| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/07408/И |
| Дугаар | 197/ШШ2025/05152 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05152
2025 04 29 197/ШШ2025/05152
Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, А.Б /РД:**********/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********, Н ХХК /РД:**********/-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч жолоочийн даатгалын гэрээ байгуулж, хураамжаа төлсөн, даатгалын тохиолдол үүссэн байхад нөхөн төлбөрийг хохирогчид олгоогүй, шүүх шийдвэрээр хохирогчид хохирол төлсөн, иймд надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч гэрээ байгуулж, хураамжаа төлсний дараа тээврийн хэрэгслийг ББСБ эзэмшилд шилжүүлсэн тул нөхөн төлбөр олгоогүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч А.Б, Н ХХК-ийн хооронд 2024.05.08-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, ********** улсын дугаартай тоёото виш маркын тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөлтэй байхаар, даатгалын хураамжид 23,760 төгрөг төлж, 2025.05.08 хүртэл хугацаатай байгуулсан байна.
Иймд А.Б, Н ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, бичгээр гэрээ байгуулсан, хураамж төлсөн хүчин төгөлдөр гэрээ байна.
Дээрх гэрээ байгуулсны дараа А.Б нь Н ХХК-тай 2024.05.06-ны өдөр 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр ********** улсын дугаартай тоёото виш маркын тээврийн хэрэгслээр фидуцийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэсэн байна.
Улмаар А.Б нь 2024.08.25-ны өдөр ********** улсын дугаартай тоёото виш маркын тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо зохих дүрмийг зөрчсөнөөр бусад иргэний тээврийн хэрэгсэлд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Иргэн, А.Б нар нь Н ХХК-д нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан хэдий ч даатгагч нь ********** улсын дугаартай тоёото виш маркын тээврийн хэрэгсэл нь Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тул хүсэлт гаргах эрхгүй гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
2. Дээрх үйл баримтаас үзэхэд ********** улсын дугаартай тоёото виш маркын тээврийн хэрэгсэл нь Н ХХК-тай фидуцийн гэрээний харилцаагаар өмчлөлд бүртгэгдсэн хэдий ч нэхэмжлэгч А.Бын эзэмшил, ашиглалтад байсан бөгөөд А.Б, Н ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 11 дүгээр зүйлд зааснаар гэрээний харилцаа дуусгавар болоогүй, мөн талууд гэрээг цуцлаагүй, хариуцагч даатгалын хураамжийн зөрүү төлбөрийг буцаан төлөөгүй байдлаас үзэхэд даатгагч нь даатгалын тохиолдлын нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.
Харин тус шүүхийн шийдвэрээр хохирогч нарт зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч А.Боос гаргуулж олгосон байна. Иймд даатгагч нь нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний хугацаанд тохиолдол үүссэн, нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрээр төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлснийг буруутгах зүйлгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Н ХХК-иас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН