Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04541

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16 197/ШШ2025/04541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************од оршин суух, О.Б******* /РД:********* /-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 10,770, төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож, 8,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М********, өмгөөлөгч Б.З**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****, гэрч Ц**********.Т*, нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...экскаваторыг 1 өдрийн 550,000 төгрөг нийт 49,500,000 төгрөгөөр, 90 хоногийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, төлбөрт 20,000,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторыг өгөх, 5 сарын төлбөрөөс 5 сая төгрөг, 6 сарын төлбөрөөс 6 сая, 7 сарын төлбөрөөс 6 сая төгрөг, 8 сарын төлбөрөөс 3 сая төгрөг суутгахаар тохиролцсон...хариуцагчид 10 сая төгрөг, 20 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө буюу нийт 30 сая төгрөг төлсөн...гэтэл 36 хоног ажиллаад экскаватор авч явсан, хоногоор тооцвол 19,800,000 төгрөг болж байна. иймд төлбөрт төлсөн 30 сая төгрөгөөс 19,800,000 төгрөгийг хасаад 10,200,000 төгрөгийг мөн жолоочийн хоолны төлбөрт 570,000 төгрөг, нийт 10,770,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...гэрээнд заасан ажил дууссан тул экскаваторыг авч явсан, түрээсийн төлбөрт өгсөн экскаваторыг хэт өндрөөр үнэлсэн байсан, түрээсийн төлбөрөөс 5,6 сарыг хасаж тооцох хэрэгтэй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд 2024.04.29-ний өдөр 06 тоот гэрээ байгуулж, 2024.04.29-2024.08.10 хүртэл хугацаанд түрээслүүлэгч буюу хариуцагч О.Б*******ий эзэмшлийн 55 экскаваторыг түрээслэгч буюу М******* ХХК нь Био шувуун шугамын угсралтын ажлын зориулалтаар түрээслэх, түрээсийн төлбөрийг нэг өдрийн 550,000 төгрөгөөр буюу нийт 49,500,000 төгрөгөөр, 90 хоногийн хугацаатай гэж, уг төлбөрт 20,000,000 төгрөгийн үнэ бүхий экскаваторыг өгөх, 5 сарын төлбөрөөс 5 сая төгрөг, 6 сарын төлбөрөөс 6 сая, 7 сарын төлбөрөөс 6 сая төгрөг, 8 сарын төлбөрөөс 3 сая төгрөг суутгах гэж тус тус тохиролцсон байна.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Түрээсийн төлбөрт 10 сая төгрөг, 20 сая төгрөгт 55 экскаваторыг төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч дээрх төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

Түрээсийн гэрээний үргэлжлэх хугацааг тохиролцсон хэдий ч гэрээнд заасан ажил дууссан үндэслэлээр 2024.06.11-ний өдөр хариуцагч 55 экскаваторыг буцаан авснаар уг гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний төлбөрт 30 сая төгрөг төлснөөс 36 хоногийн түрээс 550,000 х 36 хоногийн төлбөр 19,800,000 төгрөг, 5 дугаар сарын төлбөр 5,000,000 төгрөг, 06 дугаар сарын 11 хүртэл ажлын 5 хоногийн төлбөр 1,285,714 төгрөг, нийт 26,085,714 төгрөгийг хасахад 3,914,286 төгрөгийг мөн жолоочийн хоолны төлбөрт төлсөн 570,000 төгрөгийг нэмээд 4,484,286 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 6,282,714 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр болохыг нэгэнт дүгнэсэн тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Талууд гэрээний зүйл болох 55 экскаваторын нэг өдрийн төлбөрийн хэмжээ болон төлбөрийг мөнгө болон өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож, талууд хүлээн авсан, гэрээ хэрэгжиж дуусгавар болсон байна. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, төлбөр нэхэмжилсэн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч О.Б*******ээс гэрээний үүрэгт 4,487,286 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаадлагаас 6,282,714 төгрөг болон гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож, 8,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Б*******ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 187,270 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 217,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 86,747 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН