| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0033/З |
| Дугаар | 110/ШШ2025/0057 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2025/0057
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Е
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Н
Хариуцагч: Сагсай сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Н хариуцагч Сагсай сумын Засаг дарга Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ш.Е нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан, “Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/46 дугаар захирамжийн хавсралтын Ш.Е холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1. Миний бие Ш.Е, Өлгий сумын 11 дүгээр багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 онд Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.Х хоорондоо тохиролцож хууль журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн “мод тарьж зүлэгжүүлэх зориулалттай” 5000 м.кв газрыг, Сагсай сумын Засаг даргын 2021 оны “газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж газар эзэмшүүлэх тухай” А/33 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн Э-0209000015 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авсан юм.
2.2. Үүний дараа иргэн Х.Хайдар бид хоёр хамтран эзэмшлийн газарт багагүй хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулан хашаа татаж, мод тарьж, худаг ухаж бусад шаардлагатай ажлуудыг хийсэн бөгөөд миний нэр дээр байгаа 5000 м.кв газрыг надад огт мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосныг 2024 оны 12 дугаар сард сонссон юм. 2022, 2023 онуудын газрын татвараа хугацаанд төлж байсан бөгөөд холбогдох байгууллагуудаас ямар нэгэн мэдэгдэл, сануулга ирээгүйд гайхаж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сард өөрийн биеэр очиж тодруулахад, миний нэр дээр байгаа эзэмшлийн газрыг Сагсай сумын Засаг даргын 2024 оны А/46 дугаар захирамжаар хүчингүй болгосон талаар мэдээлэл авсан.
2.3. Дараа нь иргэн Х.Х тодруулахад,”... бид хоёрын газрыг Сагсай сумын Засаг дарга К.Б хүчингүй болгож шийдвэр гаргасныг би өөрийн эзэмшлийн газрыг тухайн үед тус сумын Засаг даргын захирамжаар сэргээж авсан” гэж хариу хэлж байсан. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сагсай сумын Засаг даргад тус сумын 2024 оны А/46 дугаар хууль бус гаргасан захирамжийг хүчингүй болгож өгөх талаар гомдол гаргасан ч одоо хүртэл бичгээр хариу өгөөгүй байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар миний гаргасан гомдлын хариуг 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Би өөрөө гомдол гаргаснаас хойш яг сарын дараа тус сумын газрын даамлаас утсаар ярьж, миний гомдлын хариуг авах талаар тодруулахад, “... та тухайн үеийн дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулахын бол таны захирамжийг бид сэргээж өгч болно” гэж хариу өгсөн. Тус сумын Засаг даргын гаргасан 2024 оны А/46 дугаар захирамжийн үндэслэл хэсэг нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт нь ойлгомжгүй зүйл заалтыг үндэслэсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүйгээс болж миний эрхийг зөрчиж, би багахан хугацаа алдаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гаргасан гомдлын хариуг авч чадахгүй байгаадаа гомдолтой байна.
2.4. Мөн би өөрийн эзэмшлийн газартаа хашаа татаж, худаг гаргаж, мод тарьсан байсан бөгөөд одоо “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2025 оны 04 дүгээр сараас эхлэн моднуудын суулгац тарьж зориулалтын дагуу ашиглах төлөвлөгөөтэй байсан юм гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Бид 2021 онд Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.Х гэх иргэнээс хоорондоо тохиролцож хууль журмын дагуу гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлэн мод тарих зориулалттай 5000 м.кв талбайтай газрыг Сагсай сумын Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамжаар шилжүүлэн авч, гэрчилгээ авсан болно. Тухайн газрыг шилжүүлж авах үед тус сумын удирдлагуудаас ямар нэгэн зөрчилтэй байгаа талаар мэдэгдээгүй. Тухайн үед мэдэгдсэн бол шилжүүлж авахаас татгалзах байсан.
3.2. Тухайн үед “Ковид-19” цар тахлын улмаас зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй байсан. Бид эхлээд маргаан бүхий газарт хашаа татаж, газар ухаж, худаг гаргах, мод суулгах зэрэг ажиллагаануудыг хийж эхэлсэн. Дээрх дурдсан үйл ажиллагаанд 42,000,000 төгрөгийн зардал гарсан.
3.3. Гэтэл тус сумын Засаг даргын 2024 оны А/46 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэхүү Засаг даргын захирамжийг бидэнд албан ёсоор танилцуулаагүй ба газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон шийдвэр гарсныг өөрсдөө олж мэдээд, Сагсай Засаг даргад 2025 оны 01 дүгээр сард гомдол гаргасан боловч одоо хүртэл албан ёсны хариу өгөөгүй. Уг гомдлыг гаргасны дараа газрын даамлаас гаргасан гомдлын талаар тодруулахад, дуудлага худалдааны анхны үнийг төлж, барагдуулахын бол таны захирамжийг бид сэргээж өгч болно гэж хариу өгсөн.
3.4. Холбогдох хуульд зааснаар төрийн байгууллага эрх зүйн актыг хүчингүй болгосон тохиолдолд холбогдох этгээдэд 30 хоногийн өмнө нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй байдаг. Захиргааны байгууллагын зүгээс ямар нэгэн сонсох ажиллагаа явуулахгүйгээр тус сумын Засаг даргын 2024 оны А/46 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Бид ийнхүү хууль бус шийдвэрийн улмаас газрыг нэг жилийн хугацаанд ашиглаж чадаагүй. Мөн гэрээнд заасны дагуу 2022-2024 оны газрын төлбөрийг хугацаанд төлж байсан.
3.5. Хийсэн бүтээн байгуулалт, гарсан зардлыг тооцоо хашаа материалын зардал 15,000,000 төгрөг, хашаа барих хөдөлмөрийн хөлс 5,000,000, худаг өрөмдүүлэх, хөлсний тоног төхөөрөмж зардал 10,000,000 төгрөг, мод суулгах зардал 5,000,00 төгрөг, газрын татвар, бичиг баримтын зардал 500,000 төгрөг, тээврийн зардал 3,000,000 төгрөг, “Ковид-19” цар тахлын нөхцөлөөс үүдэлтэй нэмэлт зардлууд 3,500,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийн зардал гарч байна гэв.
4. Хариуцагч Сагсай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ба үүний хүрээнд илэрсэн зөрчил дутагдлыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №02-15-04/050/34 албан бичгээр тухайн үеийн Засаг дарга К.Б ирүүлж, албан бичгийн хариуг хугацаандаа өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавьсан байна. Уг албан бичгийн хавсралтаар Сагсай сумын Засаг даргын Газрын тухай хууль зөрчсөн захирамжуудыг хүргүүлсэн. Тус албан бичгийн хавсралтын 1 дүгээр хэсэгт Ш.Е сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар захирамжаар мод тарьж, зүлэгжүүлэх зориулалтаар 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг зөрчсөн болохыг тогтоосон.
4.3. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд тус газрыг хүчингүй болгоно гэж заасны дагуу сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар Ш.Е газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
4.4. Сагсай сумын Засаг даргын А/46 дугаар захирамж гарахаас өмнө сумын газрын даамал нь нэхэмжлэгчийг 2021 оноос хойш буюу уг газрыг эзэмшсэнээс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй.
4.5. Миний бие 2024 оны 11 дүгээр сард Сагсай сумын Засаг даргын ажилд томилогдсон. Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг миний өмнөх Засаг дарга гаргасан. Нийтдээ 46 хүнд холбоотой газар хууль бус олгогдсон гэж газар эзэмших иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Зарим нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгогдсон газрууд байсан.
4.6. Тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгогдохоор бол тухайн жилийн сумын ерөнхий төлөвлөгөөнд оруулж байж, Засаг даргын захирамжаар газар эзэмшдэг. 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүр Монгол Улсын нутаг дэвгэрээс нэг удаа үнэгүй газар эзэмших эрхтэй байдаг. Мөн хөдөө аж ахуйн газар, атаршсан газар гэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зориулалтаар олгож болно, үүнийг дуудлага худалдаа эсхүл нээлтэй дуудлага худалдаагаар явуулах ёстой. Ш.Е эзэмшүүлсэн газрыг анхнаасаа нээлттэй дуудлага худалдаагаар зохион байгуулж олгоогүйн улмаас хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн. Тухайлбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчиж байна. Хэрвээ иргэн, аж ахуйн нэгжид нээлттэй дуудлага худалдаа явуулахгүйгээр газар олговол бусдад давуу байдал бий болгосон шинжтэй, хууль зөрчсөн үйл баримт болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.1.Сагсай сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/08 дугаар “Газар эзэмшүүлэх тухай “ захирамжийн / хэргийг 37 дугаар тал/ 1 дэх заалтаар Уах овогт Т.Х Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1 га буюу 10.000 м.кв газрыг мод тарьж, зүлэгжүүлэх зорилгоор 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 000616429 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг /хэргийн 34 дүгээр тал/ олгож, иргэн болон газрын даамлын хооронд газар ашиглалтын гэрээг /хэргийн 36 дугаар тал/ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ.
2.2. Дээрх 10.000 га газрын 5 га буюу 5000 м.кв газрыг Т.Х болон Ш.Е нарын хоорондын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг /хэргийн 33 дугаар тал/ үндэслэн Сагсай сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай“ захирамжийн / хэргийн 32 дугаар тал/ 3 дах заалтаар Уах овгийн Ш.Е 15 жилийн хугацаатайгаар шилжүүлж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №08160-2021/001373 дугаар газар эзэмшүүлэх гэрээг /хэргийн 42-43 дугаар тал/ байгуулж, 000143493 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг /хэргийн 40 дүгээр тал/ олгожээ.
2.3. Улмаар хариуцагч нь Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр /хэргийн 12-13 дугаар тал/ нэхэмжлэгчид шилжүүлсэн 5000 м.кв газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба хариуцагчаас хүчингүй болгосон үндэслэлээ “... тухайн газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар аваагүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэж тус шүүхэд тайлбарлажээ.
2.4. Хариуцагч нь анх 1 га буюу 10.000 м.кв газрыг иргэн Т.Х олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
2.5. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсны дараа буюу 2021 оноос хойш тухайн газрыг шургаа модоор бэхэлсэн төмөр тороор хашаалах, гүний худаг гаргах, нүх ухах, мод тарих зэрэг ажлыг 2 жилийн хугацаанд хийж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь, мөн 2022 оноос 2025 он хүртэл газрын төлбөрөө төлж байсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Т.Хайдарын мэдүүлэг /хэргийн 87-88 дугаар тал/, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №08328-2021/00007 дугаартай акт /хэргийн 46 дугаар тал/, нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хоорондын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 99-100 дугаар тал/, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг /хэргийн 76-83 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.
2.6. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоох, чиглэгдсэн этгээдэд мэдэгдэх, түүнийг сонсох, тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийгээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
3.2. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газрын төлбөрөө жил бүр төлж байсан, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд ойжуулах зориулалтаар эзэмшсэн газраа хашаалсан, худаг гаргасан, нүх ухаж, мод тарьсан зэргээр ойжуулах зорилгод хамаарах тодорхой үйл ажиллагаа хийсэн нөхцөл байдал тогтоогдсон.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5-т ”зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.
3.4. Хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгохгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
3.5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.
3.6. Энэ хэргийн тохиолдолд, маргаан бүхий газрыг анх 2015 онд иргэн Т.Хайдарт эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа захиргааны байгууллага өөрөө тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгоогүй, түүнчлэн, 2021 онд уг газрын 5000 м.кв газрын эрхийг Т.Х нэхэмжлэгчид шилжүүлэх явцад уг асуудлыг хөндөөгүй, мэдэгдээгүй атал нэхэмжлэгч нь тухайн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө, зардал, хүч хөдөлмөр зарцуулж, зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа явуулсны дараа “... тухайн газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахдаа дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар аваагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг зөв гэж үзэх боломжгүй байна.
3.7. Иймээс дээрх үндэслэлүүдээр Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ш.Е холбогдох хэсэг нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын Ш.Е холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
й
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША