Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04872

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22 197/ШШ2025/04872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** тоот хаягт оршин суух, Д.Д /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** хаягт оршин суух, Т.А /РД:**********/-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д,

Хариуцагч Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...автомашин худалдан авч 10,200,000 төгрөгийг төлсөн, маргаашаас хянахын гэрэл асах, мотор ээрэх гэх мэт доголдол үүссэн тул засварын газар үзүүлэхэд батарей нурсан, яндан байхгүй, хянах самбарын гэрэл унтраасан гэсэн тул худалдагч Т.Ад утсаар хэлсэн...эдгээрийг засварлаж өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, автомашиныг авчирсан одоо ч хүлээн авч болно гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...өөрөө автомашиныг үзээд шалгаж хүлээн авсан...энэ хугацаанд эзэмшиж, ашиглаж замын хөдөлгөөнд оролцож торгуулийн хуудас манай хаягаар ирсэн байдаг...нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талууд 2024.12.27-ны өдөр ********** улсын дугаартай, тоёото приус маркын тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах хэлцэл амаар байгуулж, худалдан авагч Д.Д гэрээний үнэ болох 10,200,000 төгрөгийг худалдагч Т.Ад дансаар шилжүүлэн, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авснаар тухайн хэлцэл хүчин төгөлдөр болсон байна.

4. Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Дээрх гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүрэгтэй байна. Мөн эд хөрөнгийн чанарын талаар гэрээгээр тохироогүй бол эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах боломжтой байх шаардлагыг хангасан байхыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заажээ.

Харин худалдан авагч нь гэрээний зүйл болох ********** улсын дугаартай, тоёото приус маркын тээврийн хэрэгсэл маргааш өдрөөс эхлэн мотор ээрэх, яндан байгаагүй, батарей нурсан, хянах самбарын гэрэл унтраасан болохыг мэдэж, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн байна.

Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй боловч хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байх тул талуудын гэрээг цуцалж, хариуцагчаас 10,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, тээврийн хэрэгслийг хариуцагчид тус тус олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Т.Ааас эд хөрөнгийн үнэ 10,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд, нэхэмжлэгч Д.Даас ********** улсын дугаартай, тоёото приус маркын тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч Т.Ад тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН