Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 63

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Х.Энхтуул,

            Хохирогч: Н.Б,

       Шүүгдэгч: У.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогтой У-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1835000470068 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, талбайн даамал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 04-26 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008.07.21-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015.05.05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн, РД:ОА93042811, Ц ургийн овогтой У-ийн Ж.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Ж нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын нутаг “Бор хавцал” гэх газарт хохирогч Н.Б-ын нүүр тус газар заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан / яллах дүгнэлтэд дурдсанаар /гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч У.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч У.Ж нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын нутаг “Бор хавцал” гэх газарт хохирогч Н.Б-ын зүүн хацар, зүүн чих, эрүүний хэсэгт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

                   хохирогч Н.Б-ын: “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Тариалан сумын “Бор хавцал” нэртэй газар гар аргаар алт олборлохоор очиж, Г буюу Г гэдэг хүний багт ажиллаж эхэлсэн юм. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж байгаад орой 20 цагийн орчим буугаад Б гэдэг танил дүүгийнхээ гэрт очоод хоол идчихээд гэртээ байж байтал миний араас Б 2 дүүгээ дагуулж ирсэн бөгөөд тэр хоёр дүүг нь би танихгүй. Б ирэхдээ 1 шил 750 граммын “Тэргүүн” нэртэй архи авч ирээд манай гэрт байсан Б, Д, Г бид нар хувааж уусан. Харин Б-тай хамт ирсэн 2 залуу архи уугаагүй юм. Тэгээд архиа ууж дуусахад Б 2 дүүгээ дагуулаад явчихсан. Би гэртээ байж байгаад тамхи дуусчихсан байхаар нь тамхи авахаар гэрээс ганцаараа гараад гэр дэлгүүр лүү явж байтал гэр дэлгүүрийн ойролцоо Ж нэг танихгүй залуутай /С буюу У/ маргалдаад зогсож байхаар нь би тэр хоёрын хажууд очоод хоёуланг нь “Боль” гээд салгаад Ж-ын гэрлүү оруулсан юм. Ж, нөгөө залуу /С/ бид гурвыг гэрт ороход тэдний гэрт Б гээд залуу байсан ба Ж нөгөө өндөр шар залуутай эвлэрэхээр юм ярьж байгаад нөгөө өндөр шар залуу нь томроод байхаар нь дахин маргалдсан. Тэгээд нөгөө өндөр шар залуу /С/ гэрээс гараад зугатаахад Ж араас нь гарахаар нь би тэр хоёрын араас гарахад тэр хоёр гэрээс гараад алтны гэрүүд дунд нар зөв эргэж хөөцөлдөөд явчихсан. Тэгээд намайг хараад зогсож байтал Д-гийн /П/ гэрлүү нөгөө өндөр шар залуу орчихоор нь би нөгөө өндөр шар залуу Ж хоёрыг Д-гийн гэрлүү орлоо гэж бодоод Д-гийн гэрт оронгуут миний зүүн гар талаас нэг хүн миний зүүн шанааруу нэг удаа цохиод авах шиг болсон. Би тэр хооронд манараад хэсэг ухаан балартсан. Нэг мэдэхэд би Д-гийн гэрийн хаалга голлоод зогсож байсан бөгөөд Д-гийн гэрийн баруун гар талд Ж-тай маргалдаж байсан залууг сургуулийн насны бололтой халимаг үстэй хүүхэд хөдөлгөхгүй хориод зогсож байсан. Тэр үед Ж нь гэрийн зүүн талд буюу галын урд хэсэгт байх аяга, таваг тавьдаг урт ширээний хажууд байж байгаад газар тулаад босож ирснээ “Наадахыг чинь алаад хаячихъя” гээд надруу дөхөөд ирэхээр нь би Ж-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Ж газарт унасан. Тэгтэл тэр гэрт байсан 2 эмэгтэй намайг гаргах гээд хоёулаа хаалга руу түлхээд гаргасан юм. Би гэрээс гартал толгой эргэх шиг болоод энгэр дээр нойтон оргихоор нь нүүрнийхээ зүүн хэсэгт гараа хүргээд үзэхэд миний нэг хуруу нүүрэнд байсан шарх руу яваад орчихсон. Тэгэхэд л би нүүрэндээ зүсүүлсэн, цус гарч байгааг мэдээд цусаа хараад айсандаа орилоод “Намайг хэрччихлээ” гээд нөгөө Д-гийн гэрийн хаалгыг татахад гэрийн хаалгыг дотроос нь цоожилчихсон байсан. Тэгээд би хаалгыг нь цохиж, өшиглөөд “Намайг хэрччихлээ” гээд орилож байтал манай садангийн Г гэдэг залуу ирээд миний зүүн шанаанаас цус гарч байгааг хараад намайг гэрийн урд байх чулуун дээр суулгаад манай багийн Г түүний эхнэр хоёрыг дуудаж миний шархыг боолгоод аймгийн төврүү Г, Д хоёр Г-ийн машинаар намайг авч явсан. Тэгээд нэгдсэн эмнэлэг дээр ирж, оёдол тавиулаад маргааш нь нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтээд 7 хоног эмчлүүлээд гарсан. Намайг Д-гийн гэрлүү оронгуут миний зүүн талын шанааруу цохиод авах шиг болоод би тэр зуур ухаан балартсан учир хэн намайг ямар зүйлээр цохисныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед өөрийгөө жолоодоод явах чадвартай байсан бөгөөд 750 граммын архийг 3 хүнтэй хувааж уусан байсан. Өөр архи уугаагүй юм. Намайг гэрлүү оронгуут цохисон учир би тэр хооронд ухаан балартсан бөгөөд тэр хооронд ямар хугацаа болсныг нь мэдэхгүй. Би Д-гийн гэрт орж амжаагүй байж байгаад толгойн тус газраа цохиулсан учир тэдний гэрт хэн хэн байсныг нь мэдэхгүй байна. Намайг сүүлд ухаан ороход би газар унаж тусаагүй босоогоороо байсан бөгөөд Д-гийн гэрт Ж-тай маргалддаг залуу /С/, Ж, 10-н жилийн бололтой нэг хүүхэд, 2 эмэгтэй хүн байсныг мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

                  хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Нэгдсэн эмэнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчүүлэхдээ ор хоногийн мөнгө болох 50.800 төгрөг өөрөөсөө төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын хураамжийг 2 жилээр тооцож 132.000 төгрөг, бусдад зодуулсны улмаас “Бор хавцал”-аас 2 машинтай орж ирсний хөлсөнд нэг машинд нь 30 литр бензин, Улаангомоос манай дүү нар машинаар тоссоны зардал 20 литр, нийт 50 литр бензиний хөлс 93.000 төгрөг болсон. Эмнэлэгт хэвтэхэд ариун цэврийн хэрэгсэл, боолт хийлгэхэд хэрэглэх хэрэгсэл нийт 60.000 төгрөг гарсан. Мөн намайг орж ирснээс хойш миний ажиллаж байсан багийн хүмүүс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажиллаад хүн тус бүр 870.000 төгрөгийн ашигтай ажилласан байсан. Хэрэв би бусдад зодуулж гэмтэл аваагүй байсан бол багийнхантайгаа ажиллаад тухайн мөнгийг олох байсан. Ингээд нийт надад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн зардал гарч байгаа тул энэ мөнгийг Ж-ээс нэхэмжилж байна. Надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Надаас гарсан бодит зардал юм. Би толгой руугаа заазуураар цохиулснаас хойш миний толгой өвддөг болсон. Мөн байн байн хатгаж өвдөөд өмнөх шигээ газар шорооны ажил хийж чадахаа больсон. Иймээс хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

                  гэрч Д.П/ Д гэж дууддаг/ -ийн “....Бид нар 8-9 цагийн үед гэрт ирэхэд манай эхнэр Ц, Б, түүний эхнэр Б болон Б, Ж, С нар байсан. Тэгээд сумын төвөөс авч ирсэн 0.75 граммтай “Ерөөл” архи, 0.5 граммтай “Ерөөл” архийг тус тус задлаад Б, Б, Б, С, Э, Ба бид нар уусан. Намайг “Бор хавцал”-д очиход Б, С хоёр архи уучихсан байсан. Бид нар авч ирсэн хоёр архи уугаад дуусахад манай хүүхэд Г, эхнэр Ц хоёр “Намайг одоо унтаж амар” гэхээр би орондоо ороод унтаад өгсөн юм. Намайг унтаад сэрэхэд манай эхнэр болон хамт ажилладаг хүмүүс “Таныг унтаж байхад гэрт зодоон болоод хаалга үүд эвдчихлээ” гэж хэлсэн. Гэрт юу болсон талаар манайхан ярихдаа Ж тухайн өдөр Улаангом сум руу явах гээд манай эхнэртэй бүх тооцоогоо хийж дуусаад явах гэхэд нь манай эхнэр Ж-ийн мөнгө болох 370.000 төгрөгийг Ж-ийн явах гэж байсан машины жолоочид “Ж согтуу байна. Чи энэ мөнгийг аавд нь хүргэж өг” гээд мөнгийг нь өгсөн гэж манай эхнэр хэлсэн. Ж, С хоёр нэг нэгнийгээ өмөөрсөн юм уу би тэрийг сайн мэдэхгүй байна. Тэрнээс болоод гэрт зодоон болоход манай гэрийн хаалгыг өшиглөж “Ж, Б, хажууд нь бас нэг танихгүй залуу тэр гурав орж ирээд Б гэж залуу Ж-г цохиход Ж газар унахдаа заазуур аваад Б гэж залууг заазуураар цохисон” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,                  

                  гэрч Ж.Ц-ийн “...Тэр орой манай нөхөр П, хүү Н, хүү Г болон Б, Б, Э бид нар гэрт унтсан бөгөөд шөнө 01 цагийн орчим байх, манай хаалгыг Ж цохиод “ Хаалгаа тайлаач, намайг хүн зодох гээд хөөгөөд байна” гэж хэлсэн ба намайг босох зуур Ж хаалга цохиж байгаад гэрийн хаалганы шилийг хагалчихсан. Тэгтэл Б түрүүлж босоод хаалга тайлж өгсөн ба манай бага хүү Г гэрийн гэрэл асаасан. Ж гэрт орсны араас нь С ороод ирсэн. Тэгтэл С-гийн араас Б, Ж болон тэр хоёрын хажууд нэг танихгүй залуу орж ирээд тэд нар шууд манай гэрийн зүүн талд буюу аяга таваг тавьдаг ширээний хажууд барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөх хооронд Ж газар унах шиг болоод хамраас нь цус гарч байсан. Тэгтэл Ж босож ирээд цааш эргээд заазуур авах шиг болохоор нь би “Ж заазуур авчихлаа” гэж хашгирах хооронд Ж нөгөө заазуураараа 3 удаа далайгаад буулгах шиг болсон. Тэр хооронд Баяраа тэд нарын дундуур ороод тэд нарыг салгасан. Тэгээд Ж, Б, миний танихгүй намхан шар залуу тэд нар гараад явахаар нь би гэрийн хаалга цоожлоод авсан юм. Тэгээд Ж-ийн хамраас цус гарч байхаар нь Б “ОО” –ийн цаас аваад цусыг нь дарж зогсоогоод цустай “ ОО” -ийн цаасыг  гоожуурны дээд талд байсан хар өнгийн хогны савруу хаясан. Тэгээд бид нар сууж байтал гадна Б “Гараад ир алуурчид,та нар хүн аллаа,  та нарыг алнаа” гээд орилоод байсан бөгөөд би хаалга татаад зогсож байтал манай хаалгыг Б өшиглөөд модон самбарыг нь эвдэлчихсэн. Тэгсэн ч гэсэн би хаалгаа тайлж өгөөгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,  

                  гэрч Д.Я-гийн “Би 2018 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Тариалан сумын “Бор хавцал” гэх газарт Л гэх хүний багт шөнийн ээлжинд алтан дээр ажиллаж байсан. Би шөнийн 00 цаг 35 минутын үед хамт ажилладаг Б, Б хоёрыг “02 цагт ирж ажиллаарай” гэж хэлэх гээд явж байтал Д гэх хүний гэрийн гадна 10-аад хүмүүс байхаар нь яваад очиход тэдний гэрийн үүдэн дээр нэг залуу толгойгоо бариад сууж байсан. Тэр залуугийн хажууд хүмүүс очихгүй “Хутгалуулсан байна” гэж яриад байхаар нь би гэрэл тусгаад яваад очиход тэр залуугийн зүүн талаас нь цус гарчихсан байсан ба Гангаа гэх хүний бригадад ажилладаг Б гэх залуу байсан. Би Б-ыг таньдаг бөгөөд тэнд байсан хүмүүст “Энэ хүнд туслаач, ядаж цусыг нь тогтоож өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Б-ын хамаатны хүнтэй очиж уулзаад “Танай хамаатны Б гэх залуу Д-гийн гэрийн үүдэнд хутгалуулсан байна” гэж хэлчихээд ажил руугаа явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

                  гэрч Н.Ж-ын “2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө би “Бор хавцал”-д Өмнөговь сумын харъяат Э, С нарын хамт 2 шил “Ерөөл” нэртэй архийг Т гэх залуугийн гэрт уусан юм. Бид гурав архи ууж байхад Э, С хоёртой хамт ажилладаг Ж /Ж/ гэх залуу орж ирээд “Аймаг явах гэж байна” гээд С, Э хоёртой юм яриад бид нарын ууж байсан архинаас 2-3 хундага архи уугаад гарсан. Бид гурав 2 шил архи хувааж ууж дуусаад 00 цагийн үед Т-гийн гэрээс гараад би гэрлүүгээ ороод сууж байтал гадна хүмүүс шуугилдаад байхаар нь гарсан чинь Т-гийн гэрийн үүдэнд надтай хамт архи уусан С, алтан дээр ажилладаг  Б /Б/ гэх залуу хоёр маргалдаж байсан. Тэгээд би тэр хоёрыг хараад тамхи татаад зогсож байтал С зугатаад Д гэх айлуур орохоор нь би араас нь яваад ороход С галын дээд талд гэрийн голд, Б галын доод талд зогсож байсан ба тэдний гэрт Ж гэрийн зүүн талд зуухны ам тус зогсож байгаад цааш эргээд ширээн дээрээс хутга шиг /төмөр гялтганасан/ нэг юм аваад Б-ын толгойруу цохихоор нь Б гараараа Ж-ийн нүүрэнд нэг удаа цохиход  Ж доош суучихсан. Д-гийн гэрт байсан тэдний бригадын хүмүүс Ж-г барьж авсан, би Б-ыг барьж авахад Б-ын толгой, хацар хэсгээс цус гарч байсан. Б-ын зүүн хацар хэсэгт зүсэгдсэн байхаар нь Д-гийн гэрээс Б-ыг дагуулж гарахад энд тэндээс хүмүүс хүрээд ирэхээр нь би Б-ыг Д-гийн гэрийн үүдэнд үлдээгээд гэрлүүгээ явчихсан. Би С-гийн араас Д-гийн гэрт яваад ороход С галын дээд талд гэрийн голд, Б галын доод талд зогсож байсан. Тэр хоёр нэг нэгнийгээ барьж зодолдоогүй, хоорондоо зайтай байсан. Тухайн үед Б-ын толгой, хацар хэсгээс цус гараагүй зүгээр байсан.  Ж-ийн хоолны ширээн дээрээс авсан хутга мэт иртэй гялтганасан төмөр зүйл нь яг хутга юмуу, заазуур байсныг би сайн анзаараагүй.  Тухайн үед Ж, Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Ж нь Б-ын толгойг хутга мэт зүйлээр цохиж байхад С галын дээд талд зогсож байсан. Мөн Д-гийн бригадын хүмүүсийн зарим нь унтаж, зарим нь бид нарын хажууд зогсож байсан ба би тэр хүмүүсийг анзаарч хараагүй. Тэр үед Д-гийн гэрт тэдний бригадын хүмүүс байсан ба гаднаас Б бид хоёр л байсан. Би тэр шөнө Ж, Б нартай хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан бөгөөд болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байна. Би Б-ыг аваад Д-гийн гэрээс гарахад энд тэндээс хүмүүс ирсэн ба яг хэн хэн, ямар хүмүүс байсныг анзаарч хараагүй. Ямар ч байсан 7-8 хүн харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,                       

                   насанд хүрээгүй гэрч П.Н-ын “.....Тухайн үед гэрт аав, ээж, Б ах, эхнэр Б-ийн хамт, манай дүү Г бид нар зурагт үзэж байгаад би мотороо унтраагаад гэрт орж ирээд хэвтэж байтал гаднаас хоёр хүн орж ирээд Э ахыг унтуулаад гараад явчихсан. Тэгээд би унтаад нилээн хугацаа болсон байх, гэрийн хаалга цохих шиг болсон чинь манайхнаас нэг нь “Хэн бэ” гэхэд “Ж байна” гэж хэлсэн. Би Ж ахыг гэрт орж ирж байгаа юм байна гэж бодсон. Манайхнаас нэг нь гэрэл асаахад гэрт Ж ах, С ах хоёр орж ирсэн. Тухайн үед би орноосоо босоогүй байсан бөгөөд тэдний араас миний танихаас Ж ах болон  миний танихгүй хүмүүс хамт орж ирсэн. Тэгээд би босож хувцсаа өмсөх хооронд гэр дотор хоорондоо маргалдаад, ноцолдоод байх шиг байсан бөгөөд хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар надад харсан зүйл байхгүй. Манай гэрийн хаалганы гадна олон хүмүүс ирчихсэн байсан. Удалгүй манайхнаас нэг нь гэрт орж ирсэн хүмүүсийг гэрээс гаргаад гэрийн хаалгыг цоожилсон байсан. Тэр үед Ж ахын хамарнаас цус гарч байсан. Гэрээс гарсан хүмүүс хаалга цохиод байгаа юм уу, өөр хүмүүс цохиод байгаа юм уу мэдэхгүй “Хаалгаа тайл” гээд орилоод гэрийн хаалганы самбарыг нэг нь өшиглөж хагалаад, чулуугаар гэр цохиод байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

                  насанд хүрээгүй гэрч П.Г-ын “.....Тэгээд бид нар унтаж байтал Ж ах гэнэт хаалга цохиод “Намайг хүмүүс зодоод байна” гэж хэлэхэд Б ах хаалга онгойлоод Ж ах гэрт орж ирэхэд араас нь С/ У/  ах орж ирээд түүний араас Ж, Б /Б/, өөр бас нэг намхан бор царайтай танихгүй  ах гээд 3 хүн орж ирээд нөгөө Б гэдэг ах Ж ахад нэг зүйл хэлээд Ж ахын хамар тус газар нь гараараа нэг удаа цохиход Ж ах газар унаад хамраас нь цус гарч эхэлсэн. Тэд нар манай гэрийн зүүн талд байх аяга, таваг тавьдаг ширээний хажууд маргалдаж зодолдсон бөгөөд Ж ахыг Б ах хамарлуу нь цохиход Ж ах манай аяга, таваг тавих ширээний хажууд унасан ба Б эгч, Ж, Б нарыг дагаж ирсэн ах гурав Б ахыг салгаж байхад Ж ах манай аяга, таваг тавьдаг ширээний орчмоос заазуур аваад Б ахын нүүрэн хэсэгт 3 удаа заазуураараа цохисон. Заазуураар цохисон цохилтын нэг цохилт нь Б-гийн зүүн хацарт нь зүсээд орчихсон ба заазуураар цохисон нөгөө 2 цохилт нь хацарлуу нь алгадаж байгаа мэтээр цохигдсон юм. Тэгээд Б-г Ж хажуудаа орж ирсэн ахтай хамт аваад гарсан ба манай ээж, Б эгч хоёр тэр хооронд хаалга цоожлоод авчихсан. Тэгж байтал Б гэдэг хүн хаалганы гадна зогсоод манай хаалгыг хүчтэй цохиод Ж ахыг “Гараад ир” гээд орилоод манай хаалгыг өшиглөж байсныг нь би гэрийн цонхоор харсан юм. Намайг гэрийн цонхоор харж байхад Б-гийн зүүн хацар нь зүгдчихсэн цус гарч байсан. Тухайн үед манай ээж болон Б эгч хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Манай ээж ходоодны шархлаатай учир эм ууж байгаа. Харин манай аав, Э ах, Ж ах, С ах нар архи уучихсан согтуу байсан ба Э ах тасраад унтчихсан, аав бас унтаж байсан юм. Манай гэрт орж ирсэн Б, Ж ах хоёртой хамт явсан ах гурвуулаа согтуу байсан. Харин Б гэдэг хүн нэлээн согтуу байх шиг санагдсан. Б манай гэрт Ж ахтай маргалдаж Ж ахын хамарлуу нэг удаа цохисон нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

                  гэрч Л.У /С гэж дууддаг/-ын “... бид нар архи ууж байхад Ж гарч ороод гүйж байсан,  нэг мэдэхэд Г-ын гэрийн гадна хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь би гэрээс гарсан. Тэгээд Г-ын гэрээс гараад тоглоомын гэр тал руу эргэхэд Ж, Ж хоёр маргалдаж байхаар нь би очоод тэр хоёрыг “Маргалдахаа боль” гэж хэлээд зогсож байтал Ж алга болчихсон. Хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгж байтал Ж надруу дайраад эхэлэхээр нь би чимээгүй зогсож байтал түнээлийн гэрэл тусгасан бөөн залуучууд ирж явах шиг болохоор нь би шууд зугатаахад миний араас тэдгээр залуучууд болон Ж хөөсөн. Тэгээд би арай хийж гэрээ олоод зугатаад ороход миний араас нөгөө залуучууд манай гэрт ороод ирсэн. Миний араас хөөж байсан залуучуудаас Ж-ыг л би таних бөгөөд бусдыг нь танихгүй. Намайг гэрт орж ирэхэд манай гэрт Ж, Э, Б, Б, Ц, П, Г, Н нар байсан ба эдгээр хүмүүсээс Э, П, Б нар унтаж байсан. Харин бусад хүмүүс нь бид нарыг дуу шуу болоод гэрлүү ороод ирэхэд босож байсан. Гаднаас 2-3 залуу орж ирээд Ж бид хоёрлуу дайраад гэрийн зүүн хэсэг буюу аяга, таваг тавьдаг урт ширээний хажууд тэр залуучуудыг гаргах гээд ноцолдоод байж байтал Б, Ц эгч хоёр тэр залуучуудыг “Гар” гэхэд тэдгээр залуучууд гарч өгөхгүй байсан. Тухайн үед Ж бид хоёр тэдгээр залуучуудтай барьцалдаж ноцолдсон. Гэхдээ нэг нэгээ зодсон зүйл байхгүй. Тэдгээр залуучуудыг гаргах гэж байтал Ж гэрийн зүүн талд байх аяга, таваг тавьдаг ширээний орчмоос нэг заазуур аваад нөгөө бид нартай маргалдаж ноцолдож байсан нэг залууг цохих шиг болсон. Тэр үед ямар нэгэн хүн ёолж орилоогүй учир зүгээр байна гэж бодоод нөгөө залуучуудыг гаргаад Ц эгч, Б хоёр хаалгаа цоожлоод авсан. Би нилээн согтсон, орж гараад байсан учир унтаад өгсөн. Би маргааш нь цагдаа ирэхээр л хүний толгой заазуурдсан гэдгийг мэдсэн. Ж, Ж хоёр намайг очиход маргалдаж байсан бөгөөд яг ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь би мэдэхгүй байна. Нэг нэг рүүгээ хараалын үг хэлж байсан ба намайг очиход тэр хоёр хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Миний жинхэнэ нэрийг У гэдэг. С гэдэг нэрээр найз нөхөд, садан төрлийн хүмүүс дууддаг гэрийн нэр юм. Би Б буюу Б гэдэг хүнийг танихгүй. Би Ж-г заазуур аваад нэг хүний толгой уруу цохисныг харсан. Тэр заазуураар цохиулсан хүнийг нь танихгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

                  гэрч Г.Б-ийн “....Тэгээд бид нар унтахаар хэвтэх гэж байтал гаднаас Э согтоод тасарчихсан 2 залуугаар өргүүлж орж ирээд унтаад өгсөн бөгөөд манай гэрт П ах, Ц эгч, тэр хоёрын хүү болох Н, Г болон Э, манай нөхөр Б бид нар унтсан. Тэгж байтал манай хаалгыг Ж цохихоор нөхөр босоод хаалга тайлах хооронд Ж гэрийн хаалганы цонх хагалчихсан. Тэгээд нөхөр очоод хаалга тайлтал Ж “Намайг хэсэг залуучууд зодох гээд байна” гэж хэлсэн. Тэгж байтал араас нь манай багт ажилладаг С орж ирсэн бөгөөд Сг орж ирээд удалгүй араас нь 2-3 залуу дагаж орж ирээд галын доод талд буюу аяга таваг тавих ширээний хажууд хоорондоо барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Тэгтэл манай нөхөр босож тэр хүмүүстэй зодолдох гэхээр нь нөхрөө дарж хэвтүүлчихээд би өөрөө босоод маргаж ноцолдож байсан хүмүүс дээр очиход Ж, С хоёр Ж болон хамт явсан танихгүй 2 залуутай маргалдаад ноцолдож байхаар нь очоод дундуур орж салгаж байтал Ц эгч гаднаас орж ирээд Ж болон танихгүй 2 залууг нь хөөж гаргаад хаалгаа цоожлоод авсан. Тэгтэл манай гэрт байсан Ж, С хоёр гадна хөөж гаргасан Ж болон нөгөө 2 танихгүй залуутай хаалганы наана цаанаас маргалдаж, гараад зодолдоно гээд байхаар нь тэр хоёрыг гаргахгүй байж байтал гадна нэлээн олон хүмүүс цуглаж ирсэн байсан ба би харанхуй байсан учир ямар хүмүүс цуглаж ирснийг таниагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

                  гэрч Г.Г-ын “Би “Бор хавцал”-д ирээд 10 гаруй хонож байгаа бөгөөд “Есөн булаг” нэртэй нөхөрлөлд ажилладаг юм. 2018 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжи шөнө 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг нэг хүн цохисон. Тэгээд би босож байтал хаалганы гаднаас нэг эрэгтэй хүн “Манайхны нэг хүн заазуурдуулчихсан цус алдаж байна” гээд орилохоор нь хаалгаа тайлж өгөхөд Я гэх манай хамаатны ах байсан. Я ах надад хэлэхдээ “Б ах Д гэдэг айлын гадна толгойноос нь цус гараад цус алдаж байна” гэхээр нь би дээлээ өмсөөд гэрлээ аваад гарсан. Тэгээд би ганцаараа Д-гийн гэрийн гадаа очиход Б ах чулуун дээр ганцаараа суучихсан, толгойных нь зүүн шанаа хэсэг  зүсэгдсэн байдалтай, тэр шархнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Б ахыг “Цусыг чинь тогтооё” гээд татахад надад хүчрэгдэхгүй байсан. Тэгээд Б ах босоод Д-гийн гэрийн хаалгыг татаад “Энэ 2 авгай намайг заазуурдчихлаа” гэж хэлээд хаалгыг нь эвдэх гээд байсан. Тэр үед Д-гийн гэрийн хаалгыг дотроос нь цоожилчихсон, дотор нь 2 эмэгтэй хүн орилоод бид нарыг оруулахгүй байсан. Миний мэдэхээр гэр дотор 2 эмэгтэй байсан ба 1 нь Д-гийн эхнэр болох тарган шар эмэгтэй байсан. Нөгөө эмэгтэйг нь хэн гэдгийг мэдэхгүй. Өөр хүмүүс бас байсан ба хэн хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд би Б ахыг Д-гийн хаалга дээр байхаар нь татаж аваад шархыг нь бинтээр боогоод Б ахтай хамт ажиллаж байсан Г ах, У эгч хоёрт энэ талаар хэлээд тэдний багийн хүмүүсийг хэрэг болсон газарт дагуулж ирсэн. Тэгээд У эгч Д-гийн гэрлүү орох гэхэд нөгөө тарган шар авгай оруулахгүй байсан. Тэгэхээр нь би гэрлүү гүйгээд өөрийнхөө 90250282 дугаарын утсаар цагдаагийн жижүүрт дуудлага өгчихөөд гэрээс гарахад Б ахыг Г ах, Г ах хоёр Г ахын машинтай аваад явж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,

                  гэрч Б.Г-ийн “....Бид өдөржин ажиллаж ядарсан тул 21:30 цаг орчимд унтаж амарсан. Тэгтэл шөнийн 00:00 цаг орчимд Б-ын нагац ахын хүүхэд гэх залуу /нэрийг нь санахгүй байна/ манайд орж ирээд “Б ах заазуурдуулаад Д-гийн гэрийн үүдэнд байна” гэж хэлсэн тул би Өмнөговь сумын харъяат Д гэх айлд яваад очтол гэрийнх нь гадна Б буюу Б хэвтэж байсан. Хажууд нь Г гэх хүн эхнэрийн хамт, мөн 2-3 хүн байсан бөгөөд тэднийг нь харанхуйд таниагүй. Биднийг очиход Б доошоо хараад хэвтсэн байдалтай хоёр хүн толгойг нь боох гэж оролдож байсан. Б өөрөө ухаан балартсан байдалтай хэвийн бус байсан бөгөөд юу болсон талаар ярьж чадахгүй байсан. Уг газарт сүлжээ муу ордог тул би сүлжээтэй утас хайгаад “Эмнэлэг, цагдаад дуудлага өг” гэж хэлчихээд Б-ыг гэртээ аваачиж гэрэлд харахад зүүн хацар болон шанаа орчимд гүнзгий зүсэгдсэн шархтай, шархнаас нь цус ихээр гоожсон байдалтай байсан юм. Тиймээс цаг алдалгүй эмнэлэгт хүргэхээр өөрийн машинаар манай нөхөрлөлд хамт ажилладаг Г гэх залуугийн хамт Б-ыг Улаангом сум руу тээвэрлэж нэгдсэн эмнэлэгт хүргэсэн юм. Б-ын зүүн хацар, шанаа орчимд босоо чиглэлд 2 хэсэг газарт гүнзгий зүсэгдсэн шархтай байсан. Өөр гэмтэл харагдахгүй байсан. Уг шархнаас нь цус ихээр гарч байсан тул бид шархыг даавуугаар боож дараад эмнэлэгт хүргэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

                  гэрч Б.Д-ын “Би Тариалан сумын нутаг “Бор хавцал” гэх газарт “Гурван тэрмэс хайрхан” нөхөрлөлд хувиараа гар аргаар алт олборлодог юм. Өчигдөр орой ажлаас буугаад нөхөрлөлийн дарга Г-ийн гэрт хоол идсэний дараа буюу 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 21:00 цаг орчимд Б-ыг Б гэх залуу дуудаад хамт гарсан. Би тухайн үед явуулахгуй гэсэн санаатай “Б аа, чи унтаж амраач” гэхэд “За” гэчихээд гараад явчихсан байсан. Би арын гэрт орж унтаж байтал шөнө дунд урд гэрээс нэг залуу орж ирээд “Г ахаа босоорой Б /Б/ ах Д-гийнд заазуурдуулсан байна. Д-гийн авгай заазуурдсан гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би Д-гийнд очиход Б тэдний гэрийн гадна байсан бөгөөд Г эхнэрийн хамт түрүүлээд очсон байсан. Тухайн үед Б-ын зүүн шанаа орчмоос цус гараад байсан тул би гэр гуанзнаас очиж марль, самбай авч ирж Б-ыг Г-ийн гэрт оруулаад шархыг нь боож өгөөд Г-ийн хамт Улаангом сумруу тээвэрлэж нэгдсэн эмнэлэг хүргэсэн юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

                  шүүгдэгч У.Ж-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тухайн үед өөрөө нилээн их архи уугаад согтсон байсан, мөн уурласандаа ухаан  алдсан байсан тул юу хийснээ санахгүй байгаа. Би Б ахтай С ахыг хөөж маргалдаж зодолдсон асуудлаас болж маргалдсан байх. Түүнээс биш надад Б-тай маргалдах шалтгаан байхгүй. Намайг гаднаас орж ирсний дараа манай гэрт миний араас С орж ирээд түүний араас Ж нэг хүнтэй орж ирсэн шиг санагдаж байна. Тэгээд хэрүүл маргаан зодоон болоод эхэлсэн. Тухайн үед би гэрийн зүүн талд буюу галын хөвөөнд сууж байгаад тэд нарыг салгах гээд дундуур нь орж байсан. Цааш нь мэдэхгүй байна. Би Б ахтай уулзаж уучлалт гуйсан, мөн хохирлын мөнгө болох 1.200.000 төгрөгийг барагдуулж өгөхөөр тохирсон. Би Тариалан сумын “Бор хавцал”-руу гарч гар аргаар алт олборлоод түүнээс олсон мөнгөөрөө хохирлыг нь барагдуулж өгнө гэж бодож байгаа. Энэ хэргээс цагдаа дээр шалгагдаж байсан учраас алт уруу явах боломж гараагүй. Би хүнтэй гэрлэж тусдаа гараагүй бөгөөд аавынхаа гэрт амьдарч байгаа. Аавын бие хүнд өвдөөд УБ хот уруу явсан. Би Б-ын гомдлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                 Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №119 дугаартай: “Үзүүлэгч Н.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хацар эрүүний хэсэгт босоо байрлалтай 10 см, зүүн чихний урд хэсэгт 6 см босоо байрлалтай, зүүн чихний дэлбэнд 4 см хэмжээтэй зүсэгдсэн шарханд оёдол тавьж боолт хийгдсэн гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч У.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч У.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  2. Шүүгдэгч У.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч У.Ж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

                  Шүүгдэгч У.Ж-ийн зан байдлын талаар гэрч О.Ц-ын “Би Ж-г танина, бид хоёр найз нөхдийн холбоотой юм. Би Ж-тэй найзалж нөхөрлөөд 7 жил болж байгаа бөгөөд бид хоёр хамт Улаангом коллежид суралцаж байсан юм. Ж нь Улаангом коллежид Талбайн даамлын ангид суралцаж төгссөн юм. Ж нь зан байдлын хувьд хүнд тусархаг, илүү дутуу зан араншин байдаггүй, хүнтэй зөв боловсон харьцаж, хүнтэй амархан ойлголцдог залуу юм. Архи сотууруулах ундаа хэрэглэхийн хувьд хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ бусдтай маргалдчих гээд байдаг зантай. Одоогоор аавынхаа гэрт аав У, хойд ээж Д, нэг ахын хамт Улаангом сумын 12-р багт гэр хороололд гэрт амьдардаг юм. Ж нь Улаанбаатар хотод хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2017 оны 12-р сард Улаангомд ирсэн ба одоогоор эрхлэсэн тодорхой ажилгүй байгаа. Ж нь Улаангом коллежид байхдаа урлагийн авъяастай залуу байсан бөгөөд хамт олон найз нөхөддөө нэр хүндтэй залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

                  гэрч Х.Н-ийн “Би Ж-г танина. Би Ж-ийн ээжийнх нь төрсөн дүү болох Д-ийн эхнэр юм. Ж нь хүний үгнээс гардаггүй, төлөв даруу зантай, тогтуун, хүнтэй эвтэй байдаг залуу юм. Ж нь багаасаа манайхаар орж гараад, хонож өнжөөд явдаг байсан хүүхэд бөгөөд хүний хувьд сайн залуу юм. Муу зуршлын талаар гэвэл архи согтууруулах ундааг найз нөхдийн хүрээнд хэргэлчихээд даривиж яваад хэрэг төвөгт холбогдчих гээд байдаг. Миний бодлоор найз нөхдөөс нь хамаарч нөлөөнд автдаг байх гэж боддог. Одоогоор Ж нь аав У, хойд ээж Д нарын хамт амьдарч байгаа бөгөөд айлын отгон хүүхэд юм. Ж дээрээ 4 ах, 1 эгчтэй бөгөөд ах, эгч нар нь бүгд тусдаа гарчихсан юм. Ж одоогоор эрхлэсэн тодорхой ажигүй байгаа бөгөөд 2018 оны эхээр гар аргаар алт олборлож байгаад хэрэгт холбогдсон юм. Ж 2016 оны 12-р сард Улаанбаатар хотруу ажил хийхээр яваад тэндээ ажиллаж байгаад 2017 оны 12-р сарын сүүлээр Улаангомд ирсэн юм. Ж гэр бүл болоогүй байгаа. Ж нь Улаангом коллежийн Барилгын даамлын анги төгссөн” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ,

                  Шүүгдэгч У.Ж нь Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 04-26 тоотод аав, ээж, ах, нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Улаангом сумын 9-р багийн засаг дарга Э.Сарантуяагийн 2018.02.06-ны өдөр гаргасан 245 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.                

                    Шүүгдэгч У.Ж-д Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008.07.21-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулж,   шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015.05.05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн талаархи шийтгэх тогтоолууд, ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

                  Шүүгдэгч У.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Б “энэ гэмт хэргийн улмаас надад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн зардал гарсан тул энэ мөнгийг У.Ж-ээс нэхэмжилж байна. Энэ нь надаас гарсан бодит зардал юм. Одоогоор надад хохирлын нотлох баримт байхгүй. Ж надад учирсан хохирлыг төлж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл юу ч өгөөгүй байгаа ” гэж мэдүүлсэн ба хэрэгт гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаарх нотлох баримт авагдаагүй байх тул хэдий хэмжээний хохирол /хор уршиг/ учирсныг тооцож гаргах боломЖ-гүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах зүйтэй  байна.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч У.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ял оногдуулах санал  гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 360 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч У.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн, ишний хэсэг нь эвдэрхий, 27 см урттай заазуур 1 ширхэг болон хэргийн газарт үзлэг хийх явцад цусаар бохирлогдсон гэх 6 хэсэг газраас шинжилгээнд зориулж дээж болгон авсан гэх 6 ширхэг ууттай зүйлийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, У.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Ц ургийн овогтой У-ийн Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч У.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Б-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн, ишний хэсэг нь эвдэрхий,нийт 27 см урттай заазуур 1 ширхэг, 6 ширхэг ууттай зүйлийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар У.Ж-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН