Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01100

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01100

 

 

 

Н.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00896 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Эийн хариуцагч И.Ү.Б ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 14 456 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдоос гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би И.Ү.Б ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 38 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэг, .... дүгээр хороо, Ар гүнт дэх хувийн эзэмшлийн газарт 8x10 хэмжээтэй халуун, хүйтэн ус, бохир бүрэн шийдэгдсэн, шалны халаалттай, өвөл, зуны улиралд амьдрах боломжтой, блокон хийц бүхий хувийн сууцыг, гараашийн хамт 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн барьж дуусгахаар тохиролцсон. Гэрээ байгуулахад би хариуцагч талтай аман яриагаар макын блокоор өрж, 10-ны хөөсөөр бүрж, мөөгөн дээвэртэй байшин барьж, бусдыг нь гэрээнд заагдсаны дагуу дуусгахаар тохиролцож ажлаа эхлүүлсэн. Ажил эхлүүлснээс хойш хариуцагч талаас нэхэмжилсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 6 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Дээрх төлбөрүүдийг шилжүүлсний дараа хариуцагч талтай уулзахад хэмжээ алдчихжээ, 8x13 хэмжээтэй байшин баригдах болсон тул нэмж 1 000 000 төгрөгийн зөрүү гарсан гэхэд өгөхөөр шийдвэрлэсэн. Би 8x11 хэмжээтэй сагсны талбайг 1 940 000 төгрөгөөр нэмж хийлгүүлэхээр тохиролцож уг мөнгийг хэмжээ алдсан мөнгөтэй хамт буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 940 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 33 940 000 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл ажил гүйцэтгэгч нь ажлаа хугацаанд нь хийгээгүй, хийсэн ажил нь чанаргүйгээс гадна дутуу хийж орхин явснаас үүдэн маргаан гарч, гэрээ цуцлагдсан тул шүүхэд хандсан. Дутуу баригдсан байшингийн өртгийг тогтоолгохоор үнэлгээний компанид хандаж үнэлүүлэхэд 27 457 800 төгрөгийн зардал орсон болохыг тогтоосон. Мөн уг байшинд нэмэлтээр хийсэн ажлын гүйцэтгэлийн зардлыг тогтоолгоход 7 974 300 төгрөг болсон.

Шүүхэд баримтаар гаргаж өгсөн 18 000 000 гаруй төгрөгийн баримтууд нь ажил гүйцэтгэгчийн дутуу орхисон байшинг гүйцээн барьсан зарим зардлаас гадна дээр дурдсан буруу хийсэн ажлыг дахин хийж засан сайжруулсантай холбоотой баримтуудын зарим хэсэг юм.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн 6 482 200 төгрөг, дахин засаж сайжруулан хийж гүйцэтгэхэд гаргасан зардал 7 974 300 төгрөг, нийт 14 456 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Ү.Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны Н.Этэй уулзаж 8x10 метрийн хэмжээтэй, амины орон сууцыг гараашийн хамт тухайн үеийн зах зээлийн хамгийн доод үнээр тооцож, 36 000 000 төгрөгөөр 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Газарт нь хэмжилт хийх үед Н.Э манай байшингийн хэмжээг 8x13 хэмжээтэй болгохоор хүсэлт гаргасан. Тэрээр тамбартай болгоё гэж хэлээд өөрөө зургаа авч ирж өгсөн. Ингэснээр үнэ нэмэгдэнэ гэдгийг хэлэхэд зөвшөөрсөн. Анхны тохироогоор хавтгай дээвэртэй байсныг мөөгөн дээвэртэй болгож өөрчилсөн.

Барилга барих газар цэвдэгтэй байсан учир сууринд 10 см-ийн бүс бетон хийж, уулын чулуу түүж оруулан 30 см-ийн бетон цутгаж дүүргэлт хийсэн. Нэхэмжлэгч тал дахин нэмж бетон цутгасан гэдэг нь зөв. Энэ нь нэмэлт ажил биш, харин хийгдэх ёстой ажил юм. Мөн дээврийн банз нь хийгдэх ёстой ажил. Миний авсан байсан дээврийн төмрийг Н.Э солимоор байна гэхээр нь дахин өөр дээврийн төмөр авч өгсөн. Хуучин төмрөө аваагүй үлдсэн. Гараашийн шалны доор бохирын цооног цутгасан. Евро блокоор ханыг өрсөн ба захиалагч блокон ханыг шилэн хөвөнгөөр доторлон модоор реклэнэ гэсэн учраас дулаалгын хөөс шахаагүй байсан. Барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд мөнгө шаардлагатай байсан учир санхүүжилтээ өгөхийг хүсэхэд та нараар бариулахгүй, дахиж мөнгө өгөхгүй гэх мэтээр маргаан үүсгэж биднийг ажиллуулаагүй. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 6 хүн сар гаран ажилласан бөгөөд цалинд нийт 8 545 000 төгрөг өгсөн.

Нэхэмжлэгчээс өгсөн Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын материал болон тээврийн зардлын тооцоог буруу гаргаж, ажилчдын цалинг тооцохдоо мэргэжлийн ажилчин, туслах ажилчны цалингийн зөрүүг тооцоогүй, цалинг өдрийн 20 000 төгрөгөөр тооцож гаргасан нь учир дутагдалтай байна. Цалинд 8 000 000 төгрөг өгсөн байхад үнэлгээн дээр 4 000 000 төгрөгөөр тооцсон байна. Бүтэн барилга дуусгахад 19 куб.м хайрга орно гэж тооцсон нь үндэслэлгүй. Хайрга ачсан машины ажлын хөлсийг огт оруулалгүй тооцсон байна. Миний хийсэн ажил дээр хийгдэх ёстой ажлуудыг нэмж хийсэн байдлаа нэмэлт ажил гэж бичсэн нь үндэслэлгүй.

Цонхны амалгаан дээр гарсан 7 см-ын зөрүү нь засаж болох алдаа юм. Хана өрсөн блок нь тайрч болдоггүй, хээтэй, дотроо дулаалгатай учир өрөлтийн явцад цонхны амалгаанд зай гарсан нь үнэн. Суурийн блокийг хүчитгэхийн тулд барилгыг бүрэн буулгаж байж хийх ёстой ажил. Дээрх барилгыг буулгахгүйгээр хүчитгэх ажлыг хийх ямар ч боломжгүй. Миний материал авсан зардал 30 000 000 гаруй төгрөг болсон байхад нэхэмжлэгч ажлын зөрүү мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Ажлын хөлсөнд 33 940 000 төгрөг авсан нь үнэн. Үүний 30 255 500 төгрөг нь материал, тээврийн зардалд зарцуулагдсан. Ажилчдын цалинд 8 545 000 төгрөг төлсөн. Би өөрөөсөө 4 860 500 төгрөгийг гаргасан буюу энэ хэмжээний алдагдал хүлээсэн.

Би 1 тонн арматурыг 1 200 000 төгрөгөөр авсан. Гэтэл үнэлгээнд 200 кг арматур орсон гэж бодсон нь үнэнд нийцэхгүй байна. Газрыг нь эвдчихгүй гэсэндээ жорлонг нь гараар ухуулсан. Бид хоорондоо асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан.

30 гаран жил барилгын ажлыг хийж байгаа хүн хэмжээ алдаад 8x10 харьцаатай барилгыг 8x13 болгосон гэдэг худлаа, блокийг евро болгож өөрчлөх асуудлыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн. Захиалагчтай тохирохгүйгээр байшингийн хэмжээг томсгох, блокийг дур мэдэн сонгох эрх гүйцэтгэгчид байхгүй. Эндээс үзэхэд 7 974 294 төгрөгийг дахин засварлах ажил хийсэн гэсний 3 973 675 төгрөгийн зардал зайлшгүй хийгдэх ёстой ажил ба авчихсан байсан дээврийн төмрийн үнийг оруулан /цалинг тооцохгүйгээр/ тооцож гаргасан байна.

Манай компанийн зүгээс Н.Этэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа амины орон сууцны 1 м.кв-ийг нь 450 000 төгрөгөөр тооцож, 80 м.кв байшинг 36 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Ажил эхлэх үед байшингийн хэмжээ 104 м.кв болж томорсон. Энэ хэмжээгээр зардал өсөх нь ойлгомжтой. Гэтэл захиалагчаас мөнгөө нэмж өгөхгүй гэснээс болж ажил зогссон. Бидэнд ажлаа дуусгах боломж байсан боловч материалгүй болсон учраас аргагүй зогссон. Энэхүү ажлаас манай компани 4 860 500 төгрөгийн алдагдал хүлээсэн учир шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч И.Ү.Б ХХК-аас 5 440 359 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 016 141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт зардал буюу материалын үнэ болон ажлын зардал 27 457 800 төгрөг болсон нь Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Нийт гарсан зардал 27 457 800 төгрөг болохыг тогтоосон байхад байшингийн хэмжээг захиалагч өөрөө томсгосон байна гэх үндэслэлээр барилгад зарцуулагдаагүй үлдсэн буюу илүү төлөлтийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Анх тохирсон 8х10 хэмжээтэй байшинд зарцуулагдсан зардлыг тооцож илүү гарсан зардлыг шаардаагүй, захиалагчийн хүсэлтээр томсгосон 8х13 хэмжээтэй баригдсан барилгад үнэлгээ гаргасан. Байшинг томруулж барьсан ч гэрээнээс татгалзсантай холбогдуулан зарцуулагдаагүй үлдсэн төлбөр байгаа бол тэрхүү төлбөрийг буцаан шаардах эрх нь захиалагчид бий. Гэрээ цуцлагдах болсон шалтгаан нь ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс үүдэлтэй бөгөөд ажил гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн шалтгаанаа захиалсан блок нийлүүлэгдээгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээ цуцлагдсантай холбогдуулан зарцуулагдаагүй төлбөр болох 6 482 200 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн шүүх ажлын доголдолтой холбоотой гарсан зардлаас 2 533 935 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, дутуу барьсан байшинг цааш үргэлжлүүлэн барьж ашиглах боломжгүй байсан тул дахин засч янзалсан болох нь харьцуулсан гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд тэрхүү доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал 7 974 294 төгрөг болсон нь Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна. Хариуцагч хэргийг дахин хэлэлцэх хугацаанд өөрийн татгалзлаа нотлох ямар ч баримт гарган өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Ү.Б ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс "Тод үнэлгээ" ХХК-ний гаргасан үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээгээр хийж чадаагүй барилгын мэргэжлийн хувьд мэдлэг, туршлага хангалтгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй. Уг дүгнэлтэд А.дээврийн модон буюу банзан хучилт сольсон, дээврийн хаялга уртасгасан гэх боловч дээврийн хаялгыг уртасгахын тулд А нурууг бүрэн солих ёстой. Дээврийн модыг сольсон нь хэрэгт авагдсан зурагнаас харагдахгүй байгаа. Манай хийсэн дээврийн А нуруу хэвээрээ байна. Нэхэмжлэгч харин мөөгөн дээвэр арай өндөр байна намсгаж болох уу гэж асууж байсан.

В.Урд ба баруун 2 цонхыг ялуугүй хийсний улмаас өрлөг суулт өгч, цонхон дээр дарсан ялуутай болгож цонхны хэмжээг жижгэрүүлэн сольж шинэчилсэн гэх ямар ч цонхыг ялуугүй хийх боломжгүй. Ялуу тавьж байж цонхны дээд хэсгийн өрлөг гүйцэд өрөгдөж дээвэр хийгдэнэ. Цонхоо жижгэрүүлсэн нь захиалагчийн өөрийнх нь сонголт байсан.

Г.Ханын өрлөг хоорондын зай ихтэй, сийгэлт үүссэн учир зайг хөөсөнцрөөр шүршиж дулаалсан гэх. Барилгын өрлөг хана дүүргэлт ямар материалаар хийгдэж байгаагаасаа шалтгаалан дулаалга өөр өөрөөр хийгддэг. Жишээлбэл тоосгоор өрвөл шавраараа хоорондын зайг дүүргэж гадна дотроос нь шавардаж дулаалдаг бол блокийн хоорондын зайг шахдаг хөөсөөр дүүргэж бариулдаг, энэ нь технологийн дагуу хийгдэх ёстой ажил юм.

Д.Таазны хучилтын хар фанерыг хуулж банзаар хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Хар фанерыг дээврийн ажлыг хийхийн тулд, А нурууг зангидахын тулд дэвсэж дээр нь гарч ажлаа хийж гүйцэтгэж байсан. Дээврийн хучилтын З метр.куб гурвын банзыг нь аваад тавьчихсан байсан баримт нь хэрэгт бий. Хар фанераар дээвэр хучдаггүй.

Е.Ханын буюу дотор тасалгаа хоорондын ханын каркас модыг 5x5 прусс модоор хийсэн байсан ба ганхаад өнгөлгөө хийгдэх боломжгүй салж унаад байсныг 4x15 прусс болгож өөрчилсөн гэх. Тасалгаа хоорондын ханыг 5x7 пруссээр рам зангидсан байсан . Үүнийхээ 2 талаас фанераар хааж хөөсөнцөр хийснээр өрөө тусгаарлах хана хөдөлгөөнгүй бат бөх болж дуу тусгаарладаг. Бид рамаа зангидсан харин фанер, хөөсөнцрөөр хийгдээгүй байсан. 4x15 прусс гэж байдаггүй, энэ нь банз юм. Дан 4-ын банзаар тусгаарлах хана хийдэггүй тийм технологи, практик гэж байдаггүй. Учир нь ингэж хийх боломж байхгүй.

Дээрхи ажлуудаас А,В-д заагдсан ажил нь хийгдэх боломжгүй буюу хийгдээгүй ажил, Г.Д-д заасан ажил нь зайлшгүй хийгдэх ёстой ажлууд байсан, Е-д заасан доголдол нь ойлгомжгүй байх тул үүнийг хариуцагч талын ажлын доголдлоос үүссэн нэмэгдэл ажил гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь И.Ү.Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх цуцлагдсантай холбогдуулан ажил гүйцэтгэлийн зардлыг суутган тооцсон зөрүү 6 482 200 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан зардал 7 974 300 төгрөг, нийт 14 456 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэгч байшингийн хэмжээ, дээврийн загвар зэргийг өөрчилсөн, санхүүжилтээ өгөхийг хүсэхэд бид нараар ажил гүйцэтгүүлэхгүй гээд ажил хийлгээгүй, ... дутуу, зайлшгүй хийгдэх ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлчихээд зардал гаргасан гэж байна, ... нэхэмжлэгчийн захиалгаар үнэлгээ хийсэн газар нь гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, ажлын хөлсийг тооцохдоо алдаа гаргасан ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна. /1хх-1-2,143-144/

Үүнээс үзвэл гүйцэтгэсэн ажлын хэмжээ, өөр этгээдээр ажлын доголдол арилгуулсан, түүний зардал, мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээний дүгнэлт үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Уг хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1468 дугаартай магадлалд дээрх маргаж буй асуудалтай холбоотой үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардагдах эсэх, шаардагдсан тохиолдолд холбогдох ажиллагааг хийснээр эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой талаар дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Дээрх магадлалд дурдсан зөрчил арилаагүй байхад анхан шатны шүүх нэг талын гаргаж өгсөн баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

Талууд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардал, ажлын үнэлгээний талаар маргаж байгаа тохиолдолд уг асуудлаар тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах хүсэлт байгаа эсэх, мөн хэрэгт байгаа баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой эсэхийг хэргийн оролцогчдоос тодруулж, холбогдох ажиллагааг явуулах нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Эээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159 210 төгрөг, хариуцагч И.Ү.Б ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД