Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01069

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01069

 

 

 

С.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/01613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бийн хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БЗДНҮГГ ОНӨААТҮГ-т жолоочоор ажилд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тасралтгүй ажилласан. Манай байгууллагын удирдлага 2020 оны 12 дугаар сард солигдож, ерөнхий инженерээр Г.Эийг томилсон. Тэрээр автын инженерийн мэргэжилгүй боловч ерөнхий инженерээр ирсэн өдрөөс хойш ажилчидтай зүй бусаар харьцдаг байсан ба үл ойлголцол их гарч, түүний алдаа дутагдлыг миний бие шууд хэлдэг байсан. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө ажлын байранд жолооч, ачигч нарыг ерөнхий инженер Г.Э дарамталсан. Энэ бүхнийг миний бие шууд хэлдэг байсан учраас намайг ажлын байранд архи уусан, согтуугаар ажилд гарахыг завдсан гэж худал үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийг баталгаатай эдлэхээр заасан боловч Г.Э нь биднийг амралтгүйгээр ажиллахыг шаарддаг. Шүдээ үзүүлэхээр чөлөө аваад ирсний дараа ажил тасалсан мэтээр дарамталдаг төдийгүй автомашины тормос эвдэрсэн өдөр гаднаас засварчин дуудаж засвар хийлгэсний дараа засварчинтай хамт архи уусан мэтээр дуудаж, ажилд гаргахгүй байсан учраас арга буюу хүссэнээр нь бичиг хийж өгч байсан удаа ч бий. Ажлаас халсан тушаал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад надад огт мэдэгдээгүй ба мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилд гаргаж байсан билээ.

Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул БЗДНҮГГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Б нь ажилд гараад сүүлийн рейс дээр уугаад согтуу машин барьдаг, эсвэл эрт ажлаа дуусгадаг талаар мэдээлэл хамт ажилладаг хүмүүсээс ирдэг байсан. Тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээр архи уусан талаар өөрийн гараар бичиж өгсөн тайлбар байдаг. Мөн оны 02 дугаар сарын 17-ны өдөр дарга Т.Э, ерөнхий менежер С.П нар нийт ажилчидтай ажилд гарахаас нь өмнө бааз дээр уулзалт хийхээр очиход С.Б нь согтуу байсан бөгөөд урьд өдрийн архи гараагүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Улмаар манай байгууллагад ковид илэрсэнтэй холбоотой 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нийт ажилчдыг ПСР шинжилгээнд хамруулсан. Гэтэл С.Б нь шинжилгээний хариу гараагүй гэж 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилд гараагүй. Гэтэл шинжилгээний хариу нь 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан байсан бөгөөд дээрх хугацаанд архи ууж ажил тасалсан байдаг. Манай байгууллагын машинаа байрлуулдаг авто баазын удирдлагаас жолооч, ачигч нар хувцас солих өрөөнд архи уудаг, тус байгууллагаас С.Бийг 02 дугаар сарын 26-ны өдөр архи уусан талаар нэр цохож албан тоот ирсэн. Мөн түүнийг шууд харьяалсан албан тушаалтан болох ерөнхий инженер, ХАБЭА инженерийн зүгээс архи ууж ажил тасалсан, ажлын байрандаа согтуу ирсэн талаар дүгнэлт, тодорхойлолт ирсэн байдаг. Манай байгууллага нь жолооч нартай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийсэн байдаг бөгөөд С.Бийн ажлаас чөлөөөлсөн тушаал 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарч тухайн өдөртөө ажил хүлээлцүүлэхээр гарсан. Гэтэл тэрээр гар утсаа авахгүй холбоо барих боломжгүй байсан тул мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр тушаалыг гардуулж өгсөн.

С.Бийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд ажлаас шууд чөлөөлөхөөр заасан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийг хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-аас 4 223 835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бөд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бөд олгох 4 223 835 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152 731 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан, үйл явдал болсон цаг хугацааг тооцож үзэх тал дээр хайнга хандсан байна.

Нэхэмжлэгч С.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байран дээр архи уусан бөгөөд энэ тухайгаа мөн сарын 30-ны өдөр өөрийн гараар хүлээн зөвшөөрсөн өргөдөл бичиж өгсөн байдаг. Үүнийгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа намайг дарамталж бичүүлсэн гэсэн. Гэтэл С.Б нь сэтгэцийн болон сэтгэлзүйн хувьд бүрэн чадамжтай, үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох, хариуцах чадвартай. Ерөнхий инженерийн зүгээс ажлын байрны дарамт байсан бол байгууллагын дарга болон ерөнхий менежерт мэдэгдэх бүрэн боломжтой байсан боловч, ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй болно. /хуудас -50/

Баянзүрх дүүргийн Авто бааз ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар 2021 оны 02 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд албан бичиг ирүүлсэн нь тухайн ажилтан ажлын байранд архидан согтуурсан гэх үйл явдлыг гэрчилж байна. Тухайн байгууллага нь манай ажилтны ажлын байранд уусан талаар гомдлын шинжтэй бичиг ирүүлсэн нь яг ямар цаг хугацаанд хаана уусан талаар нотлох үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Тус бичиг С.Бийг архи уудаг болохыг нотолсон болохоос биш С.Бийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгож дурдаагүйг шүүх анхаарч үзнэ үү. /хуудас-45, 46/

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын дарга Т.Э, ерөнхий инженер Г.Э, ерөнхий менежер С.П, дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн Х.У нар өглөө ажилд гарахаас өмнө буюу 08 цагт бааз дээр ажилчидтай уулзахад С.Б нь согтуу байсан. Байгууллагын удирдлагууд нь Нийслэл болон дүүргийн эрх бүхий байгууллагуудад үйл ажиллагаагаа шууд тайлагнаж, бүрэн хариуцлага хүлээдгийн хувиар тухайн хүнийг согтуу байгааг харах нь ямар нэгэн гэрч асуулгахаас илүү нотлох баримтын шинжийг агуулж байна гэж үзэж байна. Энэ нь дээр дурдсанчлан С.Бийн архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийн гараар бичиг үйлдэж өгснөөр мөн нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэх талаар заасан.

Ажлын байранд архидан согтуурах асуудал нь заавал хурлаар хэлэлцэх шаардлагагүй бөгөөд шууд харьяалсан албан тушаалтны саналыг үндэслэн чөлөөлөх зохицуулалттай байдаг болно.

Тухайн хүний согтуу байгаа эсэх нь энгийн нүдээр харахад илт байсан бөгөөд өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Ковид-19 цар тахалтай холбоотой ажилтнуудыг согтуурлын зэрэг тогтоох багажаар үлээлгэх боломжгүй бөгөөд энэ үйлдэл нь халдвар хамгааллын дэглэмийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болно. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн хэлсэнчлэн цагдаа дуудаж, цагдаад бүртгүүлэх асуудал нь нийгэмд тогтсон хэм хэмжээний хүрээнд нийцэхгүй үйлдэл болно. Тухайн ажилтан ажлын байранд танхайраагүй бусдын биед халдаагүй байхад цагдаа дуудаж өгөх нь ёс зүйд нийцэхгүй үйлдэл гэж харж байна.

Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн тэмдэглэл, камерийн бичлэг нь нотлох баримтын шинжийг агуулна гэсэн хэт явцуу өнцгөөр харж шийдвэрээ гаргасан байна.

Шүүгч ноцтой зөрчил гэдгийг тайлбарлахдаа эд хөрөнгөд хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан зэрэг үр дагавар бүхий үйлдэл эс үйлдэхүйг олгоно гэсэн байна. Гэтэл манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.5, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.В-д хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил-д ажлын байранд архидан согтуурах асуудлыг тусгасан байдаг. Манай байгууллага нь хог тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, нийт тээврийн хэрэгслийн 90 хувь нь ашиглалтын хугацаа дууссан үлдэх өртөггүй болсны улмаас жолоочоос маш өндөр анхаарал шаарддаг юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч БЗДНҮГГ ОНӨААТҮГ-т холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаагүй.

БЗДНҮГГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 11.3.5-д заасныг тус тус баримтлан ажлын байранд архи уусан, согтуугаар ажилд гарахыг завдсан зэрэг ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр С.Бийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, тэрээр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх8/

Зохигчид хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11-т хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцлүүдийг заасан байна. Талууд хөдөлмөрийн гэрээний 4.2.3.В-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцох нөхцлөөр харилцан тохиролцжээ. Ажилтныг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд уг зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний 4.2.3.В-д заасныг зөрчсөн гэж маргасан учир нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэм буруутай үйлдлийг баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөрчил гаргасан үйлдлийг нотлохоор Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-ын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17, мөн сарын 24-ний өдрийн 22 дугаартай албан бичиг, тус байгууллагын Ёс зүйн хороонд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дотоод хяналтын мэргэжилтэн Х.У, ерөнхий инженер Г.Э, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр дотоод хяналтын мэргэжилтэн Х.Уаас тус тус гаргасан санал, С.Баямөнхийн тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх45-50/

Хэрэгт буй Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто бааз ОНӨААТҮГ-аас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ..жолооч С.Б, Ю.Д нар нь ажилчдын хувцас солих өрөөнд архидан согтуурч, байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчлөө арилгаагүй... гэх агуулга бүхий албан бичигт нэхэмжлэгч хэзээ зөрчил гаргасан нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан хугацааг тооцох боломжгүй. /хх-46/ Ажил олгогч байгууллагын дотоод хяналтын мэргэжилтэн, ерөнхий инженер нараас Ёс зүйн хороонд гаргасан саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна уг саналд дурдагдсан зөрчил эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад гаргасан тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй боловч шууд ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй, хариуцагч байгууллага нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч С.Бийг ажилд эгүүлэн тогтоон, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/01613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 152 731 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД