| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2025/00013/И |
| Дугаар | 197/ШШ2025/04540 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/04540
2025 04 16 197/ШШ2025/04540
Нэхэмжлэгч: ********** хаягт оршин суух, Ч.Д****** /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С************ тоот хаягт оршин суух, З.Я**** /РД:*********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,405,612.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*****, өмгөөлөгч Д.Т******,
Хариуцагч З.Я****, өмгөөлөгч Н.Э******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...2023.10.04-ний өдөр 10 сая төгрөгийг 63 хоногийн хугацаатай, 6,9 хувийн хүүтэй, 7 хоногт 1,250,000 төгрөгөөр төлж 2023.12.06-ны өдөр дуусгах, тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног бүрт 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч нийт 12,564,350 төгрөг төлсөн, үүнээс гэрээний хугацааны төлбөрт 2,699,000 төгрөг, хугацаа хэтэрч 7,408,750 төгрөг, өмнөх гэрээний үүрэгт 2,456,600 төгрөг тус тус төлсөн гэж үзэж байна. Хугацаа хэтэрч төлсөн төлбөрийг хүү болон алдангид тооцсон, үндсэн зээлийн үлдэгдэлд 5,405,612.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2 сарын хугацаатай, 10 сая төгрөгийг хүлээн авсан, 2023.10.09-өөс 2024.11.14 хүртэл нийт 12,564,350 төгрөг төлсөн, зээлийг бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Талуудын хооронд 2023.10.04-ний өдөр итгэлцлийн зээлийн гэрээ нэртэй 23/093 тоот гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 63 хоногийн хугацаатай, 7 хоногт 1,250,000 төгрөгөөр төлж, төлбөрийг 2023.12.06-ны өдөр зээл, хүүгийн хамт нийт 11,449,000 төгрөгийг төлөхөөр, тохиролцсон хугацаанд төлөхгүй бол хоног бүрд 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү нэмж авахаар тохиролцжээ.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.
3.2. Зээлдүүлэгч Ч.Д******** гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг зээлдэгч З.Я****гийн дансанд шилжүүлснээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан мөн уг гэрээгээр хүү тогтоосон тул зээлдэгч хүү шаардах эрхтэй байна.
Харин уг гэрээнд хүү 6,9 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж шүүх үзээд зээлийн хүүгийн хэмжээг 4,5 хувь болгох нь зүйтэй байна.
Хариуцагч 2023.10.09-нөөс 2024.11.14 хүртэл хугацаанд нийт 12,564,350 төгрөг төлсөн байх ба үүнээс гэрээний хугацааны хүү нэг сарын 4,5 гэж тооцвол 2023.10.04-нөөс 2023.12.06 хүртэл 900,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Мөн гэрээний хугацаа 2023.12.06-нд дууссан бөгөөд талууд тухайн хугацааг сунгаагүй тул үргэлжлүүлэн хүү шаардах эрхгүй байна.
3.3. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар хариуцагчийн 2023.12.23-наас хойш төлсөн 7,408,750 төгрөгийг үндсэн зээлд тооцох нь зүйтэй.
Тодруулбал хариуцагчийн 2023.10.09-2023.10.27 хүртэл төлсөн 3,795,600 төгрөг нь гэрээний хугацааны хүү 900,000 төгрөг, үндсэн зээлд 2,895,600 төгрөгт төлөгдсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2023.12.23-2024.11.14 хүртэл төлсөн 7,408,750 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход зээлийн гэрээний үүрэгт нийт 10,304,350 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.
3.4. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын гэрээнд тохиролцсон хугацаанд төлөхгүй бол хоног бүрд 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү нэмж авнагэж заасныг алданги гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.
Хариуцагчийн 2023.10.09-ний 548,300 төгрөг, 2023.10.15-ны 548,300 төгрөг, 2023.12.23-ны 1,360,000 төгрөг, нийт 2,456,600 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч эдгээр төлбөр төлсөн огноо нь энэхүү гэрээний хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
4. Иймд дээрх үндэслэлээр зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч гэрээний хугацаанд хүүгийн хамт заримыг төлсөн, гэрээний хугацааг сунгаагүй тул хугацаа хэтэрч төлсөн төлбөрийг үндсэн үүрэгт тооцсон, алдангийн талаар тохиролцоогүй гэж үзээд хариуцагч 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12,564,350 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч З.Я****гаас зээлийн гэрээний үүрэгт 5,405,612.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 175,606 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН