Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01066

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01066

 

 

 

А.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00807 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Цгийн хариуцагч М.О.Х.Н.Н.У.Т.Зд холбогдуулан гаргасан УТЗ-ын даргын 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг М.О.Х.Н.Н.У.Т.Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байхад даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б-1-283 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/XT2019/00937 тогтоолоор намайг М.О.Х.Н.Н.У.Т.Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7 278 414 төгрөгийг олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих журмаар бичилт хийх тухай шүүхийн шийдвэр гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 10 минутад тус байгууллагын Хүний нөөцийн албанаас таныг ажилд авсан тушаал гарсан тул ирж ав гэж хэлсэн. Ингээд тухайн өдрийн 15 цагт очиж уулзахад даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаартай тушаалын хуулбарыг гардуулж өгөөд бусад бичиг баримтыг танилцуулаагүй, уг тушаал нь илт хууль бус байсан учир хүлээн зөвшөөрөхгүй талаар тушаал танилцуулах дэвтэрт бичиж үлдээсэн.

Тушаалын үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дурдаагүй, хууль хэрэглээний 9 алдаа байгаа. Ажилтныг томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасныг баримталсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг шинээр ажилд авах тухай биш, үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал байх ёстой.

М.О.Х.Н.Н.У.Т.Зын эрх зүйн баримт бичгүүд нь Олон улсын гэрээнд хамаардаг. Орон тооны бүтцийг Ерөнхий хороо баталдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт заасныг баримталж А-22 дугаар тушаал гаргасан нь хууль хэрэглээний алдаа юм. Мөн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 10.6 дах заалтыг үндэслэж, алдаа гаргасан. 2009 оны тушаал нь эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах зорилгоор 1 жилийн хугацаагаар олгосон эрх юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу намайг М.О.Х.Н.Н.У.Т.Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох ёстой байсан. Хуулийн зөвлөх болон үйл ажиллагаа хариуцсан хуульч гэдэг ойлголт нь эрх зүйн хувьд зөрүүтэй.

Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж, илт хууль бус тушаал гаргасан байх тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.О.Х.Н.Н.У.Т.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдол гаргасныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажил олгогчоос даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан А.Цг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. Түүний өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б-1-328 дугаар тушаалаар татан буугдсан. Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дугаар тушаалаар өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасантай нийцэж байна. Байгууллагын Хүний нөөцийн албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18/741 тоотоор А.Цд Вагон ашиглалтын депогийн хүний нөөцийн менежерийн ажлын байрыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Үүний дараа мөн албанаас 01 дүгээр сарын 29-ний өдөр 18/52 тоот, 02 дугаар зарын 02-ны өдрийн 18/91 тоот албан бичгээр Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст хуульчаар ажиллуулахаар томилсон, уг тушаалыг гардан авсан атлаа ажилдаа ирээгүй, цахим мэдээллийн эйбл системд ажил тасалснаар бүртгэгдэж байгаа тул холбогдох журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж, ажил таслахгүй байхыг мэдэгдсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх тушаал нь ажил олгогчийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл мөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т заасныг баримтлан М.О.Х.Н.Н.У.Т.З даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А.Цг ажилд авах тухай Б-1-58 дугаар тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.О.Х.Н.Н.У.Т.З 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан А.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч нь түүнийг Хууль зүйн албаны мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд томилсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00175 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэжээ. Дээрх шийдвэрээр А.Цгийн ажилд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврын шийдвэрлүүлэх гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл шүүхээс анхан шатны шүүхийн 00175 дугаартай шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх маргааны зүйл болох хуульч болон хуулийн зөвлөх гэсэн албан тушаал ялгаатай эсэх, хэрэв ялгаатай бол ямар ялгаатай болох талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

У.Т.З даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн байхад А-231 дугаар тушаалаар гэж буруу дүгнэлт хийсэн, мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, Монгол Улсын Дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, үүний үндсэн дээр Хууль зүйн албаны дүрэм шинэчлэгдэн батлагдсаныг ч анхаарч үзээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Ажил олгогчоос даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 хуульчийн орон тоо нэмсэн. Үүнийг үндэслэн мөн даргын 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-1-58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан А.Цг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн ажилд томилсон. Нэхэмжлэгчийн урьд өмнө нь ажиллаж байсан Хууль зүйн албаны Соён гэгээрүүлэх хэлтэс нь даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А- 378 дугаар тушаалаар татан буугдсан .

Замын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хууль зүйн албаны дүрмийг өөрчилсөн. Уг тушаалаар өмнө нь хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуульч гэж өөрчилсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дах заалт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-д заасантай нийцнэ.

А.Цг шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүйн албанд хуульчаар ажилд авсан ажил олгогчоос гаргасан тушаалд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын огноо, дугаарыг бичээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй. Манай байгууллага шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлсэн.

Харин нэхэмжлэгчийн хуулийн зөвлөх-өөр ажилд авах ёстой гэсэн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт /ҮАМАТ-08/-Д эрх зүйч /хуульч/, эрх зүйн мэргэжилтэн гэснээр үгүйсгэгддэг. Уг тушаалд ажил олгогч нь өөрийн ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдөх эрхтэйг тодорхой тусгасан байна.

Үүнээс үзэхэд хуулийн зөвлөх гэдэг нь хуульчийн буюу эрх зүйн мэргэжилтний ажил, мэргэжлийн ангилалд хамаарагдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч М.О.Х.Н.Н.У.Т.Зд холбогдуулан тус замын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг ... Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон, хариуцагч байгууллага хуульчаар ажилд авсан нь хууль зөрчсөн, шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж тайлбарлажээ. Хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ... өмнө нь ажиллаж байсан хэлтэс татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон, хуулийн зөвлөх нэршлийг хуульч гэж өөрчилсөн, хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ... гэх агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/00175 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00937 дугаар тогтоолоор А.Цг М.О.Х.Н.Н.У.Т.Зын Хууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан шийдвэрлэсэн байна.

Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоосон тул дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзнэ.

Хариуцагч М.О.Х.Н.Н.У.Т.Зын даргын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А-251 дүгээр тушаалаар тус байгууллагын Хууль албаны бүтэц, зохион байгуулалт, ажилтны тоонд өөрчлөлт оруулан, тус албыг Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэс, Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтэс, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс гэсэн 3 нэгжид хуваан, тус хэлтсийн ажилтны орон тоог баталж, тухайн албан тушаалын нэрийг хуульч гэж нэрлэжээ. /хх38-40/ Уг өөрчлөлттэй холбогдуулан тус газрын дарга 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б-I-211 дүгээр тушаал гаргаж Хууль зүйн албаны ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, тэрээр хуулийн зөвлөх албан тушаалд ажиллаж байсан ажилтнуудын албан тушаалын нэрийг хуульч болгон өөрчилсөн байна. /хх-40, 154-155/

Мөн хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-84 дүгээр тушаалаар Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст 3 орон тоо шинээр нэмж, хавсралтаар баталжээ. /хх45-46/

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан дугаар бүхий тушаалууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тус байгууллагад хуулийн зөвлөх гэх өөр орон тоо байдаг гэж үзэх боломжгүй байна.

Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн тохиолдолд адил чанарын албан тушаалаар хангах үүргийг ажил олгогч хүлээнэ.

Хариуцагч байгууллага нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-58 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Цг Хууль зүйн албаны Мэргэжлийн эрх зүйн харилцааны хэлтэст худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хуульчийн албан тушаалд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг хуульчийн албан тушаалд томилсон нь түүний өмнө нь эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажлаас өөр, үүний улмаас түүний эрх зүйн байдал дордсон, хариуцагч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитоогоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан, хэрэг авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг дээрх хуульд заасан журмын дагуу үнэлээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэгч А.Цгийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00807 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч М.О.Х.Н.Н.У.Т.Зд холбогдуулан гаргасан У.Т.З даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б-I-58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Цгийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД