Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2025/0054

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: О.Ж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг дарга ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын  газрын маргааныг  хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

           

1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А.Ат холбогдох  хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг О.Жд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”-аар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актаар А.Ат Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс  1050 м2 газрыг 2017 онд  эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын шийдвэр, газар эзэмших эрхийн 000684526 дугаартай гэрчилгээг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр  хүчингүй болгосон байна. 

3. Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан ба нэхэмжлэгч О.Ж дээрх шийдвэрийн талаар маргаж,  2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

3.1. Өлгий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/307 дугаартай шийдвэрээр Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1050 м2 газрыг А.Ат  гэр, орон сууц, хашааны зориулалтаар 26 жилийн хугацаатай олгожээ.

Түүнээс хойш А.А нь уг газарт хашаа татаж, худаг гаргаж ашиглаж байсан ба АНУ-д албан ажлаар түр явахаар болсон тул уг газрыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1128 дугаартай эрх шилжүүлэх гэрээ ёсоор О.Ж миний нэр дээр шилжүүлэн нотариатаар гэрчлүүлснээр би уг газрын албан ёсны эзэмшигч болсон гэж үздэг. Миний бие уг шилжүүлгийн дагуу газрын бүх төлбөр татварыг бүрэн төлсөн, харин гэрчилгээ авч амжаагүй байсаар байтал Өлгий сумын Засаг дарга асан Х.Нурболат нь ойжуулах зориулалтаар авсан газрыг зориулалтаар нь ашиглаагүй гэх нэрийдлээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А/246 дугаар захирамж гаргаж хүчингүй болгожээ. Миний бие энэ талаар лавлан Өлгий сумын газрын даамал Т.Зтай  уулзахад “...та авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна, харин гэрчилгээнд буруу бичигдсэн.” гэх тайлбарыг 8 жилийн дараа өгч өөрийн гэрчилгээ олгож байсныг зориуд мартсан байна.

3.2. Өлгий сумын газрын даамал Т.З нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А.Атэй гэрээ байгуулан мөн өдөр Өлгий сумын 12 дугаар багийн “Жасыл бах”-т байршилтай 1050 м2 газрыг гэр орон сууц хашааны зориулалтаар 26 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 000684526 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн. Үүнээс хойш А.А нь у газрыг ашиглахаар болж бэлдэж байхад “Ковид-19” цар тахал гарч орон даяар хөл хорио тогтоон, хил гааль хаагдаж, хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан. А.А нь уг газрыг эзэмшсэнээс хойш 2019 оны 3 дугаар сараас хот хоорондын болон гадаад руу гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт тавигдсан байдаг. Үүнээс үүдэлтэй Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийг батлан гаргасан байх ба энэ хуулийн 18 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд аливаа сөрөг нөлөөтэй ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаантай байхаар хуульчилсан.  Дараа нь А.А нь АНУ-д амьдрахаар болж аргагүйн эрхэнд өөрийн эзэмшил газраа иргэн О.Жд шилжүүлэн эзэмшүүлэхээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн улмаар газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахимаар гаргасан боловч ямар ч хариу өгөлгүй орхигдуулсан.

3.3. Нэхэмжлэгч О.Ж нь А.Аээс газраа шилжүүлэн авснаас хойш гэрчилгээний дагуу уг газарт хашаа татаж, 25 метрийн гүнийн худаг гаргуулан зохих хэмжээний үл хөдлөх хөрөнгөө байршуулсан. Гэтэл Өлгий сумын Засаг дарга захирамж гаргаж,  А.А нь эзэмшил бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх нэрийдлээр хүчингүй болгосон байдаг. Засаг дарга дунд нь хуулиар зохицуулагдсан хүндэтгэн үзэх шалтгаантай тасалдал байсныг тооцож үзээгүй гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. А.Ат газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахаас нэг хоногийн өмнө нь АНУ-д зорчих виз нь гараад, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын нисэх буудлаас АНУ-руу гараад явсан ба газрын гэрчилгээг шаардаж авахыг найз Т.С захиад явсан. А.А нь Монгол Улсаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яваад, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. А.А нь Баян-Өлгий аймагт ирэнгүүт 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О.Жтай гэрээгээ хийж, газраа зориулалтын дагуу ашиглуулахаар нотариатаар гэрчлүүлэн, гэрээ байгуулсан. Үүний дараа О.Ж болон А.А нар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн, татвар, хураамжуудыг төлж, газар шилжүүлэх хүсэлтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан. Энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэг авагдсан. О.Ж болон А.А нарын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан хүсэлтийг хүлээн авч, цахим бүртгэлийн холбогдох материалууд дутуу гэх үндэслэлээр бүртгэлийг цуцалсан.

Тухайн үед энэ талаар О.Ж, А.А нарт мэдэгдээгүй. А.А нь 2023 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгаас гараад явсан болохоор мэдэх боломжгүй, О.Жд албан ёсоор бичгээр мэдэгдээгүй байна.

4.2. Нэхэмжлэгч О.Ж газрыг авснаас хойш тухайн газарт хашаа татаж, 25 метрийн гүүний худаг гаргаж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгүүдийг байршуулсан. Эдгээр нөхцөл байдлууд Засаг даргын байгуулсан ажлын хэсэг дүгнэлтээр тодорхойлсон.

Ажлын хэсэг дутуу ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Засаг даргын захирамж гарсны дараа дүгнэлт 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байна.

4.3. Энэхүү захиргааны актыг Засаг дарга гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Уг ажиллагаа хийгдээгүй, дутуу хийгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй, фото зураг л байсан, хүний амаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын захирамж нь захиргааны акт гаргах хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, А.А нь Америкийн Нэгдсэн Улсад байгаа тул сонсох ажиллагаа хийгдээгүй. Үүнтэй холбоотой ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга нар гэрчийн мэдүүлэг өгсөн.

4.4. А.А нь маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хилээс гараад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл, 5 жилийн  хугацаанд Монгол Улсад байгаагүй. Энэхүү хугацаанд “Ковид-19” цар тахлын өвчин гарч, хот хоорондын хөл хорио тавигдсан.

А.А нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсад орж ирээд, О.Жд газрыг шилжүүлсэн. А.А, О.Ж нарын хороонд хийгдсэн гэрээг холбогдох байгууллагад цахимаар илгээсэн, бичиг баримтыг хүлээж авсан. Хуульд зааснаар газар шилжүүлэх гэрээтэй хамт 3 төрлийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлсэн байх ёстой. Хуульд заасан 3 төрлийн баримтыг хавсаргасан болох нь газрын хувийн хэргийн материалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тодорхойлогдсон.

О.Ж нь нэгэнт А.Аээс гэрээний дагуу маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан учраас эрх нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

4.5. Өлгий сумын Засаг даргаар байгуулагдсан ажлын хэсэг 2 төрлийн дүгнэлт гаргасан.

Нэгдүгээрт, хашаа татагдаагүй, худаг гаргаагүй, зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй газрыг хүчингүй болгуулах, хоёрдугаарт, хашаа татаж, худаг гаргасан иргэдэд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл боломж олгохоор болсон. Гэвч ажлын хэсгийн зүгээс хашаа татагдсан, худаг гаргасан О.Ж, А.А нарын газрыг хүчингүй болгуулах иргэдийн жагсаалтад оруулсан байна.

4.6. Газрын тухай хуулиар газрыг шилжүүлэх, шилжүүлж авах талаар хугацааг зааж тогтоогоогүй учраас хэзээ байсан ч хүсэлт гаргаж болно гэдэг утгаар О.Ж нь Өлгий сумын Засаг даргад холбогдуулан газрыг шилжүүлэн эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэв.

 

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас эзэмшлийн газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгож хариу хүргүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагад тусгагдсан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалтаар эзэмшсэн газрууд байв. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба өвлийн улирал байсан учраас мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай талаар учир байдлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.

Дараа нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын А/60 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулж,  ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж дуудаж, албан шаардлагыг танилцуулж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан болно.

 Иргэн А.А эзэмшлийн газраа  зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон тул хүчингүй болсон. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1128 дугаар эрх шилжүүлсэн гэрээ байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн хэмээн нэхэмжлэлд тайлбарласан байх бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.3-т шилжүүлж авсан эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй тул газрыг О.Жгийн газар хэмээн үзэх боломжгүй байна.

5.2. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нотариатын гэрээ хийсэн байх ба уг гэрээг үйлдсэнээс хойш сумын Засаг даргад тус газар хүчингүй болох хүртэлх хугацаанд хүсэлт гаргаж байгаагүй болно гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. 2024 оны 7 дугаар сарын эхээр ажлын хэсэг зурагжуулсан бүх тайланг /PDF/ болгож бэлдээд, Засаг даргад танилцуулсан. Үүнд, хашаа татсан, худаг гаргасан газруудад 2025 оны 06  дугаар сард хүртэл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон. Харин дутуу хашаа татсан, ойжуулалтын үйл ажиллагааг эхлээгүй байгаа газруудыг хүчингүй болгуулахаар тохирсон байсан. Тухайн үед сонсох ажиллагаа явуулж, бүх хүмүүст мэдэгдсэн, А.А гэдэг хүний утас нь холбогдохгүй байсан. Тэгээд багийн Засаг даргаас тодруулахад Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг гэсэн тул гадаадад амьдардаг гэдгээр нь баримтад тэмдэглэл хийсэн. Тухайн газрыг 2018 онд эзэмшилд авсан, түүнээс хойш зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас хүчингүй болгосон.

6.2. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд гэрээ хийгдсэн боловч газрын мэдээллийн санд албан ёсны  газрыг эзэмшүүлсэн, шилжүүлсэн мэдээлэл оруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1. Миний бие 2017 оны сүүлээр буюу 2018 оны эхээр А.А гэдэг хүнд гэрчилгээ бичиж өгсөн. Гэрчилгээ бичиж өгсний дараа 2024 оны 05 дугаар сард түүний эзэмшилд олгосон газар дээр очсон. 2018 оноос хойш буюу 6 жилийн хугацаанд зориулалтын дагуу газрыг ашиглаагүй. Газар дээр очиж үзлэг хийхэд дутуу хашаатай, газрын хоёр тал нь хажуу айлын хашаатай холбоотой байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худаг гаргасан гэж тайлбарлаж байна. Гэхдээ худаг өөр хүний газар дээр байсан. Өөр хүний эзэмшлийн газарт байгаа худгийг А.Аийн худаг гэж үзэж боломжгүй.

7.2. Мэдээллийн сан болон хүчин төгөлдөр гэрээ А.Аийн нэр дээр байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” бол хүчингүй болно гэж заасан. Манай дээр хүсэлт гаргаад,  О.Ж гэдэг хүний нэр дээр гэрчилгээ аваад, гэрээ гарсны дараа хүчингүй болгосон тохиолдолд О.Ж маргах эрхтэй. Эрх шилжүүлэх гэрээг үндэслэж шүүхээр маргаан үүсгэж, маргаж байгаа нь хууль бус юм.  А.А нь эзэмшилдээ авсан газрыг хүчингүй болсонтой холбоотой маргавал итгэмжлэл гаргаж өгөх ёстой. О.Ж өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй маргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

7.3. О.Ж гэрээ хийсэн бол тухайн газрыг баталгаажуулж авах ёстой. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан, манай  төлбөрийн мэргэжилтэнд төлбөрийг бичүүлж аваад, төлбөрийг төлсөн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна. Гэрээ цуцалсан гэж хэлээд байна.  Тухайн гэрээ цуцалсан цаг тухайд  хандсан хүний утасны дугаарт гэрээ цуцалсан тухай мессеж очих ёстой.  Нэгэнт гэрээ цуцлагдсан бол О.Ж манай дээр хандаад,  зөвлөгөө аваад, гэрээг засаж өгөөд, гэрээгээ гаргаж өгсөн тохиолдолд маргаан гарахгүй байсан. 2023 онд О.Жгийн нэр дээр газар шилжүүлж захирамж гарсан бол  2 жилийн хугацаанд тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагааг явуулах ёстой гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/307 дугаартай захирамжаас үзэхэд, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 170 дугаартай захирамжаар 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1050 м2 газрыг иргэн Е.Б ойжуулах зориулалтаар эзэмшүүлж, А/307 дугаартай захирамжаар уг газрын эзэмших эрхийг иргэн А.А 26 жилийн хугацаатай  шилжүүлэн эзэмшүүлжээ.

3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/  “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох” тухай албан шаардлагыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба албан шаардлагын хавсралтад А.Аийн газар багтсан байна.

4.  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60  дугаар захирамжаар  байгуулагдсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний  өдрүүдэд хяналтын  улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар газар эзэмшигч  А.А нь  Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 1050 м2 газарт ойжуулалт хийгээгүй, блокоор хашаагаа дутуу татсан гэх нөхцөл байдлуудыг тогтоожээ.

5. Улмаар Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар  Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн  иргэн А.Ат Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1050 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2017 оны А/307 дугаартай захирамжийн  холбогдох хэсэг болон 000684526 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

6.  Газрын даамлаас маргаан бүхий газрыг А.Ат 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 000684526 дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлсэн байх ба гэрчилгээнд газрын зориулалтыг “...гэр, орон сууцны хашааны газар” гэж тусгасан байна. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газар нь гэр бүлийн зориулалттай гэж, уг гэрчилгээг бичиж олгосон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өлгий сумын газрын даамал Т.Заас “..гэрчилгээнд газрын зориулалтыг буруу тусгасан байна, уг газар нь ойжуулах зориулалттай газар юм” гэж тус тус тайлбарлан маргасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан ба уг гэрчилгээг олгоход үндэслэсэн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  А/307 дугаар захирамжаар иргэн А.Ат эзэмшүүлсэн газар нь ойжуулах зориулалттай байх тул уг газар нь гэр бүлийн зориулалттай гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж дүгнэв.

7.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

8.  Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “...Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь  газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино.” гэж заасан байна.

9. Иргэн А.А нь эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр газар эзэмшсэний дараа Америкийн Нэгдсэн Улсад буюу гадаадад ажиллахаар түр явсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан ба Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-46/3998 дугаартай албан бичгээр А.А нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор улсын хилээр гарах, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Цагааннуур авто замын боомтоор орох чиглэлд бүртгэгдсэн нь тогтоогдсон.

10. Дээрх байдлаар иргэн А.Ат тухайн газрыг эзэмших эрх үүссэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дараалсан 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ гэж үзнэ.

11. Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;” гэж заасан.

 12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон.

12.1.Газар эзэмшигч А.А нь түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн 2017 оны А/307, 2018 оны 000684526 дугаартай гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч О.Жд шилжүүлэхээр 1128 дугаартай гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь, талууд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уг гэрээний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлаар газрын кадастрын нэгдсэн системд хандаж цахим хүсэлт гаргасан нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 268 дугаар албан бичиг,  гэрч Өлгий сумын газрын даамал Б.Н мэдүүлэг, шүүхээс уг системд хийсэн үзлэгээр,

12.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмшигч А.А нь дээрх байдлаар нэхэмжлэгч О.Жтай гэрээ байгуулж, хүсэлтээ гаргасны дараа 2023 оны 12 дугаар сард буцаж явсан, гадаадад байгаа гэж тайлбарласан ба газрын асуудал хариуцсан улсын байцаагчийн дээрх албан шаардлагын дагуу А.Аийн эзэмшсэн газарт ажлын хэсгээс хяналт шалгалт хийж, улмаар маргаан бүхий захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үед А.А нь гадаадад байсан гэж үзэх нөхцөл байдал нэхэмжлэгч талын тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын 2024/09/20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гардуулсан баримт”-ын А.Ат холбогдох хэсэгт бичсэн “...Аманбек Америкт байгаа” гэсэн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын ажилтан А.Айымгүлийн “...би Авдил овогтой Аманбектэй холбогдохыг хүссэн боловч тухайн иргэн Америкт байгаа учраас төрсөн ах нь Мухтартай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр утсаар холбогдож, А.Аийн нэр дээрх 12 дугаар багт байршилтай 1050 м2 талбайтай газар нь ...зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас хүчингүй болж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өлгий сумын Засаг даргын А/246 дугаар захирамж гарсан, ....захирамжийг ирж авах тухай мэдэгдсэн.” гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдсон.

12.3.  Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-46/3998 дугаартай албан бичгээр “...”Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн сан”-д гэмтэл гарсны улмаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох мэдээлэл сэргээгүй байгаа болно.” гэх хариуг шүүхэд ирүүлсэн ба газар эзэмшигч А.А нь дээрх хугацаанд гадаадад байсан гэх үйл баримттай хариуцагч тал маргаагүй болно.

13. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд газар эзэмшигч А.А нь эрх бүхий этгээдээс тухайн газрыг эзэмшүүлсэн үеэс дараалсан хоёр жил түүнээс дээш  хугацаанд гадаадад байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр газар эзэмшигч А.Аийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 1050 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна.

14. Газар эзэмшигч А.А  өөрт нь газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гадаадаас Монгол Улсад ирэх үедээ нэхэмжлэгч О.Жтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь, гэрээний талууд цахим системээр дамжуулж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан нь, нэхэмжлэгч О.Ж нь дээрх гэрээг байгуулсны дараа газрын төлбөрийг төлсөн нь, тус газарт худаг гаргах, газрын зарим хэсгийг хашаалах зэргээр хувийн хөрөнгөөр объект бий болгосон нь шүүхээс хийсэн үзлэг, гэрч С.С мэдүүлэг, газрын төлбөр төлсөн тухай баримтууд болон бусад нотлох баримтаар тогтоогдсон.

15. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Ж болон А.А нарын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар  гаргасан цахим хүсэлтийг  “хавсралт баримт нь буруу” гэх үндэслэлээр газрын даамал цуцалсан нь, иймээс газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд талуудын хүсэлт уламжлагдаагүй,  маргаан бүхий газрыг О.Жд эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй нөхцөл байдал хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

16. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар газар эзэмших эрхтэй бөгөөд дээрх байдлаар нэхэмжлэгч О.Жд маргаан бүхий газрыг эзэмших эрх одоогоор үүсээгүй боловч газар эзэмшигч А.Атэй байгуулсан гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх этгээдэд хандаж, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй юм.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, …гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан.

Дээрх байдлаар маргаан бүхий газрыг эзэмшигч А.А нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй болох нь, түүнд газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хүчинтэй байх хугацаанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар нэхэмжлэгч О.Жтай гэрээ байгуулж, талууд газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар эрх бүий этгээдэд цахим хүсэлт гаргаж байсан нь,  нэхэмжлэгч О.Ж нь дээрх гэрээг байгуулснаас хойших хугацаанд тухайн газрын төлбөрийг төлж, газрын зарим хэсгийг хашаалах, худаг гаргах зэргээр тодорхой төрлийн зардал гаргасан нь тус тус тогтоогдсон тул  энэ тохиолдолд А.Аийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрхийг зөрчиж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч О.Ж нь маргаан бүхий захиргааны актын А.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй гэж үзээд  хариуцагч талын энэ талаарх маргааныг үндэслэлгүй гэж үзэв.

18.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус  заасан.

Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  А.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан  нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй гэж үзлээ.

19.  Захиргааны байгууллагаас А.Аийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй  нь тогтоогдож байх тул  А.Аийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь газар эзэмшигч А.А болон уг газрын эзэмших эрхийг шилжүүлж авахаар гэрээ байгуулсан нэхэмжлэгч О.Ж нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасантай тус тус нийцээгүй гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар  маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

20. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт.”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.”,

38.3-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;  38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.”,

 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж тус тус    заасан.

 

21. Хариуцагчаас  “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нотариатын гэрээ хийсэн байх ба уг гэрээг үйлдсэнээс хойш сумын Засаг даргад тус газар хүчингүй болох хүртэлх хугацаанд хүсэлт гаргаж байгаагүй.“ гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

22. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмшигч А.А болон нэхэмжлэгч О.Ж нараас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу хүсэлтээ гаргасан боловч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Өлгий сумын газрын даамал Б.Н нь цахим хүсэлтийг хянаж үзээд, “цахим хавсралт буруу” гэх үндэслэлээр уг хүсэлтийг цуцалсан нь, энэ талаар талуудад мэдэгдээгүй нь  хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.

23. Энэ талаар гэрч Өлгий сумын газрын даамал Б.Н шүүхэд “...Өлгий сумын Засаг даргын 2017 оны А/307 дугаар захирамжаар Өлгий сумын 12 дугаар багаас 1050 м2 талбайтай газар эзэшсэн иргэн А.А нь тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн О.Жд шилжүүлэхээр хоорондоо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан байх ба Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх асуудлаар эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргах ёстой. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  2021 оны 09 дүгээр сарын  15-ны өдрийн 187 дугаартай  тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.7-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем (www.egazar.qov.mn) / цаашид  “цахим систем” гэх/-д танилт нэвтрэлтийн Дан эсвэл Хур системээр нэвтэрч, хүсэлтийг илгээнэ” гэж заасан. Үүний дагуу газар эзэмшигч А.А нь (www.egazar.qov.mn) цахим системээр дамжуулж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим хүсэлтээ гаргасан.

Уг журмын 5.8-д “Эрх бүхий байгууллага хүсэлтийг нягталж шалгаж, шаардлага хангаагүй хүсэлтийг буцаана.” гэж заасан ба тухайн үед би газар эзэмшигч А.Аийн цахимаар илгээсэн хүсэлтийг нягталж шалгах үед шаардлага хангаагүй байсан учраас хүсэлтийг буцаасан тул системд “цуцалсан” гэсэн төлөвтэй байгаа.  

Би газар эзэмшигч А.Аийн өөрт нь системээс хүсэлтийг буцаасан талаар биечлэн мэдэгдээгүй. Учир нь А.Аийн илгээсэн хүсэлтийг цуцалсныг системээс өөрөө харж мэдэх боломжтой, нөгөө талаар ийнхүү хүсэлт цуцлагдсан тохиолдолд түүний бүртгэлтэй утасны дугаар дээр нь хүсэлт буцаагдсан талаар мэдээлэл очдог, ...цахим хүсэлт цуцлагдсан мэдээлэл 2 янзаар хүсэлт гаргасан газар эзэмшигчид очиж байгаа учраас өөрт нь биечлэн мэдэгддэггүй. Газар эзэмшигч А.Аийн системээр илгээсэн хүсэлт дээрх байдлаар буцаагдсаны дараа дахин цахим хүсэлт ирүүлээгүй. Газар эзэмшигч А.Аийн гаргасан цахим хүсэлт нь шаардлага хангасан тохиолдолд дээрх журмын 5.9-д ”Шаардлага хангасан хүсэлтийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэн, “Хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт”-ыг  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цахим системээр илгээнэ.” гэсний дагуу хүсэлтийг хүлээн авсан талаар цахимаар газар эзэмшигч А.Ат илгээж, суурин болон хээрийн судалгаа хийж, хэрэв газар эзэмшигч А.Аийн эрхийн гэрчилгээг О.Жд шилжүүлэх боломжтой гэж үзвэл газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийн төслийг боловсруулж, талуудын хүсэлт, хавсралт баримтуудын хамтаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд газрын даамал бид биечлэн хүргүүлж, танилцуулж, эрх бүхий этгээд зөвшөөрсөн тохиолдолд А.Аийн газар эзэмших эрхийн гэрчилгээг О.Жд шилжүүлсэн захирамж гарах ёстой байсан. Дээрх байдлаар газар эзэмшигч А.Аийн цахимаар илгээсэн хүсэлт цуцлагдсан, цахимаар дахин хүсэлтээ гаргаагүй, түүнчлэн цаасан хэлбэрээр талууд хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг Газрын албанд ирүүлээгүй учраас А.Аийн эзэмшсэн газарт хээрийн болон суурин судалгаа хийх, хүсэлтийг Өлгий сумын Засаг даргад биечлэн хүргүүлж, танилцуулах ажиллагаа явагдаагүй болно.” гэж мэдүүлсэн.

24. Дээрх байдлаар маргаан бүхий газар эзэмшигч А.А болон нэхэмжлэгч О.Ж нар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээг байгуулсан тохиолдолд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Өлгий сумын хариуцагчийн “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ үйлдсэнээс хойш газар хүчингүй болох хүртэлх хугацаанд хүсэлт гаргаж байгаагүй.” гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

25. Дээрх байдлаар газар эзэмшигч А.А болон уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар гэрээ байгуулсан нэхэмжлэгч О.Ж нарын эрх бүхий этгээдэд гаргасан гэх цахим хүсэлт нь дээрх шалтгаанаар цуцлагдсанаар талуудын хүсэлтийг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд хүлээн авсан,  хянасан,  газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзсан нөхцөл байдал үгүй байх тул шүүхээс маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг  хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзлээ.

26. Хэргийн энэ тохиолдолд  нэхэмжлэгч О.Ж нь /газар эзэмшигч А.А/ Газрын тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу маргаан бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтээ шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй ба уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлэх эсэхийг эхлээд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг  өөрт нь эзэмшүүлэхийг Өлгий сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч О.Жгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  А.Ат холбогдох  хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 1050 м2 талбай бүхий маргаан бүхий газрыг гэрээний дагуу О.Жд шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

         

 

       ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                           М.РИЗА