| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0045/З |
| Дугаар | 110/ШШ2025/0059 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2025/0059
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. С, Т.Зангар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Б.З холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна..
2. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжийн холбогдох хэсгээр б.З 13000 м.кв газрыг ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр Б.З газар эзэмшүүлсэн шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
3. Хариуцагчийн гаргасан дээрх шийдвэрийн талаар нэхэмжлэгч С.Танат нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мэдэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Миний бие С.Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг. Миний төрсөн эцэг Б:З Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар баг, “Харасай” гэх газраас 1,3 га газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байсан. Анх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан үед тухайн газарт ямар нэгэн дэд бүтэц байхгүй, цахилгаан татагдаагүй, ямар нэгэн хөрсний ус гаргах боломжгүй байсан. Мөн аймгийн төвөөс 7 км зайтай газар байсан. Аав маань 2017 оны 10 дугаар сард шургаа модоор хашаалж. хөрсний цэвэрлэгээ хийсэн боловч тухайн жилийн өвөл хашааны модон материалыг тухайн газрын ойролцоо оршин суудаг малчид хулгайлж эвдэн сүйтгэсэн.
4.2. Тухайн ойжуулах газарт цахилгаан эрчим хүчээр хангаж өгөхийг аймгийн удирдлагуудад Б.З хувьд удаа дараа тавьж байсан боловч Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн, өргөтгөлийн ажлыг хийх гэж байгаа гэх шалтгаанаар ямар нэгэн цахилгаан эрчим хүчээр хангаж өгөөгүйгээс болж худаг ажиллуулах боломжгүй болсон.
Харин түүний энэхүү ойжуулах газарт С.Т би эцэгтээ тусалж өөрийнхөө ёмкосоор ус зөөвөрлөн тарьсан ургамлуудыг усалдаг байсан. Гэвч тухайн ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн газар нь элсэрхэг газар байсан тул ус зөөж усалгаа хийхэд нэмэргүй байв. Аав маань 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд түүний эзэмшиж байгаа газрыг өв залгамжилж авах талаар Газрын албанд удаа дараа очих хөөцөлдсөн боловч өв залгамжлалын гэрчилгээ авчраарай гэж хэлсэн.
Өв залгамжлалын гэрчилгээ аваачсаны дараа “... газрын хувьд давхцал үүссэн, дахин кадастр хийх гэж байгаа” гэх шалтгаанаар намайг хүлээлгэсэн. Мөн тэр үед короновирусын үе байсан тул төрийн байгууллагууд хүн хүлээж авахгүй, цахимаар ажиллана гэх мэт шалтгаанаар би тухайн газраа өв залгамжлан авч чадаагүй, Би өөрөө тээврийн жолооч ажилтай байсан тул гадаад дотоодод ажлаар их явдаг ба Өлгийд байх хугацаандаа 2023 онд хэд хэдэн удаа газрын албанд энэхүү ажлаар очсон боловч нөгөө кадастрын давхцал гэх шалтгаанаар эцгийнхээ өв залгамжлалын газрыг нэр дээрээ шилжүүлж чадаагүй.
4.3. Эцэг маань 2020 онд нас барсан байхад түүний өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхгүйгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 24-рт байгаа Б.З холбогдох хэсгийг хүчингүй болгосон байсныг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газрын албанд очиж мэдсэн. Түүнээс өмнө нь эцгийнхээ энэхүү эзэмшил газрыг хүчингүй болгосныг мэдээгүй, өв залгамжлагч нь болох надад мэдэгдээгүй.
Удаа дараа энэхүү асуудлын араас хөөцөлдөж явдаг надад тухайн газрыг хүчингүй болгосон гэж мэдэгдэж болох байсан. Эцэг маань 2018 оноос хойш хүндээр өвчилж, 2020 онд өвчний улмаас нас барсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн эзэмшил газар дээрээ модоо тарьж ургуулж чадаагүй байсан. Мөн эцэг маань өөрийнхөө эзэмшсэн энэхүү газарт мод тарьж ургуулах буянтай ажлыг хийнэ гэж зөндөө зүтгэж аймгаас сонгогдсон УИХ-ын төлөөлөгч нарт хүртэл бичиг цаасаар хандаж “цахилгаанаар хангаж өгнө үү” гэж өргөдөл нь одоо ч шийдвэрлэгдээгүй юм.
Гэхдээ түүний өв залгамжлагч С.Т би эцгийнхээ эхлүүлсэн энэхүү үйл хэргийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн зардлаараа цахилгаан шугам татуулж, худаг гаргаж, хамгаалалтад авч, ойжуулах ажлыг хийх болно. Нас барсан хүний эзэмшиж байгаа газрыг 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нас барсан хүнийг үл хүндэтгэсэн, түүний өв залгамжлагчдын эрхийг зөрчсөн асуудал тул хууль ёсны өвлөгчийн зүгээс өвлөгдөх эрх маань зөрчигдсөн гэж үзээд шүүхэд гомдлоо гаргаж байна. Өөрөөр хэлбэл, эцгийнхээ эзэмшил газрыг өвлөн авах эрх маань энэхүү захирамжийн улмаас зөрчигдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.4. Сумын Засаг даргын газрыг хүчингүй болгосон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад хариуцагч байгууллага маань хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Ойжуулалт хийгдсэн байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж газрыг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 24-рт байгаа Б.З холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн 24 дэх хэсэгт байгаа Б.Зухайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Б.З гэдэг хүн С.Т төрсөн эцэг нь байгаа. Нэхэмжлэгчийн төрсөн эцэгт нь Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багаас 1.3 га газрыг ойжуулалт зорилгоор 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
5.2. Тухайн газартай холбоотой Б.З хувьд газар дээр тодорхой ажил хийж, ойжуулалт ажиллагаа хийсэн боловч амжилтад хүрээгүй. Дараа нь Б.З нь короновирус цар тахлын үе буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Нас барсан хүний газрыг маргаан бүхий захиргааны актын дагуу хүчингүй болгосон. Тухайн үед хэн нэгэнд нь мэдэгдээгүй, түүний хууль ёсны өв залгамжлагчид танилцуулаагүй. Нас барсан хүний газартай холбоотой ажиллагааг хийгээгүй, хүчингүй болгож байгаа асуудалд гомдолтой байна.
5.3. Б.Зухай гэдэг хүний газар эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагчаар С.Т тогтоогдсон. С.Т өв залгамжлалын гэрчилгээ олгогдсон. Гэхдээ Б.З газрыг өв залгамжлагчид эзэмшүүлэх, эсхүл өв залгамжлагчтай холбогдож газрыг ашигласан, ашиглаагүйтэй холбоотой хүчингүй болгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй учраас маргаан бүхийн актыг хүчингүй болгож өгнө үү гэж өв залгамжлагч С.Т зүгээс шүүхэд хандсан байгаа.
5.4. Шүүхээс хэргийн газрын үзлэг хийсэн. Дээрээс нь тус актыг Өлгий сумын Засаг дарга гаргахдаа нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй. Ажлын хэсэг байгуулсан боловч ажлын хэсгийн дүгнэлт нь гараагүй байхад Засаг даргаас захирамж гаргаж, газрыг хүчингүй болгосон байгаа. Үүнийг зөрчил гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
6.1. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, Б.З нь 2016 онд 13000 м.кв таримал ойн зориулалтаар газар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.
6.2. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж, сонсох ажиллагаа зохион байгуулсан бөгөөд хүү болох С.Н хамтаар эзэмшсэн газар байсан тул утас нь холбогдоогүй байсан. Багийн Засаг даргаас иргэн Б.З асуухад, тус иргэн 2020 онд нас барсан хэмээн мэдээлэл өгсөн. Талийгаачийн эзэмшлийн газрыг өвлөсөн өвлүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй юм.
6.3. Харин нэхэмжлэгчийн газарт очиж үзэхэд, ойжуулалт мод үржүүлгийн үйл ажиллагаа огт эхлүүлээгүй нүдэнд харагдаж хэмжигдэхүйц хэмжээнд нэг ширхэг мод байгаагүй байсан учраас эзэмшлийн газар хүчингүй болох үндэслэл болсон. Мөн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийг 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:09 цагт С.Т хүү С.Н утсаар мэдэгдсэн болно.
Иймд С.Т нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагаар ойжуулалт зориулалтаар газар эзэшсэн иргэд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй учраас тус захирамжийг хүчингүй болгож, хариу хүргүүлсэн. Тухайн үед өвлийн улирал байсан. 2024 оны 03 дугаар сард ажлын хэсэг байгуулагдаж, 05 дугаар сараас тухайн ажлын хэсэг газруудад явж үзсэн. Тэр үед нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт ямар нэгэн ойжуулалт хийгдээгүй байсан.
7.2. 2016 онд эзэмшсэнээс хойш 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд ямар нэгэн мод тариагүй, торон хашаатай байсан. Нүдэнд харагдахуйц мод таригдаагүй байсан учраас захирамжийг хүчингүй болгосон нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
8.1. Тухайн газарт 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ авч, гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Захирамж ч гэсэн тус өдөрт гарсан байна. Тэрнээс хойш 8 жил өнгөрсөн. Б.З 2020 онд нас барсан. Түүнээс өмнө 4 жил өнгөрсөн байна. Талийгаач Б.З нас барсны дараа нэхэмжлэгч өв залгамжлах хүсэлт гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлт гаргасан тухай баримт байхгүй.
8.2. Бидний зүгээс газар дээр нь шалгаж үзэхэд, торон хашааг харуулж байсан. Хашааг дутуу татсан, ганцхан чиргүүл байсан. Тухай газарт мод тарьж, худаг гаргасан зүйл байгаагүй. Тухайн хашаанд өөр зүйл байгаагүй. Үзлэг хийх үед блок хашаа татсан байсан. Бид очих үед ямар ч блок байгаагүй, торон хашааг дутуу татчихсан байсан. Тухайн үед газар дээр нь худаг гаргаж, хашаа татсан хүмүүст үргэлжлүүлэн мод тарихыг зөвлөсөн байх ба харин бусад ойжуулах ажиллагаа хийгээгүй хүмүүсийн эзэмшилд байгаа газрыг хүчингүй болгосон.
8.3. Нэхэмжлэгч тал мэдэхгүй гэдэг байдлаар маргаж байх шиг байна. Тухайн газрыг хүчингүй болгож байсныг мэдэж байсан. Захирамжийг хүчингүй болгосны дараа бүх ажиллагааг хийсэн дүр зураг харагдаж байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр /хэргийн 38 дугаар 38 дугаар тал/ Б.З Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 13000 м.кв газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, тухайн өдөр газар эзэмшүүлэх гэрээг /хэргийн 8 дугаар тал/ байгуулж, 000660624 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг /хэргийн 6 дугаар тал/ олгожээ.
2.2. Б.З нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан тул түүний эзэмшилд буй 13000 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түүний хүү С.Т олгосон нь, эрх бүхий этгээдийн шийдвэрээр С.Танатын нэр дээр тухайн газар шилжээгүй зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан Б.З №..... дугаар нас барсны гэрчилгээгээр /хэргийн 9 дүгээр талын арын хуудас/ болон бүртгэлийн 0160 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр /хэргийн 9 дүгээр тал/, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан “ ... эцгийнхээ өв залгамжлалын газрыг нэр дээрээ шилжүүлж чадаагүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
2.3. Хариуцагч буюу Өлгий сумын Засаг дарга нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр /хэргийн 10 дугаар тал, арын хуудас/ Б.З ойжуулах зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ “... газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тайлбарлажээ.
2.4. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, уг газар нь нэхэмжлэгчийн төрсөн дүү болох С.Н эзэмшүүлсэн 13000 м.кв газартай залгаа байршилтай байх ба нийт 25851 м.кв газрыг бүхэлд нь стандарт блокоор хашаалсан, 2 газрыг хооронд нь тусгаарлаагүй, Б.З эзэмшлийн газарт нийт 52 ширхэг мод суулгах нүх ухаж, үүний 40-д нь мод суулгасан, уг хашаанд С.Н гэх зуны байшин болон машины гарааж барьсан байдалтай байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургуудаар /хэргийн 39-49 дүгээр тал/ батлагдаж байна.
2.5. Нэхэмжлэгч тал нь анх 2017 онд тухайн газрыг шургаа модоор бэхэлсэн төмөр тороор хашаалж, мод суулгах нүх ухаж, мод суулгасан үйл баримт нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн С.М баримтаар /хэргийн 65 дугаар тал/, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хашаа татах, байшин болон гарааж барих үйл ажиллагааг хийлгэсэн нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн Б.А баримтаар /хэргийн 66 дугаар тал/ тус тус тогтоогдож байна.
2.6. Харин хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар /хэргийн 33 дугаар тал/ байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий газарт 2024 оны 05 дугаар сарын дундуур очиж үзэхэд, төмөр торон хашаа татсан, ойжуулалт хийгээгүй, хоосон газар гэж баримтжуулсан зургийг /хэргийн 22 дугаар тал / шүүхэд ирүүлжээ.
2.7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, талийгаач Б.З нь эрх бүхий этгээдээс тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа буюу 2017 онд газраа торон хашаагаар хашаалж, мод тарих нүх ухсан, эцэг нь нас барсны дараа нэхэмжлэгч С.Т нь 2024 оны 5 дугаар сараас эхлэн тодруулбал, маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд тухайн газраа стандарт блокоор хашаалж, байшин болон гарааж барьж, мод суулгасан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
3.2. Дээр дурдсанаар нэхэмжлэгч С.Т нь эцгийнхээ ойжуулах зорилгоор эзэмшилдээ авсан маргаан бүхий газрын өвлөх гэрчилгээ өөрт нь олгогдсоны дараа тухайн газарт хашаа татаж, мод суулгах нүх ухаж, улмаар 2024 оны 5-9 дүгээр сард 40 ширхэг мод тарьсан зэрэг ойжуулах зориулалтад хамаарах үйл ажиллагааг хийсэн байхад хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдийг шинжлэн судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өвлөж авсан газрын газар эзэмшүүлсэн шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
9. Иймд газар эзэмшигч нь нас барсан байхад “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмшүүлсэн шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус зөрчсөн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өвлөж авсан газрыг цаашид эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.З холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША