Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/105

 

   2024             1            18                                        2024/ДШМ/105

 

 

Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1499 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б, Ц.Ө, Ц.Өнарт холбогдох эрүүгийн 2206043733271 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн чамархай яснаас зүүн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл, мөн хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ө, Ц.Ө нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн биед халдаж, цохисны улмаас М.Хийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Ө, Ц.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Боржигон овгийн Цогтоогийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Цогтоогийн Ө, Боржигон овгийн Цогтоогийн Өнарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө, Ц.Өнарыг тус бүрийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Өын цагдан хоригдсон 11 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг дүйцүүлэн түүнд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаас хасч 385 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 385.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь шүүхээс оногдуулсан 385 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 385.000 төгрөг, шүүгдэгч Ц.Өнар нь шүүхээс оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ө, Ц.Өнар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ө, Ц.Өнараас 1.066.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 1.597.900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч М.Хэ нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тусгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, Ц.Өнар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхээс Ц.Б надад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болох хохирогч М.Хийн буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг харгалзаж үзээгүй. /1хх 51-54/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан боловч харгалзан үзээгүйд гомдолтой байна.

2. Шүүгдэгч миний бие хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. /1хх 142/

3. Хохирогч М.Хэд учруулсан хохирол болох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд би сайн дураар 1,600,000 төгрөгийг төлсөн. /1хх 142/

4. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд 1,597,900 төгрөгийг төлөхөөс 3 шүүгдэгчийн хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчийн төлбөл зохих 533,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б би шүүх хуралдаанаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төлж баримтаа шүүхэд өгсөн.

5. Хохирогч М.Хэд учруулсан хохирлоо миний зүгээс цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн, тэр дундаа эмчилгээний бүхий л зардлыг төлж хохирогчийг эрүүл саруул болгохын тулд ажиллаж хөдөлмөрлөж төлөх болно гэсэн.

Шүүдэгч Б миний хувийн байдлын хувьд:

Ц.Б миний бие “Таван толгой” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр хоёр бага насны хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Ц.Б миний эхнэр Пүрвээ овогтой Отгонтуяа (РД:ТВ81083003) Хөдөлмөр эрхлэлтийн цахим системд ажил хайгчаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэлтэй болохыг тодорхойлов гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан. Миний охин Б.Энэрэл 4 настай, 3х-агшилт буураагүй МRT төв, өрхийн эмчийн хяналтад байдаг гэсэн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичигт “Б.Энэрэл нь төрөлхийн зүрхний ховдол хоорондын цооронхой, зүрхний таславчийн цооронхой өвчний учир Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний эмчийн хяналтад байдаг” /2хх 20-23/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу миний дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын нэг бол ялын бодлогыг хуулиар хэт хайрцаглах бус шүүх үйлдсэн гэмт хэрэг бүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Ц.Б би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирол төлбөрийг төлж барагдуулсан.

Түүнчлэн, хохирогчид цаашид гарах эмчилгээний төлбөрийг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулах, хохирогчийг ямар ч хохиролгүй болгох, хөл дээр нь босгохоо илэрхийлж, өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Мөн миний бие ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бага насны хүүхдээ харж хандан ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьдарлын хүнд нөхцөлд байгаа бөгөөд энэ тухай баримтууд шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан болно. Миний хүүхэд болох Бийн Энэрэл нь төрөлхийн зүрхний ховдол хоорондын цоорхой, зүрхний таславчийн цоорхойтой байнгын эмчийн хяналтад байдаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогддог.

Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1499 дугаартай шийтгэх тогтоолоор надад 2 жилийн хорих ял оногдуулсныг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ц.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор 25.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа тул эмчилгээний зардлыг төлөх шаардлагатай байна. Шүүгдэгч Ц.Б нь “Таван толгой” ХХК-д жолооч ажилтай. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлөөс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үздэг. Иймд шүүгдэгч Ц.Б хохирлоо төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Прокурор Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч Ц.Бийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь зүүн чамархай яснаас зүүн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүнд гэмтэл, мөн хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Ө, Ц.Өнар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын орчимд иргэн М.Хийн биед халдаж, цохисны улмаас М.Хийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Хийн “... болсон явдлын бичлэгийг үзэхэд, Ц.Б гэдэг залуу намайг цохих үед би автомашины зам дээр толгойн зүүн чамархайн хэсгээр савж унаад ухаангүй байдалтай байна. Тэрнээс өмнө хойно намайг мөн цохиж байна. ...” /1хх 61-62/,

 

гэрч Н.Лгийн “... “Нарлан” нэртэй дэлгүүрийн зам дагуу 4 залуу нэг эмэгтэй зогсож байсан. Бид нар 4 эмэгтэй, 4 эрэгтэй нийт 8 хүн явж байсан. Нэг нь 4 настай жоохон эрэгтэй хүүхэд байсан. Тэгээд тэр залуучуудтай манай урд байсан дүү нар муудалцаж эхэлсэн. Хоорондоо шүргэлцээд муудалцсан юм. Би нөхөр М.Хэтэй хамт хамгийн ард талд нь явж байгаад очиж салгаад нөгөө хүмүүсийг хориод байж байсан. Над руу бол дайрахгүй, хамт явж байсан эрэгтэйчүүд рүү дайраад байсан. Нөгөө хүмүүсийн хамт явж байгаа эмэгтэйд нь би “та наадуулаа аваад яв, би эд нарыг аваад явъя” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр “ханиа явъя” гээд ирэх үед саарал өнгийн малгайгүй ноосон юм шиг цамцтай, жижиг үстэй, намхан ах залуу нь гартаа юм бариад зүүн чихний орчимд толгойн хэсэгт хүчтэй цохисон. Манай нөхөр манарсан байдалтай цаашаа угаалгын газрын зүг зодолдоод явсан. ... нөхөр рүүгээ харах үед Ц.Б гээд залуу улаан өнгийн цамцтайгаа, саарал өнгийн цамцтай ах, хар өнгийн цамцтай залуу цамцаа тайлж шидээд байсан хүн. Энэ гурван хүн манай нөхрийг газар хэвтсэн байхад нь хөлөөрөө өшиглөөд байсан. Би яг сайн харсан. Би “та нар боль л доо бид нар нялх хүүхэдтэй шүү дээ” гэж хэлэхэд зогсохгүй өшиглөөд байсан. Тэр хугацаанд би аргаа бараад цагдаа, түргэн дуудсан. Манай нөхрийн толгойноос, нүднээс нь цус гарсан байдалтай, ухаан алдчихсан, ухаангүй байсан. Саарал цамцтай ах нь “жүжиглээд байна энэ” гээд ийш, тийш нь татаж, чангаагаад байсан. ... түргэн ирээд манай нөхөрт амьсгалын аппарат зүүлгээд Гэмтэл рүү явсан. Томограф хийлгэх үед “гавлын яс нь цуурсан байна” гээд хэвтүүлсэн. ...” /1хх 66-67/,

 

гэрч Ч.Бийн “... 03:00 цагийн орчимд гарч ирээд тамхи татаад зогсож байтал хажуугаар 6 залуучууд өнгөрч явсан ба хэн рүү нь гэдгийг мэдэхгүй, нэгэн рүү нь хандаад “хараад байна уу, пизда минь” гэх мэтээр хараагаад маргаан эхэлсэн. Тэгээд хоорондоо үл ойлголцож байгаад хамгийн эхлээд Ц.Ө нь “тэр хараад байна уу” гээд хараагаад байдаг залуутай маргалдаад барьцалдаад авсан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтолт ихтэй байсан учраас зарим зүйлээ санахгүй байна. Удалгүй бөөгнөрч байгаад нэг хартал үл таних залуу газарт уначихсан, эхнэр эмэгтэй нь цагдаа, 103 дуудаж байсан ба бид нар тэндээс холдоод явцгаасан. ...” /1хх 78-79/,

 

гэрч П.Нын “... бид нар гараад явж байхад М.Хэ эхнэртэйгээ жоохон хүүхдийг тэврээд бид нар ар араасаа явж байсан. “Наран” караокены үүдэнд нэг эмэгтэй 4 залуу зогсож байсан. Бид нарыг хойгуур нь гарч байхад нэг эмэгтэй нь усны сав шидээд миний ард явж байсан хөдөөнөөс ирсэн залууг оносон. Тэр залуу халамцуу байсан учир “хог, сав шидлээ” гэж уурласан. Би “боль” гээд нөгөө хэдийг аваад явсан. Тэгтэл тэр залуучууд нь араас ирээд хэрүүл өдөж эхэлсэн. Би нөгөө хоёр залууг хоёр эхнэрт нь өгөөд “аваад яв” гэж хэлээд би тэр залуучуудыг түлхээд “та нар согтуу, манай дүү нар бас согтуу байна” гэж хэлсэн. Хамгийн ард талд явж байсан М.Хэ эхнэртэйгээ ирээд “юу болсон юм ах” гэж асуухад нь би болсон явдлыг хэлсэн. Тэгтэл нөгөө залуучуудтай байсан эмэгтэй нь М.Хийн эхнэр Н.Лг дуудаад юм яриад зогсоод байсан. М.Хэ “за, би ахаа эхнэрээ аваад ирье” гээд очих үед нөгөө залуучуудтай байсан эмэгтэй нь М.Хийн эхнэр Н.Лг дуудаад юм яриад зогсоод байсан. М.Хэ “за, би ахаа эхнэрээ аваад ирье” гээд очих үед нөгөө залуучууд М.Хэ рүү дайраад тэндээсээ зууралдаж аваад авто засварын үүдэнд очсон. Тэнд зодоон болсон юм. Би ганцаараа салгах гээд тэд нарыг дийлэхгүй байсан юм. Яг хэн хэнийг яаж зодсон талаар би сайн харж чадаагүй. ...” /1х 82-83/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11579 дугаартай “М.Хийн биед зүүн чамархайн яснаас зүүн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 86-87/,

2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 812 дугаартай “М.Хийн биед тогтоогдсон зүүн чамархайн яснаас зүүн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Хийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дээд, доод зовхинд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  /1хх 92-96/ гэх дүгнэлтүүд,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 51/, цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1хх 9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Ө, Ц.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ц.Бийн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Хэтэй маргалдаж, улмаар толгойн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Ө, Ц.Ө нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч М.Хэтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Ө, Ц.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

Шүүгдэгч Ц.Б “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бөгөөд “Таван толгой” ХХК-д жолоочоор ажилладаг, хүнд өвчтэй охинтой зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэмд нийцсэн байх бөгөөд шүүгдэгчийн бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд оногдуулсан хорих ял нь хүнд биш байна гэж дүгнэв.

 

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1499 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Бийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 45 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 2023/ШЦТ/1499 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 45 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ