| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09897/И |
| Дугаар | 197/ШШ2025/04076 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 197/ШШ2025/04076
2025 04 08 197/ШШ2025/04076
Нэхэмжлэгч: **************** Н********* /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** О******** /РД:***************/-т холбогдох
Гэм хорын 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Н*********, өмгөөлөгч Д.З,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн нохойд хазуулж хөнгөн гэмтэл учирсан тул эм тарианы 538,043 төгрөг, цалин хөлсний зөрүү 1,704,540 төгрөг, сорвины лазер эмчилгээ хийлгэх төлбөр 968,000х2=1,936,000 төгрөг, тухайн үед 6 сартай жирэмсэн байсан, хүүхдийн эмчилгээний эм тарианы төлбөр зэрэгт нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...манай нохой Т.Н*********д хохирол учруулсан тул намайг 100,000 төгрөгөөр торгож, нохойг устгасан, тухайн үед 300,000 төгрөгийг эмчилгээнд хэрэглээрэй гэж өгсөн тул нэхэмжлэлд дурдсан эм тарианы 528,593 төгрөгөөс хасаад үлдэх 148,853 төгрөгийг зөвшөөрнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хариуцагч Д.О******** нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шийтгэлийн хуудас, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй харин амьтны үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хор, цаашид гарах зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний талаарх шаардлага нь баримтаар нотлогдсон эсэх нь маргааны зүйл гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.
505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх хохирлыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Т.Н********* нь нэг сарын 2,500,000 төгрөг, нэг өдрийн 113,636 төгрөгийн цалин хөлстэй байх ба ажлын 15 хоногийн цалин хөлс 1,704,540 төгрөгөөс нийгмийн даатгалаас олгосон 399,449 төгрөгийг хасаж 1,305,091 төгрөгийг, эм тарианы баримттай 538,043 төгрөг, 22 см-ийн хэд хэдэн сорви арилгах лазер эмчилгээний зардал 980,000 төгрөг, хүүхдийн нэг удаагийн тарианы төлбөрт 680,000 төгрөг, нийт 3,503,134 төгрөгийг баримттай хохирлыг тухайн амьтныг эзэмшигч буюу хариуцагч Д.О******** хариуцаж, баримтгүй хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1, 505.1-т зааснаар хариуцагч Д.О********аас 3,503,134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н*********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 996,866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 82,966 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 71,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН