарын нэр хасагдсан, Б.С, Х.М Х.Т, Т.Д нарын нэр  нэмэгдсэн байна.

5. Нэхэмжлэгч Б.С, Х.М нараас 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой, 000108388, 000108389 дугаартай  иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн эзэмшлийн газрын кадастрын зургуудыг  гаргаж өгсөн /Хавтаст хэргийн 8-11 дэх тал/ ба уг гэрчилгээнүүдэд Сагсай сумын Засаг даргын 2020 оны  8 дугаар  сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжийг үндэслэн Х.Мд Сагсай сумын 7 дугаар багаас 700 м.кв, Б.Сэд Сагсай сумын  4 дүгээр  багаас 700 м.кв газрыг “гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар” эзэмшүүлсэн гэж тусгагдсан байна.

Гэтэл Сагсай сумын Засаг  даргаас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаагүй,  2020 оны А/119 дүгээр захирамж нь  8 дугаар сарын 28-ны өдөр гарсан, мөн  тухайн кадастрын зургууд дахь солбицол бүхий газар нь Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаардаг  болох нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 44-46,118-119,120-131,138-140,141-142,146-147дах тал/ тогтоогдсон.

6. Нэхэмжлэгч нарт дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн гэх нэгж талбарын  8316001337, 8316001340 гэсэн дугаартай, тус бүр 700 м.кв газрын  хувийн хэрэг Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт /газрын даамалд/ байхгүй, газрын кадастрын цахим системд  газрын даамал Ү.Аийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 19:45 цагаас 20:12  цагийн хооронд  өргөдөл хүлээн авч бүртгэсэн, суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, кадастрын зурагт шинэчлэл хийх, захирамжийн төсөлд оруулах, захирамжийн төсөлд явуулах, захирамж бүртгэх, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 21:09-21:22  цагийн хооронд гэрээ байгуулж, гэрчилгээ олгох гэсэн мэдээллүүд байгаа боловч холбогдох баримт бичгүүд нь файл хэлбэрээр ороогүй, мөн бодит байдалд тухайн ажиллагаанууд хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 44,138-140,141-142,189-191,200-201 дэх тал/ тогтоогдсон болно. 

Өөрөөр хэлбэл, газрын даамал Ү.А нь  нэхэмжлэгч Б.С, Х.М нарын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд  сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг үндэслэн олгосон талаар тусгасан мөртлөө 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  газар эзэмших өргөдөл хүлээн авч  дараагийн ажиллагаануудыг хийсэн, захирамжийн төсөл боловсруулсан, бүртгэсэн гэх мэдээллүүдийг газрын кадастрын цахим системд оруулсан байна.

Мөн газрын даамал Ү.А нь Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн хавсралтад /Засаг даргын тамга дарагдаагүй/ нэр нь тусгагдсан Д Д.А, С.А, Б.С, Х.М, Б.Б, Х.Т, М.А, С.Б, А.Х, Т.Д, Ө.Ж, А.Е, А.О, Ш.М, Ш.О нарын 15 иргэний  газрыг мэдээллийн санд  бүртгэж, гэрчилгээ олгосон гэж 2020  оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгсөн боловч Ө.Жардембек, Б.Бибигүл нарын газрын мэдээлэл газрын кадастрын цахим системд огт бүртгэгдээгүй /Хавтаст хэргийн 169 дэх тал/ болохыг дурдах нь зүйтэй.

7.Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамж, түүний хавсралтын талаар болон нэхэмжлэгч Б.С, Х.М нарт газар эзэмшүүлсэн асуудлын талаар гэрч Сагсай сумын газрын даамлаар 2007-2023 он хүртэл ажилласан Ү.А 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгтээ “...Миний бие 2023 он хүртэл Сагсай сумын газрын даамлаар ажилласан ба 2023 оноос Сагсай сум хариуцсан байгаль хамгаалагчаар шилжин ажилласан.  2024 он хүртэл байгаль хамгаалагч болон газрын даамал нь нэг өрөөнд суудаг байсан. Би байгаль хамгаалагчийн ажилд шилжсэн үед Сагсай сумын газрын даамлын ажлыг аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн И.О хавсран гүйцэтгэх болсон. Тухайн үед би түүнд ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгэхэд  миний сейф болон  албаны ширээний доор байсан цаасан хайрцагт  ажлын холбогдох баримт бичгүүд байсан. Сая  би албан өрөөндөө очиж, цаасан хайрцагт байгаа  бичиг баримтуудыг  үзэхэд, Сагсай сумын Засаг даргын 2020.08.28-ны өдрийн А/119 дүгээр захирамж, түүний хавсралт, мөн уг хавсралтад заасан 15 иргэний газар эзэмших иргэний  гэрчилгээ,  газрын байршлын кадастрын зураг тус тус гарч ирсэн болно. Тухайн захирамж нь эх хувиараа, харин хавсралт нь  тамга дарагдаагүй байна. Гэхдээ хавсралтад захирамжийн огноо, дугаар бичигдсэн байна. Засаг даргын захирамжид огноо, дугаарыг бичиг хэргийн ажилтан  бичдэг юм. Тухайн үед ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтнаар Б.Жанар гэдэг хүн ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа.

Уг захирамж болон түүний  хавсралтаас харахад, хавсралтын дэс дугаарын 3-т Б. С, 4-т Х. М тус тус Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 700 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 50 жилийн хугацаагаар шинээр эзэмшүүлсэн талаар тусгагдсан байна. ...Уг захирамж гарсны дараа газрын мэдээллийн санд тухайн олгосон газруудыг бүртгэснээр гэрчилгээг олгосон байна” /Хавтаст хэргийн 73-75 дах тал/ гэж,

2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэгтээ “...Тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.А нь сумын Засаг даргын орлогч  М.А /агсан/ хамт ирж манай хөршүүд Сагсай сумын нутаг дэвсгэрээс газар авах гэж хүсэлт гаргасан байна, үүний дагуу эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гарсан. Уг захирамж нь энэ байна, одоо чи системд холболт хийгээд өгөөч гэсэн. Тухайн захирамжид нэр нь байгаа иргэдээс надад газар эзэмшихээр хүсэлт гаргаж, бичиг баримт бүрдүүлж өгсөн хүн байхгүй юм. ...Ингээд мэргэжилтэн Б.А тухайн  захирамжид  нэр нь байгаа 15 иргэний хүсэж байгаа газарт холболт хийлгэсэн буюу холболтын дугаар бүхий 700 м.кв газрыг тухайн хүн тус бүрээр нь зааж үзүүлснээр  би тухайн Б.А хэлсэн байршлаар нь 15 хүний газрыг холболт хийж, системд бүртгэсэн.  Холболт хийлгэх үед  Засаг даргын орлогчоос үзүүлсэн захирамжийн хавсралт  нь тамгатай байсан уу, үгүй юу гэдгийг санахгүй байна. Захирамжид нэр нь байгаа иргэдийн хэн нэгнээс надад ямар ч баримт өгөөгүй учраас системд файлаар оруулж чадаагүй юм.  Иргэн С.Б надад бичиг баримт бүрдүүлж, өргөдөл өгсөн зүйл байхгүй” /Хавтаст хэргийн 189-191 дэх тал/ гэжээ.

Мөн гэрч Сагсай сумын  Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Ж “...газрын даамлаар ажиллаж байсан Ү.Аээс гаргаж өгсөн  захирамжийн хувьд  Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн эх хувь  байна. Харин хавсралтын хувьд тамга дарагдаагүй байна. Захирамж болон хавсралтад заавал тамга дардаг бөгөөд  энэ хавсралт нь  яагаад тамгагүй гэдгийг мэдэхгүй байна. Мөн тухайн хавсралтын дээд талд байгаа “Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08.28 А/119-р захирамжийн хавсралт” гэсэн тэмдэглэгээний гараар,  хар өнгийн балаар бичсэн “08.28 А/119” гэсэн хэсэг нь миний бичиг биш байна. Мөн тамга дарагдаагүй байна. Үлдэх хувь дээр байгаа захирамжийн хавсралт болон Ү.Аийн гаргаж өгсөн захирамжийн хавсралт хоёр яагаад зөрүүтэй байгааг мэдэхгүй байна” /Хавтаст хэргийн 118-119 дэх тал / гэж,

гэрч  С.Бахыт “...Миний бие 2020 онд Өлгийгөөс Шар нуур явах хар замын хажуу талаас нь газар авахаар Сагсай сумын газрын даамал Ү.Ат холбогдох бичиг баримт, материалаа өгсөн байсан. ... Тэгээд би Б.Б, С.А, С.Б, М.А, Б.А, А.С, Е.Х нарт газар  авахаар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргаж өргөдлөө өгсөн байсан. ... Дараа нь гэрчилгээ олгохоос өмнө буюу  9 дүгээр сарын үед байх хугацааг нь сайн санахгүй байна, Сагсай сумын газрын даамал Ү.А  утасдаж “газар авах тухай хүсэлт гаргасан байна, таны хүмүүсийн захирамж гарч байгаа, гэхдээ таны өгсөн баримтууд алга болсон байна, та баримтуудаа нөхөж бүрдүүлээд аваад ирээрэй” гэсэн. Тэр үед би М.А, С.Б, Б.Б, С.А, Б.С, Х.М нарын 6 хүний баримтыг бүрдүүлж өгсөн. ...Миний баз Т.Д намайг газрын талаар  материал бүрдүүлж өгсөн гэдгийг мэдэж байсан ба Б.С, Х.М нар нь түүнээс намайг газрын талаар материал бүрдүүлж  өгсөн гэдгийг мэдсэн байна.  Тэгээд Б.С, Х.М нар нь намайг 2 дах удаагаа материал бүрдүүлж өгөхөөс өмнө надтай уулзаж, газар авах тухай  саналаа хэлсэн. Ингээд бид тохиролцсоноор  тухайн хүмүүс өөрсдийнхөө материалыг бүрдүүлж надад өгснөөр би хоёр дахь удаа газрын даамал Ү.Ат материал өгөхдөө тэдний материалыг өгсөн юм. Ер нь газрын даамал Ү.Аийн хувьд таны  6  хүнд газар олгогдох шийдвэр гарах байх гэж хэлж байсан тул эдгээр 2 хүнтэй тохиролцсон юм. Тэгээд 2020.09.25-ны өдөр тухайн өдрийн огноотой М.А, С.Б, Б.Б, С.А, Б.С, Х.М нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг газрын даамал Ү.А надад авчирч өгсөн, гэхдээ тухайн өдрөө биш дараа нь авчирч өгсөн.  Би тэгээд Б.С, Х.М нарын гэрчилгээг өөрт нь өгсөн байгаа. ... Мөн Ү.Аээс 2020.09.25-ны өдрийн огноотой М.А, С.Б, Б.Б, С.А, Б.С, Х.М нарын нэгж талбарын кадастрын зургийг өгсөн,тамга дарсан байсан. ... гэрчилгээ авахаас  өмнө 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулж, хоёр газрын үнэд Б.Сийн машиныг 12  000 000 төгрөгөөр үнэлж авсан байгаа. Тэр үед дээрх баримтыг үйлдсэн. Баримтад “шилжүүлж өгнө” гэж бичсэн үндэслэл нь гэрчилгээ Б.С, Х.М нарын нэр дээр гарах уу, эсхүл анх материал бүрдүүлж өгөх үед өгсөн хүмүүсийн нэр дээр гарах уу гэдгийг  сайн мэдэхгүй байсан учраас тэгж бичсэн байна. Хэрэв өмнөх хүмүүсийн нэр дээр гарсан бол тэр хоёрын нэрээс нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөхөөр болж тайлбар бичсэн байна“ /Хавтаст хэргийн 158-160 дах тал/  гэж тус тус мэдүүлжээ.

8. Түүнчлэн  нэхэмжлэгч Б.С, Х.М нар нь  Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1400 м.кв /тус бүр 700 м.кв/ газрыг эзэмшихээр эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаагүй болох нь өөрсдийнх нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож /Хавтаст хэргийн 44,138-140,148,189-191 дэх тал/ байгаа  ба энэ талаар нэхэмжлэгч нараас   шүүх хуралдаанд “Газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргаагүй, тухайн газрыг С.Б худалдаж авсан. Эхлээд Дауирбек гэдэг хүн С.Б танилцуулж, зуучилж өгсөн, тухайн үед С.Бахыт нь өөрийнхөө нэр дээр байгаа газрыг шилжүүлж өгнө гэсэн” гэж тайлбарласан болно.

9. Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  баталсан загварын дагуу гаргана”/2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1. овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний  үнэмлэхийн болон регистрийн дугаар /2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх заалт/, 32.2.2.эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3.газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж  газар эзэмшүүлэх журмыг зохицуулсан.

Мөн    2020 онд    дагаж мөрдөж байсан Газрын харилцаа, геодези , зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн  83 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-т “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 2.1.1. Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх; 2.1.2.Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх; 2.1.3.Хээрийн судалгаа хийх; 2.1.4.Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах; 2.1.5.Засаг даргын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх; 2.1.6.Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах; 2.1.7.Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох; 2.1.8.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх; 2.1.9.Газрын улсын бүртгэлд бүртгэх; 2.1.10.Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх; 2.1.11. Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх”,  3.1-т “Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: 3.1.1.Шинээр газар эзэмших, ашиглах”, 3.2-т “Энэ журмын 3.1.1-3.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг дараах харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана. Үүнд: 3.2.4.Хэрэв энэ журмын 3.2.2-д зааснаас бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд”, 4.1-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал өргөдлийг хүлээн авахтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулна. Хэрэв байнгын интернэтийн үйлчилгээнд хамрагдсан бол тусгайлан бэлдсэн цахим хуудсаар дамжуулан өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж болно”, 7.2-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төсөлд дараах зүйлүүдийг заавал тусгана. Үүнд: 7.2.1.Монгол Улсын хуулийн холбогдох зүйл, заалт бүхий үндэслэл; 7.2.2.Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /хуулийн этгээдийн оноосон нэр/; 7.2.3.Иргэн, хуулийн этгээдийн регистрийн дугаар; 7.2.4.Газар эзэмших, ашиглахын аль нь болох; 7.2.5.Нэгж талбарын дугаар; 7.2.6.Газрын хэмжээ; 7.2.7.Байршлын нэр; 7.2.8.Газар ашиглалтын зориулалт; 7.2.9.Эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа”, 7.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал нь Засаг даргын шийдвэрийн төсөлд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд: 7.3.1.Засаг даргын шийдвэрийн төсөл; 7.3.2.Эргэлтийн цэгүүдийг солбицолжуулсан зураг; 7.3.3.Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд; 7.3.4.Дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл; 7.3.5.Төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлт ,ялагчийн төсөл, материал; 7.3.6.Хээрийн судалгаагаар хийгдсэн холбогдох материалууд”,  7.5-д “Тухайн шатны Засаг даргын газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж нь хавсралттай байх тохиолдолд хавсралт хуудас тус бүрийг захирамжийн хавсралтад тооцож дугаарлан, тус бүрт нь тэмдэг даруулна” гэж тус тус заажээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзэхэд  нэхэмжлэгч Б.С, Х.М нар нь Газрын тухай хууль болон  дээрх журамд заасны дагуу Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар эзэмших хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт Сагсай сумын Засаг даргад /сумын газрын даамалд/ гаргаагүй, өөрөөр хэлбэл, хаана байршилтай, ямар хэмжээтэй газрыг ямар зориулалт, хугацаагаар  эзэмших талаар  эрх бүхий этгээдэд журмын дагуу хүсэлт гаргаагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоход шаардлагатай хууль, журамд заасан үйл ажиллагаанууд хийгдээгүй  болох нь тогтоогдсон  гэж дүгнэлээ.

Үүнээс гадна, нэхэмжлэгч Б.С, Х.М нарт эзэмшүүлсэн гэх газруудын  нэгж талбарын хувийн хэрэг байхгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн талаарх газрын кадастрын цахим системд  байгаа мэдээлэл нь  бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэлгүй,  Сагсай сумын Засаг даргын 2020 оны А/119 дүгээр захирамж нь 8 дугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд захирамжийн тамга, тэмдэгтэй  хавсралтад нэхэмжлэгч Б.С, Х.М нарын нэр байхгүй болох нь тус тус тогтоогдсон тул   Сагсай сумын нутаг дэвсгэрээс газар  эзэмшүүлэх асуудлыг  шийдвэрлэх эрх бүхий этгээд болох  сумын Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн  А/119 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт  сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс газар эзэмшүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй, иймээс нэхэмжлэгч нарт  Сагсай сумын газрын даамлаас олгосон  газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль, журмын дагуу олгогдсон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гэж үзэхээргүй байна.

Мөн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаж байгаа тус сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн  хавсралтад иргэн С.Бахытын нэр байгаа ба нэхэмжлэгч нар нь  иргэн С.Б  тохиролцож, түүний эзэмшлийн газрыг  худалдаж авсан гэх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 120-129, 148-151,158-160 дах тал/ С.Бахытын газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.С, Х.М нарт  шилжүүлсэн  шийдвэр байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар хоорондоо гэрээ байгуулаагүй нь тус тус  тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

11. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна”, 31 дүгээр зүйлийн  31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.4.-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

12.Нэхэмжлэгч  нараас гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшлийн газрын кадастрын зурагт заасан Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж   талбарын 8316001337, 8316001340 дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар   эзэмшүүлсэн тус бүр 700 м.кв газар нь  тус сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдаагүй болох нь хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын 2020 оны газар зохион байгуулалт,  бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” 41 дүгээр тогтоол нь нийт 10 хавсралттай бөгөөд  үүний дотор “гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан хавсралт байхгүй /Хавтаст хэргийн 47-59 дэх тал/ байна.

Гэрч газрын даамал Ү.А 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгтээ “... 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Хэрэгт авагдсан  Сагсай сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг харвал түүний 3 дугаар хавсралтад  “Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Баян-Өлгий аймгаас Шар нуур явах хар замын зүүн талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2.8 га газрыг эзэмшүүлэх”-ээр тусгагдсан байгаа.Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн газруудыг эзэмшүүлсэн байгаа. Гэхдээ уг 3 дугаар хавсралтын гарчигт эзэмшүүлэх гэсэн үг орхигдсон байна. ...Мөн уг 3 дугаар хавсралтад 7 дугаар багаас эзэмшүүлэх газрын байршлын солбилцолыг тусгаж өгсөн байгаа. Эдгээр 15 хүнд эзэмшүүлсэн газрын координат нь тухайн солбилцол дотор багтаж байна гэж бодож байна” гэжээ.

Гэтэл дээрх 2019 оны 41 дүгээр тогтоолын 3 дугаар  хавсралтаар “Гэр хорооллын газрын төлөвлөлт 2020 онд  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан  байгаагаас гадна уг 3 дугаар хавсралтын 2 дах хэсэгт заасан Сагсай сумын 7 дугаар баг, Баян-Өлгий аймгаас Шар нуур явах хар замын зүүн талаас 40 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр тусгасан 2,8 га газрыг байршлын солбилцолын дагуу үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Шар нуур явах автозамын  зүүн талд байршилтай, харин нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн  газар нь Өлгий сумаас Шар нуур явах автозамын  баруун талд байршилтай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 141-142,169-170 дэх тал/ тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Б.С, Х.М нарт эзэмшүүлсэн  газрууд нь Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээс шүүж үзэхэд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй, тухайн газруудыг  газрын кадастрын цахим системд Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээс холбоогүй, харин газрын даамал Ү.А шууд бүртгэсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн  138-140,198-199 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд, Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор 2020 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр  эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг батлаагүй, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар “Гэр хорооллын газрын төлөвлөлт 2020 онд  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан байгаагаас гадна “шинээр өмчлүүлэх 2,8 га” газар болон нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн гэх  1400 м.кв газар нь тус тусдаа байршилтай газар болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.С, Х.М нарын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд   заасан тус бүр  700 м.кв газар нь Сагсай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна гэж дүгнэлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгч Б.С, Х.М нарын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд   заасан тус бүр  700 м.кв газарт хийсэн  үзлэгээр  нэхэмжлэгч нар нь  тухайн газрыг   гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж ашиглаагүй буюу  хашаа, байшин зэрэг ямар нэг  объект бариагүй, тухайн газар нь хоосон байгаа /Хавтаст хэргийн 193-196 дах тал/ болох нь  тогтоогдсоноос  гадна уг 1400 м.кв газар нь газрын нэгдмэл сангийн ангиллаар хөдөө аж ахуйн газарт хамаарч /Хавтаст хэргийн 198  дах  тал/ байна.

14. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”,  61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй,  хууль, журамд зааснаар газар эзэмших хүсэлт гаргасны дараа хийгдэх ажиллагаанууд хийгдээгүй, эрх бүхий этгээд болох Сагсай сумын Засаг даргаас  баталгаажуулсан  газар эзэмшүүлэх шийдвэрт  нэхэмжлэгч нарын нэр байхгүй  буюу  нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, нэхэмжлэгч нарт олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, мөн Сагсай сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр  газар эзэмшүүлэхээр 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй болох нь тус тус  тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ  нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4,31 дүгээр зүйлийн 31.2,32 дугаар зүйлийн 32.2, 33  дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудтай нийцээгүй,  хууль бус байна.

Иймд хариуцагч Сагсай сумын Засаг  даргаас нэхэмжлэгч нарт олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон  шийдвэр нь Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2,4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай   тус тус нийцсэн, мөн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй  учир маргаан бүхий захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх  үндэслэлгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.2, 33  дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1,61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.С, Х.М нарын  “Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн Б.С, Х.М нарт  холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ