Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 197/ШШ2025/04079

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 197/ШШ2025/04079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************************** тоот хаягт оршин суух,  А.Ж*********** /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух, Ш.Д********** /РД:******/-д холбогдох,

Гэм хорын 2,687,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Гэрч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч түрээсийн гэрээгээр хүлээж авсан автомашиныг бүрэн бүтэн буцааж хүлээлгэж өгөөгүй тул түүнийг засахад зарцуулсан зардал 2,687,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ түрээслүүлэгч нь ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл өгсөн, түрээсийн автомашин эвдрэлтэй байсан болохыг шүүх шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Ж*********** нь хариуцагч Ш.Д**********тай 2023.08.16-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн **** УНӨ улсын дугаартай Х************ маркын автомашиныг 1 хоногийн 150,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.-д хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй, 290.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэнэ, 290.2-д Гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар түрээслүүлэгч нь түрээслүүлэгчид биет байдлын доголдолгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох **** УНӨ улсын дугаартай Х***** маркын автомашин нь ердийн байдлаар илрэх боломжгүй доголдолтой байсан талаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх бөгөөд шүүх дахин нотлох шаардлагагүй болно.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 01608 дугаартай магадлалаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, төлбөр, түрээсийн зүйл болох **** УНӨ улсын дугаартай Х***** маркын автомашин доголдолтой эд хөрөнгө байсан талаар шийдвэрлэжээ.

4. Иймд нэхэмжлэгч нь 2023.08.16-ны өдрийн түрээсийн гэрээний зүйл болох **** УНӨ улсын дугаартай Х***** маркын автомашиныг 2024.10.04-ний өдөр Тэнцвэр Э********** ХХК-ийн үнэлүүлж, зарцуулах зардалд 2,687,500 төгрөгийг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хариуцагч Ш.Д**********д холбогдох 2,687,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ж***********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 57,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН