Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 55

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т ургийн овогтой Б-гийн Б-т холбогдох эрүүгийн 1835000770064 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 22-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, РД:УЗ77112719, Т ургийн овогтой Б-гийн Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9-р баг “Буянт” хороололд хохирогч З.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9-р баг “Буянт” хороололд хохирогч З.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Х-гийн: “Би өнөөдөр 13 цагийн үед эхнэр Н-ын хамт нагац ах Б-ийн гэрт очсон юм. Биднийг очиход Б ах гэрийнхээ хашааны гадна машинаа засаж байсан. Эхнэр бид хоёр Б ахын гэрт орж, цай уучихаад би гэрээс гарч Б ахын машины дэргэд зогсож байтал хажуугийн хашаанаас саарал өнгийн куртиктай танихгүй согтуу залуу гарч ирээд Б ахын машины хажууд зогссон, би тэр танихгүй залууг “Чи ахтайгаа золгочих” гэхэд тэр залуу над руу хандаж “Би чамаас ах” гэхээр нь би тэр залууд “Ах нь 1979 оных,  40 настай, хөгшин хүн” гэхэд нөгөө залуу “Би чамаас ах, луу жилтэй” гээд бид хоёр маргалдсан. Тэгж байтал Б ах 14-ийн түлхүүр хэрэгтэй байна гээд гэрлүүгээ орсны дараа нөгөө танихгүй залуу над руу дөхөж ирээд намайг “Золго” гэж хэлэхээр нь би “Чам шиг чяцгатай золгохгүй” гэхэд тэр залуу гараараа миний баруун талын хөмсөгний дээд талд нэг удаа хүчтэй цохиход миний баруун хөмсөгний дээд тал язарч цус гарч эхэлсэн. Тэр залуу намайг нэг удаа цохиход би газар унаад нөгөө залуу миний дээр гараад би тэр залуутай ноцолдож байгаад орилтол манай эхнэр Б ахын гэрээс гарч ирээд бид хоёрыг салгахад нөгөө залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэй ирчихсэн байсан. Бид хоёрыг салгахад тэр эмэгтэй намайг зодсон залууг аваад хашаа руугаа орчихсон юм. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Намайг зодсон залууг би танихгүй. Тэр залуу намайг зодож байхад бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Би хадам ахын гэрт очихдоо 2 хундага архи уусан халамцуу байсан. Харин тэр залуу нилээн согтуу байх шиг байсан. Миний баруун талын хөмсөгний дээд хэсгээр язарсан тул нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт очиж шархан дээрээ 4 оёдол тавиулсан. Одоо миний шарх өвдөөд зовиуртай байна. Тэр залуу миний баруун хөмсөгний дээд талд нэг удаа цохисон. Мөн босгож ирээд миний баруун хөмсөгний дээд талд нэг удаа мөргөсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,  

                  хохирогч З.Х-гийн дахин өгсөн “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би шинжээч эмч О.Пунцагийн гаргасан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №175 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Б нь миний хохиролд 120.000 төгрөг өгч, надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн. Одоо надад Б-ээс нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

                  гэрч Б.Н-ын “Би өнөөдөр нөхөр Хгийн хамт нагац ах Б-ийн гэрт 13 цагийн өнгөрч байхад очоод би Б ахын гэрт цай ууж байсан. Х гадаа Б ахтай машин засалцаж байсан. Гэтэл гэнэт гадаа манай нөхрийг хүн зодож байна гэхээр нь гэрээс гарахад Б ахын хашааны гадна саарал өнгийн Пургон маркийн автомашинтай хүн ирээд зогсчихсон Х-г бариад авчихсан зогсож байсан. Тэгээд тэр хүн Х-г хашааны банз мөргүүлээд байхаар нь би очоод салгахад Х-гийн баруун хөмсөгнийх нь дээд хэсгээс цус гараад нүүр нь цус болчихсон байсан. Намайг тэр хоёрыг салгах гээд очиход тэдний хажууд нэг охин байсан бөгөөд би тэр охиныг танихгүй. Тэгээд би нөхрөө салгаад аваад явахад манай нөхрийг зодсон залуу хашаа руугаа ороод хүрз бариад гарч ирээд манай нөхрийг “Цохиод алчихъя” гэж хэлээд орилоод явах үед нь нөгөө хажууд нь байсан охин хүрзийг нь булааж авсан. Х-г зодсон хүнийг би танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

                  гэрч Л.Г-ийн “Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Манай ээж хагалгаанд ороод би ээжийгээ асрахаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаангом суманд ирсэн. Манай аавынх Улаангом сумын 9-р багийн нутагт байдаг бөгөөд хашаанд нь манай хүргэн ах Б гэрээрээ байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим би аавынхаа гэрт нүүрс хийх гээд гэрээс гараад нүүрс хагалж байтал хашааны гадна талд манай хүргэн ах Б хүнтэй маргалдаж байгаа дуу гарахаар нь хашааны гадна гараад хартал манай хашааны доод талын хашааны үүдэнд байсан 2 машины наад талд Б ахтай намхан бор царайтай, туранхай, шар өнгийн Монгол гуталтай, танихгүй эрэгтэй хүн барьцалдаад зогсож байсан. Харин хажууд нь нэг эмэгтэй байсан. Тэгээд намайг яваад очтол тэр хоёр барьцалдаж байгаад хамт газар унаад нөгөө танихгүй ах Б ахын дээр гарч байгаад хөлөөрөө толгойруу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б ах босож ирээд нөгөө ахыг хашаанд тулгаад шахаж байгаад толгойгоороо нөгөө ахын толгой руу нь 1 удаа мөргөхөд нөгөө ахын духнаас нь цус гараад дух хэсэг нь язарсан. Тэр үед нөгөө талд хараад зогсож байсан танихгүй эгч бид хоёр тэр хоёрыг салгаад хоёр тийш болгоод би Б ахыг аваад хашааруугаа орж явтал араас нөгөө Б ахтай зодолддог ах ирээд Б ахыг “Намайг зодчих” гээд үгээр өдөөд байсан. Тэгтэл Б ах уурлаад нөгөө ахыг “Ална шүү” гэж хэлсэн. Тэгж байтал нөгөө танихгүй эгч цагдаад дуудлага өгсөн юм. Б ахтай маргалдаж зодолдсон ахыг би танихгүй. Тэр хоёр ямар шалтгаанаас болж маргалдаж зодолдсоныг нь би мэдэхгүй. Сүүлд Б ах хэлэхдээ тэр ах Б ахыг золгосонгүй гээд хэрүүл маргаан үүссэн гэж хэлж байсан. Тухайн үед Б ах болон түүнтэй маргалдаж зодолдсон ах 2-лаа  архи уучихсан согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

                  гэрч Ш.Б-ийн “Манайх Улаангом сумын 9-р багийн нутаг Буянт хороололд хашаандаа ганц гэрээрээ байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би хаашааныхаа гадна талд өөрийн цагаан өнгийн “Эксел” маркийн машиндаа засвар хийж байтал манай төрсөн эгчийн охин Н нөхөр Х-гийн хамт манай гэрт ирсэн. Тэр хоёр ирээд намайг машинд юм хийж байтал манай гэрлүү яваад орчихсон. Би машиндаа засвар хийж байгаад гэрлүү юм авахаар ороод гарахад манай хүргэн Х намайг дагаж гарч ирээд машины хажууд зогсож байтал манай хөрш залуу болох Б хашаанаасаа гарч ирээд Х, Б хоёр хоорондоо мэнд асуугаад байж байсан. Би дахин гэрлүү түлхүүр авахаар ороод байж байтал гэнэт манай дүү Н “Х хүнээр зодуулчихсан байна” гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би Н-ын араас гарахад хашааны гадна Б, Х хоёр нэг нэгэнтэйгээ барьцалдаад ноцолдож байсан. Тэр хоёрыг харахад нэг нэгээ зодож байгаагүй. Харин барицалдаж, ноцолдож байсан ба тухайн үед Х-гийн баруун хөмсөгний дээд хэсэг нь язарч цус гарсан байдалтай байсан. Х, Б хоёрыг Х-гийн эхнэр Н, Б-ийн хадам дүү охин хоёр салгасан. Тэгэхээр нь би юу болсныг Х-гаас асуухад “Б маргалдаж байгаад хашаатай хавсраад толгойгоороо миний духруу нь мөргөсөн. Миний баруун талын хөмсөгний дээд тал язарсан” гэж хэлсэн. Сүүлд сонсоход тэр хоёр нэгнээсээ ах гээд золголтоос болж маргалдаж зодолдсон байсан. Тухайн үед Б, Х хоёр хоёулаа архи уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,                 

                  шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим байх Буянт хорооллын 22-11 тоот хашаанд байх гэртээ ганцаараа байж байтал манай хашааны гадна хүмүүс дуугарах шиг болохоор нь хогны машин ирж байна гэж бодоод гэрээс гараад хашааны үүдэн дээр очиход манай хойд талын хөрш айлын үүдэнд 3 хүн зогсож байсан. Тэгэхээр нь би хашаанаас гартал машины хажууд зогсож байсан нэг залуу над руу хандаж “Танихгүй байна уу. Золгодоггүй юм уу” гэхээр нь би тэр залууг “Би чамайг танихгүй байна. Чи хэдэн оных юм” гэхэд тэр залуу /Х/ “Би 1979 оных” гэж хэлэхээр нь би түүнд  хандаж “Би тэгвэл 1977 оных. Би чамаас ах юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр асуудлаас болж маргалдаад барьцалдаж, ноцолдож байгаад би Х-г хашаанд шахаж байгаад толгойгоороо нэг удаа духруу нь мөргөхөд Х-гийн баруун талын хөмсөгний дээд талын арьс язарч цус гарсан. Тэгээд Х надаас салсан. Тухайн үед Х бид хоёрыг маргалдаж, зодолдож байхад бид хоёрын хажууд Х-гийн эхнэр гэх эмэгтэй, манай хадам дүү Г нар байсан. Х бид хоёрыг Г ирж салгасан юм. Г ирээд намайг Х-гаас салгах гэтэл Х надаас салж өгөхгүй зуураад намайг газар унасны дараа намайг өшиглөөд байсан. Тэгээд би босоод хадам дүүтэй хамт хашаа руугаа орж байтал хойноос Х болон түүний эхнэр намайг хэл амаар доромжлоод үлдсэн юм. Тэгээд гэртээ байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Хэрэг болох үед би халамцуу байсан. Х-тай ч гэсэн архи уучихсан байсан юм. Би урьд өмнө нь Х гэдэг хүнийг таньдаггүй байсан. Би Х-тай уулзаж уучлалт гуйж, хохирлын мөнгө болох 120.000 төгрөгийг нь төлж барагдуулаад хоорондоо эвлэрсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаартай: “Үзүүлэгч З.Х-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөгний дээр 2.5 см хэмжээтэй язарсан шарх үүсэж оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Х-гийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  2. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.Б бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                         

                  Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.               

                  Шүүгдэгч Б.Б нь хохирогч З.Х-гаас уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөг төлж хохирол барагдуулсан, хохирогч З.Х нь шүүгдэгч Б.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал  гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял  оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                     

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Т ургийн овогтой Б-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                             ДАРГАЛАГЧ,

                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН