Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05671

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06 197/ШШ2025/05671

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** оршин суух, Г.Х /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** оршин суух, Н.Ч /РД:**********/-д холбогдох

Гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, гэрч Д.Э, Д.Эр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч тал 340 мкв талбайтай объектын гипсэн таазны ажлыг 1 мкв талбайг 23,000 төгрөгөөр 7,820,000 төгрөгөөр, ханын ажлыг 2,340,000 төгрөгөөр, нийт 10,160,000 төгрөгөөр хийхээр тохирч, ажлыг гүйцэд хийсэн. Хариуцагч нь 2,460,000 төгрөг төлсөн, үлдэх 7,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч 300 мкв талбайтай объектын гипсэн таазыг 1 мкв талбайг 15,000 төгрөгөөр, нийт 4,500,000 төгрөгөөр хийхээр тохирч, 3,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргаж байна.

Г.Х, Н.Ч нарын хооронд ********** талбай бүхий объектын /караокены зориулалттай/ дотор талын тааз, ханы ажлыг 2024 оны 09 дүгээр сард хийж дуусгахаар тохиролцсон гэх боловч энэхүү хэлцлээр хүлээлгэж өгөх ажил, үнийн дүн, хугацаа зэргийг тодорхойлоогүй хэдий ч талуудын тайлбар, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Г.Х нь 340 мкв талбай бүхий объектын дотор таазны ажлыг 1 мкв талбайг 23,000 төгрөгөөр гүйцэтгэсэн, харин ханын ажил хийх талаар тохиролцсон мөн тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

3. Иймд дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуулиар зохицуулсан бөгөөд талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.Х таазны ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. Мөн талууд нийт талбайн хэмжээ болон 1 мкв талбай үнийг харилцан адилгүй тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нийт талбай 340 мкв, 1 мкв талбайг 23,000 төгрөг гэж тооцож, нийт ажлын хөлс 7,820,000 төгрөг байна. Иймд захиалагч буюу хариуцагч Н.Ч нь хүлээн авсан ажлын хөлс төлөх үүрэгтэй бөгөөд түүний тайлбарт дурдсанаар 3,500,000 төгрөгийг хасаж тооцоход 4,320,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Г.Хад олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Н.Чоос хэдэн төгрөгийн ажлын хөлс хүлээн авсан баримтыг гаргаагүй тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэгч ханын ажил гүйцэтгэсэн байдал тогтоогдохгүй байх тул энэ ажлын хөлс шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Н.Чоос гэрээний үүрэгт 4,320,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 138,150 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 84,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН