| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0044/З |
| Дугаар | 110/ШШ2025/0060 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2025/0060
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Н 13000 м.кв газрыг ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр С.Н газар эзэмшүүлсэн шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тус тус болгожээ.
3. Хариуцагчийн гаргасан уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч С.Н нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр мэдэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. Миний бие С.Н нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг. М Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар баг, “Харасай” гэх газраас 1,3 га газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байсан. Анх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан үед тухайн газарт ямар нэгэн дэд бүтэц байхгүй, цахилгаан татагдаагүй, ямар нэгэн хөрсний ус гаргах боломжгүй байсан. Мөн аймгийн төвөөс 7 км зайтай газар байсан. Би уг газрыг эзэмшиж авснаас хойш хашаалж, ойжуулахаар ажиллаж ирсэн.
4.2. Тухайн ойжуулах газарт цахилгаан эрчим хүчээр хангаж өгөхийг аймгийн удирдлагуудад эцэг Б.З хамт удаа дараа шаардаж байсан боловч Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн, өргөтгөлийн ажлыг хийх гэж байгаа гэх шалтгаанаар ямар нэгэн цахилгаан эрчим хүчээр хангаж өгөөгүйгээс болж худаг ажиллуулах боломжгүй байсан. Би мод тарьж ах С.Т машин техник, ёмкосыг ашиглан ус зөөвөрлөн усалгаа хийдэг байсан. Гэвч тухайн ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн газар нь элсэрхэг газар байсан тул ус зөөж усалгаа хийхэд нэмэргүй байв.
4.3. Би тухайн газарт манаачийн байр барьж байгаа. Өөртөө тодорхой эрхэлсэн ажилгүй тул гадаадад очиж ажиллаад олсон мөнгөөрөө энэ газрыг хашаалж. мод тарьдаг байсан. Короновирусын үед гадаадад очиж ажиллаж чадаагүй ба их хэмжээний өр зээлтэй болж тухайн газраа ойжуулж чадаагүй нь үнэн.
4.4. Гэхдээ би тодорхой хэмжээний мод тарьж, хашаалан хамгаалж үйл ажиллагаа явуулсан. Энэхүү газар эзэмших эрхийг маань Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсныг 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр мэдсэн.
Түүнээс өмнө нь надад тухайн газрыг хүчингүй болгосныг мэдэгдээгүй, мөн хүчингүй болгох гэж байгаа талаар ч хэн ч мэдэгдээгүй. Сумын Засаг даргын газрыг хүчингүй болгосон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-д захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй.
4.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад, хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Зориулалтын дагуу ашиглаагүй гэж газрыг хүчингүй болгож байгаад нь гомдолтой байна. Иймд Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 22-рт байгаа С.Н холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Нэхэмжлэгч С.Н Казахстан улс руу ажил хийхээр явсан. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Н холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.2.Нэхэмжлэлийн үндэслэл нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багаас 1.3 га газрыг ойжуулалт зорилгоор 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Эзэмшүүлснээс хойш 2024 онд маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд тухайн газарт хашаа татсан. Мөн манаач хөлсөлж, тухайн газарт манаачийн байрыг бариулсан. Манаач тухайн газарт амьдарч байгаа. Харуул хамгаалалтын зардлыг энэ хугацаанд гаргаж ирсэн.
5.3. Нэхэмжлэгчийн зүгээс хоёр ч удаа хашаа татсан байгаа.
Нэгдүгээрт нь, торон хашаа татаж, тус хашаа нь шаардлага хангахгүй байсан учраас дахиж блок хашааг нэмж татсан байгаа. Миний хэлж байгаачлан манаачийн байр, харуул хамгаалалтын арга хэмжээг авч, газар дээр мод тарьж, усалгаа хийж, гар аргаар ойжуулах арга хэмжээ авсан хэдий ч мод нь ургаагүй. Тухайн үед мод тарьсантай холбоотой хүмүүсийг бидний зүгээс гэрчээр асуулгасан. Тус газарт нь аймгийн захаас 7 км-ийн зайтай газар байсан учраас уг газарт дэд бүтэц очоогүй. Цахилгаанаар хангаж өгөөгүй. Үүнтэй холбоотой аймгийн удирдлага болон холбогдох байгууллагуудад “... цахилгаанаар хангаж өгөөрэй, бид нар ойжуулалт зорилгоор газар эзэмшиж байгаа, ойжуулах шаардлагатай” гэдгийг удаа дараа аймгийн удирдлагад хандсан байгаа.
Гэтэл зайтай газар байсан учраас цахилгаан эрчим хүчээр хангаж өгөөгүй. Тарьсан модыг зөөврийн аргаар усалсан. 2024 оноос тухайн газарт хөрш зэргэлдээ газар эзэмшигчид нь эрчим хүчийг хүргэж байсан. Гэхдээ нэхэмжлэгч С.Н зүгээс мод тарих гэж цахилгаан татах гэсэн боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудал байгаа.
5.4. Нэхэмжлэгч Казахстан улсад ажилладаг. Тухайн газраас олсон мөнгөөр Монголд ирж, зуны улиралд мод тарьдаг байсан боловч мод нь ургаагүй. Бид нар яагаад ажиллагаа хийгээгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэдэг асуудлын талаар нэхэмжлэлд дурдсан байгаа. Хэн ч ирж газар дээр ирж мэдэгдэж байгаагүй. Ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан гэж хэдий ч түүнээс өмнө захиргааны акт гарсан байгаа. Нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, Өлгий сумын Засаг дарга шийдвэр гаргасан.
5.5. Нэхэмжлэгч С.Н зүгээс газар эзэмшсэн хугацаанд маш их хэмжээний зардал гаргаж, тухайн газрыг хоёр удаа хашаалсан. Манаачийг байртай болгосон. Манаачид энэ хугацаанд хөлс төлж, газар дээр мод тарьсан боловч мод нь ургаагүй. Дахиж мод тарихаар төлөвлөсөн асуудал байгаа. Тийм учраас газрын нэхэмжлэгч С.Н нэг удаа боломж олгох үүднээс захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Цаашдаа тухай газрыг ойжуулах зорилгоор эзэмшиж, ашиглаж баяжуулах болно гэдгийг шүүхэд илэрхийлж байгаа гэв.
6. Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
6.1. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, нэхэмжлэгч 2016 онд 13000 м.кв таримал ойн зориулалтаар газар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.
6.2. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа зохион явуулсан. С.Н утас холбогдохгүй байсан юм.
6.3. Харин нэхэмжлэгчийн газарт очиж үзэхэд, ойжуулалт мод үржүүлгийн үйл ажиллагаа огт эхлүүлээгүй нүдэнд харагдаж хэмжигдэхүйц хэмжээнд нэг ширхэг мод байгаагүй байсан учраас эзэмшлийн газар хүчингүй болох үндэслэл болсон. Мөн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийг 10 дугаар сарын 16-ны өдрийн 11:09 цагт С.Н утсаар мэдэгдсэн болно. Иймд С.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. Нэхэмжлэгч С.Н нь 2016 оноос хойш тус газрыг ойжуулах зорилгоор эзэмшсэн байдаг. Ойжуулалтын газрыг зориулалтын дагуу ашиглаагүйтэй холбоотой Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын жагсаалтад нэхэмжлэгч С.Н нэр ирсэн. Тухайн албан шаардлагатай холбоотой арга хэмжээ авахаар Засаг дарга 2024 оны 03 дугаар сард ажлын хэсэг байгуулагдаж, 05 дугаар сараас тухайн ажлын хэсэг ойжуулалт зориулалттай газар эзэмшигчдийн газруудад явж үзсэн.
7.2. Нэхэмжлэгч С.Н 2016 онд газар эзэмшсэн боловч тухайн газарт мод тариагүй. Худаг гаргаагүй, хашаа татаагүй байдалтай байсан учраас газрыг хүчингүй болгох үндэслэл болсон. 07 дугаар сарын эхнээс эхэлж, хүчингүй болгуулах газруудаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй ард иргэдэд хүчингүй болгуулах талаар утсаар мэдэгдсэн байгаа.
7.3. Тухайн үед нэхэмжлэгч С.Н ч гэсэн мэдэгдэж, газрыг нь хүчингүй болгосон байдаг. Засаг дарга нь ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад хүчингүй болгосон гэдэг тайлбар хэлж байна. Ажлын хэсгийн дүгнэлт нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Харин дээд хэсгийн огноо нь техникийн шинжтэй алдаа байна. Түүнээс биш доод хэсэгт нь Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн ажлын талаар танилцуулсан болно гэж бичигдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
8.1. Уг газрыг нэхэмжлэгчид анх 2016 онд эзэмшүүлсэн. Үүнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Мод тарих үед газар дээр очиж шалгасан. Тухайн үед мод тариагүй, хашаа нь дутуу, худаг гаргаагүй байдалтай байсан. Тийм учраас газрыг нь хүчингүй болгуулах үндэслэлтэй иргэдийн жагсаалтад оруулсан. Хүчингүй болгохоос өмнө ард иргэдэд утсаар мэдэгдэж байсан. Бидний зүгээс тухайн газрыг 09 дүгээр сард хүчингүй болгосон. Яагаад гэвэл, шинжлэх ухааны үндэслэлээр мод тарих 2 үе байдаг. Нэг нь 05 дугаар сар, нөгөө нь 10 дугаар сар гээд 2 удаа мод тарьдаг.
8.2. Гэтэл 09 дүгээр сар хүртэл тухайн хашаанд мод тариагүй байсан. Сүүлд шүүхээс үзлэг хийх үед стандарт блок хашаа татсан байсан. Мөн зуны байр барьсан. Бид нар газрыг хүчингүй болгоно гэж мэдэгдсэнээс өмнө юу ч байгаагүй. Хэрвээ нүдэнд харагдахуйц зүйл байсан бол тухайн газрыг хүчингүй болгуулахгүй байсан. Хүчингүй болгуулах хүртэл зориулалтын дагуу огт юм хийгдээгүй, нэг ч мод тариагүй байсан. Тухайн газрыг бид нар ойжуулалт зорилгоор эзэмшүүлсэн. 1.3 га газар нь 13.000.000 м.кв талбайтай газар байгаа. Нэг хүнд ноогдох хэмжээгээр буюу 700 м.кв-аар хуваавал 18-19 айлын хашаатай тэнцэх том хэмжээний газар байгаа. Үзлэгээр 10 хэдэн мод нь ургасан гэдэг нь харагдаж байна. Гэтэл 19 айлд олгох хашаанд хэдэн мод тарчихад би зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. Нэг айлын хашааны 10 хувьд мод тарьж, ногоон байгууламж тарих ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн тарьсан мод нь 1 иргэний 10 хувьтай тэнцэхгүй хэмжээтэй байна.
8.3. Шүүхэд маргахад бэлдсэн байдалтай хашаа татаж, ойжуулалт хийсэн байдалтай харагдаж байна. Өнгөрсөн 8 жилд мод тарьж, ойжуулсан бол бид нар харж үзэх боломжтой байсан. Одоо ямар ч боломжгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр /хэргийн 46 дугаар тал/ С.н Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 13000 м.кв газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, тухайн өдөр газар эзэмшүүлэх гэрээг /хэргийн 9 дүгээр тал/ байгуулж, 000660625 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг /хэргийн 5 дугаар тал/ олгожээ.
2.2. Хариуцагч буюу Өлгий сумын Засаг дарга нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын холбогдох хэсгээр /хэргийн 36, 37 дугаар тал/ С.Н ойжуулах зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ “... газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тайлбарлажээ.
2.3. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, уг газар нь нэхэмжлэгчийн эцэг Б.З эзэмшүүлсэн 13000 м.кв газартай залгаа байршилтай байх ба нийт 25851 м.кв газрыг бүхэлд нь стандарт блокоор хашаалсан, 2 газрыг хооронд нь тусгаарлаагүй, С.Н эзэмшлийн газарт нийт 31 ширхэг мод суулгах нүх ухаж, үүний 9-д нь мод суулгасан, уг хашаанд нэхэмжлэгчийн гэх зуны байшин болон машины гарааж барьсан байдалтай байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургуудаар /хэргийн 47-57 дугаар тал/ батлагдаж байна.
2.4. Нэхэмжлэгч тал нь анх 2017 онд тухайн газрыг шургаа модоор бэхэлсэн төмөр тороор хашаалж, мод суулгах нүх ухаж, мод суулгасан үйл баримт нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн С.М баримтаар /хэргийн 72 дугаар тал/, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хашаа татах, байшин болон гарааж барих үйл ажиллагааг хийлгэсэн нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн Б.А баримтаар /хэргийн 73 дугаар тал/, 1.000.000 төгрөгөөр хашаа барих зориулалтаар төмөр тор, 1.100.000 төгрөгөөр шургаа мод, 6.080.000 төгрөгөөр цемент худалдаж авсан нь зарлагын падаанаар /хэргийн 66-67 дугаар тал/ тус тус тогтоогдож байна.
2.5. Харин хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар /хэргийн 33 дугаар тал/ байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий газарт 2024 оны 05 дугаар сарын дундуур очиж үзэхэд, төмөр торон хашаа татсан, ойжуулалт хийгээгүй, хоосон газар гэж баримтжуулсан зургийг /хэргийн 31 дүгээр тал / шүүхэд ирүүлжээ.
2.6. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч С.Н нь эцэг Б.З хамт эрх бүхий этгээдээс тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсны дараа буюу 2017 онд газраа торон хашаагаар хашаалж, мод тарих нүх ухсан, улмаар төрсөн ах С.Т хамт 2024 оны 5 дугаар сараас эхлэн тодруулбал, маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд тухайн газраа стандарт блокоор хашаалж, байшин болон гарааж барьж, мод суулгасан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
3.2. Дээр дурдсанаар нэхэмжлэгч С.Н нь маргаан бүхий газрыг эзэмшилдээ авсны дараа эцэг Б.З хамт ойжуулах зорилгоор хашаа татаж, мод суулгах нүх ухаж, улмаар 2024 оны 5-9 дүгээр сард 9 ширхэг мод тарьсан зэрэг ойжуулах зориулалтад хамаарах үйл ажиллагааг хийсэн байхад хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдийг шинжлэн судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн өвлөж авсан газрын газар эзэмшүүлсэн шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
3.3. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө өөрт олгогдсон газарт ойжуулах зориулалтаар тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагчаас “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмшүүлсэн шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус зөрчсөн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газрыг эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.Н холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША