Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/255

 

 

 

 

 

 

                                                                        

2024             02              27                                        2024/ДШМ/255

                                                       

Н.Үад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Н.Үын өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/714 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Үад холбогдох эрүүгийн 2305021730340 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Н.Ү, 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хилийн цэргийн 0218 дугаар ангид шалгагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 32 дугаар хороо, 12-276 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УП96012079/,

Н.Ү нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө баруун дөрвөн замын зорчих хэсэгт “Insite маркын 44-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. ...”, мөн дүрмийн 10.4-т “...Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “H.Aerocity” маркийн 94-32 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, автобус дотор зорчиж явсан хохирогч Б.Тгийн биед бүсэлхийн 5 дугаар нугалам болон 1 дүгээр нугаламын хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээвриийн прокурорын газраас: Н.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Н.Үыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үыг 800 /найман зуун/ нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Үаас 176.000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тд тус тус олгож, хохирогч Б.Т нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүхийн шийтэх тогтоолыг Монгол шуудангаар 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хүлээн авсан. Ц.Мөнх-Эрдэнэ шүүгчийн туслах Соронзонболд руу залгаад “гомдол гаргана шүүхийн тогтоол алдаатай байна, хохирлоо гаргуулна” гэж хэлэхэд, “наадахыг чинь залруулга бичээд засчихдаг юм” гэсэн. Гомдол гаргана гэдгээ хэлчихээд гомдол гаргасан. Гомдлыг манай ээж 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд өгөх гэтэл “шүүгчийн туслахтайгаа уулзаад гомдол гаргах хугацаагаа шалгуулчихаад өгдөг юм” гэсний дагуу Ц.Мөнх-Эрдэнэ шүүгчийн туслах Соронзонболдтой уулзаж, гомдол өгөх гэж байгаа хэлэхэд, “хэргээсээ хугацааг нь харъя” гээд өөр өрөөнд дагуулж очоод сейфнээс хэрэг хайгаад ололгүй 10 минут орчим болсон. Тэгснээ өрөөндөө дагуулж очсоноо нэг бүртгэл харснаа “хугацаа хэтрээгүй юм байна, гомдлоо надад өгчих” гэхээр нь “мэдээлэл лавлагаанд өгөхгүй юм уу” гэхэд “би өгчихнө, надад өгчих, ингээд явчихаж болох юм уу” гэхэд болно гэсэн байсан. Тэрнээс хойш шүүхээс нэг ч удаа залгаагүй, холбогдоогүй. Ингээд давж заалдах шатны шүүх ийм удаж байж хурал зарладаг юм байхдаа холбогдох байх гэж бодоод явсаар байтал 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон. Ингээд манай ээж Соронзонболдын гар утас руу залгаж асуухад “гомдол гаргаагүй ш дээ, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болчихсон уу” гэхэд “тийм ээ” гэсэн байсан. “Гомдол гаргаад өөрт чинь өгсөн шүү дээ” гэхэд “та яг хэзээ өгсөн бэ” гэхэд  “хугацаандаа өгсөн” гэхэд “би 10 дугаар сарын 4, 5-ны өдөр чөлөө аваад 9-ний өдөр ажилдаа ирсэн, намайг байхгүйд өгсөн байна лээ, намайг байхгүй миний оронд яг надтай адил залуу ажиллаж байсан та андуураад байна” гэсэн. “Энэ асуудлыг чинь шалгуулна, шүүхийн ийм алдаатай шийдвэр хүчин төгөлдөр болоод хэрэгтэн нь надад ял өгөөгүй, би наад мөнгийг чинь дуртай үедээ төлнө, төлөх хугацаа ч зааж өгөөгүй” гэж хэлснийг хэлэхэд “та одоо хүрээд ир, би хохирлыг чинь гаргуулаад өгье” гэсэн. Шүүх хуралд оролцох гээд таксинд суугаад очиход “төлбөрийг нь гаргаж өгдөггүй, ажил цаг заваа зохицуулж байж очино, энэ асуудлаар хэнд хандах ёстой юм, шүүгчийнхээ утсыг өг” гэхэд “өгөх боломжгүй” гэсэн, “даргынхаа утсыг өг” гэхэд мөн өгөх боломжгүй” гэсэн. “Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандаж шалгуулах юм уу” гэсэн чинь “өргөдөл бичээд аваад ир” гэснээ “тамгын даргатай ярь” гээд утасны дугаарыг нь өгсөн. Тамгын даргатай нь утсаар ярьж энэ асуудлаар гомдол гаргаж байгаагаа хэлэхэд “заавал бичгээр гомдол гарга” гэсэн. “Утсаар гаргаж байна, та нар тэмдэглэл үйлдээд шалгаж асуудлыг шийдвэрлээд өг” гэхэд “та гомдлоо албан ёсоор гарга” гэсэн.

Хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж, нэмэлт хохирлын баримтаа гаргаж өгсөн. Одоо алга болгочихсон баримтыг яаж бүрдүүлэх вэ, шүүхийн ажилтны хариуцлагагүйгээс болж гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул сэргээж өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү.

Би ослын улмаас 7 хоног хэвтрийн дэглэм сахиад, шалгалт эхэлсэн байсан учраас аргагүй нь эрхэнд хичээлдээ явсан. Тухайнд үед нуруу маш их өвдөж, хүзүүгээ 3 хоног хөдөлгөж чадахгүй байсан, ослоос хойш толгой өвдөж унтаж чадахгүй нойр муутай болсон. Осол гаргасан жолооч Үүрдмандах тухайн үед “миний 100 хувийн буруу, цагдаад битгий хэлээрэй, тохиролцъё, би эмчилгээний зардлыг чинь гаргаж эмчилгээ хийлгэж туслана” гэж хэлж байсан. Манай ээж “та нар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй шүү, бид нар эмнэлэгт үзүүлнэ” гэхэд жолооч Үүрдмандах “хамт явна” гээд дагаад явсан. Гэмтлийн эмнэлэгт зураг авахуулахад “эмч нь ясны хугарал байхгүй байна, mri хийлгэ” гэсэн. Тэгээд хажуугийн хувийн эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хүлээж байхад Үүрдмандахийн ээж гэх хүн ирээд “одоо хийлгээд дэмий сарын дараа гэмтэл чинь гардаг юм, сарын дараа хийлгэхгүй юм уу” гэсэн. Тэгээд өөрөө “хувийн уламжлалын эмнэлэгтэй эмчилгээ хийлгэж өгнө” гэчихээд 7 хоногийн дараа ээж рүү залгаад “манай хүүхдийн буруу биш байна, та нар явдаг газраараа яв” гэж хэлсэн. Жолооч Амарсанаа, Үүрдмандах нарыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байх гэж бодсон чинь мэдэгдээгүй тэр өдрөөс хойш ямар ч холбоо бариагүй. Мэдүүлэгтээ “эмчилгээ хийлгэхээс татгалзсан” гэсэн байсан. Жолооч Амарсанаа, Үүрдмандах нар түргэн тусламж дуудаагүй, хэргийн газраас машинаа хөдөлгөсөн. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Автобусанд байсан нэг эгч түргэн дуудаж өгч, түргэн тусламж ирсэн. Зорчиж явсан хүмүүс автобуснаас буулгаж өгсөн. Жижиг тэрэгний жолооч буюу Үүрдмандах нь шууд “миний буруу бүх хохирлыг чинь барагдуулна, тохиролцъё, цагдаад битгий хэл” гэсэн. Би ээжийгээ утсаар дуудаад ирэхэд мөн адил ингэж хэлсэн, манай ээж “та нар цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдээрэй, хүүхдийн биед хожим ямар ч хор уршиг бий болохыг мэдэхгүй, би хүүхдээ аваад эмнэлэг явлаа” гэхэд Үүрдмандах нь “хамт явна” гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд “яс бүтэн байна, хэвтрийн дэглэм сахь, хүзүү болон нурууны mri хийлгэ” гэсэн. Mri хийлгэх төлбөрт төлөх гэхэд “надад 200.000 төгрөг байна, би дараа нь үлдэгдэл мөнгийн төлнө” гэсэн боловч төлөөгүй. Тэр 2 жолооч ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, дээр нь Үүрдмандахаас “эм тариа авсан, mri хийлгэсэн мөнгөө өгөөч” гэхэд утсаа салгаад холбогдохгүй болсон. Тэгэхэд ээж нь “манай хүүхэд ямар ч буруугүй та нар шалгуулдаг газраа гомдлоо гарга, тэр аврбусны жолооч л буруутай юм байна лээ” гэсэн. Ингээд цагдаад мэдэгдээгүй болохыг мэдээд өргөдөл бичиж өгч шалгуулсан. Аав минь нас барж, ээж маань өвөөг асраад бид бүхэн сэтгэл санааны хүнд байдалд 6, 7 дугаар сарыг өнгөрөөсөн, эмнэлэгийн төлбөр төлөх мөнгөгүй учраас нурууны бүс зүүж хэвтрийн дэглэм сахиж, гэрээр эмчилгээ хийлгэж, өвчин намдаах эм ууж, тос түрхэж явсаар 8 сард эмнэлэгт хэвтсэн. Үүрдмандахад эмнэлэгт хэвтэх гэж байгаагаа хэлээд “төлбөрийг төлөөд өгөөрэй” гэхэд мөн л санаа тавиагүй. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшээгүй, учруулсан хохирол, хор уршигаа ч барагдуулах сэтгэлгүй, “шүүх надад ял өгөөгүй, хохирол төл гэж хугацаа зааж өгөөгүй” гэж хэлдэг. “Таксинд явдаг юм чинь сургуульд хэд хоног зөөгөөд өгөөрэй” гэхэд тэгээгүй. Өөрөө машинаа засуулчихаад унаад явж байгаа мөртлөө эрүүл мэндээрээ хохирсон хүнд төлбөр мөнгийг төлөх сэтгэлгүй, илүү нэг ч төгрөг нэхэмжилж ашиг хонжоо хайгаагүй.

Үүрдмандах төрийн байгууллагад ажилладаг, ажлынхаа зав чөлөөгөөр таксинд явдаг санхүүгийн хувьд боломжийн гэж ойлгогдохоор байхад хохирол төлбөр барагдуулах сэтгэлгүй байгаад гомдолтой байна. Би хэдийгээр насанд хүрсэн боловч одоогоор оюутан, ажил хийдэггүй, тогтсон орлогогүй, тухайн үед би хэвтрийн дэглэм сахисан, эм тариа, өвчин намдаах тос, нурууны бүс гээд бүгдийн ээж маань авсан. Эмчилгээний төлбөрийг төлсөн учраас нарийн сайн мэдэхгүй, байсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Тийм болохоор хохиролтой холбоотой шүүгчийн асуусан асуултад хариулж мэдэхгүй байсан.

            Жолооч Үүрдмандах эхнээсээ бүх зүйлийг нуун дарагдуулж будлиантуулах санаатай байсан байна. Энэ хүн огт буруугаа гэмшээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзсэн гэж шүүгч тогтоолдоо бичсэн. Би гомдол гаргасан, жолооч үүргээ биелүүлээгүй, гэмт хэргээ нуун далдлах гэсэн, учруулсан хохирлоо арилгаагүй байхад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж байгааг шүүгч уншаад ойлгохгүй байгаа юм уу, эсхүл гэмт хэрэгтний эрх ашигт нийцүүлээд байгаа юм уу. Шүүгч Үүрдмандахаас “хаана ажилладаг уу” гэж ганц л асуулт асуусан. 800.000 төгрөгөөр л торгосон, торгох ял оногдуулахдаа Болдбаатар гэдэг хүнийг гаргаад ирсэн.

Жолооч ослын газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байхад зөвхөн эгнээ байр буруу эзэлсэн гэж буруутгасан. Мөрдөгч мэдүүлэг авна гэж 1 удаа дуудаад мэдүүлэг авсан. Дараа нь “хэргийн материал танилц” гэхэд Улаанбаатар хотод байгаагүй, 7 хоногийн дараа очихоо хэлэхэд прокурорт шилжүүлсэн байсан. Хохирлын баримтаа шүүх хуралд дээр гаргаж өгч болно гэсэн.

Хохирогч Н.Тэмүүлэн, Б.Т гээд 2 хохирогчтой юм уу. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Болдбаатар гэсэн энэ хэрэгт байхгүй нэр бичсэн. Алдаатай бичсэн шийтгэх тогтоолоо шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулсан байсан. Засвар оруулчихдаг юм гэж шүүгчийн туслах нь мэдэмхийрсэн.

Шүүх хурлыг 13:30 цагт зарласан, өмгөөлөгч хуралд орчихсон гээд хүлээлгээд ажлын цаг дуусаж байхад шүүх хуралдаан эхэлж, яарч адгасан хурал хийсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө буюу 14 цагт үед шүүгчийн туслах нэг цаас өгөөд “гарын үсгээ зурчих, шүүгч эрх үүргийг танилцуулна” гэсэн. Шүүх хурал эхлэхэд шүүгч “хохирогч та Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрх эдэлж оролцоно” гэсэн. Тэр нь ямар эрх байдгийг тайлбарлаж өгөөгүй, тайлбарлаж хэлж өгөх боломжгүй цаг хугацаа богино байдаг юм бол ширээн дээр хууль, эсвэл хохирогчийн эрхийг бичээд тавиад өгөх хэрэгтэй.

Нийгмийн даатгалын санд 576.000 төгрөгийн хохирол учирсан байхад, 176.000 төгрөгийг Үүрдмандахаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Баримтаар нийт 984.150 төгрөгийн хохирол гарснаас 484.150 төгрөгийг гуйх, хэрэлдэх шахуу болж байж авсан. 

Давж заалдах гомдолдоо шүүх хуралд оролцохоор очсон таксины төлбөр 8000 төгрөг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах төлбөр 8000 төлбөр, зүрхний бичлэг хийлгэсэн төлбөр 35.000 төгрөгийн баримт, “Sun medical center-ийн үнийн мэдээлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн. Эмч намайг нас залуу, мэс заслын хагалгаа хийлгэхээс аль болох зайлсхийж өөр эмчилгээ хийлгэх, улирал бүр уламжлал, физик эмчилгээ хийлгэх, жилд 1 удаа рашаан сувилалд явж нуруунд шавар тавиулахыг зөвлөсөн. “Sun medical center-ийн эмнэлэгээс “мөгөөрсний урагдалтыг нөхөж оёх гэсэн ойлголт байхгүй, харин цүлхийлтийг мэс заслын бус мэс ажилбараар эмчилнэ, 1 өдрийн ор хоног, рентгэн, лабораторийн бүх шинжилгээ ороод 6.150.000 төгрөг болно. Хийлгэсэн mri зураг СD-гээ авчирна гэсэн. Гэтэл Үүрдмандах нь гарсан хохирлыг төлж барагдуулах сэтгэлгүй байгаа, цаашид эдгээр зардлыг гаргаж өгнө гэхэд үнэхээр эргэлзэж байна. Буруутай жолоочоос болж эрүүл мэндээрээ хохирч, удаан сууж босоход хүндрэлтэй байнга толгой өвддөг болсон, нурууны гэмттэл хожим хойно ямар хор уршигтай болохыг мэдэхгүй.

Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хянаж, хохирлыг зөв тооцож, шүүгдэгч Н.Үаас эмчилгээний төлбөр нийт 6.701.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Үын өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч 6.701.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа хэлж байгаагүй. Анхан шатны шүүх хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцож шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хохирол, төлбөрийг шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Тухайн үед зам тээврийн осол болоод цагдаагийн байгууллагад дуудлага ирээгүй тохиолдолд зам тээврийн осол болсон тухай мэдэх боломжгүй. Хүмүүс хоорондоо тохиролцож байгаад гомдол гаргасан тохиолдолд хэргийн газрын нөхөн үзлэг хийгддэг. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, нөхцөл байдлаар асуудал шийдэгдэнэ. Анхнаасаа өөрсдөө гомдлоо гаргаагүй учир үүнийг мэдэх боломжгүй байсан бөгөөд харин хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Үад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Ү нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө баруун дөрвөн замын зорчих хэсэгт “Insite” маркын 44-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. ...”, мөн дүрмийн 10.4-т “...Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “H.Aerocity” маркийн 94-32 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, автобус дотор зорчиж явсан хохирогч Б.Тгийн биед бүсэлхийн 5 дугаар нугалам болон 1 дүгээр нугаламын хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Тгийн “...Би автобусанд суугаад голын хаалганы хойд хэсэг бариулнаас бариад явсан бөгөөд баруун 4 замын гэрэл дохио руу автобус ойртож ирээд явж байхдаа гэнэт тоормос гишгэсэн. Тэр үед миний хажууд байсан хүмүүс намайг түрээд би голын хаалга орчим хэсэг рүү унасан. Босох гэтэл босож чадахгүй байсан хөл зүгээр байсан хэдий ч нуруугаар өвдөөд босож болохгүй байсан, тэгээд автобусанд сууж явсан зорчигч нар намайг өргөж босгоод сандал дээр суулгах гэсэн боловч нуруу өвдөөд болохгүй байсан. Би юу болсоныг мэдээгүй байхад зорчигч нар “автобус машинтай мөргөлдсөн байна” гэж хэлээд бууцгаасан. Намайг мөн тэнд байсан хүмүүс автобуснаас буулгаж өгсөн. Тэр үед нэг зорчигч эгч түргэн дуудаж өгсөн бөгөөд түргэний машин ирээд эмч нь намайг үзээд “хугарсан яс байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна” гээд өвчин намдаах тариа хийж өгөөд “гэмтэл орж үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Эмнэлэгт үзүүлэхэд “хугарал гэмтэл байхгүй байна, мөгөөрсний урагдалттай” гэж хариу гарсан. ...” /хх 56/,

 

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 176,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 64/,

 

гэрчээр Р.Амарсанаагийн “...2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тэнүүн Огоо” ХХК-ийн эзэмшлийн автобусыг жолоодоод ажлаа хийгээд явж байсан ба баруун 4 замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэр үед урагш эргэж явсан автомашинууд миний жолоодож явсан автомашины урдуур зүүн дараад ороод ирсэн, тэгэхээр нь би тоормос гишгээд зогсох үед тэр машины зүүн урд хаалга руу мөргөөд зогссон. Ослын дараа автобусны зааланд “хүн унасан байна” гээд хүмүүс 103 дугаарын утас руу дуудлага өгсөн байсан. Би дуудлага өгөх гэтэл урдуур орсон машины жолооч “яах юм бэ, миний буруу, би хохирлоо төлнө” гэхээр нь дуудлага өгөөгүй, дараа нь автобусанд унасан хүүхдийн ээж нь дуудлага өгсөн юм шиг байна лээ. ...” /хх 67/,

Н.Үын яллагдагчаар “...Гэрчийн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчид нийт эмчилгээний зардалд 484.000 төгрөг өгсөн. Мөн хохирогчийн зүгээс цаашид “уламжлалт эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн бөгөөд тэр эмчилгээг нь “хийлгээд өгье” гэхэд “үгүй” гээд байгаа юм. Уг нь манай ээж уламжлалтын эмч хүн юм. ...” /хх 106/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...Б.Тгийн биед бүсэлхийн ууцны 1-р хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7548 дугаар шинжээчийн дүгнэлт,

Дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх 14/, жолоодох эрхийн лавлагаа /хх 24/, техникийн тодорхойлолт /хх 25/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 46/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 47, 52/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 48-50/, хэргийн газарт нөхөн үзлэг  хийсэн тэмдэглэл /хх 51/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Ү нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.Үын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчин “Insite” маркын 44-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “H.Aerocity” маркийн 94-32 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 800.000 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгч Н.Үаас 176.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тд тус тус олгож, хохирогч Б.Т нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Хохирогч Б.Т нь “Н.Үаас эмчилгээний төлбөр нийт 6.701.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримтаар /хх 131/ 984.150 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба үүнээс төлөөгүй үлдсэн 500.000 төгрөгийг шүүгдэгч Н.Үаас гаргуулан хохирогч Б.Тд олгохоор шийдвэрлэсэн байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Тгийн “эмчилгээний төлбөрт 6.701.000 гаргуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Б.Тгийн “...шүүгчийн туслахын ажлын хариуцлагагүй байдал”-тай холбоотой гаргасан гомдлоо тухайн шүүхийн Тамгын газарт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хохирогчийн овгийг, тогтоох хэсэгт шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт залруулга хийгдсэн/ зэрэг техникийн шинжтэй алдааг цаашид гаргахгүй байхыг анхааруулж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/714 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ