| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2025/00058/И |
| Дугаар | 197/ШШ2025/05154 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05154
2025 04 29 197/ШШ2025/05154
Нэхэмжлэгч: Э ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** байранд байрлах, Т ХХК /РД:**********/-д холбогдох
Гэрээний үүрэгт 4,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал хариуцагч зар сурталчилгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч тал телевизийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьцааг 2020 онд худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байна...хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд компанийн өр төлбөрийг бүрэн тусгасан, харин нэхэмжлэгчтэй холбоотой үүрэг байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Э ХК, Т ХХК-ийн хооронд 2019.02.28-ны өдөр ********** дугаартай Зар сурталчилгааны нэртэй гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл, ярилцлага, тодруулга, нэвтрүүлэг, сурвалжилга, мэндчилгээ зэргийг гүйцэтгэх, захиалагч төлбөр 9,500,000 төгрөгөөс урьдчилгаа 50 хувь 4,750,000 төгрөгийг эхэлж төлөх, үлдэх төлбөрийг тайланд үндэслэн төлөх үүрэг хүлээхээр, гэрээ нь 2019.12.31 хүртэл хугацаанд хэрэгжихээр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсгээр баталгаажуулсан байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний үнийн 50 хувь болох 4,750,000 төгрөгийг хариуцагч дансанд 2019.02.28-нд төлснөөр гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж хуульд зааснаар хариуцагч нь гэрээнд заасан дээрх нэр дурдсан ажлуудыг гүйцэтгэж, сар тутам тайлан ирүүлэх үүргээ биелүүлсэн гэх баримтыг гаргаагүй байна. Иймд татгалзлын талаарх баримт гаргах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
3. Харин талуудын зар сурталчилгааны гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч Т ХХК-ийн хувьцааг Г.А худалдан авч, гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд 2020.12.10-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд уг хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд компанийн өр төлбөрийг шилжүүлэн авах жагсаалт болон шилжүүлэн авах өр төлбөрт нэхэмжлэгч Э ХК-тай байгуулсан 2019.02.28-ны өдөр ********** дугаартай гэрээний төлбөрийн талаар тусгаагүй байна.
Иймд хариуцагч Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн хэдий ч тухайн хуулийн этгээдийн бусдын өмнө хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас гэрээний үүрэгт 4,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 90,950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 90,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН