Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2025/0056

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ш.М,

           Нэхэмжлэгч: Ш.О,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Сагсай сумын Засаг дарга хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч  Сагсай сумын Засаг дарга Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох тухай” захирамжийн холбогдох хэсгээр  нэхэмжлэгч  Ш. М,  Ш.О нарт тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс  тус тус 700 м2 газар эзэмшүүлсэн  эрхийн гэрчилгээ, сумын Засаг даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч нар энэхүү шийдвэрийг  хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Хариуцагч дээрх шийдвэрийн талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй байх  ба нэхэмжлэгч нараас “... уг захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр E-Mongolia системд нэтрэх үед газрын мэдээлэл харагдаагүй тул Сагсай сумын Засаг даргад хандаж тодруулж, газар эзэмших эрх хүчингүй болсныг  2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/52 дугаартай албан бичгээр хариу өгөх үед мэдсэн.” гэж тайлбарлаж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.Үүнд:

 2.1. Ш.М, Ш.О бид Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг. Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дугаартай захирамжаар сумын 7 дугаар багт 700 м2 газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн.

 

Гэвч манай эхнэр болох Ш.О нь 2019 оноос хойш хүндээр өвчилж ходоодонд шарх үүсэж, хоол шингэх боломжгүй болж, эмчилгээ хийлгэж эхэлсэн ба үүний дараахан хөхний хавдар, хөх үрэвсэлтэй гэх онош илэрч өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Мөн 2022 онд нурууны L-4 нугалмын жийргэвчийн ивэрхий авах мэс засал хийлгэж өнөөдрийг хүртэл гам барьж нурууны бүс зүүсэн байдалтай байна. Дээрх хугацаанд манай эхнэр байнга эмнэлэг болон гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж байсан ба миний бие эхнэрээ асарч байсан болно. Гэвч Сагсай сумын Засаг даргын зүгээс бидний дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулахгүйгээр бидний эрхийг зөрчиж газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна.

2.2. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгаануудыг зааж өгсөн байх ба 6.1.41.а-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн бол 6.1.41.б-д “эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар энэ хуулийн 6.1.41.а-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан” гэжээ. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.”гэснээр  миний эхнэрийн өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа  болон миний бие түүнийг асарч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байгаа юм.

2.3. Мөн бидэнд эзэмшүүлсэн газар нь өнөөдрийг хүртэл дэд бүтэц татагдаагүй буюу цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй газар гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй. Тухайн газар дээр цахилгаан эрчим хүчний шугам сүлжээ татагдаагүйн улмаас ямар нэгэн бүтээн байгуулалт хийх, тухайлбал худаг гаргах, хашаа татах, байшин барих боломжгүй байгаа юм. Дээрх байдлаар захиргааны байгууллагын зүгээс иргэнээс хамааралгүй нөхцөл байдлыг харгалзахгүйгээр захирамж гаргаж байгаа нь хууль бус юм.

2.4. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлийн нэг нь эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн.Бидний зүгээс 2020 оноос дээрх 2 нэгж талбарын дугаар бүхий нийт 1400 м.кв хэмжээ бүхий газрын төлбөр хураамжийг нь хугацаанд нь төлж ирсэн ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болно.

2.5. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааны тухай зохицуулж өгсөн байх ба 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”,  27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэжээ. Гэвч хариуцагч Сагсай сумын Засаг даргын зүгээс бидэнд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдах гэж байгаа тухай болон сонсох ажиллагаа явуулах тухай мэдээлээгүй болно. Мөн сумын Засаг дарга нь бидэнд дээрх маргаан бүхий захирамж гаргасан тухайгаа мэдэгдээгүй юм.

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Е-Моngolia систем дээр миний газар харагдахгүй байгаа тухай мэдмэгцээ энэ асуудлыг тодруулах зорилгоор сумын Засаг даргад хандсан. Үүний дараа 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сагсай сумын Засаг даргын 01/52 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор бидний газар эзэмших эрх хүчингүй болсон тухай мэдсэн болно гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. Ш.М, Ш.О нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг. Сагсай сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Сагсай сумын 7 дугаар багаас Ш.Мд  нэгж талбарын 8316001331 дугаар бүхийн 700 м2,  эхнэр Ш. Оналганд нь  8316001345 дугаар бүхий 700 м2 газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн.Гэвч Ш.О нь 2019 оноос хойш хүндээр өвчилж гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэж байсан ба Ш.М нь эхнэрээ асарч байсан болно. Нэхэмжлэгч нарын дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг хариуцагч тодруулахгүйгээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41,  Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт зааснаар "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт нэхэмжлэгч Ш.Оы өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа болон нөхөр Ш.М нь  түүнийг асарч байгаа нь хамаарна.

3.2. Мөн нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газарт  өнөөдрийг хүртэл дэд бүтэц татагдаагүй буюу цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй газар гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй.

3.3.  Нэхэмжлэгч нар 2020 оноос нийт 1400 м2 хэмжээ бүхий газрын төлбөр хураажийг хугацаанд нь төлж ирсэн ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй юм.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” ,гэсэн 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна." гэжээ.  

Гэвч хариуцагч Сагсай сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэгч нарт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар, маргаан бүхий захирамж гаргасан тухайгаа мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэв.

 4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Нэхэмжлэгч нар хуульд заасан журмын дагуу  Сагсай сумын 7 дугаар багаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшдэг байсан нь тогтоогдсон ба уг гэрчилгээг хууль бусаар олж аваагүй.

Нэгэнт иргэний гарт газар эзэмших гэрчилгээ байсан. Уг гэрчилгээ цахим системд бүртгэлтэй байсан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заасан. Тухайн газрыг баталгаатай эзэмших гэрчилгээ бичиж өгсөн, иргэд түүнд итгэдэг. Маргаан бүхий газрыг эзэмшүүлэх тухай Засаг дарга шийдвэр гаргасан, газрын даамал газарт үзлэг хийгээд, кадастрын нэгдсэн санд бүртгэж, гэрчилгээг гаргаж өгөөд, гэрээ хийсэн, жил бүр газрын төлбөрийг нь  авдаг байсан.

4.2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох жишгийг харуулах гэж байна. Хэрвээ бусад газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгож болно. Хэн нэгний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Ш.М, Ш.О нарт газар эзэмшүүлэх үед зөрчсөн асуудал байхгүй гэдгийг хариуцагч өөрөө хэлж байна. Тухайн үед Засаг дарга  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, эсхүл төлөвлөгөөг зөрчиж шийдвэр гаргасан асуудал тогтоогдсон. Үүнийг Ш.О Ш.М нар мэдэхгүй, мэдэх ч боломжгүй, уг асуудалд иргэний буруу байхгүй гэж үзнэ.

4.3. Нэхэмжлэгч нар Сагсай сумаас газар эзэмшихээр хүсэлт гаргасан, газар эзэмших гэрчилгээ авсан, өвчтэй болсны улмаас байр, байшингаа барьж чадаагүй. Улаанбаатар хот руу яваад удаа дараа эмчилгээ хийлгэсэн.

4.4. Кадастраар тухайн газар нь Сагсай сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нутаг дэвсгэрт  нь хамаарч байсан. Газрыг тус сумын Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй тул иргэн үүнд итгэнэ.  Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар  “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим байна.  Ш.М, Ш.О нарын хувьд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар хууль ёсны газар эзэмших эрхтэй хүмүүс, түүнд итгэсэн. Харин иргэдийн цаашид тухайн газарт амьдрах итгэлийг “эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж буруу газраас олгосон, газрыг хүчингүй болгуулсан” гэдэг байдлаар хандаж иргэдийн хууль ёсны итгэлийг зөрчиж байна.

4.5. Нэхэмжлэгч нарын хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух хаягтай хүмүүс. Сагсай сумын 7 дугаар баг нь Өлгий суманд хөрш зэргэлдээ, хил залгаа оршдог. Нэхэмжлэгч нарын хувьд Өлгий сумын хувьд төлөвлөгөөнд орсон газраас газар эзэмших боломжгүй болсон. Сагсай сумаас газар эзэмшээд,  тухайн сумын иргэд болно гэж,  Өлгий суманд ойрхон газрыг эзэмших тухай хүсэлтээ тухайн сумын Засаг даргад гаргасан. Гэхдээ дэд бүтэцтэй холбоотой асуудлыг аймгийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. Өлгий сумын хажуу талын газар байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

4.6. Хариуцагчаас маргаан бүхий газар нь хөдөө аж ахуйн зориулалттай газар гэж тайлбарлаж байгаа, энэ ангилалд багтаж байгааг юугаар нотолж байгаа вэ?

Хариуцагч тус суманд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр  тус сумын ямар ч газар дээр төлөвлөгөө батлагдаагүй гэж ойлгож байна. Хөдөө аж ахуйн зориулалттай газар гэдгийг баталж өгсөн эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байгаагүй. Иймд газрыг ямар зориулалтаар эзэмшүүлэх гэж байгаа нь батлагдаагүй нөхцөл байдал харагдаж байна. Анхнаасаа буруутай шийдвэр гаргасан Засаг дарга, газрын даамлын  үйл ажиллагаанаас болж иргэн хохирох ёсгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэв.

5. Хариуцагчийн гаргасан тайлбарт:

5.1. Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б. Ж 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба энэ хүрээнд илэрсэн зөрчил дутагдлын талаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 02-15-04/050/34 дугаартай албан шаардлагыг тухайн үеийн Засаг дарга К.Б ирүүлж, албан шаардлагын хариуг хугацаандаа өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан.

Уг албан шаардлагын хавсралтаар Сагсай сумын Засаг даргын Газрын тухай хууль зөрчсөн захирамжуудыг хүргүүлсэн ба хавсралтын 17 дугаарт Ш.М, Ш.О нарт сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.4-т заасан “аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон.

5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд тус газрыг хүчингүй болгоно.” гэсний  дагуу сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ш.М болон Ш.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Маргаан бүхий захирамжийг миний өмнөх Засаг дарга гаргасан. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгох, ямар газрыг ямар зориулалтаар олгох асуудлыг хуулиар зохицуулдаг. Сагсай сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй. Энэ жилээс эхлэн хийлгэхээр мэргэжлийн компанитай гэрээгээ хийгээд явж байна. Сагсай сумын хувьд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зөвхөн сумын төвийн газарт хийгдэнэ. Нэхэмжлэгч нарын авсан газар нь анхнаасаа зориулалт нь буруу, хууль зөрчигдөж олгогдсон. Тийм учраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Б.Ж  хяналт шалгалтын явцад хууль бус гаргасан захирамж, хууль бус олгосон газрыг хүчингүй болгох тухай албан шаардлагын дагуу  нийтдээ 46 хүний газрыг хүчингүй болгосон. Гэр бүлийн хэрэгцээний газрыг тухайн жилийн газар зохион байгуулах төлөвлөгөөнд заавал оруулах ёстой. Нэхэмжлэгч нарын нэр дээр  газар эзэмшүүлсэн захирамж гарсан боловч уг газрыг Сагсай сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй.

6.2. Маргаан бүхий газар нь гэр бүлийн хэрэгцээнд олгох боломжгүй, хөдөө аж ахуйн зориулалттай газар юм. Нэхэмжлэгч тал газар олгосноос хойш 5 жилийн хугацаанд дэд бүтэц очоогүй, ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тухайн газарт дэд бүтэц очих ёсгүй, хөдөө аж ахуйн зориулалттай газар юм.

6.3. Хэрвээ тухайн иргэн Сагсай суманд очиж, амьдарна гэвэл хуульд нийцсэн газраас газар авна. 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй. Газар эзэмшихдээ газрын зориулалт нь хуульд нийцэж байх  ёстой.

Түүнээс биш Сагсай сумын нутаг дэвсгэр Өлгий суманд ойрхон гэдгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох тухай зохицуулалт байхгүй.  Хэрвээ Өлгий суманд ойрхон хэсэгчилсэн төлөвлөгөө хийгээд, түүнийг холбогдох байгууллагуудаар батлуулаад,  гэр бүлийн хэрэгцээнд зориулж, хэсэгчилсэн төлөвлөгөө хийлгэсэн бол газар олгож болно. Одоогийн байдлаар Сагсай сумын төвөөс өөр газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээгүй. Тухайн маргаан бүхий газрын хувьд Өлгий сумын нутаг дэвсгэртэй хил залгаа боловч  Сагсай сумын хувьд хөдөө аж ахуйн зориулалтаар газар юм.  Эхлээд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдэх ёстой, дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд ороод, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад, дээд шатны байгууллагад явуулж, дээд шатны байгууллагаас баталж өгвөл газрыг олгоно. Тус газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай биш, өөрөөр буюу үйлдвэр, үйлчилгээ, мал аж ахуйн зориулалтаар нээлттэй дуудлага худалдаагаар оруулж, газар олгож болно  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч  нарын нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй байна.

 

2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/34 дугаартай “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 3,14 дэх заалт/  “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохоор зааснаас бусад байршлаас газар олгосон захирамжуудыг хүчингүй болгох,...сумын Засаг дарга өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ,ашиглагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн  хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох”-ыг тус тус  шаардсан байх ба уг  албан шаардлагын хавсралтын 17-д  Сагсай сумын Засаг даргын 2020 оны А/119 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ш. М,  Ш.О нарт эзэмшүүлсэн  газар багтсан байна.

3. Улмаар Сагсай сумын Засаг  дарга 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Газрын тухай  хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, сумын  Засаг  даргын газар эзэмшүүлсэн А/119 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах Өлгий сумаас Шар нуур явах хар замын  баруун талаас  шинээр газар эзэмшихийг хүссэн хавсралтад заасан нэр бүхий 15 иргэнд тус тус 700 м2 газар буюу нийт 10500 м2 газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  3 дах заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ  байгуулан  улсын бүртгэлд бүртгэхийг газрын даамал Ү.А үүрэг болгожээ.

5. Нэхэмжлэгч Ш.М, Ш.О нар нь эхнэр, нөхөр байх ба  Сагсай сумын газрын даамал Ү.А нь тус сумын Засаг даргын 2020 оны А/119 дугаартай захирамжийг үндэслэн нэхэмжлэгч нарт 7 дугаар багаас хил залгаа байршилтай 700 м2 газрыг тус тус “гэр, орон сууцны хашааны зориулалтаар” 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 000102399, 000102400 дугаартай гэрчилгээг  2020  оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгосон байна.

6. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийн талаар “...нэхэмжлэгч нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.4-т заасан ...аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн, уг газрыг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй. Маргаан бүхий газар нь гэр бүлийн хэрэгцээнд олгох боломжгүй, хөдөө аж ахуйн зориулалттай газар юм. Мөн эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж, нэхэмжлэгч нараас “...газрын төлбөрийг бүрэн төлсөн, мөн өвчтэй байсан, өвчтөн асарсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй, хөдөө аж ахуйн газар гэдэг нь тогтоогдоогүй, Сагсай сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газраас газар эзэмшүүлсэн нь иргэний буруу биш тул хохирох ёсгүй.” гэж тус тус тайлбарлан маргасан.

7.  Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн.”, 9.2-т  “Газрын нэгдмэл санг газар ашиглалтын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилна.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна: 10.1.1.хөдөө аж ахуйн газар;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна.” гэж заасан ба нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зургаар тодорхойлсноор тухайн байршил бүхий газар нь хөдөө аж ахуйн ангиллын бэлчээрийн газарт хамаардаг болох нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 267 дугаар албан бичгээр тогтоогдсон.

Иймд маргаан бүхий газар нь хөдөө аж ахуйн ангиллын газарт хамаардаг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэх боломжгүй гэх хариуцагч талын тайлбарыг  үндэслэлтэй гэж үзлээ.

 

8. Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 25 дугаар зүйлийн 25.4-т “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна”, 31 дүгээр зүйлийн  31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.4.-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

9. Нэхэмжлэгч  нараас гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зурагт заасан Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “гэр, орон сууцны хашааны зориулалтаар”   тус тус эзэмшүүлсэн 700 м2 газар нь  тус сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдаагүй болох нь хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:

9.1. Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Сумын 2020 оны газар зохион байгуулалт,  бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” 41 дугаартай тогтоол нь нийт 10 хавсралттай байх бөгөөд  уг 10 хавсралтаар “гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г батлаагүй байна.

9.2. Гэрч газрын даамал Ү.Аманбек 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэгтээ “... 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж үзэж байна. Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг харвал түүний 3 дугаар хавсралтад  “Сагсай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Баян-Өлгий аймгаас Шар нуур явах хар замын зүүн талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2.8 га газрыг 40 айлд эзэмшүүлэхээр тусгагдсан.

 Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн газруудыг эзэмшүүлсэн. Гэхдээ уг 3 дугаар хавсралтын гарчигт эзэмшүүлэх гэсэн үг орхигдсон байна. Мөн уг 3 дугаар хавсралтад 7 дугаар багаас эзэмшүүлэх газрын байршлын солбилцолыг тусгаж өгсөн байгаа. Эдгээр 15 хүнд эзэмшүүлсэн газрын координат нь тухайн солбилцол дотор багтаж байна гэж бодож байна.” гэж мэдүүлсэн боловч  Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  41 дугаартай тогтоолын 3 дугаар  хавсралтаар “Гэр хорооллын газрын төлөвлөлт 2020 онд  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан.

Мөн 3 дугаар хавсралтын 2 дах хэсэгт заасан Сагсай сумын 7 дугаар баг, Баян-Өлгий аймгаас Шар нуур явах хар замын зүүн талаас 40 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр тусгасан 2,8 га газрын байршлыг солбилцолын дагуу үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Шар нуур явах автозамын  зүүн талд байршилтай, харин нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн  газар нь Өлгий сумаас Шар нуур явах автозамын  баруун талд байршилтай болох нь шүүхээс хийсэн үзлэг, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  2025 оны 163, 193 дугаартай албан бичгүүдээр,

 нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн  газрууд нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээс шүүж үзэхэд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй, тухайн газруудыг  газрын кадастрын цахим системд газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээс холбоогүй, харин газрын даамал Ү.Аманбек шууд бүртгэсэн  болох нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 267 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон болно.

10.  Дээрх нотлох баримтуудаар Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор 2020 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр  эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг батлаагүй, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар “Гэр хорооллын газрын төлөвлөлт 2020 онд  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан байгаагаас гадна “шинээр өмчлүүлэх 2,8 га” газар болон нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн гэх  1400 м2 газар нь тус тусдаа байршилтай,  нэхэмжлэгч нарын  газар эзэмших эрхийн гэрчилгээнд   заасан тус бүр  700 м2 газар нь Сагсай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдсон. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгч талаас  Сагсай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас  газар эзэмшүүлсэн нь иргэний буруу биш, иргэн хохирох ёсгүй гэж маргасан боловч маргаан бүхий газарт газарт шүүхээс хийсэн  үзлэгээр  нэхэмжлэгч нар нь  тухайн газрыг   гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж ашиглаагүй буюу  хашаа, байшин зэрэг ямар нэг  объект бариагүй,  хоосон газар болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын тухайн  газрыг эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл байдал үгүй байна.

Түүнчлэн уг газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт  нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

12. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх; 4.1.3.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”,  61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасан.

Дээрх байдлаар Сагсай сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр  газар эзэмшүүлэхээр 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад бэлчээрийн бүсээс нэхэмжлэгч нарт гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт олгосон газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33  дугаар зүйлийн 33.1.1, 33.4-т тус тус заасантай нийцээгүй,  хууль бус байна.

Иймд хариуцагч Сагсай сумын Засаг  даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон  нь Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай   тус тус нийцсэн, дээрх байдлаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Бусад маргааны тухайд:

13.1. Нэхэмжлэгч нар уг газрыг эзэмшсэнээс хойших хугацаанд газрын төлбөрийг төлсөн, мөн нэхэмжлэгч Ш.О хүнд өвчтэй байсан, нөхөр нь болох нэхэмжлэгч Ш.М нь  эмчлүүлж байгаа өвчтөн эхнэрээ асарсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий газрыг ашиглаж чадаагүй нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд  хариуцагчийн  “...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нар дээрх байдлаар хуульд заасан журмын дагуу газар эзэмшээгүй тохиолдолд газрын төлбөрийг төлж байсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн газрыг ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын тухайн газрыг эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэж үзлээ.

13.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд  нэхэмжлэгч талын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар явагдаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, маргаан бүхий захиргааны актын талаар мэдэгдээгүй гэж маргасан нь үндэслэлтэй байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33  дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг  даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”  захирамжийн Ш.М, Ш.О нарт  холбогдох  хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   М.РИЗА