| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0157/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 57
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогтой Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1735001290091 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОБ93051016, З ургийн овогтой Г-ын Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Бөхмөрөн сумын хэсгийн цагдаа Н.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Бөхмөрөн сумын хэсгийн цагдаа Н.М-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч Н.М-ийн: “Би Увс аймгийн Бөхмөрөн сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бөхмөрөн суманд багш нарын баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн болж цагдаагийн хэсгийн баг уг тэмцээнд оролцсон юм. Тэгээд орой 18 цагийн үед манай баг тоглолтгүй байсан тул тэмцээний дундуур би сургуулийн биеийн тамирын заалнаас бие засахаар гарахад Б, М нар сургуулийн хашаан дотор сууж байсан ба намайг гарахад тэр хоёр намайг таньчихаад босож ирээд надтай мэндлэхээр нь би мэнд асуусан. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байхаар нь би тэр хоёрт хандаж “Та хоёр олон нийтийн газарт архи согтууруулах ундаа хэрэглэчихээд согтуу явж болохгүй” гэж хэлээд зогсож байтал сургуулиас Б-ы эхнэр Д гараад ирэхээр нь түүнд Б-ыг хүлээлгэж өгчихөөд бие засах гээд явсан. Тэгээд 00 явж байтал О гэх залуу нэлээн согтуу гуйвсан байдалтай алхаад сургуулийн гадна хашааны хаалгаар орж ирсэн ба тэр Б, М хоёртой уулзаж байсан ба би тэр гурав луу хараад алхаж явтал О надад хандан “Пизда минь нааш хүрээд ир. Чи хэн бэ” гэж дуудчихаад цааш эргээд сургууль руу ганцаараа яваад орчихсон. Тэгээд би О-ын араас нь дагаад ороход О биеийн тамирын зааланд унаж туссан байдалтай биеэ авч явах чадваргүй явж байхаар нь би очоод “ Чи согтуу олон нийтийн газарт ингэж явж болохгүй” гэж хууль ёсны шаардлага тавиад О-ыг дагуулаад сургуулийн биеийн тамирын заалнаас гарч сургуулийн хашааны хаалгаар гаргасан юм. Тэгээд би О-т “Чи одоо гэртээ очиж амар” гэж хэлэхэд О “Би явахгүй. Хаана юугаа уухаа чамаар заалгахгүй” гэж хэлээд миний хувцаснаас татаад зууралдаж байхад М, Б нар ирээд үг хэлэх зөрүүгүй Б нь “Миний найзыг хаашаа дагуулж, яах гээд авч явах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Б О-ыг “Нааш ир, явъя” гээд татахад О цааш эргээд газар шүргээд уначихаад босоход цаанаас цагдаа Т ирээд О-ыг дагуулаад явсан. Би Б-д “Чи согтуу байна харьж амар. Та нар олон нийтийн газарт яагаад согтуу яваад байгаа юм бэ. Би чамд удаа дараа харьж амар гэдэг шаардлага тавьж байна. Та нар цагдаагийн албан ёсны шаардлагыг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Би О-ыг сургуулийн зааланд согтуу явж байхад нь дагуулж гаргаад харьж амар гээд шаардлага тавиад явж байна” гэж хэлэхэд Б “Чи миний найзаар яах гээд байгаа юм” гээд надтай маргалдаад явахгүй зогсоод байсан. Б надтай маргалдаад зогсож байхад сургуулийн хашааны араас Т, Ё нар гарч ирээд Ё надад “Чи одоо хэн бэ. Би нутагтаа байгаа шүү. Чи хаанаас ирсэн бацаан бэ” гэж хэлэхэд нь би түүнд “Би энэ сумын цагдаа байна. Та нар яагаад миний хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байгаа юм бэ” гэхэд Ё надад “Би энэ сумын иргэн байна” гээд маргалдаад зогсож байхад цагдаа Т ирсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч Д бид нар дээр ирээд “Та нар яагаад бүгдээрээ нийлж байгаад цагдаа руу дайраад байгаа юм. Та нар цагдаагийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээч. Та нар яагаад байгаа юм бэ. Та нар олон нийтийн газарт яагаад хэрүүл маргаан гаргаад байгаа юм” гэж шаардлага тавихад Б “Хэн цагдааг зодсон юм, та юу яриад байгаа юм” гэж хэлэхэд Д надад “Би цагдаагийн байрлуу яваад тусгай хэрэгсэл аваад ирье” гэж хэлээд машинтай явсан. Д явахад Т, Ё, Т, М, Б бид нар үлдсэн ба Б тухайн үед их согтуу байсан. Тэгээд цээж хувцсаа тайлж хаячихаад над руу хүрч ирээд /санаандгүй зогсож байтал/ миний зүүн талын чих рүү гараараа хүчтэй цохиж, зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиж доогуур миний гуя руу өшиглөсөн. Тэгээд Ё, Т, М, Т нар Б-ыг салгаад зогсож байтал хэсгийн төлөөлөгч ирсэн. Хэсгийн төлөөлөгч “Бүгдээрээ Цагдаагийн байрлуу явна” гэж шаардлага тавихад Ё, Т, М нар “Яахаараа цагдаагийн байрлуу явдаг юм, явахгүй” гэж хэлсэн. Тэр үед Б ганцаараа орилж хашгираад “Цагдаа нарыг ална” гээд дайраад байсан. Энэ үед И гэх залуу гүйж ирээд “Та нар цагдаа хүмүүс байж энэ хүмүүсийг зодолдуулчхаад хараад зогсоод байдаг юм уу. Та нарт гав, бороохой байдаггүй юм уу” гэж хэлсэн. И, Т хоёр нь Б-ны ах бөгөөд тэр хоёр Б-д хандаж “Чи яах гээд байгаа юм” гэж хэлээд толгой хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохихоор нь Д, Т бид гурав И, Т хоёрыг Б-аас салгасан юм. Тэгээд тэндээс бид нар тараад явсан. Б нь миний зүүн талын чих болон шанаа нүүр лүү 1-2 удаа гараараа цохисон. Чих рүү цохих үед чих маш их өвдөж байсан. Мөн гуя руу өшиглөсөн. Т, И, Ё, М, О нар намайг зодож цохиогүй. Би анх Б, М хоёрыг архи уучихсан илт согтуу байхаар нь тэр хоёрт “Та нар харьж амарцгаа. Олон нийтийн газарт архи согтууруулах ундаа хэрэглэчихээд согтуу яваад байж болохгүй” гэдэг шаардлага тавьсан. Мөн О-т “Архи согтууруулах ундаа хэрэглэчихээд олон нийтийн газарт согтуу яваад байж болохгүй” гэдэг шаардлага тавьсан. Б-д “Чи явж амар. Яагаад над руу дайраад байгаа юм бэ. Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг яагаад биелүүлэхгүй байгаа юм” гэж хэлсэн. Би Б-д олон удаа “Явж амраарай” гэдэг шаардлага тавьсан боловч эсэргүүцэж хэл, амаар доромжилж биед халдаж зодож цохисон. Би хэдий энгийн хувцастай тэмцээнд оролцож байсан боловч тэмцээн болж байсан сургуулийн зааланд болон гадна согтуу хүмүүс яваад байхаар нь очиж шаардлага тавьсан. Цагдаагийн албан хаагчийн хувьд шаардлага тавих нь миний үүрэг. Тэнд байгаа хүмүүс ч гэсэн надад “согтуу хүмүүс яваад байна” гэж хэлсэн. Согтуу хүмүүс яваад байхад хараад суугаад байж болохгүй байсан. Би тухайн өдөр тэмцээнд оролцож явсан болохоор энгийн хувцастай байсан. Б, Т, И гурав намайг сумын цагдаа гэдгийг мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
гэрч Г.И-ны “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед би гэртээ унтаж байтал миний гар утас дуугараад утсаа авахад манай бэр Д /Б-ны эхнэр/: “Б хүнтэй маргалдаж зодолдоод байна” гэхээр нь би мотоциклоо унаад сургуулийн гадна очиход баахан бужигнаан болж байсан. Б, Т, Ё, М, Д, цагдаа Т, М нар байсан. Намайг очиход миний дүү Б цагдаа М рүү дайрсан, барьцалдсан байдалтай байсан, Т, Ё нар хажуунаас салгах гэж байгаа бололтой зууралдсан байсан. Тэгээд би очоод М, Б хоёрыг маргалдаж байхад нь салгаад Б-ыг Т-д өгөөд явуулсан. Тэгээд эргээд харахад М цагдаа Ё хоёр барьцалдчихсан зогсож байхаар тэр хоёрыг салгаад явуулсан. Би тухайн үед М-г цагдаа гэдгийг мэдээгүй. Энгийн хувцастай залуу байсан. Тэд нарыг салгаж байхад хэсгийн төлөөлөгч Д ирээд Б, Т, Ё нарын хойноос явахаар нь би түүнд “Би эд нарыг аваад явчихъя” гэж хэлсэн. Ийм л юм болсон. Би хэсгийн төлөөлөгч Д-д “Та нар цагдаа хүмүүс байж ингэж бөөн үймээн болгож байх ямар шаардлага байсан юм. Та нар тусгай хэрэгслээ ашиглаад эртхэн энэ хүмүүсийг салгаад явуулж чадахгүй байгаа юм уу” гэж хэлэхэд Д дуугараагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
гэрч О.О-ын “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед хөдөөнөөс сумын төвд ирээд Б-тай хамт сургуулийн заал руу орж гар бөмбөгийн тэмцээн үзсэн. Тэмцээн үзэж байх дундуур Б бид хоёр гарч дэлгүүрээс би 1,5 литрийн нэг ширхэг пиво авч “Улаан хад” гэх газарт очиж хоёулаа хувааж уусан. Пиво дуусахаар нь би мотоциклоор ганцаараа явж дэлгүүрээс “Соёрхол” нэртэй 0,5 литрийн нэг шил архи авч ирээд Б бид хоёр хувааж ууж дуусгачихаад хоёулаа явж дахиад сургууль руу орж зааланд болж байсан тэмцээн үзэж байгаад дахиад бид хоёр гарч Б дэлгүүрээс “Улаанбаатар” гэх нэртэй 0,75 литрийн архи, би бас”Улаанбаатар” гэх 0,5 литрийн архи худалдаж аваад “Улаан хад”-руу очиж хоёулаа эхлээд 0,75 гр архиа хувааж ууж дуусгаад 0,5 гр архиа задалж хувааж уугаад хагасдаа орчихсон байхад М ирсэн. М бид гурав архиа хувааж ууж дуусаад М, Б хоёр “Сургууль орно” гээд өөрсдийн мотоциклоо унаад явсан. Би тэр хоёроос салаад өөрийнхөө мотоциклоо унаад ах О-ийн гэрт очиход тэднийх эзэнгүй байхаар буцаад сургууль руу очсон. Би мотоциклоо сургуулийн хашааны гадна орхиод хашааны хаалгаар дотогш ороход М сургуулиас гарч ирж байсан. Тэгэхээр нь М-тэй уулзаад Б-ыг асуухад “Заалан дотор байна” гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр сургууль ороод сургуулийн коридорт явж байхад М цагдаа бэлтгэлийн хувцастай таарахаар нь би “Юу байна” гэж асуухад М цагдаа намайг “Чи архи уучихсан яваа юм уу” гэж хэлэхээр нь би түүнд “Би жаахан архи уучихсан явна” гэж хэлсэн. Тэгэхэд М цагдаа “Чи одоо явж амар, олон нийтийн газарт архи уучихаад явж болохгүй” гэхэд нь би “Би заал руу ороод Б-тай уулзчихаад гараад ирье, хөгшин” гэхэд М цагдаа намайг дагуулаад сургуулийн хашааны хаалгаар гаргаад “Чи одоо явж амар” гэж хэлэхээр нь “Би Б-тай сургууль ороод уулзаад гаръя хөгшөөн” гээд түүний далан дээр нь гараа тавихад “Чи надтай зиндаархдаг хэн бэ” гээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүний урдаас бариад авахад М “Би наад хүнийг чинь аваад явчихъя” гээд намайг салгах гэхэд Б эхнэр Д-гийн хамт ирээд Б “Та нар юу болоод байгаа юм бэ. Маргалдаж болохгүй залуучууд” гээд бид хоёрыг хойшоо түлхээд салгахад М цагдаа Б-ыг “Чи бас уучихсан явна” гээд маргалдаад хоцорсон. М намайг цааш аваад эргэхэд миний төрсөн ах О ирээд “Яах гээд архи уугаад яваад байгаа юм” гэж загнаад намайг мотоцикль дээрээ суулгаад гэрлүүгээ явсан. Би М цагдаатай өмнө нь уулзаж байгаагүй. Гэхдээ урьд нь харж байсан. Шинээр ирсэн цагдаа гэдгийг мэдэж байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нилээн их архи уучихсан байсан. Гэхдээ ухаан санаатай байсан боловч их согтсон гэдгээ мэдэж байсан. Биеэ цэх авч явж чадахгүй байсан байх. Би эхлээд цагдаа М-гээр цохиулаад миний хамарнаас цус гарсан гэж бодож байсан боловч Б ирээд намайг М-ээс салгах гээд хойш татахад би газарт унахдаа хамраараа газарт цохиулаад миний хамраас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,
гэрч Ө.М-ийн “ ....Тэгээд би буцаад тэд нар дээр очиход Б, М цагдаа хоёр барьцалдаад авчихсан “Чи, би” гээд маргалдаж байсан. Тэр хоёрын хажууд Б-ны эхнэр Д байсан. Би тэр хоёрыг салгах гэхэд М цагдаа “Чи цаашаа бай” гэж хэлэхээр нь би хол очоод зогссон. Энэ үед Д нь Т, И хоёртой гар утсаар яриад “Ах чинь энд цагдаатай зодолдож байна” гэж хэлж байсан. Тэгж байтал цагдаа Т хүрч ирээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж байхад О буцаад ганцаараа “Миний найз Б хаана байна” гээд орилоод ирэхэд нь Т цагдаа очоод түүнийг аваад цааш явсан. Тэр үед Т, Ё нар мотоцикльтой хүрч ирсэн. Энэ үед хэсгийн төлөөлөгч Д сургуулиас гарч ирж байсан. Т, Ё хоёр хүрч ирээд Ё “Чи одоо хэн бэ. Ямар том бацаан бэ” гэж цагдаа М-д хэлсэн. Тэгээд Т, Ё, хоёр очоод Б, М хоёрыг салгах гээд барьцалдаж байхад хэсгийн төлөөлөгч Д тэд нарыг чиглээд ирсэн. Тэгэхээр нь би цааш эргээд мотоцикль руугаа явсан. Д тэд нар дээр оччихоод өөрийнхөө машинд суугаад цагдаагийн байрлуу очоод буцаад ирж явахдаа надтай тааралдаад “Чи машинд суу” гэхээр нь “Би харьж амарлаа” гэж хэлээд цааш эргээд явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Цагдаа М бид нарыг “Архи уучихсан согтуу байна. Та нар харьж амар” гэсэн шаардлага тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
гэрч Э.Ё-ын “Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед найз Т-ны хамт түүний аавын гэрт байж байхад Т руу Д гар утсаар залгаж “Б ах чинь хүнтэй зодолдоод байна. Ирж аваач” гэхээр нь Т бид хоёр сургуулийн гадаа мотоцикльтой хамт очиход Б нэг энгийн хувцастай залуутай барьцалдсан маргалдаж байхаар нь Т Б-ыг салгаад цааш нь аваад явсан. Би энгийн хувцастай залууг салгаад “Чи хэн бэ” гэхэд тэр хүн надад “Би цагдаа байна” гэхээр нь би түүнд “Би энэ сумын иргэн нь байна” гэж хэлсэн. Т бид хоёр ирээд Б, М хоёрыг салгаж байхад хэсгийн төлөөлөгч Д ирээд Б руу очиход Б олон юм хэлээд дайрч байсан. Хэсгийн төлөөлөгч Д Т бид хоёрт “Та нар Б-ыг аваад яв” гэж хэлэхээр бид хоёр Б-ыг мотоцикль дээр дундаа суулгаад аваад явсан. Би М-г тухайн үед цагдаа гэдгийг мэдээгүй. М бид хоёр барьцалдаж байхад Т надад “Наад хүн чинь цагдаа шүү” гэж хэлсэн. Би цагдаа М-г зодож цохиогүй. Зүгээр бид хоёр барьцалдаж байсан. Цагдаа М “Чи хэн бэ” гээд өөрөө хүрч ирээд намайг барьж аваад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
гэрч Д.Д-гийн “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бөхмөрөн сумын төвд багш нарын баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн болж тус сумын цагдаагийн хэсэг нэг баг гаргаж уг тэмцээнд оролцсон. Манай багт цагдаа М, Хотгорын хэсгийн цагдаа Т болон Э, Л бид нар оролцсон. Тэгээд манай баг нэг хожчихоод байж байтал нэг танихгүй хүүхэд ирээд надад “Сургуулийн гадна зодоон болж байна” гэж хэлэхээр нь би эхнэр Э-гийн хамт сургуулийн биеийн тамирын заалнаас гарахад хашааны гадна цагдаа М, манай сумын иргэн Б гэх залуутай барьцалдаад авчихсан, тэр хоёрыг салгах гэж байгаа бололтой Т, Ё, М, цагдаа Т нар хажууд нь байсан. Б гэх залуу нилээн согтуу байсан ба цагдаа М рүү “Чамайг ална, чи юу юм бэ” гэж хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод “Юу болоод байгаа юм залуучууд” гэж асуухад цагдаа М “Би энэ залууг явж амар гэж шаардлага тавихад намайг хэл амаар доромжлоод, миний тавьсан шаардлагыг эсэргүүцээд, миний толгой, нүүрлүү гараараа цохилоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д хандаж “Чи одоо яагаад байгаа юм” гэж хэлэхэд Б “Цагдаа нар юу юм” гээд миний хэлж байгааг үл тоомсорлоод М цагдаа руу дайраад байхаар нь би энэ залуу агсамнаад болохгүй юм байна гэж бодоод цагдаагийн байр луу очиж тусгай хэрэгсэл, гав, бороохой авч, энгийн хувцастай явсан тул хувцсаа сольж цагдаа хувцсаа өмсөөд буцаад очсон. Би очоод “Та нар Б-ыг аваад яв” гэдэг шаардлагыг Т, И хоёрт хэлэхэд тэр хоёр Б-ыг “Явъя” гэж хэлээд зодож цохиод мотоцикльдоо суулгаад аваад явсан. Намайг буцаад очиход Б мөн л цагдаа М лүү агсамнаж дайрч байсан. Цагдаа М нь сургуулийн зааланд согтуу дайвж, гуйвсан О гэх залуу яваад байхаар нь заалнаас гаргаад “Гэртээ очиж амар” гэсэн шаардлага тавиад зогсож байхад Б гэх залуу ирээд цагдаа М-ийн шаардлагыг эсэргүүцэж зодож, цохисон байсан. Намайг харахад Б нь цагдаа М-ийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. М, Т нар нь энэ өдөр тэмцээнд оролцож байсан болохоор энгийн хувцастай явсан. Энэ өдөр миний бие болон М, Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,
гэрч Б.Д-гийн “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн зааланд гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Би энэ өдөр 16 цагийн үед нөхөр Б-тай тааралдахад тэр архи уучихсан байсан. Тэгээд Б бид хоёр юм яриад зогсож байхад сургуулийн хашааны хаалганы хажууд цагдаа М О-тай чирэлдээд явж байсан. Гэтэл Б тэр хоёрыг харчихаад “Би тэр хоёр луу явлаа” гэж хэлээд яваад өгсөн. Б-ыг явсны дараа би цагдаа Т-тай хамт сургуулийн гадна байх сандал дээр сууж байтал Б цагдаа М-тэй зууралдаж, барьцалдаад байхаар нь Т бид хоёр тэд нарын хажууд очиход О-ын хамраас нь цус гарчихсан байсан. Харин миний нөхөр Б их ууралсан байдалтай цагдаа М-тэй барьцалдаад байхаар нь би очоод Б-ыг татаад “Явъя” гэхэд салж өгөхгүй болохоор нь Т луу гар утсаар залгаж “Б энд хүмүүстэй маргалдаад барьцалдаад байна. Ирж ав” гэж хэлсэн. Удалгүй Т найз Ё-ийн хамт ирээд Б-ыг “Боль” гэж хэлээд салгах гэтэл Б цагдаа М-ээс салахгүй зууралдаад байхаар нь би дахин ах И луу нь гар утсаар залгаж “Б энд цагдаа нартай маргалдаад байна, салж өгөхгүй байна. Ирж салгаж аваач” гэж хэлсэн. Энэ үед хэсгийн төлөөлөгч Д биеийн тамирын хувцас өмсчихсөн ирээд Б-ыг 1 удаа гараараа алгадсан. Б хэсгийн төлөөлөгч Д-д алгадуулчихаад улам илүү уурлаад цагдаа нар луу орилж дайрсан. Тэгж байтал Д машиндаа суугаад явсан. Би ч гэсэн гэрлүүгээ явчихсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би Б-ыг цагдаа М-г зодож, цохиж байхыг хараагүй. Тухайн үед би хүмүүстэй утсаар ярьж байсан болохоор анзаараагүй. Тэр өдөр Отгонбаяр, М, Б гурав согтуу байсан. Цагдаа нар согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
гэрч Ч.Т-ын “Би Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайд хэсгийн цагдаагаар ажилладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаангомоос Бөхмөрөн суманд ирсэн юм. Тэгээд 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн болсон тул Цагдаагийн хэсгээс нэг баг гаргаж уг тэмцээнд оролцсон. .... би ганцаараа заалнаас гараад үүдэнд байх сандал дээр сууж байтал сургуулийн баруун талын өнцөгт Б эхнэр Д-тайгаа юм яриад зогсож байгаад миний хажууд ирээд бид гурав ойр суурын юм ярилцсан. Тэгж байгаад би Б-ыг “Чи одоо харьж амраач. Яагаад архи уучихаад яваад байгаа юм” гэж хэлээд байж байтал сургуулиас цагдаа М О-ын гарнаас барьчихсан гарч ирэхэд нь би Б-д “Чиний хамт явсан найз чинь согтуу гарч ирж байна. Би та нарыг явж амар гэж хэлээ биз дээ” гэж хэлэхэд Б “Уучлаарай Т ах. Би эхнэртэйгээ хамт О-ыг аваад явлаа” гэж хэлж байхад цагдаа М О-ыг сургуулийн хашааны хаалгаар аваад гарч байсан. Цагдаа М нь О-т “Олон нийтийн газарт биеэ зөв аваад явж чадахгүй байна уу, харьж амар” гэж хэлээд явж байсан. О их согтолттой найгаж, гуйвсан байдалтай М-г дагаад явж байсан. Тэр үед Б надад “Би очоод О-ыг аваад явлаа” гэж хэлээд ганцаараа тэр хоёрын хойноос явсан. Би Д-тай юм яриад сууж байтал Б тэр хоёрын хажууд очоод удалгүй 1 минутын дараа хүмүүсийн маргалдсан дуу гараад эхлэхээр нь би тэд нар дээр гүйгээд очиход О миний урдаас хүрч ирээд “Энийг хар” гээд цустай гараа үзүүлээд “Намайг М цагдаа зодчихлоо. Та нарын сэтгэл ханав уу” гээд над руу дайраад байсан. Тухайн үед О-ын хамраас жаахан цус гараад хамар, нүүр, уруул нь шороо болчихсон байсан. О надруу дайраад мөн М цагдааг “Пизда минь ална шүү” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнд “М ч цагдаа, би ч цагдаа адилхан цагдаа шүү. Амаа мэдэж яриарай” гэж хэлээд зогсож байтал О-ын ах О хүрч ирэхээр нь би О-д “Дүүгээ аваад яв. Чи аваад харих юм уу, эсвэл эмнэлэгт үзүүлэх юм уу” гэж хэлсэн. Тэгээд О нь О-д чирэгдээд цааш явсан. О-ыг явуулчихаад М дээр очиход Б гэх залуу М-ийн хувцаснаас заамдаад барьчихсан хажууд нь М зууралдсан байдалтай зогсож байхаар нь би М-д “Та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түүнийг татаад холдуулсан. Тэгээд М-ийн хувцаснаас Б-ны гарыг салгах гэтэл М “Энэ 2 намайг зөндөө цохьлоо. Би Б-ыг цагдаагийн байрлуу авч явна” гэж хэлээд М бид 2 Б-ыг дагуулаад явж байтал 2 залуу гүйж ирсэн. Тэр үед Б “Цагдаа нар та нар юу юм. Та нарыг ална шүү” гээд бид хоёрыг зодох гээд дайрч эхэлсэн. Тухайн үед ирсэн 2 залуу Т, Ё гэх 2 залуу байсан ба тэр 2 ирээд шууд М-г барьж аваад “Чи юу юм бэ” гээд дайраад байсан. Энэ үед Б бас М рүү дайраад гараараа М-ийн толгойруу саваад цохиод байсан. Тэгэхээр нь би тэд нарт “Залуучууд та нар сүүлд нь юу болохыг мэдэж байна уу” гэж хэлэхэд Б “Би өнөөдрийн бүх хариуцлагыг хүлээнэ” гэж хэлсэн. М цагдаа О-ыг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдаж байхад “олон нийтийн газар согтуу явж болохгүй” гэж хэлээд заалнаас дагуулж гараад харьж амар гэж хэлээд явуулах гэтэл Б, М 2 араас нь ирээд Б О-ыг харь гээд татаж унагаасан байсан. О газарт унахдаа хамраараа унаж хамраас нь цус гарсан гэсэн. О намайг цагдаа зодлоо гэж хэлснээс болж Б цагдаатай маргалдсан бөгөөд Т, Ё, И нар хүрч ирэхэд Б улам агсамнаж эхэлсэн. Б бол Т, И нарын төрсөн дүү юм. Хэсгийн төлөөлөгч Д, цагдаа М бид 3 эдгээр залуучуудыг зодож цохьсон зүйл байхгүй. Тэр өдөр бид нар тэмцээнд оролцож байсан болохоор энгийн хувцастай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-53/,
гэрч Б.Э-гийн “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Д-гийн хамт гар бөмбөгийн тэнцээнд оролцоод сургуулийн зааланд байж байхад нэг танихгүй хүүхэд ирээд Д-д “Сургуулийн гадна зодоон болж байна” гэхэд нь Д гараад явахаар нь би бас хамт гарсан. Тэгтэл сургуулийн хашааны гадна М цагдаа руу Б гэх залуу хэл амаар доромжилсон, зодох гээд дайрсан байдалтай хажууд ньТ, И, М, Ё гэх залуучууд байсан. Д тэд нарын хажууд очоод “Та нар яагаад байгаа юм бэ. Хариад амарч чадахгүй байна уу”гэж хэлэхэд Б “Цагдаа нар юу юм. Та нарыг би буудаж ална” гэж хэлээд дайрч хэл амаар доромжлоод Д-гийн тавьсан шаардлагыг нь хүлээж авахгүй болохоор нь Д “Цагдаагийн байрлуу орж тусгай хэрэгсэл авч ирнэ” гээд машинтайгаа явчихсан. Д-г явсны дараа Б цагдаа М лүү дайрч, толгой руу нь хэд хэдэн удаа гараараа цохиод байхаар нь би очоод “Та нар яагаад цагдаагийн албан хаагчийг зодож цохиод байгаа юм. Би та нарыг харж байна” гэж хэлээд М-г Б-аас холдуулсан. Тэр үед Б-ны ах И нь “Хэн цагдаа зодсон юм” гэж хэлж байсан. Тэгж байтал Д цагдаагийн дүрэмт хувцсаа өмсчихсөн ирээд тэд нарт “Б-ыг аваад явцгаа” гэхэд Т, Ё хоёр Б-ыг аваад явсан. Тухайн үед Б гэх тэр залуу маш их согтуу байсан ба М-ийн хэлсэн үгийг эсэргүүцээд “Чи юу юм” гэж түүн рүү дайрч очоод нүүрлүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Зодуулсаны улмаас М-ийн чихний хэнгэрэг цоорсон байсан. Б нь цагдаагийн албан хаагчийг маш их хэл амаар доромжилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
гэрч Ж.Л-ийн “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бөхмөрөн сумын төвд багш нарын баярт зориулсан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан юм. Миний нөхөр М Бөхмөрөн сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар ажилладаг бөгөөд гар бөмбөгийн тэмцээнд цагдаагийн хэсэг нэг баг бүрдүүлж оролцсон юм. Би цагдаагийн багт орж тоглосон бөгөөд манай баг 1 тоглочихоод М бид хоёр бие засах гээд сургуулийн биеийн тамирын заалнаас гарахад үүдэнд 2 согтуу залуу зогсож байсан. М тэр 2 залуугийн хажууд очоод “Та нар олон нийтийн газар согтуу явж болохгүй. Одоо та нар харьцгаа” гэж шаардлага тавьсан. Тэгээд бид хоёр бие засчихаад буцаад сургуулийн заал руу ороход араас О гэх согтуу залуу заалруу ороод ирэхээр нь М түүнийг дагуулаад гараад явсан. М гарч яваад орж ирэхгүй байхаар нь би араас нь гарахад сургуулийн гадна хашааны үүдэнд М-ийн хажууд баахан залуучууд ирчихсэн маргалдаж байсан. Тэд нарын дунд Т цагдаа байсан. М-г жижиг биетэй Б гэх шар залуу янз бүрээр хэлээд хэл амаар доромжлоод, зодоод байсан. М-ийн толгойруу гараараа цохисон. Би тэр үед 9 сартай хүүхдээ тэвэрч явсан болохоор холхон очиж зогссон. Юу болоод байгааг ойлгоогүй бөгөөд олон хүмүүс байсан. Тэгж байтал хэсгийн төлөөлөгч Д ирээд тэд нарыг салгаж явуулсан. Б гэх залуу салаад явж байснаа эргэж ирээд дахин хэл амаар доромжлоод хувцсаа тайлчихаад М лүү агсамнаж дайраад байсан. Энэ асуудлын дараа М гэрт ирээд “Миний чих дүнгэнээд дуугарч, өвдөөд байна. Бас толгой өвдөж байна” гэхээр нь эм өгч, эмчид үзүүлэхэд М-ийн чихний хэнгэрэг цоорсон байсан. М Улаанбаатар хот руу явж чихэндээ эмчилгээ хийлгэсэн. Б нь М-д учирсан хохирлыг барагдуулж өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
гэрч Ц.Ц-ын “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр тохиож байсан бөгөөд сургуулийн спорт зааланд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан юм. Тэмцээн бараг тарах гэж байхад сургуулийн гадна гарахад манай сумын харъяат Б нилээн согтуу агсам тавиад орилж хашгираад байж байсан. Б-ыг төрсөн ах И болон Ё хоёр ирээд мотоцикль дээр дундаа суулгаад аваад явсан. Хэсгийн төлөөлөгч Д цагдаа хувцастай байсан. Харин М энгийн хувцастай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,
шүүгдэгч Г.Б-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байхад найз О манай гэрт ирээд “Хоёулаа гар бөмбөгийн тэмцээнд оролцъё” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр гэрээс гарч сургуулийн зааланд очсон. Сургуулийн зааланд очоод би нэг багт орж тоглоод хожигдчихсон юм. Тэгээд би заалан дотор байж байхад О над руу гар утсаар залгаж “Би сургуулийн гадна байна, гараад ир” гэхээр нь би ганцаараа гарахад О ганцаараа байсан ба О-т 1 шил 0.5 граммын архи байсныг бид хоёр сургуулийн арын “Улаан хад”-ны хажууд очоод хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад бид хоёр дэлгүүр орж би дахин 1 шил архи авахад О бас 1 шил архи худалдаж аваад явж байгаад сургуулийн гадна Т цагдаатай тааралдсан юм. Би Т-ыг таньдаг учраас авч явсан архинаасаа задалж амсуулахад Т “Та нар олон нийтийн газарт архи ууж болохгүй. Та хоёр явж амарцгаа” гэж хэлээд архинаас амсаад бид хоёрыг явуулсан. О бид хоёр сургуулийн гаднаас яваад “Улаан хад”-ны хажууд очиж архиа хувааж ууж байхад бид хоёр дээр хүмүүс ирээд архинаас амсаад яваад байсан. Энэ үед О-тай М гар утсаар ярьж байгаад ирж бид гурав архиа ууж дуусгаад О ганцаараа салаад явсан. М бид хоёр хамтдаа сургууль руу явж байгаад сургуулийн баруун талын өнцөгт би эхнэр Д-тай тааралдаж уулзаад зогсож байхад М цагдаа сургуулийн заалнаас гарч ирэхээр нь би түүнтэй уулзаж тамхилаад мэнд ус мэдэж “Би жаахан архи уучихсан явж байна” гэж хэлэхэд М цагдаа “Чи одоо архи уучихаад олон нийтийн газарт явж болохгүй, явж амар” гэж хэлээд сургууль руу орчихсон. Тэгээд би эхнэртэйгээ хамт зогсож байтал удалгүй М цагдаа О-ыг хувцаснаас нь барьчихсан сургуулиас гарч ирээд сургуулийн хашааны хаалгаар гарахад М тэр хоёрын араас гарч байсан. Би О-ын араас очиход О “Би өнчин хүн миний аав нас барсан гээд” уйлчихсан, хамраас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би О-ын араас татахад тэр газарт уначихсан. Тэгээд би М цагдаад “Чи миний найзаар яах гээд байгаа юм. Би найзыгаа аваад явлаа” гэхэд М цагдаа “Чи өөрөө явж амар, чамд хамаагүй. Би өөрөө мэдэж байна” гэж хэлж байсныг санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Тэхайн үед эхнэр Д дүү Т, ах И нар луу гар утсаар ярьж “Б архи уучихсан согтуу байна, хүмүүстэй маргалдаад байна” гэж хэлэхээр нь Т, Ё, И нар ирж намайг авч явсан байсан. Би М цагдааг таньдаг байсан. Тухайн өдөр М цагдаа тэмцээнд оролцоод энгийн хувцастай явж байсан. Би М цагдаагийн толгой руу нь 1-2 удаа гараараа цохиж, хөлөөрөө хөл рүү нь 1 удаа өшиглөсөн байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. М-ийн эмчилгээнд гарсан зардлыг төлж өгсөн. Би өвчтэй ээж, аавыгаа асарч байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Н.М нь Увс аймгийн Бөхмөрөн сумын хэсгийн цагдаа албан тушаалтай, цагдаагийн дэд ахлагч цолтой, гэмт хэрэгт өртөгдөх үедээ албан үүрэг /нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд/ -ээ гүйцэтгэн ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Н.М-ийн А-0005985 тоот цагдаагийн албан хаагчийн үнэмлэх, Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-10 тоот Ажилд томилж, цол олгох тухай тушаал, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/69 тоот Шилжүүлэн томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “ Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй ” гэж тус тус заажээ.
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 10 жилийн сургуулийн спорт зааланд багш нарын баярт зориулсан спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдаж байсан байх ба уг арга хэмжээний үеэр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ зөв авч явах, өөрийгөө удирдах чадваргүй болсон О.О, Г.Б нарыг тухайн газрыг орхиж явах, орон гэртээ харьж амрах талаар хэсгийн цагдаа Н.М нь удаа дараа шаардлага тавьсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Цагдаагийн албан хаагч Н.М-ийн энэхүү шаардлага нь Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хууль ёсны шаардлага гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн албан үүрэгт нь саад учруулж, улмаар хүч хэрэглэн биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №96 дугаартай: “Үзүүлэгч Н.М-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүү, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчний зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б-ны дээрх үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ы хувийн байдлын талаар гэрч Д.А-ийн “ Б бол миний эгчийн төрсөн хүүхэд. Аав, ээж, ах, дүү нарын хамт амьдарч байгаад тусдаа өрх тусгаарласан. Одоо ам бүл гурвуулаа, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй. 2017 онд их сургууль төгссөн. Эхнэр нь Бөхмөрөн сумын ахлах сургуульд эмчээр ажилладаг. Б зан аашийн хувьд бага байхын энгийн зантай хүүхэд байсан. Түүнийг хүнтэй маргалдаж зодолдож байсан талаар урьд нь сонсож байгаагүй. Б-ны аав Гүрмандал нь уушигны хавдар гэх оноштойгоор гэртээ байнгын асаргаанд байдаг. Тэднийх 200-300 тооны бог малтай” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
гэрч Ө.Б-гийн “Би Б-ыг сайн танина. Бид хоёр багаасаа үерхэж тоглож өссөн бөгөөд одоо ч гэсэн найз нөхдийн холбоотой. Б нийтэч, бусадтай зөв боловсон харьцдаг, хүнд их тусархаг залуу юм. Ам бүл гурав. Эхнэр, 1 хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь Бөхмөрөн сумын ахлах сургуульд эмч ажилтай. Б өөрийн гэсэн хэдэн малтай тул малаа өөрөө малладаг. Б-ны аав Г гэж хүн байдаг. Аав нь уушигны хавдар өвчтэй бөгөөд гэртээ байнгын асаргаанд эмчилгээтэй байдаг. Б архи дарс хааяа уучихдаг. Архи хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж зодолдоод байдаггүй, хүнтэй зөв харьцаад биеэ зөв аваад явчихдаг. Хүнтэй маргалдаж зодолдож байсныг нь би харж байгаагүй. Ер нь бол боловсон залуу юм. 2017 онд их сургууль төгссөн, дээд боловсролтой ” гэх мэдүүлэг /хх-ийн 63/ хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Гурван Жигэртэй” багт эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй ба зүрх судасны хүнд өвчин, хавдрын улмаас байнгын эмчийн хяналтанд байдаг өндөр настай аав Ү.Г, ээж Л.Н нарыг асран халамжилдаг болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Бөхмөрөн сумын “Гурван Жигэртэй” багийн засаг дарга Ү.Отгойгийн 2017.10.06-ны өдөр гаргасан тодорхойлолт, Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч М.Оюунчимэгийн 2017.11.13-ны өдөр гаргасан тодорхойлолт, Бөхмөрөн сумын засаг дарга Т.Төртогтохын 2017.11.13-ны өдөр гаргасан 113 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.М-ээс уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.480.000 төгрөг төлсөн, хохирогч Н.М нь шүүгдэгч Г.Б-аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад “энэ хэргийн улмаас миний зүүн чихний цоорсон хэнгэрэг нөхүүлэхэд 650.000 төгрөг, эмчийн заавраар 45.000 төгрөгний эм тариа авч хэрэглэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, бариачид очиж гурван удаа бариулахад 40.000 төгрөг, Бөхмөрөн сумаас Улаангом сум руу ирэхэд замын зардалд 60 литр бензин, дахин Бөхмөрөн сумаас Улаангом ороход нийтийн унаанд 20.000 төгрөг, чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэхээр Улаангомоос Улаанбаатар явсан замын зардалд нийт 382.000 төгрөг, Улаангомоос Бөхмөрөн сум руу явахад 20.000 төгрөг зэрэг бусад зардлууд гарсан. Эдгээр гарсан зардлыг Б надад төлж барагдуулсан. Одоо Б-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Б надаас уучлалт гуйсан тул гомдолгүй” гэж мэдүүлсэн, түүнчлэн хохиролд 1.480.000 төгрөг хүлээн авсан болон цаашид гаргах нэхэмжлэлгүй, гомдолгүй талаар бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн/ зэрэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, өндөр настай, өвчтэй аав, ээжийгээ асран халамжилж байгаа амьдралын нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Б-д тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З ургийн овогтой Г-ын Б-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН