| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0056/э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 62
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н ургийн овогтой С-ийн А-т холбогдох эрүүгийн 1835000650070 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 10-22 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ88091430, Н ургийн овогтой С-ийн А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.А нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 10-22 тоотод насанд хүрээгүй хохирогч С.Т-тай маргалдан, улмаар түүний биед заазуураар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 10-22 тоотод насанд хүрээгүй хохирогч С.Т-тай маргалдах явцдаа түүний биеийн хэсэгт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газраас ногоон иштэй заазуур 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, насанд хүрээгүй
хохирогч С.Т-гийн: “ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим гэртээ байж байтал миний төрсөн ах А халамцуу согтуу орж ирээд манай гэрийн түлшинд бэлдсэн модноос авах гэсэн. Тухайн үед манай түлээний бургас мод бүдүүн том байсан учраас А ах түлээний модыг заазуураар нарийлаад байж байсан. Тэгэхэд нь би ах А ахад хандан “Та өөрөө ахиухан мод хагалаад авчихгүй юу” гэж хэлэхэд А ах надад “Чи нялх хүүхэдтэй эгчдээ тус болоод мод хагалаад өгчих тийм хэцүү байна уу” гэж асуухад нь би “Хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд А ах намайг “Гөлөг минь ална шүү” гэж хэлээд намайг айлгах гээд манай гэрийн ногоон иштэй заазуур бариад над руу дайрсан. Тэр үед нь би өөрийгөө хамгаалаад А ахыг барьж аваад дарж унагаагаад ноцолдож байх зуур миний бие, гарны хэсэг заазууранд зүсэгдсэн байсан. А ах намайг айлгах гээд заазуурыг гартаа бариад дээш, доош, ташуу хөдөлгөөд над уруу дайраад байсан. Тэгэхээр нь би зайнаас 1 удаа өшиглөөд , нүүрний хэсэгт нь гараараа нэг удаа цохиод дээрээс нь дарж унагаасан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор гар болон бие зүсэгдсэнийг мэдээгүй. Ноцолдож байгаад заазуурыг нь салгасан. Тухайн үед би сандарсан байсан болохоор аль гараараа яаж салгаснаа санахгүй байна. Тэр үед миний гарын сарвуу хэсгээс цус гарч байсан. Тэр үед манай ээж К заазуурыг аваад том өрөө лүү оруулж холдуулсан байсан. А ах бид хоёр 5 минут орчим барьцалдаж ноцолдсон. Миний гарнаас цус гарч байгааг ээж хараад сандарч, бид 2-ыг салгаад А ахыг гал зуухны өрөө лүү орсон. Би уурандаа байрныхаа бие засах өрөө рүү орж шил цохьсон юм. Удалгүй би бие засах өрөөнөөс гарч ирээд А ахаас “Маргалдсанд уучлаарай” гэж хэлээд уучлалт гуйсан. Манай гэрийн гал зуухны өрөөнд байсан цайвар бор өнгийн мебель ширээний тушаа хэсгийг хугалсан байсан. Би асуудлыг хурдан намжаахын тулд ахаас уучлалт гуйсан юм. Намайг А ахаас уучлал гуйгаад зогсож байхад манай хүргэн ах Ц гаднаас орж ирсэн. Тухайн үед миний гарнаас нэг их цус гараагүй бөгөөд гал зуухны өрөөнд бага зэргийн цус дуссан, мөн коридорт бага зэргийн цус дуссан байсан. Тэгээд манай хүргэн ах Ц, манай ээж К хоёр намайг нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103 дээр дагуулж очиход эмэгтэй эмч байсан. Миний баруун гарт “13 оёдол тавьлаа” гэж эмч хэлсэн. Манай ах А бид хоёр хааяа нэг маргалдаж байсан боловч сүртэй зодоон цохион болж байгаагүй. Тухайн үед А ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой байсан. Одоо миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Ах А-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учраа ололцож, уучлалт гуйсан, эвлэрсэн . Дахиж цаашид ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх- ийн 19-20, 22/,
гэрч А.К-гийн “Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ өөрийн төрсөн хүү Т-гийн хамт байтал ойролцоогоор 16-17 цагийн хооронд манай гэрт төрсөн хүү А гаднаас орж ирээд гал тогооны хэсэгт гал түлэх зориулалт бүхий савнаас гал түлэхээр бэлдсэн жижиглэсэн мод авсан. Т нь ширээн дээр комьпютерээр интернэт орж байсан. Тэгтэл А Т-д хандаж “Эгч чинь нялх хүүхэдтэй хэцүү байхад мод хагалаад өгчихгүй юу, би завгүй байна” гэхэд Т “Өөрөө хагалаад авахгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл А “Юу гэнээ чи” гэхэд Т “Зүгээр байгаарай” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн үед гал тогооны хэсэгт сандал дээр сууж байсан. А дүү Т-гаа айлгах гээд заазуур аваад дээш, доош, ташуу хөдөлгөж байсан. Тэр үед Т нь А-ыг барьж аваад доороо оруулаад дарсан. Энэ үед Т-гийн гарнаас цус гарахаар нь “Юу болов” гээд салцгаасан. Тухайн үед би салгах гэж оролдсон боловч чадаагүй. Т нь төрсөн ах А-аас уучлалт гуйсан. Тухайн үед манай хүргэн Ц, манай төрсөн охин П нар гаднаас орж ирсэн. Би А-ыг хаанаас заазуур авсныг хараагүй. А нь урьд өмнө нь өөрийн төрсөн дүү Т-г зодож байгаагүй. А нь Т-гийн баруун гарын хэсэгт болгоомжгүйгээр зүссэн байсан. Мөн Т-гийн цээжний хэсэгт зүсэгдсэн байсан. Т А-ын дээр нь гараад суучихсан А-тай ноцолдож байсан бөгөөд Т-г цохьсон, зодсон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
гэрч Д.Ц-гийн “Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 17 цаг өнгөрч байхад Улаангом сумын 11-р багийн 10-22 тоот хашаанд байрлах хадам ээж К-гийн гэрт ороход Т, А нар нэгнээсээ уучлалт гуйж байсан. Т-гийн гарнаас цус гарч байхаар нь би болсон үйл явдлын талаар асуухгүйгээр Т, хадам ээж К нарын хамтаар эмнэлэг рүү явсан. Намайг ороход А-ын эхнэр Г нь А-ыг аваад гарсан. Намайг хадам ээжийн гэрт ороход Т нүцгэн байсан. Би түүний гарын хэсгээс цус гарч байсныг анзаарч харсан бөгөөд бусад зүйлийг нь сайн анзаарч хараагүй. А, Т нар өмнө нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
гэрч С.П-ын “Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн орчим гаднаас нэг эмэгтэй 18 орчим насны хүүхэд дагуулчихсан орж ирж үзүүлсэн. Тэгээд үзлэг хийхэд уг хүүхдийн баруун гарт нь зүсэгдсэн, сарвууны хэсэг, зүүн гарын шуу хэсэгт 2 удаа зүсэгдсэн байсан. Тэгээд 103-д тухайн өдөр ээлжтэй байсан эмч Н оёдол тавьсан. Тэр хүүхдийн ээж нь гэх эмэгтэй “Цагдаад мэдэгдэж хэрэггүй” гэж хэлж байсан. Тэр хүүхэд эхлээд “Санамсаргүй ийм зүйл болсон” гэж хэлж байснаа дараа нь “Хүн ийм болгосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмч Н “Цагдаад мэдэгд” гэж хэлэхээр нь би цагдаагийн газрын 7045102 дугаарт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
гэрч Б.Н-ийн “Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөө 08 цагаас нэгдсэн эмнэлгийн мэс засал, сэхээн, гэмтэл гэх гурван тасаг хариуцаж жижүүр эмчээр томилогдон үүрэг гүйцэтгэсэн. Энэ өдөр 18 цагийн үед нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч П надад “Гараа хутганд зүсүүлсэн хүүхэд ирсэн байна” гэж хэлсэн. Дуудлагын дагуу очиход баруун гар нь сарвууны ар хэсэгт зүсэгдэж урагдаж, салбаалсан шархтай 18 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Би хамт ирсэн ээж нь гэх эмэгтэйгээс болсон асуудлын талаар асуухад “Санамсаргүй байдлаас ийм зүйл болсон” гэж хэлсэн. Тэгээд би уг хүүхдийн биеийг нь үзэхэд баруун гарт нь болон цээжний зүрхэн тус газарт иртэй зүйлээр зүсэгдсэн гэж үзэхээр шарх байсан. Уг хүүхдийн ээж нь тухайн үед хутгаар зүсэгдсэн гэж хэлж байсан. Санамсаргүй зүсэгдсэн гэхээр нь “Маш олон удаа санамсаргүй зүсэгдэнэ гэж байхгүй. Цагдаад мэдэгд” гэж тухайн үед ээлжтэй байсан сувилагч П-д хэлээд цагдаа дуудуулсан. Тэр өдөр ирсэн Т гэх хүүхдийн баруун гарын сарвууны ар талд, толгой орчимд нийт 13 орчим оёдол тавигдсан. Тэр хүүхдийн ээж нь гэх эмэгтэй намайг цагдаад мэдэгдэх гэтэл “Цагдаад мэдэгдээд хэрэггүй, хүүхдүүд хоорондоо тоглож байгаад ийм зүйл болсон” гэж хэлсэн. Тэр хүүхдийн шархыг цэвэрлээд оёдол тавихад ойролцоогоор 20 минут орчим болсон. Т гэх хүүхэд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин надаас “Энэ шарх хир зэрэг удаан эдгэх бол” гэж асуухаар нь би “Хутганы шарх бохирдож болно. Чи нэгдсэн эмнэлгийн амбулаторийн боолтын өрөөнд боолтоо хийлгэ” гэж эмч хүний хувьд зөвлөгөө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлд “ С-ийн Т / нас 18/, гар зүсэгдсэн, оёдол, боолт хийв” гэж бичигдсэн /хх-ийн 32/,
шүүгдэгч С.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие дүү Т-гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Манайх 6 сартай нялх хүүхэдтэй. Тухайн өдөр гэртээ ирэхэд манай гэр хүйтэн байсан болохоор дүүгээ “Мод хагалаад гал түлчихгүй яасан юм” гээд ууралсандаа ийм хэрэг хийсэн. Өөрийгөө өмгөөлж хэлэх тайлбар байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө зан байдал, харилцаанд анхаарах ёстой гэдгийг ойлголоо. Би илүү хүнд хэрэгт холбогдож болох байлаа. Тиймээс дахин хэзээ ч ийм зан байдал гаргахгүй” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №152 дугаартай: “Үзүүлэгч С.Т-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун гарын шууны хэсэгт 1.5 см, 2 см, 2.5 см, сарвууны хэсэгт 5 см, 3 см хэмжээтэй зүсэгдсэн шарханд оёдол тавигдсан, өвчүүний хэсэгт 5 см, зүүн хацарт 6x1, хүзүүний зүүн талд 5 см урагдалт, зулгаралт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Иргэн С.Т-гийн биед урьд нь бэртэл гэмтэл байхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч С.Т нь 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн бөгөөд энэ гэмт хэрэгт өртөх үедээ 17 нас 8 сар 3 хоногтой буюу арван Н насанд хүрээгүй байсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.1-д “...арван Н насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрүүлсэн эх А.К-г тогтоох үндэслэлтэй боловч хохирогч, шүүгдэгч нар төрсөн ах дүүс тул ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2-д “ , эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуулал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Л.Ш-ыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулинд нийцсэн байна.
Шүүгдэгч С.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Т-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А-ын зан байдлын талаар гэрч М.У-ийн “Би С.А-ыг 2010 оноос хойш танина. Бид хоёр дотны найзууд бөгөөд А нь ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу, өрөвч зантай, нийгэмд эзэлсэн байр суурьтай, эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, маш даруухан, шулуун шударга зантай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
гэрч Э.Д-гийн “А бид хоёр 10-н жилийн сургуульд нэг ангид сурдаг байсан юм, түүнээс хойш өнөөг хүртэл А-тай найзалж, нөхөрлөж байгаа. Бид хоёр бас нэг хороололд ойрхон тоглож өссөн хүүхдүүд юм. А нь найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийтэч зантай, хүнд тусархаг, найз нөхөдтэйгээ эелдэг зөөлөн харьцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, их даруухан зантай, нийгмийн идэвхитэй, олон нийтийн арга хэмжээнд манлайлан оролцдог хүн юм” гэх мэдүүлэг /хх-36-р х/ зэрэг хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.
Шүүгдэгч С.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Т нь шүүгдэгч С.А-аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/-д “С-ийн Т би төрсөн ах С-ийн А-тай 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр маргалдаж зодуулсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Цаашид надад гомдол байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй болно” гэж бичсэн зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч С.А нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй, заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н ургийн овогтой С-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН